Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/227

 

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 31 өдөр                                 2019/ШЦТ/227                               Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0247/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                         Э.Мичидмаа

Улсын яллагч                                                   Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                          М.Г нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-д холбогдох 1939005940326 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Г нь 2019 оны 09 дүгээр  сарын 26-ны  өдөр  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх багийн Дэлгэрхааны уурхайн ойролцоо  иргэн Х.Г-той хувийн таарамжгүй  харьцааны  улмаар маргалдаж түүний  толгой руу архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Х.Г-ийн өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн орчимд би Ууганбаяртай хувийн уулзаантай очсон юм тэгсэн  манай сумын далай Мөнхбат, Төмөрбаатар хоёр  дундаа 1 шил архи тавьсан ууж байсан Ууганбаярын хашаан дотор тэгээд би  хамт суугаад архи уусан тэгээд  ууж дуусаад  би гараад явж байхад Ууганбаяр зөрөөд орж  ирж байсан. Тэгээд уулзчихаад гараад Билгээ ахын гэрт очиж Билгээ ахтай уулзчихаад гараад далай Мөнхбатынд очоод Давхарбаяртай гудамжинд  таарсан тухайн үед Г  цуг явж байсан намайг аймаг явья гэж хэлээд би машинд нь суугаад сумын Өсөх маркет  хүнсний дэлгүүр дээр зогсоод би ороод 1 шил 0.75 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй  архи аваад аймаг руу  гарсан. Тэгээд  аймаг явахдаа  Г   бид хоёр авсан архиа хувааж  уусан юм Давхарбаяр  машин барьж  байгаа болохоор  уугаагүй сумаас гараад 20 гаруй км явж байгаад Дэргэрхааны уурхайн ойролцоо  машины хойд дугуй хагараад зогссон юм тухайн 14 цаг болж байсан Г  унтаад өгсөн юм тэгээд Давхарбаяр бид хоёр  бууж машины дугуйгаа  сольсон  тэгээд цааш аймаг руу явж байтал Г  сэрсэн тэгээд би Г-ыг  машины дугуй  хагарчихаад байхад  элбэлцээд өгчихгүй дээ гэж хэлэхэд  Г  миний өөдөөс  уурлаад сүртэй юм гэж хэлсэн тэгсэн гэнэт архины  шилээр миний толгой дээр цохисон шил хагараад ойчсон юм.  Тэгээд би арын суудал дээр хэвтээд явж байхад  цус тогтохгүй байсан тэгсэн замд машин  таараад би суугаад сумын төв рүү явсан Давхарбаяр, Г  хоёр аймаг руу явсан....Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9 хуу/

Гэрч А.Ганчулууны өгсөн...Би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Хэнтий  аймаг руу  эхнэр хүүхдийн хамт яваад  орой 18 цагийн  орчимд  аймгийн төвөөс  гараад Бэрх орох замд явж байхад манай сумын ах Давхарбаяр, Г  хоёр саарал өнгийн хагас  тэвштэй  суудлын машинтай  зогсож  байсан тэгээд би хажууд  очиж зогссон би машинаас буугаад уулзахад Г  нь дугуй  хагарсан аймаг  явах арга байна уу  дугуйгүй яах уу гэж асууж байсан араас Нараа ах ирж байгаа гэж хэлсэн тэгсэн машин дотор  манай сумын Г  ах машины хойд  талын суудлаас бууж ирээд  ах нь багтах уу гэж асуугаад багтана гэж хэлэхэд  манай машинд суусан юм тэгээд шууд  эмнэлэг дээр ирээд буулгаж өгчихөөд гэртээ харьсан тухай үед 21 цаг болж байсан. Тэгээд би гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13  хуу/

Гэрч Х.Давхарбаярын өгсөн... Тэгээд Г-ыг  суулгаад  машинтайгаа хөдлөөд явж байгаад Боорчийн хөшөөний зүүн талд найз  Г   таараад бас хамт явахаар тохирсон  байсан тэгээд  суулгаад Өсөх маркет  хүнсний дэлгүүр дээр  зогсоод  Г  дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн савлагаатай Соёрхол  гэх нэртэй архи  аваад  аймаг руу гарсан юм. Тэгээд  сумаас гараад явж байгаад  тасархай үзүүр ороод зогсоод  Г  Г   хоёр архиа  хувааж уусан  тэгээд ууж дуусгалгүй цааш яваад Ганцын даваа  гэх газар явж байхад  Г , Г   хоёр архиа  уусан уруудаад  явж байтал  машины  буруу  талын хойд талын  дугуй хагараад  зогссон тэгээд  би буугаад запас  дугуйгаа  тайлж  сольсон  юм тухайн үед Г  надтай хамт элбэлцэж  сольж өгсөн Г   машины урд суудал дээр  унтаж байсан. Тэгээд дугуйгаа сольж  дуусаад машиндаа  ороод  цаашаа явж байхад  Г ,  Г д  уурлаад дугуй хагарчихаад  байхад бууж ирж туслахгүй  унтаад байгаа нь мэдэгдэхгүй согтоод байгаа нь мэдэгдэхгүй гэж хэлж байсан тэгсэн Г   ууж байсан архины  шилээ бариад  хойшоо эргэсэн тэгээд  цохих шиг л болсон Г  арын суудал дээр  голд сууж  явсан тэгээд  би эргээд хартал Г  толгойгоо дараад  сууж байсан тэгээд  цааш явж байхад  машины толинд  Г  хартал хойд суудал дээр толгой дараад хэвтэж байсан Г  урд  суудал дээр унтаж байсан. Тэгээд Түмэн гэх уулын  зүүн талд машины дугуй дахиж хагараад  зогссон тэгээд буугаад Г ийн  сууж байсан  хаалга онгойгоод хартал  Г  толгойгоо дараад цус гоожсон байдалтай  хэвтэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны  өдрийн 437 дугаартай дүгнэлт

  1. Х.Г-ийн  биед  духны хэсгийн  язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал бүхий  гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 24 хуудас/

М.Гантулгын яллагдагчаар өгсөн:... би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Бид Батноров сумаас 18 цагийн үед Хэнтий аймаг руу гарсан шиг санаж байна.  Г  бид хоёр  замдаа архи хувааж уугаад  явсан. Давхарбаяр архи уугаагүй  машин  барьж явсан.  Г  бид хоёр архи хувааж уугаад нилээд согтсон. Би нэг мэдсэн автомашины урд суудал дээр унтсан байсан намайг Г  сэрээсэн. Г   араас татаад юм яриад байсан тэгээд би  Г ийг архи нэхээд байгаа юм байна гээд архи өгөхдөө цохьчихсон юм...Би Г ид 500.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/

М.Гантула нь  2018 оны жилийн эцэст 1886  толгой мал тоолуулсан тухай Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 34 хуу/

Хэнтий аймгийн Батноров сумын Дундбүрд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 хуу/

М.Гантулгын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

М.Гантулгын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 хуу/

Хохирогч Х.Г-ийн бичсэн М.Г д  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт /хх-ийн 73 хуу/

Шүүгдэгч М.Гантулгын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-ийн 76 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  М.Г д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Г  нь  2019 оны 09 дүгээр  сарын 26-ны  өдөр  18 цагийн орчим Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Түмэн гэх газарт хохирогч Х.Г-той согтуугаар маргалдан архины шилээр цохиж духанд нь 4 см урттай язарсан шарх,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч М.Г  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Х.Г ,  гэрч  А.Ганчулуун, Х.Давхарбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч М.Г  нь хохирогч Х.Г ийг архины шилээр цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас М.Гантулгын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 76 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 77 хуу/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч М.Г  хүлээн зөвшөөрч /хх-ийн 81 дугаар хуу/  гарын үсэг зуржээ. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Хохирогч Х.Г  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлэг өгсөн,  хүсэлт гаргасан /хх-ийн 73 хуу/  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Г-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг  гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Г-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-ыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ