| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 179/2018/0360/Э/ |
| Дугаар | 00010 |
| Огноо | 2019-03-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 00010
2019 03 21 10
Н.Бт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Т.Ганбат, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: Л.Отгончимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолтой Н.Бт холбогдох 1838006420381 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Б овогт Н-гийн Б, ….. оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: ......................../.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн З.Гийн зүүн нүд рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Намхайгийн Батхуягийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Намхайгийн Батхуягийг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Баас 506,273 төгрөг гаргуулж хохирогч З.Гт олгож, хохирогч З.Г нь цаашид гарах эмчилгээний зардал, 18,583,879 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: Өмгөөлөгч би Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх, тогтоох хэсэгтэй маргаагүй бөгөөд зөвхөн шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эрх зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх үед хохирогч нь 20,390,152 төгрөгийн хохирол нэхэмжилсэн хэдий ч шүүхийн шийдвэрээр нотлох баримтын хэмжээнд 1,806,273 төгрөгийн хохирлыг тогтоосон. Үүнээс 1,300,000 төгрөгийг мөрдөн байцаах шатанд төлсөн, бусад баримт нь эргэлзээтэй, нотлогдохгүй байсан учир шүүхийн шийдвэр гарах үед төлөгдөөгүй байсан. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны үед гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа ч хохирлын асуудлыг шүүхээс шийдвэрлэх үед завсарлагаа авах, хохирол нотлогдсон хэмжээгээр төлөх саналтай байсан хэдий ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан учир гэм буруугийн хурал, ял оногдуулах хурал нэг мөр болсон учир өмгөөлөгчийн хувьд шүүхэд өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 1 жилээс 4 жилийн хугацаанд ял оногдуулах санал гаргах боломжгүй болсон. Иймд шүүхээр шийдвэрлэснээс хойш гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 506,273 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шүүгдэгчид хорих ялыг дахин оногдуулахдаа түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсч байна.
Мөн шүүхийн шийдвэрээр 2.1 жилийн хорих ял оногдуулан хаалттай хорих ангид эдлүүлэх шийдвэр гарсныг өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч Н.Бийн өөрийн гэсэн орон гэргүй, нэн ядуу иргэн бөгөөд хувь хүний хувьд даруу төлөв, үг дуу цөөтэй хүн бөгөөд эрх зүйн байдлын хувьд гэмт хэрэг үйлдсэн цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэм үзүүлэн хохирогчид өөрийн боломж нөөцийн хэмжээнд хохирлоо төлж байсан зэргийг нь харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломж олгон өөрчилж тогтоолгох хүсэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсэгт өөрчлөлт оруулан давж заалдах шатны журмаар хэргийг тал бүрээс нь бүрэн бодиттойгоор дүгнэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хохирогч З.Г, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш нар гомдлын талаар гаргасан тайлбартаа: ... хэргийн улмаас З.Гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлийн хохирлыг зөвхөн хэдхэн төгрөгөөр /1,806,273 төгрөг/ төлж өгснөөр тооцож гэм хороо арилгасан гэж үзэж улмаар анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг хохирогч үл зөвшөөрч туйлын их гомдолтой байна.
Энэ хэргийн шүүгдэгч Н.Бт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан, хохирогч би энэ хүнд зодуулснаас болж Улаанбаатар хотод эмчилгээнд явж нэг нүдээ авахуулж 3 удаа эмчлүүлсэн.
Миний бие өвчиндөө зовж шаналж харах нүдгүй болж хүний асрамжинд орж хүнээр хөтлүүлж туйлын их зовж шаналж явна. Н.Б болон түүний ах дүү нар энэ хэрэг үйлдсэнээс хойш надтай нэг ч удаа ирж уулзаагүй, бие чинь яаж байна ч гэж ганц удаа асуугаагүй байж миний гаргасан эмчилгээний хэдэн баримтыг нотлогдоогүй эргэлзээтэй байсан учир төлж өгөөгүй гэж өөрийгээ зөвтгөж ял хөнгөрүүлэх үндэслэл болгож бичсэн байна. Би энэ хүнээс үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө гаргуулж авах гээгүй надад учирсан хохирол төлбөр одоо ч бүрэн барагдуулаагүй хохирсоор байна.
...миний нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгөхийг хүсч тайлбар гаргаж байна гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр түдгэлзүүлсэн учир ялыг өөрчлөх боломжгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа: Шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлж, дэглэмийг өөрчилж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтын “ял хүндрүүлэх” хэсгийг Үндсэн хуулийн цэц түдгэлзүүлсэн учир ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн З.Гийн зүүн нүд рүү өшиглөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй.
Шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Баас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол 507,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлсөн нь шүүгдэгчийн ялыг дахин хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлсөн байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалздаг. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас үүссэн хор уршиг арилаагүй, шүүгдэгч нь хохирогчид сэтгэл санааны болон бусад туслалцаа үзүүлээгүй талаар хохирогч гомдолтой байх тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Бийн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлын зарим хэсгийг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял эдлэх дэглэмийг тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шүүх хуралдаан завсарлуулах” талаарх хүсэлт хэрэгт авагдаагүй, тэмдэглэлд тусгагдаагүй тул түүний хүсэлтийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Т.ГАНБАТ
Б.СОСОРБАРАМ