| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2019/215/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/192 |
| Огноо | 2019-08-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Я.С |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/192
2019 оны 08 сарын 29 өдөр 2019/ШЦТ/192 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/215/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Я.Сансар
Шүүгдэгч А.М нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр А.М-т холбогдох 1939000000260 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 багаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” караоке бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны К-3 дугаартай өрөөнд байх “самсунг” брендийн 42 инчийн зурагтны дэлгэцийг гараараа цохиж хууль бусаар устгаж гэмтээн 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед: шүүгдэгч А.М нь...гэмт хэрэг үйлдсэн нь үнэн, хяналтын камерын бичлэг харсан, хохирлоо төлж барагдуулсан байгаа...гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-ын өгсөн: ...Баавгай төгөлдөр ХХК-ний караокены к-3 дугаартай өрөөнд байх 42 инчийн Samsung брендийн телевизорыг үйлчлүүлж байсан М гэх хүн санаатай хагалсан. Манай захирлууд 2019 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотоос 1 сая гаран төгрөгөөр уг 42 инчийн телевизийг худалдаж авч байсан... М гэдэг хүн 40 инчийн шинэ телевиз худалдаж авч өгсөн. Манай караоке телевизорүүдээ ханандаа рам зангидаад суурилуулсан байдаг юм. Хуучин рам дээрээ Мөнхбаатарын авч өгсөн телевиз таарахгүй байгаа тул телевизор тогтоох суурийг өөрчлөх шаардлагатай болчихоод байгаа. Урд засвар хийж байсан хүнээс асуухад 50.000 төгрөгөөр дахиж ханын телевизорын рамын засварлаж телевизорыг тогтоож өгнө гээд байна. Мөн манай караокены к-3 дугаартай өрөө 2 хоног үйлчлүүлэгч аваагүй. Манай нэг өрөөнд дундажаар өдөр 32000 төгрөгийн орлого ордог. Хоёр хоногийн орлого 64000 төгрөг нэхэмжилж байна. Манай к-3 дугаартай караокены 1 цагийн үнэлгээ нь 80000 төгрөгийн тарифтай байдаг юм. Одоо М гэх хүнээс 114.000 төгрөг нэхэмжилж байна... гэсэн мэдүүлэг / хх-ийн 13 хуу/
Гэрч Я.Балжиннямын өгсөн:...Би эхнэр Бага-Ууган, Хишигжаргал, Мөнхбаатар, Тунгаа нарын хамт 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой 22 цаг өнгөрч байхад караокед орсон. Караокед ороход та нарт 1 цаг дуулах боломж байна манайх 1 цагийн дараа хаана гэж хэлсэн. М эхнэр Тунгаатайгаа маргалдаад байсан юм. Би караокед ороод хүний нэг нэг пиво хувааж уусан. Бид караокед орохоосоо өмнө Мөнхбаатарын гэрт хар экс нэртэй 750 граммтай архи хувааж уусан байсан. Төгөлдөр караокед ороод дуулсан цаг дуусах гэж байхад Тунгаа нойл орсон. М эхнэрээ хаашаа явчихав гээд уурлаад байсан. М уурлаад караокены дэлгэцийг гараараа нэг удаа цохисон. Кароакены дэлгэц нь хагарсан гэхдээ дуу нь явж байсан...М эхнэртэйгээ маргалдаад байсан. Гэр бүлийн маргаантай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/
А.М ын яллагдагчаар өгсөн:...Би мэдүүлэг өгөх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй...Би бичиг үсэг мэднэ уншиж чадна... Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Урд болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Телевиз хагалсан үнэн бүх зүйл ойлгомжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 33 хуу/
Samsung маркийн 42 инчийн зурагтыг 500.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25 хуу/
А.М ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 хуу/
А.М ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 50-51хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П-ын гаргасан “А.М аас нэхэмжлэх зүйлгүй тухай” нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 52 хуу/
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.М т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний шөнийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” караокед үйлчлүүлж байхдаа тус караокены К-3 дугаартай өрөөнд байх Samsung маркийн 42 инчийн зурагтыг гараараа цохиж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Пүрэвжаргал, Я.Балжинням нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А.М нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 багаар багт үйл ажиллагаа явуулдаг “Төгөлдөр” караокед үйлчлүүлж байхдаа тус караокены К-3 дугаартай өрөөнд байх Samsung маркийн 42 инчийн зурагтыг гараараа цохиж гэмтээсний улмаас 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас А.М ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.М ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 53 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган /хх-ийн 55 хуу/ яллагдагчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч А.М хүлээн зөвшөөрч /хх-ийн 60 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч А.М ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.П нь А.М аас нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А.М-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.М ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ОДХҮҮ