Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 167

 

“Саади трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00856/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 929 дүгээр шийдвэртэй,   

           Нэхэмжлэгч “Саади трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Ч.Б-т  холбогдох

          “Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээнд төлсөн 8.000.000 төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэвжидийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэвжидээс:

Ч.Б- нь 2004 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Саади трейд” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2004 оны 12 дугаар сарын 19-ний өдөр осолдсон байдаг бөгөөд ажил олгогчийн хувьд баримтаар нотлогддог эмчилгээний зардал, цалингийн зөрүү болон буцалтгүй тусламжид нийт 20.680.892 төгрөг төлсөн. Ч.Б-ын өөрийнх нь хүсэлтийн дагуу түүний санал болгосон эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар Ч.Б-ын үйлдвэрийн ослоос үүссэн гэм хор арилсан. Үүнээс хойш дахин осолтой холбоотойгоор эрүүл мэндийн хувьд асуудал үүсгэхгүй гэж ойлгож 2001 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “Саади трейд” ХХК нь Ч.Б-т 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдөр түүний данс руу 4.000.000 төгрөг, 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 4.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Ч.Б- уг мөнгийг авсанаа хүлээн зөвшөөрдөг.

Энэхүү гэрээгээр Ч.Б- нь “Саади трейд” ХХК-иас эмчилгээний төлбөр, цалингийн зөрүү болон аливаа төлбөр тооцоотой холбоотой асуудлаар цаашид мөнгө нэхэмжлэхгүй, энэ асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, шүүхэд хандахгүй байх үүрэг хүлээсэн ч 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дахин шүүхэд хандаж 29.255.381 төгрөгийг нэхэмжилсэн. Энэхүү нэхэмжлэл нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж олгогдохоор болсон. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх хуульд заасан эрхийг хязгаарласан гэж үзсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар “Саади трейд” ХХК болон Ч.Б- нарын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б-аас:

“Саади трейд” ХХК нь хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэм хорыг хариуцаж арилгах үүрэгтэй. “Саади трейд” ХХК-нд 2009 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 01-ний хооронд цалингийн зөрүүд 1.673.400 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хүсч өргөдөл гаргаж, хариуцагч дээрх төлбөрт сайн дураараа 8.000.000 төгрөг төлөхөөр тохиролцож 2011 оны 02 дугаар сарын 20-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан төлбөрийг төлж барагдуулсан учир тооцоо дууссан. Одоо эвлэрлийн гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч эвлэрлийн гэрээгээр төлбөр төлсөн нь түүний хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх эсхүл уг үүргийг багасгах үндэслэл болохгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 929 дүгээр  шийдвэрээр:

            Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар “Саади трейд” ХХК-ийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэвжид давж заалдсан гомдолдоо:

           Эвлэрлийн гэрээгээр Ч.Б- нь дахин эмчилгээний зардал, төлбөр тооцоотой холбоотой зүйл нэхэмжлэхгүй, шүүхэд хандахгүй, “Саади трейд” ХХК нь 8 сая төгрөг төлөх үүрэг хүлээж эвлэрүүлэн зуучлалын төлбөрийг 50/50 тэнцүү хуваан төлөх үүргийг талууд харилцан хүлээсэн. Гэтэл анхан шатны шүүх 6 заалт бүхий дан ганц эвлэрлийн гэрээний 5 дугаар зүйлд заасныг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамааруулан үлдсэн хэсгийг хүчин төгөлдөр гэж шийдвэрлэжээ. Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдэх хэсэг нь уг хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасан. Гэтэл шүүх уг заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хэлцлээс үлдэх хэсэг  хэлцлийн зорилгыг хангаж байгаа эсэхийг тодорхойлоогүй, эвлэрлийн гэрээний зорилгыг анхаарч үзэлгүй, хууль буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн.

            Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Б.Б-, өмгөөлөгч Д.Пүрэвдорж нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

            “Саади трейд” ХХК нь 6 жилийн дараа гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр ямар нэг заалтыг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  116 дугаар зүйлийн 116.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”  гэснийг  зөрчөөгүй байна.

            “Саади трейд”  ХХК,  иргэн  Ч.Б- нарын хооронд  2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр  “Эвлэрлийн гэрээ”  байгуулж,  тус гэрээгээр  Ч.Б-  нь эмчилгээний  төлбөр, цалингийн зөрүү  болон аливаа төлбөр тооцоотой холбоотой асуудлаар  цаашид  мөнгө нэхэмжлэхгүй, талууд энэ асуудлаар дахин маргаан үүсгэхгүй, шүүхэд хандахгүй, “Саади трейд” ХХК  эмчилгээний зардал, цалингийн зөрүүд  8.000.000 төгрөгийг хоёр хувааж төлөхөөр  харилцан тохиролцсон байна.

            Ч.Б-   эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол гаргуулах  нэхэмжлэлийг  2016 онд гаргаснаар  шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол  гарч  “Саади трейд” ХХК-иас  29.255.381  төгрөг  гаргуулахаар  болжээ.

            Нэхэмжлэгч “Саади трейд” ХХК нь талуудын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээг”  хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний дагуу төлсөн 8.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар  шаардсаныг хариуцагч  эс зөвшөөрчээ.

            Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хоёр шаардлага бүхий  нэхэмжлэл байна.

            Үүнд: “Эвлэрлийн  гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон бол өгсөн,  авсанаа  буцаах үр дагавар 8.000.000 төгрөг  гаргуулах гэжээ.

            Анхан шатны шүүх  эхний  шаардлагыг  “Хэдийгээр  талууд эвлэрлийн гэрээгээр бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг  нэхэмжлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах эрхийг хязгаарласан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл  гэж үзэхээр боловч гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцох үндэслэл болохгүй  гэж”, хоёр дахь шаардлагыг  “...Саади трейд” ХХК нь хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлж,  цалингийн зөрүү, эмчилгээний зардалд  8.000.000 төгрөг  өгөхөөр харилцан тохиролцсон нь  хэлцлийн зорилгыг хангаж  байх тул  Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ...,  ... хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй.., гэж дүгнэснийг буруутгах үндэслэл  тогтоогдохгүй байна.

            Иймд тус хэргийг шийдвэрлэхдээ шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан  хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй  гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг  баримтлан  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид 142.950 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА  

                                    ШҮҮГЧИД                                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ