Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2015/0222

 

Бо ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор, Бо ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ...Тус компани нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 тоот актыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан хайлуур жоншийг дэлхийн зах зээлийн үнэтэй жишсэн уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг тооцохдоо бодит бус хийсвэрээр тооцсон мөн ашигт малтмалын ашигт агуулгыг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн буюу металлургийн бүхэллэг баяжмалд тооцох үндэслэлийг үл харгалзан манай экспортолсон бүтээгдэхүүнийг хүдрийн ангилалд оруулж тооцсон нь үндэслэлгүй байна.

Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн улсын байцаагч Ц нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 тоот актыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...Бид бүтээгдэхүүн гаргаж байгаа гэж үзэж байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоол дээр хүдэр гэж тодорхойлоод, жишиг үнийг хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний Фоб үнээр тооцоод байгааг зөвшөөрөхгүй байна.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэр газраас олборлосон гэж байна. Бид бол бичил уурхайчдаас худалдаж авсан гэж маргаад байгаа юм. Тэгэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасны дагуу буюу Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу 5 хувиар төлж байсан. Тэгтэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу нөхөн татвар нэмж ногдуулаад байгаад маргаж байгаа. Манайх олборлоогүй, худалдаж авсан. Зохих хэмжээний татварыг Дорноговь аймгийн Татварын хэлтэст төлж байсан. 2012 онд Татварын ерөнхий газрын удирдамжтай шалгалтад ороход Дорноговь аймгийн Татварын газраас 48 сая төгрөг ногдуулсныг бид төлсөн байсан. Тэгээд дахиад 2013 оны 07 сарын 01-ний өдрөөс 07 сарын 08-ны хооронд дахин Татварын ерөнхий газар удирдамжтай шалгалтад оруулаад 214.617.000 төгрөгийн торгууль ногдуулсан. Гэрээний үнээр татвар төлдөг байсан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын байцаагч нь 1-рт үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө. 2-рт Монгол Улсын хуульд нийцүүлэн гаргасан тогтоол журмыг дагаж мөрдөх ёстой. Маргаан бүхий актын үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлнө гэж заасан байгаа. Өөрөөрхэлбэл уул уурхайн бүтээгдэхүүний дамжуулсан, борлуулалтын орлогоос татвар төлнө гэсэн заалт биш. Зөвхөн уурхайн эдэлбэрээс тухайн этгээд олборлоод ашиглаж байгаа ашиглалтад ногдуулах ёстой. Тэгэхээр дараагийн худалдан авагчид татвар ногдуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа. 2-рт борлуулалтын үнэлгээнээс татвар төлнө гэж байгаа. Жинхэнэ эдэлбэрээсээ олборлоод худалдсан хүмүүст татвар ногдуулах, ашигласны татваравах ёстой. Тэд нараас авах биш, экспортод гаргасан мэдээллээр нь дамжуулаад, амарчлаад экспортод гаргаж байгаа дараагийн худалдан авагчид ногдуулсан. Борлуулалтын үнэлгээ хэд вэ гэдгийг хэрэгт авагдсан материалаар харуулсан. Ийм байж байхад өөр нэг жишиг үнэ барьсан. Борлуулалтын үнэлгээг хэрхэн тооцох талаар сонгомол заалт байгаа. Гэтэл заавал жишиг үнэ баримталсан. Засгийн газрын тогтоол нь хууль зөрчсөн. Засгийн газарт хуулиар эрх олгосон нь Олон улсын баримталдаг жишиг болох үнийг биржийн нэрийг зарлана гэсэн байгаа. Гэтэл ганцхан Хятадын Тянжины Фоб үнийг тогтоосон. Тэрийг баримталж акт тавьжбайгаа нь Татварын улсын байцаагч хуульд нийцсэн эрхийн актыг баримтална гэсэн зарчмаа зөрчсөн. Ингэснээрээ татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн захиргааны акт гаргасан. Тиймээс энэ актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2012 онд экспортод борлуулсан жоншны биет хэмжээ, жишгээр тооцох үнийг дутуу тооцсон болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийн түвшингээс хамааран үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүйн улмаас 2,042,349.5 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын ашигласны

төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй байсан. Уг зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон борлуулсан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө, 47.2-д энэ хуулийн 47.1 д заасан үнэлгээг дараах журмаар тооцно, 47.3-т ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна, 47.3.2-д энэ хуулийн 47.3.1-д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү гэснийг, мөн борлуулсан эрдсийн бүтээгдэхүүнийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тусгахдаа бүтээгдэхүүний зах үнийн түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцно гэж заасан заалтыг тус тус зөрчсөн.

Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74-р зүйлийн 74.1-д "Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид

эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна 74.1.3-т "нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй ногдуулах"; 74.1.4-т "тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад зүйлийг өсгөх"; энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т "энэ хуулийн 74.1, 74.2-ын дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварталданги тооцох бөгөөд алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна", Монгол Улсын Засгийн Газрын "Татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай" 2012 оны 01 дүгээрсарын 11-ний өдрийн 6-р тогтоолд ... татварт тооцох алдангийн хувь хэмжээг тутамд 0.047 хувь байхаар тогтоож ... мөрдсүгэй" гэж заасныг үндэслэн татварын байцаагчийн 210266 тоот актаар 214648.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Бо ХХК-ийн 2012 оны Ашигт малтмалын нөөц ашигласны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийгээд Татварын улсын байцаагчид акт тавьсан байдаг. Акт тогтоохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзээд акт ногдуулсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно гээд, 47.3-т Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна гэх мэтчилэнгээр 47.1-нээс 47.3.2, 47.4, 47.5-д заасан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэж актаар төлбөрийг ногдуулсан.

Татвар төлөгч 48.6 сая төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлсөн байдаг. Үүнийг байцаагчид ногдуулсан татвараас хасч тооцооллыг хийсэн. Ингэж тооцооллыг хийхдээ гаалийн шинжилгээний дүн болон экспортод гаргасан бүтээгдэхүүний биет хэмжээ зэргийг харгалзан үзээд тооцооллуудыг хийсэн байдаг. Татвар төлөгч татвараа тайлагнахдаа дутуу тайлагнаж, хуулийн зүйл заалтыг зөрчсөн гэж байцаагчид үзсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасан экспортод бүтээгдэхүүнгаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зах зээлийн үнийг баримталж ашигт малтмалын нөөц ашигласны татварыг төлөх хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ хуулийн зохицуулалтын дагуу зах зээлийн жишиг үнийг бариагүй байна гэж үзээд тооцооллыг хийгээд нийт 204.2 сая төгрөгийн татвар ногдуулсан. Хэдний өдөр экспортолсон, хэмжээ болон барааны марк, гаалийн байгууллагын шинжилгээний дүн зэргийг шүүхээсшаардсаны дагуу тооцооллуудыг тодорхой хийгээд хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө гэсэн заалт байгаа. Энэ борлуулалтын үнэлгээг ямар журмаар тооцох вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-т заасан. Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэж байгаа. Олон улсын зах зээлийн үнийг баримтлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж төлүүлнэ гэсэн хуулийн зохицуулалттай. Хэрэв дотоод, гадаадад бүтээгдэхүүн борлуулсан нь жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл хэрэв жоншийг олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн биржийн нэрийг зарлаагүй байгаа тохиолдолд өөрийнхөө гэрээнийхээ үнийн дүнгээр төлөх нөхцөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т заасан байдаг. Гэтэл экспортод гаргасан бүтээгдэхүүний олон улсын биржийн зах зээлийн үнэ ханшийг Ашигт малтмалын тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд Засгийн газар тогтоол гаргаад тогтоосон байгаа тохиолдолд татвар төлөгч болон Татварын албан мөрдөх үүрэгтэй.

Хууль тогтоомжоор олгосон эрхийн хүрээнд батлагдсан эрхийн актыг үндэслэж акт тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл биш. Засгийн газрын тогтоол ямар эрх ашгийг хөндсөн талаар нэхэмжлэлийн шаардлагаар дурдсангүй. Хамгийн гол нь бид борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмал ашигласны төлбөр төлөх ёстой байсан гэдэг тал дээр маргаан үүсгэж байна гэж ойлгосон. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар экспортод гаргасан бүтээгдэхүүний үнэлгээг Олон улсын зах зээлийн үнэлгээгээ тооцох хуулийн зохицуулалттай. Иймээс Улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй юм гэв.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 29.1.8, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.8, 47.12-т заасныг тус тус баримтлан татварын улсын байцаагч Ц. нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210266 дугаар актыг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т ...жишиг үнийг тооцохдоо бодит бус хийсвэрээр тооцсон буюу хууль зөрчиж гарсан Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгосон гэжээ.

Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол нь хууль бус гэж тогтоосон ямар нэгэн шийдвэр гараагүй ба Монгол Улсын Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их хурал хүчингүй болгоно гэж заасан. Одоог хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын тогтоолыг шүүх хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй.

Шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4-т: ...татварын улсын байцаагч нарын тооцоолол хийх үед Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтын 2.2-ийн 6 дахь заалтад Засгийн газрын 2013 оны 04 дүгээр сарын 06-ны 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт оржээ. Татварын байцаагч нар нь хяналт шалгалт хийж, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа 2013.04.06-ны өдрийн өөрчлөлтийг үндэслэн нэхэмжлэгчийн экспортолсон бүтээгдэхүүний ангиллыг тооцох үндэслэлтэй... гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй гэж заасан. Гэтэл шүүхээс хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үүрэг өгсөн нь хуулийг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Тус шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т заасны дагуу давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.2.7 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбилэгийн ... жишиг үнэ тогтоосон Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоол хүчин төгөлдөр байхад шүүх хууль бус гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй ... гэх гомдлын талаар:

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т[1] экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана. гэж заасны дагуу Засгийн газраас 2007 оны 88 дугаар тогтоолоор /2 дугаар хавсралтаар/ Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийг зарласныг анхан шатны шүүх хууль бус гэж үзэхдээ хуулийн заалтын зорилго, агуулга, утга санааг зөв тайлбарлаагүй байна. Засгийн газар дээрх хуулиар эрх олгосны дагуу зарим ашигт малтмалын бүтээгдэхүүний хувьд биржийн нэр зарласан атлаа зарим бүтээгдэхүүний хувьд ямар шалтгааны улмаас биржийн нэр зарлалгүй, зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр-ийг зарласан талаар зохих байгууллагаас лавлагаа, баримтыг цуглуулан дээрх хуулийн зорилго, агуулгад уг тогтоолын заалт нийцэх эсэхэд дүгнэлт хийлгүй, хуулийг зөвхөн үгчлэн тайлбарлаж биржийн нэр зарлалгүй зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарласныг бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Энэ талаарх хариуцагчийн дээрх гомдол үндэслэлтэй байна.

2. Гомдлын ... шийдвэрт ... Засгийн газрын 2001 оны 193 дугаар тогтоолд 2013 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсныг үндэслэн бүтээгдэхүүний ангиллыг тооцох үндэслэлтэй гэж хууль тогтоомжийг буцаан хэрэглэх үүрэг өгсөн нь хууль зөрчсөн гэх гомдлын тухайд:

Татварын улсын байцаагч нар нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 08-ны өдрүүдэд хяналт шалгалт хийхдээ бо ХХК-ний 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгасан, өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Татварын хууль, тогтоомжийн дагуу ... ашигт малтмалын нөөц ашигласан ... хуулийн этгээд ... татвар төлөгч байна, 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу 2012 онд тухайн үед хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн дагуу ашигт малтмал ашигласны төлбөрөө үнэн зөв тодорхойлж төлсөн эсэхийг хянан шалгасан байна. Иймд татварын улсын байцаагч уг хяналт шалгалтын явцад илэрсэн дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчилд 2012 онд хүчин төгөлдөр байсан хууль тогтоомжийн дагуу татвар ногдох зүйлийг тодорхойлж татварыг нөхөж ногдуулах үүрэгтэй тул анхан шатны шүүх 2011 оны 193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан 2013 оны 131 дүгээр тогтоолын дагуу татвар ногдох зүйлийг тодорхойлж нөхөн татвар ногдуулан шинэ акт гаргахыг даалгасан үндэслэлгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

3. Нэхэмжлэлд ... Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэр газраас олборлосон гэж байна. Бид бол бичил уурхайчдаас худалдаж авсан гэж маргаад байгаа юм гэжээ. Хэрэгт тус компани экспортолсон бүтээгдэхүүнээ бичил уурхайчдаас авсан, эсхүл олборлосон эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй байхад анхан шатны шүүх ... Бо ХХК нь жонш уурхайн талбайгаас олборлоогүй ч гэсэн Татварын ерөнхий хуулийн 12.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тус компани нь ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.3-т заасны дагуу олборлосон хүдэр, үйлдвэрлэсэн, ачуулсан, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулсан үнэ, худалдан авагчийн мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн ... тухай мэдээ, тайлангаа төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн баримтыг, худалдаж авсан гэх гэрээ, хэлцэл, санхүүгийн баримтууд зэргийг цуглуулж тухайн экспортолсон бүтээгдэхүүнийг тухайн уурхайн талбайгаас олборлосон эсэх, хэрэв ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олборлосон бүтээгдэхүүнийг худалдаж авсан эсэх, тухайн худалдагч этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн эсэхийг тогтоосны үндсэн дээр тус компанийг ашигт малтмал ашигласны төлбөр төлөгч мөн эсэхийг тогтоох шаардлагатай.

4. Нэхэмжлэлд ... жишиг үнийг бодит бусаар хийсвэрээр тооцсон буюу хууль бус Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-т жишиг үнэ тогтоодог биржийн нэр-ийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар зарлахаар заасан бөгөөд хуулийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрээс олборлосон ашигт малтмалыг үнэгүйдүүлж борлуулахаас сэргийлж олон улсын жишиг үнийг үндэслэсэн борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмал ашигласны төлбөрийг тооцох агуулгатай, өөрөөр хэлбэл биржийн нэр зарлах зорилго нь экспортолсон бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох олон улсын жишиг үнийг тогтооход оршихоор байна.

Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлодог зарим ашигт малтмалын бүтээгдэхүүн, тухайлбал жоншны хувьд олон улсын жишиг үнэ тогтоодог бирж байхгүй, эсхүл биржийн нэр зарлах боломжгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг экспортолдог улсуудын худалдааны гэрээний үнийг эх сурвалж болгон зарласан Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолыг дээрх хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй, бүрэн эрхээ хэтрүүлсэн гэж шууд үзэхээргүй байна.

Харин 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар ямар шалтгааны улмаас биржийн нэр зарлалгүй, жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг экспортлогч Хятад - импортлогч АНУ-ын худалдааны гэрээний үнэ гэж заасныг зохих байгууллагуудаас тодруулсны дараа хуулийн агуулга, зорилгод нийцэх эсэх, бүрэн эрхээ хэтрүүлсэн эсэх, уг хүчин төгөлдөр Засгийн газрын тогтоолыг баримталсан татварын улсын байцаагчийн акт хуульд нийцэх эсэхэд анхан шатны шүүх уялдуулан дүгнэлт хийх шаардлагатай.

Түүнчлэн Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийг экспортлогч Хятад - импортлогч АНУ-ын худалдааны гэрээний үнэ гэснийг 2013 оны 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулахдаа Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний Фоб үнэ гэж заажээ. Гэтэл хариуцагч татварын улсын байцаагч нар сайтад байрлуулсан үнээс тооцсон, нэхэмжлэгч нь ... Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний Фоб үнийг тогтоосон хууль бус тогтоолыг татварын улсын байцаагч баримталсан ... гэх тайлбар тус тус гаргасан бөгөөд татварын улсын байцаагчийн сайтад зарласан үнэ нь 2012 онд баримталж байсан 88 дугаар тогтоолын дагуу зарласан үнэ мөн эсэх нь эргэлзээтэй байна.

5. Хариуцагч татварын улсын байцаагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолыг хууль бус гэж үзээгүй, мөн уг тогтоолд өөрчлөлт оруулсан 2013 оны 131 дүгээр тогтоолыг буцаан хэрэглэхгүй гэж маргасан байхад уг тогтоолын дагуу дахин шинэ акт гаргахыг даалгаж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл болон Засгийн газрын 2007 оны 88, 2011 оны 193 дугаар тогтоолын зорилго, агуулгыг уялдуулан зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4, 88.3.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ