Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/71

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж, шүүгч Б.Сарантуяа, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Батцог,

Улсын яллагч Б.Батсайхан

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бадамжаргал,

Шүүгдэгч Б.Гантулга, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцогт,

Иргэдийн төлөөлөгч Ш.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цойруут овгийн Батсүхийн Гантулгад холбогдох эрүүгийн 201603000383 тоот хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Бүлээний ам” гэх газар оршин суух, урьд нь Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цойруут овгийн Батсүхийн Гантулга /РД: АЙ81101018/

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Гантулга нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаандаа буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг дэвсгэр Хандрагатын амны Хөөт гэх газарт Англи улсын иргэн Стивин Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ийг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор цээжин тус газарт нь ир үзүүртэй зүйлээр хатгаж санаатай алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Архангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Б.Гантулга шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Миний хувьд их гомдолтой байгаа. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1979 онд төрсөн Озойн Цэвээндаваа мөрдөн байцаалтанд 2016-12-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг явдлын талаар надад харсан үзсэн зүйл байхгүй болохоор мэдүүлээд байх зүйл байхгүй. Харин уг хэрэгт Стивэн Эдвард Нэйшийн амийг хохироосонд гомдолтой учир хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 138-139/

Гэрч 1968 онд төрсөн Грэйт Крэйг /Aston Gareth Craig/ мөрдөн байцаалтанд 2016-09-03-нд өгсөн мэдүүлэгт: “... Би Монгол Улсад 2016 оны 08 дугаар сарын 20- ны хагас сайн өдөр Англи Улсын Манчистар хотоос өөрийн Стивэн Эдвардын хамтаар Завхан, Архангай аймгийн нутаг дэвсгэрээр аялах зорилгоор ирсэн. Ингээд Улаанбаатар хотод 3 өдөр болоод Завхан аймаг руу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн нислэгээр найз Стивэн Эдвардын хамт ниссэн. Улиастай хотод 16 цагийн үед ирээд тэр шөнөө бид хоёр Улиастай хотод хоноод маргааш нь буюу 3 дахь өдөр Улиастай хотын зүүн талд байх уулнаас шүхрээр нисэж эхэлсэн. Гурав дахь өдрөөс хойш дараа долоо хоногийн 2 дахь өдөр хүртэл ингэж явсаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би шүхрээр нисэж явах үедээ унаж нуруундаа гэмтэл авсан болохоор бид хоёр хоорондоо ярилцаад би цааш аялалаа үргэлжлүүлж чадахгүй болсноо найз Стивэн Эдвардад хэлж ярилцахад тэр надад хэлэхдээ би тэгвэл ганцаараа аялалаа үргэлжлүүлнэ гээд 2 км шахуу явган хамтдаа алхсан. Энэ үед орой 20 цаг болж байсан. Тэгээд явж байхад замд 3 айл таарсан. Тэр айл руу хоёулаа ороод айлын хүмүүсээс буцах автомашин сураад байж байтал тэр айлд нэг мотоцикльтой хүнтэй таарсан. Удаагүй тэр мотоцикльтой хүний гэрт очихоор болоод тэр айлд хагас км шахуу яваад очсон. Стивэн Эдвард бид хоёр хөдөө тэр айлд очоод Монгол ёсоор дайлж цайлуулаад байж байхад утас харагдсан болохоор би утсаар ярьж болох уу гэж тэр айлын нэг хүнээс асуухад болно гэж зөвшөөрсөн. Ингээд Улаанбаатар хотод байх Батбаяр руу яриад өглөө ирээд намайг авах боломжтой байна уу гэхэд тэр зөвшөөрсөн. Орой нь Стивэн Эдвард бид хоёр тэр айлын гэрийн гадаа майханаа бариад тэндээ хоносон. Маргааш өглөө буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед босоод цайгаа уучихаад Стивэн Эдвардад хэрэг болох зүйлсээ ялгаж үлдээсэн. Тэр үед намайг авах ёстой байсан автомашин ирсэн. Би машиндаа яааруу суугаад явсан. Учир нь тэр машин намайг өөр газар буулгаад тэндээсээ ахин өөр машин ирж намайг авах байсан юм. Анх суусан машинд 2 хүн хамт явсан. Стивэн Эдвард хоносон айлдаа 20.000 төгрөг өгсөн. Уг мөнгө нь 1 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Би тэндээсээ явсаар Архангай аймгийн төвд ирээд Фэр пилд гэх зочид буудалд буусан. Аймгийн төвд ирээд интернэт хаяг шээр пайндмэспорт /share findmesport.com/ гэх энэ хаягаар орж найз Стивэн Эдвардыг хаана явааг шалгаж үзэхэд тэр өөрийн явах ёстой маршрутаар явж байсан. Гэхдээ тэр өдрөө Стивэн Эдвард бид хоёр аюулгүй яваа шүү гэдэг дохио ирээгүй болохоор багаж нь эвдэрсэн юм байх гэж бодоод санаа зовоогүй хоносон. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр /share findmesport.com/ хаягаа шалгаж үзэхэд дахин дохио байхгүй байсан болохоор их санаа зовоогүй. Болохгүй бол үдээс хойш Батбаяртай ярьж тодруулъя гэж бодоод буудлын өрөөнөөс гарч буудалд ажилдаг хүнтэй уулзах гэж явж байх үед буудлын ажилтан цагдаагийн байгууллагаас хүн ирсэн уулзая гэнэ гээд уулзахад та байсан. Ийм л асуудал болсон. Энэ үеэс эхлэн миний санаа зовж эхэлсэн. Тэгээд өөрийн найз Стивэн Эдвардыг нас барсан тухай Цагдаагийн байгууллагаас мэдсэн. Стивэн Эдвард айлын гадаа нэг залууд мөнгөө өгөх үед гэрийн гадаа 8 хүн байсан. Бид хоёроос гадна 6 Монгол хүн байсан. Нийлээд 8 хүн. Мөнгөө өгөхдөө бусдад мэдэгдэхээргүй гараа барих гэж байгаа юм шиг үйлдэл хийж өгсөн. Стивэн мөнгө өгсөн шалтгаан нь Стивэн бид хоёрт хоол унд өгч, утсаар яриулсанд нь тухайн хүнд баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн. Мөнгийг Стивэн үүргэвчнээсээ сугалаад паскаа гаргалгүй авсан. Тухайн мөнгөө хоносон айлын хүнд өгсөн. Хамтдаа гар утсан дээрээ зургаа авахуулсан хадгалсан байгаа. Түүний бие хэвийн огт өвчин, зовиур ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Монголд ирсэн цагаас хойш буюу надаас салах үед түүний биед ямар нэгэн гэмтэл огт байгаагүй. Надаас салснаас хойш би мэдэхгүй. Стивэн Эдвард бид хоёр анх Англи улсаас гарахдаа бэлнээр 800 найман зуун фүнтийг Манчистарын нисэх онгоцны буудал дээр Стивэн Эдвард доллар болгон солиулаад Монгол улс руу авч гарсан. Монголд ирээд Батбаяр газарчилж нэг газраас доллараа Монгол мөнгө болгосон. Ойролцоогоор 1 нэг сая гаруй Монгол мөнгө болсон. Ингэж бодохоор 500 орчим долларыг Монгол мөнгө болгосон. Стивэн Эдвард бид хоёрт тус бүр 150 доллар бэлнээр үлдсэн. Монгол мөнгө тус бүр /500.000/ таван зуугаар хуваан авсан. Бид хоёр Монгол мөнгөө хувааж авахдаа яг тоолж аваагүй зүгээр л дундуур нь хуваагаад авсан. Тэгээд надад 400.000 дөрвөн зуун мянга орчим төгрөг байсан болохоор Стивэн Эдвардад ч гэсэн тэр хэмжээний мөнгө үлдсэн. Завхан аймагт зочид буудлын мөнгө төлөөгүй, хоолны мөнгөнд л монгол мөнгө зарцуулсан. Стивэн Эдвард хоолны мөнгө л төлсөн. Бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр салахад Стивэн Эдвардад ойролцоогоор 400.000 дөрвөн зуу гаруй мөнгөн төгрөгөөр бэлнээр үлдсэн. Монгол мөнгө нь 20.000, 10.000 хорин мянга, арван мянгатын дэвсгэрт холилдсон байсан. Доллар нь зөвхөн 10 /арав/-тын дэвсгэртээр байсан. Би түүний бүх зүйлийг өөрөө хараад бүртгэж үзлээ. Дутуу байгаа зүйл нь түүний биеийн байцаалт паспорт, бэлэн мөнгө, паск, миний таамаглаж байгаагаар 400.000 дөрвөн зуун орчим мянган төгрөг, 150 нэг зуун тавин доллар зэрэг дутуу байна. Бусад эд зүйлс бүгд бүрэн бүтэн эвдэрч гэмтсэн зүйлгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 147-150/,

Гэрч 1965 онд төрсөн Сүхбаатарын Алтанзул мөрдөн байцаалтанд 2016-09- 02-д өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-нд гэртээ байж байхад өдөр 15 цаг өнгөрч байхад манай хүүхдүүд гэрийн гадаа зогсож байгаад манай 4 гэрийн урд шүхрээр хүмүүс буугаад байна гэж ярьсан. Би энэ яриаг нь сонсоод гэрээсээ гараад харахад гэрийн урд нилээд зайтай 1 км хүрэхгүй зайтай урд уулын амны орчим хоёр хүн шүхрээ эвхэж үүрээд манай гэрт ирэлгүй шууд уруудаад явган явсан. Доошоо уруудаад хаашаа явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 154-155/

Гэрч 1945 онд төрсөн Бямбын Хандмаа мөрдөн байцаалтанд 2016-09-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Тэрх багийн нутаг Их хүүшийн амны дэнж гэх газар байх гэртээ байж байтал 15 цагийн үед манай хотны Оюунбилэг манай гэрээс гарснаа энэ урд байгаа цагаан юм юу юм бэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч харахад Их хүүшийн аманд цагаан өнгийн дэлгээтэй шүхэр харагдсан. Шүхрийн хажууд хүн харагдсан. Хүүхдүүд дурандаад 2 шүхэр байна, нэг нь алаг шүхэр байна гэж хэлж байсан. Тэр хоёр хүн удалгүй шүхрээ эвхэж үүрээд уруудаад алхсан. Бид нар тэр хоёр хүнийг хаанаас гэнэт буугаад ирчихэв, онгоцноос буучихсан юм болов уу гэж ярилцсан. Энэ хоёр хүнийг уруудаад явсны дараа 15 минутын дараа багийн дарга Олзвой руу утасдаж 2 хүн шүхрээр манай урд буучихаад уруудаад явчихлаа гэж хэлсэн. Олзвой дарга надад хаашаа явах нь сайн ажиглаж харж байгаарай гэж хэлсэн. Энэ хоёр хүнийг хаанаас яаж ирснийг, энэ хоёр хүн манай хот айлд ирээгүй, ямар хүмүүс болохыг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-156-157/,

Гэрч 1990 онд төрсөн Тунгалаг-Оюуны Анхбаяр мөрдөн байцаалтанд 2016- 09-12-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Баянбат өглөө хэдэн үрээгээ олох гээд Жаргалант гэх газар руу явсан. Тэгээд өдөр гэртээ ирсэн. Тухайн өдөр Адъяасүрэн ах малын ээлжтэй байсан бөгөөд бид нарыг үнээгээ саасны дараа урагшаа Адъяасүрэн ах үхрээ туугаад явсан. Удалгүй Адъяасүрэн ах эргээд ирсэн. Гантулга ах тухайн үед морио эмээллэж байсан бөгөөд хаашаа явсан талаар сайн мэдээгүй. Би 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ сүүгээ хөөрүүлээд сууж байх үед Гантулгын аав Батсүх манайд орж ирэхдээ Гантулга мориноосоо унаад толгойгоо хагалчихсан гэж хэлж байсан. Би Гантулгын гэрт ороход Гантулга толгой өвдөөд байна гээд эм ууж байсан. Гантулгын төрсөн дүү Ганчөдөр Гантулгыг мотоциклиор эмнэлэг рүү авч явах гэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 160-161/

Гэрч 1978 онд төрсөн Батцэрэнгийн Адъяасүрэн мөрдөн байцаалтанд 2016- 09-07-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед би үнээгээ саалгасан дээд хотныхоо Туяа гэх эмэгтэйг гэрт нь мотоциклиор хүргэж өгтөл Батболдын үүдэнд хоёр гадаад хүн зогсож байсан. Очтол номоо үзүүлээд хүргээд өг гэсэн үг рүү гараараа заагаад дараа нь мотоцикль руу заасан. Би түүнд чадахгүй маргааш малын ээлжтэй гэж хэлсэн. Тэр хүн миний ярьсныг ойлгосон үгүйг мэдэхгүй. Өндөр биетэй залуу нь дохиогоор нуруугаа өвдөөд байна гэж яриад байх шиг байсан. Тэгээд би гэр рүүгээ хөдлөх гэтэл тэр залуу үүрч явсан цүнхээ бариад миний ард мордсон. Тэгээд манай гэрт ирсэн. Намхан биетэй нь алхаж яваад манайд ирсэн. Би цай чанаж хоол хийж өгсөн. Утсаар яръя гээд утас руу заасан. Утсаа аваад өгөхөд өндөр биетэй нь нэг хүнтэй гадаадаар яриад байсан. Тэгснээ надад утсаа өгсөн. Би ярьтал нэг эрэгтэй хүн наад хоёр хүнээ наанаа байлгаж байгаарай, би маргааш машин явуулна гэж хэлсэн. Надаас танайх хаана вэ гэж асуухаар нь гэрийнхээ хаягийг өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэр хоёр хоол идчихээд байж байхад манай хотны хүмүүс манайд орж ирээд сонирхож харж байсан. Тэгээд 21 цагийн үед гэрийн урд барьсан майхан руугаа ороод амарсан. Амрахаасаа өмнө гэрт болон гадаа зураг аваад байсан. Маргааш өглөө тэр хоёр гадаад 09 цаг өнгөрөөж босоод байж байтал манай сумын Ганбаатар гэдэг ах тэр хүнийг авах гэж цагаан саарал өнгийн старекс машинтай ирсэн. Тэгээд аваад явах гэтэл намхан биетэй нь хуруугаараа алхана гэж заагаад байсан. Тэгээд юмаа эмхэлж аваад намхан биетэй нь явах болсон. Тэр залуу надад 20.000 төгрөг /20.000-ын дэвсгэрт 1 ширхэг/ өгсөн. Тэгээд шууд урд зүгт явсан. Нөгөөдөх нь машинд суугаад хөдөлсөн. Тэр хоёр манай гаднаас яг 10 цагт хөдөлсөн. Тэр хоёр явахынхаа өмнө хоорондоо ярилцаад зогсоод байсан. Тэгэж байснаа атгасан гар дотроосоо 20.000 төгрөг өгсөн. Мөнгөө гартаа атгасан байсан юм шиг байна лээ. Би өөр мөнгө төгрөг үзэж хараагүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 176-179/,

Гэрч 1976 онд төрсөн Амгаланбаярын Батбаяр 2016-09-05-нд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр надад хэлэхдээ: Бид хоёр шүхрээр буухдаа нилээн хатуу буусан болохоор миний нуруу өвдөөд байгаа цаашид аялалаа үргэлжлүүлэхэд боломжгүй учир машин явуулаад өгөөч гэж надаас гуйсан болохоор би зөвшөөрсөн юм. Тэр хоёр дунд ямар нэгэн таагүй харилцаа байхгүй. Миний бодож байгаагаар хоорондоо өрсөлдсөн ч юм уу, муудсан зүйл гаргаж байгаагүй. Дээрх хоёр хүн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улиастай буюу Завхан аймаг руу шүхрээр аялахаар явсан. Тэр өдрөөс хойш орой бүр 20 цагаас хойш сайн явж байгаа гэсэн дохиог и-мэйл хаягаар ирүүлдэг байсан. Түүнээс хойш 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э.Грэйт Крэйг Архангай аймгийн төвд саадгүй ирсэн талаараа утсаар хэлсэн. Харин тэр орой Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ээс ямар яваа талаар мэдээ ирээгүй. Маргааш нь түүнийг нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 236/,

Гэрч 1987 онд төрсөн Батсүхийн Ганчөдөр 2016-09-13-нд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад манай саахалт айл Адъяасүрэнгийн гэрт 2 гадаадын хүн ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэг гадаад иргэнийг нь сумын төвөөс машин ирээд авч явсан. Үлдсэн гадаадын иргэн нь намайг босоод гэрийн гадна бие засаж байхад үүргэвчээ үүрээд урд зүг рүү алхаж яваа харагдсан. Тухайн үед 09 цаг өнгөрч байсан байх. Тэгээд намайг гэртээ байж байхад Гантулга ах 11 цагийн үед шарга зүсмийн морио унаад буугаа үүрээд гадаадын иргэн явсан зүг рүү тарваганд явлаа гэж хэлээд явсан. Гантулга ах Хандрагатын ам руу тарвага агнахаар явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед урд зүгээс гэртээ буцаж ирсэн. Ирэхдээ мориноос унаад бууныхаа оосрыг тасалчихлаа гэж хэлж байсан. Мөн духных нь гол хэсэгт хагарчихсан, хажуу талд нь зулгарчихсан байсан. Гантулга ах ирэхдээ тарвага агнаж ирээгүй. Гантулга ахын толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь Тэрх багийн төв рүү Гантулга ахыг сундлаад мотоцикльтой явсан. Багийн төвд 16 цаг өнгөрч байхад очоод багийн эмч Билгээгээр толгойг цэвэрлүүлж боолгосон. Эмч сумын төв орж оёдол тавиул гэж байсан. Би багийн төвөөс шууд Гантулга ахыг хүргэж эмнэлгийн үүдэнд буулгаад би өөрөө ээжийнхээ дүү болох Цэдэнжав ахын гэрт очсон. Цэдэнжав ахын эхнэр Алтанцэцэг, Батаа хөгшний эхнэр Хорлоо нар эмнэлэг рүү очих гээд явж байхад Гантулга ах өөдөөс 2 эгчийн хамт ирж явсан. Тэгээд бид нар Батаа ахынд очоод хоол идчихээд Цэдэнжав ахын гэрт очиж цай уучихаад Гантулга ах бид хоёр аптек орж Гантулга ах толгой боох бент толгойны эм авсан. Гантулга ах Бат-Эрдэний дэлгүүрээс 1 ширхэг улаан шонхор тамхи, 5 ширхэг сум худалдаж авсан. Бензин колонк дээр очиж надад бүхэл 10.000 төгрөг өгөөд би мотоцикльдоо бензин хийсэн. Гантулга ах надад хэлэхдээ ахад нь 30.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Би мөнгийг нь хараагүй. Миний аав Батсүхийн буу байгаа юм. Тоз-8 маркийн буу, 250 метрийн тусгалтай, гол төмөр, замгийн дугаарыг хэлж мэдэхгүй байна. Урд хэсгийг нь хөх өнгийн линтээр ороосон, саарал өнгийн реминэн оосортой, оосорны 2 талд хуйтай холбосон суртай байсан. Тухайн өдөр 15 цагийн үед Гантулга ах мориноос уналаа гэж ирэхдээ урд талынх нь сурыг тасалчихсан оосроо онгоц модноосоо уячихсан байсан. Гантулга ах хэлэхдээ бууны оосор тасраад морь үргэж булгиад газар унасан гэж хэлж байсан. Би тухайн бууг хааяа нэг тарваганд явахдаа авч явдаг. Бууны суран оосрыг харвал танина. Надад үзүүлж байгаа зурган дээрх сур манай аав Батсүхийн бууны оосор мөн байна. Би сурны зангилаагаар нь таньж байна. Манай аав сурыг ийм зангилаагаар зангиддаг юм. Надад хэлэхдээ тарваганы тулам зараад мөнгөтэй болсон гэж хэлж байсан. Ямар хүнд зарсан эсэхийг нь мэдээгүй. Гантулга ах тарвага зарж л мөнгө олохоос биш өөр мөнгө олох арга байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 243-246/

Гэрч 1959 онд төрсөн Нороврэнчингийн Батсүх 2016-11-01-нд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Бүлээний амнаас гэрээсээ аргал түүхээр зуслангийнхаа бууц руу би ганцаараа яваад орой 19 цагийн үед буцаад гэртээ ирэхэд Адъяасүрэнгийн гэрийн гадаа жижиг майхан барьчихсан байхаар нь сонирхоод Адъяасүрэнгийн гэрт яваад ороход хоёр гадаад эрэгтэй сууж байсан болохоор би тэр хоёр хүмүүстэй мэнд усаа мэдээд хэсэг сууж байсны дараа тэр хоёр гадаад унтах гээд гэрээс гарсан. Удалгүй би гэртээ орж унтсан. Маргааш нь өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өглөө 07 цагийн үед намайг босоход тэр хоёр гадаад хүн босоогүй харагдсан. Тэгээд хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна 09 цагийн орчим манай сумын Ганбаатар хүргэнийхээ хамт нөгөө хоёр гадаадыг авахаар сумын төвөөс ирсэн. Тухайн үед намхан биетэй гадаад нь явахгүй гээд үлдсэн. Харин өндөр нуруутай гадаад залуу нь Ганбаатарын машинд суугаад сумын төв рүү явсан. Үлдсэн намхан биетэй гадаад залуу нь манайхаас урагшаа байх Хандрагатын ам чиглээд явсан. Түүнээс хойш 31-ний өдрөө 10 цаг өнгөрөөгөөд санагдаж байна миний хүү Гантулга ганцаараа тарвага ална гээд миний өөрийн калибрь бууг үүрээд шарга морио унаад Хандрагат чиглээд явсан. Өдөр 14 цагийн үед Гантулга буцаад гэртээ ирэхдээ тархиа хагалчихсан цус нөжтэйгээ холилдоод орж ирсэн. Ингээд Гантулгын толгойноос гарсан цус тогтохгүй байсан болохоор бага хүү Ганчөдөрт хандаж Гантулгыг сумын төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлээд тэр хоёрыг 7 мотоциклиор сумын төв рүү 15 цаг өнгөрөөгөөд явуулсан. Тэгээд орой 19 цагийн өнгөрөөгөөд Ганчөдөр, Гантулга хоёр буцаад гэртээ ирсэн. Тэр өдөр Гантулга л тарваганд ганцаараа явсан. Өөр хүн ийш тийш яваагүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх59-61/,

Сэжигтэн Б.Гантулгын мөрдөн байцаалтанд 2016-09-13-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Бүлээний аманд таван хот айлаар байдаг. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орой 20 цагийн үед санагдаж байна. Бүлээний аманд байх гэртээ адуундаа яваад ирэхэд Адъяасүрэн ахын гэрт хоёр танихгүй гадаад ирсэн байна. Тэр орой гэртээ хоносон. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд боссон. Намайг босоход хоёр гадаад хүн ч босчихсон байсан. Удаагүй сумын төвөөс Ганбаа ах хүргэнтэйгээ хамт машинаар ирээд нөгөө хоёр гадаадын нэгийг сумын төв рүү аваад явсан. Үлдсэн гадаад эрэгтэй нь манайхаас урагшаа байх Хандрагатын ам чиглээд явсан. Миний санаж байгаагаар би тэр өдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед өөрийнхөө халтар морийг унаад шар нохойгоо дагуулаад Хандрагатын Асгат гэх газар руу тарваганд явсан. Манай шар нохой тарвага барьж чаддаг юм. Тэгээд Хандгаратын ам өгсөөд Хандрагатын зүүн талын уулуудаар нохойтойгоо ганцаараа явсан. Би замдаа тарвага агнаж чадаагүй явсаар байгаад Хандрагатын амны эхэд Хөөт гэх газар байх Доржпалам ахын өвөлжөөний араар гарч ирэхэд өвөлжөөний урд тал руу явган хүн ганцаараа алхаж явсан болохоор тэр хүн рүү шогшоод очсон. Намайг уг хүн рүү очиход манай хотонд хоносон нөгөө хоёр гадаад хүний нэг нь алхаж явсан. Намайг тэр хүн рүү дөхөөд очиход нөгөө гадаад миний өөдөөс алхаад ирсэн. Тэр гадаад миний морийг унах гээд байсан. Би түүнд хандаж морь унаж чадахгүй гэдгийг би өөрийнхөө гадаад дохиогоор ойлгуулж хэлсэн. Тэгтэл тэр гадаад намайг тонгороод шидсэн. Бид хоёр хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Тэр гадаад миний гараас авч явсан гадсыг булааж аваад миний толгой дух хэсэг рүү цохисон болохоор би түүнээс гадсыг булааж аваад түүний цээж хэсэг рүү хатгахад нөгөө гадаад газар унасан. Тэр гадаад надад зодолдохоос өмнө ном гаргаж ирээд надад уншуулах гээд байсан. Би түүнд бичиг үсэг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр гадаад гадсаар биедээ хатгуулаад газар унасныхаа дараа хүзүүнээсээ зүүсэн байсан цагаан өнгийн ууттай зүйлийг гартаа барьчихсан байхаар нь хүзүүнээс нь мулталж аваад морио унаад би хүн алчихвуу гэж санаа зовоод гэрийнхээ зүг гэлдэрсэн. Би цагаан чулуут буюу Доржпалам ахын өвөлжөөг чиглээд морьтойгоо явсан. Доржпалам ахын өвөлжөөний урдуур урсах голыг морьтойгоо гараад хэсэг зогсож цагаан өнгийн ууттай зүйлд юу байгааг харахад дотор нь паспорт шиг улаан хүрэн нимгэн дэвтэр шиг юм, нэг гялгар уут байсан болохоор би замаараа Доржпалам ахын өвөлжөөний баруун талд байхдаа цувуулж хаясан. Тэгээд явсаар байгаад гэртээ 15 цагийн орчим ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай аав Батсүх, Адъяасүрэн ах, төрсөн дүү Ганчөдөр нар байсан. Өөр хэн хэн байсныг би сайн санахгүй байна. Тэгээд тэр өдрөө 15 цаг өнгөрөөгөөд Ганчөдөрийн мотоциклиор сумын төв рүү явсан. Сумын төв рүү 16 цагийн үед очоод эмнэлэгт орж Баясаа эмчээр оёдол тавиулсан. Тэндээсээ аптек орж гурван ширхэг эмийг өөрийнхөө биед байсан таван мянган төгрөгийн 2000 /хоёр/ мянга орчмоор толгойны эм аваад тэндээсээ Батаа ахынд очоод хоол идчихээд буцаад Бүлээнд байх гэр лүүгээ ирсэн. Би гадаадын иргэний цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Мөн ноцолдож байхдаа дээр нь дарж унасан. Гадсаар гадаадын бие дээр зурсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 227-230/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хандрагатын амны Хөөт гэх газар байх бөгөөд уг газар нь Хангай сумын төвөөс баруун урд зүгт 68 км зайтай, Тэрх багийн төвөөс баруун урд зүгт 23 км зайтай байх бөгөөд Хандрагатын ам нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан уулын том ам байх ба Хөөт гэх газар нь Хандрагатын амны дунд хэсэгт баруун зүгт харсан жижиг ам байх бөгөөд уг амны дунд хэсэгт бор өнгийн эсгийгээр бүтээсэн цогцос байв. Уг газарт Iphone 6s маркийн гар утасны луужингаар байршлыг тогтооход өргөргийн 47°35,0", 99°9'49 уртрагтай байв. Цогцос байх газраас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байх уулын энгэр бэл хэсэгт байх малын хашааны баруун талын хадан цохионы зүүн үзүүр хэсгийг үл хөдлөх цэгээр сонгон авав. Үл хөдлөх цэгээс зүүн урд зүгт цогцосны толгой хүртэл 700 орчим метр зайтай байв. Цогцсыг бүтээсэн бор өнгийн эсгийг авахад цогцосны толгой ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан, цээж нүүрэн хэсэгт баруун хойд зүгт харсан, зүүн гарыг тохойн үеэр хагас нугалж нүүрний харалдаа хагас атгасан байдалтай газар тавьсан, баруун гарыг тохойн үеэр бага зэрэг нугалж баруун өвдөгний харалдаа байрлуулж, гарын сарвуунд хар өнгийн ноосон цамцыг атгасан байдалтай байрлуулж тавьсан. Зүүн хөлийг өвдөгний үеэр бага зэрэг нугалж биеийн дагуу баруун хөл дээгүүр тавьж байрлуулсан. Баруун хөлийг өвдөгний үеэр нугалж зүүн гарын дагуу зэрэгцүүлэн байрлуулсан байв. Цогцос нь хар хөх өнгийн саравчтай малгайтай, хөх өнгийн нимгэн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хөх саарал алаг өнгийн пүүзэн гуталтай, зүүн бугуйндаа хар өнгийн цагтай байв. Цогцосны баруун өвдөгний нүднээс баруун хойд зүгт 18 км зайд шар алаг өнгийн том цүнх, баруун хөлийн гутлын улнаас урд зүгт 30 см зайд “Mongolian Phrasebook” гэсэн нэртэй жижиг ном, зүүн хөлийн өлмийнөөс баруун зүгт 105 см зайд “Black Diamond” гэсэн бичигтэй 2 ширхэг хар өнгийн хаяг, зүүн хөлийн өлмийнөөс баруун зүгт 4,6 метр зайд жижиг сур байв. Цогцосны ар нуруу хэсгээс урд зүгт 56,3 метр зайд баруунаас зүүн зүгт чиглэсэн бүдэг машин замтай байв. Цогцос байх газраас ойр орчимд харагдах байдлаараа айл харагдахгүй байв. Цогцосны нүдний аньсаг нээлттэй, амаа хагас ангайсан, зүүн хөмсөгний гадна буланд жижиг зулгаралттай, зүүн хацар, хүзүү, эгэмний доод хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Цогцосын цээжний баруун урд хэсэг, өмдний баруун урд хэсэг нилэнхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Баруун гарын эрхий хурууны 1,2 дугаар үений ард хар хүрэн зулгаралттай, алга болон гарын ар хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Зүүн гарын ар хэсэгт жижиг жижиг зулгаралттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Цогцосын цамцны баруун урд энгэрийн мөрний урд оёдлыг хажууд захны ирмэгээс 7 см зайд босоо хагас дугуй хэлбэрийн урагдалттай, уг урагдалтын доод ирмэгээс зүүн доошоо ташуу чиглэлд 11 см-д зайд 1,1 см ташуу хэлбэрийн урагдалттай, мөн цамцны баруун ар хэсэгт баруун суганы оёдлоос 19 см /доош зайд/ ташуу чиглэлтэй 5 см урагдалттай байв. Уг урагдалтаас зүүн дээд хэсэгт хэсэгчилсэн нүх гарсан урагдалттай байв. Цогцосны ойролцоо байсан гогцоо бүхий сурны тасархай нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бага зэрэг бохирлогдсон, жижиг өврийн номны баруун дээд хэсгийн булан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” /1 дүгээр хх 6-8/

Архангай аймгийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтэд: “...1. Талийгаач Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ийн биед цээжний баруун талын 1,2 дугаар хавирганы завсраар эгэмний дунд шугамаар, цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэнгийн оройг гэмтээсэн хатгагдсан шарх. Шархны дотор талын арьс, булчин, эд дэх цусан хураа. Зүүн эгэмний дунд шугамаар 2,3 дугаар хавирганы завсар баруунаас зүүн тийш, бага зэрэг доороос дээш чиглэлтэй, зүүн суганы хонхор руу чиглэсэн цээжний хөндий рүү нэвтрээгүй, хавсан шарх. Баруун гарын 1, 2, 3 дугаар хуруу, зүүн гарын 1-5 дугаар хурууны ар хэсэг, хүйсний баруун хажуу, баруун гуяны урд дунд хэсэгт жижиг зулгаралт, баруун далны доод хэсгээс аймхай мөгөөрс рүү чиглэсэн хагас дугуй хэлбэртэй, үргэлжилсэн нарийн зулгаралт, баруун гарын алганы хонхорт өнгөц зүсэгдсэн шарх, баруун өвдөгний дээд хэсэг, нурууны баруун доод хэсэгт жижиг зулгаралт, хэлний баруун үзүүрт жижиг цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Шархны дарааллыг нарийн тогтоох боломжгүй. Гэмтсэний дараа бие даан ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. 3. Цээжин дэх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн чиглэлээр үүснэ. Зулгаралт, цус хуралт, өнгөц шарх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн цохигдох, гулсах, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд дээрх үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 5. Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-н биед дээрх гэмтэл учрах үед биеийн байрлалыг нарийн тогтоох боломжгүй, хэрэгтэн түүний өвөр талд нь байхад дээрх гэмтэл үүссэн байх боломжтой. 6. Талийгаач нь цээжний баруун хөндийд цочмог цус алдсаны улмаас нас баржээ. Цээжний баруун талын шарх гэмтэл нь үхэлд хүргэнэ. 7. Нас барснаас хойш цогцосыг хөдөлгөсөн шинж тэмдэг тогтоогдоогүй. 8. Шинжилгээгээр зүүн бөөрөн дэх уйланхай /0,5см/. Баруун атгаал ясны толгойг эвлүүлж /шрупдэж/ бэхэлсэн мэс заслын дараах байдал, ясны бороололт эмгэг тогтоогдсон. Энэ нь үхэлд хүргэхгүй. 9. Талийгаач нь дээрх гэмтлийг аваад богино хугацаанд нас барна. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 01 цаг 22 минутын үед цогцосыг шинжлэхэд цогцосны эрт үеийн шинж болох цогцсын толбоны тунарал, өнгө, хөшилт, арьсны өнгө, салстын хаталт зэргээс харахад нас бараад 35-36 цаг орчим болсон байна. 10. Талийгаачийн биед үүссэн зулгаралт, шарх, цус хуралт гэмтлүүд нь биеэ хамгаалан тэмцэлдэснийг илтгэх үндэслэлтэй байна. 11. Талийгаач Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/ нь нас барахын өмнө согтууруулах ундааны зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. АВО системээр О I-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар 69-72/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганзоригийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5500 дугаартай дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцны баруун энгэр хэсэгт 32 мм, түүний доод талд 12 мм, ар талд баруун доод хэсэгт 1*1 мм, 10мм, 54 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд 10 байна. 2. Дээрх 32мм, 54 мм хэмжээтэй уранхайны 10 мм, 16 мм хэмжээтэй хэсэг нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. 3. Дээрх зүссэн уранхайнууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. 4. Дээрх уранхайнууд нь харьцуулах загварт ирүүлсэн бууны тулгуур хөлний үзүүр хэсгээр гараагүй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар 103-104/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 1008 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Гантулга нь хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн үйлдэл нийгмийн аюулын шинж чанарыг зөв ухамсарлаж үйл ажиллагаагаа удирдан жолоодож чадаж байсан байна. 2. Б.Гантулга нь хэрэг үйлдэх тэр үедээ 2016-08-31-ний өдөр өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдан жолоодож чадах байсан байна. Б.Гантулга нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3. Б.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Гантулга нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Гантулгад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Б.Гантулга нь болсон явдлыг зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. 6. Б.Гантулга нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /2 дугаар 143-145/,

- Гэмт хэргийн талаарх мэдээлийг тус сумын хэсгийн төлөөлөгч Д.Самбуугаас хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 4/,

- Хэрэг учралын газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /1 дүгээр хх 9-20/,

- Яллагдагч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр гадсыг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 69/,

- Хэрэг учралын газраас олдсон суран эдлэлийг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 70/,

- Хэрэг учралын газраас олдсон жижиг өврийн номыг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 71/

- Яллагдагч Б.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад түүгээр заалгуулж олсон гадаад улсын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, гялгар уут 1 ширхэг, тийз 1 ширхэг, паспорт 1 ширхэг, 10000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөн үс 6 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /3 дугаар хх 124/,

Шүүгдэгч Б.Гантулгыг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр /2 дугаар хх 227-241/, 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар /2 дугаар хх 243-246/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3 дугаар хх 31/ зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Гантулга нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

гэрч Грэйт Крэйг /Aston Gareth Craig/-ийн: “... Би Монгол Улсад 2016 оны 08 дугаар сарын 20-ны хагас сайн өдөр Англи Улсын Манчистар хотоос өөрийн Стивэн Эдвардын хамтаар Завхан, Архангай аймгийн нутаг дэвсгэрээр аялах зорилгоор ирсэн. Ингээд Улаанбаатар хотод 3 өдөр болоод Завхан аймаг руу 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн нислэгээр найз Стивэн Эдвардын хамт ниссэн. Улиастай хотод 16 цагийн үед ирээд тэр шөнөө бид хоёр Улиастай хотод хоноод маргааш нь буюу 3 дахь өдөр Улиастай хотын зүүн талд байх уулнаас шүхрээр нисэж эхэлсэн. Гурав дахь өдрөөс хойш дараа долоо хоногийн 2 дахь өдөр хүртэл ингэж явсаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би шүхрээр нисэж явах үедээ унаж нуруундаа гэмтэл авсан болохоор бид хоёр хоорондоо ярилцаад би цааш аялалаа үргэлжлүүлж чадахгүй болсноо найз Стивэн Эдвардад хэлж ярилцахад тэр надад хэлэхдээ би тэгвэл ганцаараа аялалаа үргэлжлүүлнэ гээд 2 км шахуу явган хамтдаа алхсан. Энэ үед орой 20 цаг болж байсан. Тэгээд явж байхад замд 3 айл таарсан. Тэр айл руу хоёулаа ороод айлын хүмүүсээс буцах автомашин сураад байж байтал тэр айлд нэг мотоцикльтой хүнтэй таарсан. Удаагүй тэр мотоциклтой хүний гэрт очихоор болоод тэр айлд хагас км шахуу яваад очсон. Стивэн Эдвард бид хоёр хөдөө тэр айлд очоод монгол ёсоор дайлж цайлуулаад байж байхад утас харагдсан болохоор би утсаар ярьж болох уу гэж тэр айлын нэг хүнээс асуухад болно гэж зөвшөөрсөн. Ингээд Улаанбаатар хотод байх Батбаяр руу яриад өглөө ирээд намайг авах боломжтой байна уу гэхэд тэр зөвшөөрсөн. Орой нь Стивэн Эдвард бид хоёр тэр айлын гэрийн гадаа майхнаа бариад тэндээ хоносон. Маргааш өглөө буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед босоод цайгаа уучихаад Стивэн Эдвардад хэрэг болох зүйлсээ ялгаж үлдээсэн. Тэр үед намайг авах ёстой байсан автомашин ирсэн. Би машиндаа яааруу суугаад явсан. Учир нь тэр машин намайг өөр газар буулгаад тэндээсээ ахин өөр машин ирж намайг авах байсан юм. Анх суусан машинд 2 хүн хамт явсан. Стивэн Эдвард хоносон айлдаа 20.000 төгрөг өгсөн. Уг мөнгө нь 1 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт байсан. Би тэндээсээ явсаар Архангай аймгийн төвд ирээд Фэр пилд гэх зочид буудалд буусан. Аймгийн төвд ирээд интернэт хаяг шээр пайндмэспорт /share findmesport.com/ гэх энэ хаягаар орж найз Стивэн Эдвардыг хаана явааг шалгаж үзэхэд тэр өөрийн явах ёстой маршрутаар явж байсан. Гэхдээ тэр өдрөө Стивэн Эдвард бид хоёр аюулгүй яваа шүү гэдэг дохио ирээгүй болохоор багаж нь эвдэрсэн юм байх гэж бодоод санаа зовоогүй хоносон. Маргааш нь буюу 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр /share findmesport.com/ хаягаа шалгаж үзэхэд дахин дохио байхгүй байсан болохоор их санаа зовоогүй. Болохгүй бол үдээс хойш Батбаяртай ярьж тодруулъя гэж бодоод буудлын өрөөнөөс гарч буудалд ажилдаг хүнтэй уулзах гээж явж байх үед буудлын ажилтан цагдаагийн байгууллагаас хүн ирсэн уулзая гэнэ гээд уулзахад та байсан. Ийм л асуудал болсон. Энэ үеэс эхлэн миний санаа зовч эхэлсэн. Тэгээд өөрийн найз Стивэн Эдвардыг нас барсан тухай цагдаагийн байгууллагаас мэдсэн. Стивэн Эдвард айлын гадаа нэг залууд мөнгөө өгөх үед гэрийн гадаа 8 хүн байсан. Бид хоёроос гадна 6 Монгол хүн байсан. Нийлээд 8 хүн. Мөнгөө өгөхдөө бусдад мэдэгдэхээргүй гараа барих гэж байгаа юм шиг үйлдэл хийж өгсөн. Стивэн мөнгөө өгсөн шалтгаан нь Стивэн бид хоёрт хоол унд өгч, утсаар яриулсанд нь тухайн хүнд баярласан сэтгэлээ илэрхийлж өгсөн. Мөнгийг Стивэн үүргэвчнээсээ сугалаад паскаа гаргалгүй авсан. Тухайн мөнгөө хоносон айлын хүнд өгсөн. Хамтдаа гар утсан дээрээ зургаа авахуулсан хадгалсан байгаа. Түүний бие хэвийн огт өвчин, зовиур ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Монголд ирсэн цагаас хойш буюу надаас салах үед түүний биед ямар нэгэн гэмтэл 12 огт байгаагүй. Надаас салснаас хойш би мэдэхгүй. Стивэн Эдвард бид хоёр анх Англи улсаас гарахдаа бэлнээр 800 найман зуун фүнтийг Манчистарын нисэх онгоцны буудал дээр Стивэн Эдвард доллар болгон солиулаад Монгол улс руу авч гарсан. Монголд ирээд Батбаяр газарчилж нэг газраас доллараа Монгол мөнгө болгосон. Ойролцоогоор 1 нэг сая гаруй Монгол мөнгө болсон. Ингэж бодохоор 500 орчим долларыг Монгол мөнгө болгосон. Стивэн Эдвард бид хоёрт тус бүр 150 доллар бэлнээр үлдсэн. Монгол мөнгө тус бүр /500.000/ таван зуугаар хуваан авсан. Бид хоёр Монгол мөнгөө хувааж авахдаа яг тоолж аваагүй зүгээр л дундуур нь хуваагаад авсан. Тэгээд надад 400.000 дөрвөн зуун мянга орчим төгрөг байсан болохоор Стивэн Эдвардад ч гэсэн тэр хэмжээний мөнгө үлдсэн. Завхан аймагт зочид буудлын мөнгө төлөөгүй, хоолны мөнгөнд л монгол мөнгө зарцуулсан. Стивэн Эдвард хоолны мөнгө л төлсөн. Бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр салахад Стивэн Эдвардад ойролцоогоор 400.000 дөрвөн зуу гаруй мөнгөн төгрөгөөр бэлнээр үлдсэн. Монгол мөнгө нь 20.000, 10.000 хорин мянга, арван мянгатын дэвсгэрт холилдсон байсан. Доллар нь зөвхөн 10 /арав/-тын дэвсгэртээр байсан. Би түүний бүх зүйлийг өөрөө хараад бүтгэж үзлээ. Дутуу байгаа зүйл нь түүний биеийн байцаалт паспорт, бэлэн мөнгө, паск, миний таамаглаж байгаагаар 400.000 дөрвөн зуун орчим мянган төгрөг, 150 нэг зуун тавин доллар зэрэг дутуу байна. Бусад эд зүйлс бүгд бүрэн бүтэн эвдэрч гэмтсэн зүйлгүй байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг/1 дүгээр хх 147-150/, гэрч С.Алтанзулын: “...2016 оны 08 дугаар сарын 30-нд гэртээ байж байхад өдөр 15 цаг өнгөрч байхад манай хүүхдүүд гэрийн гадаа зогсож байгаад манай гэрийн урд шүхрээр хүмүүс буугаад байна гэж ярьсан. Би энэ яриаг нь сонсоод гэрээсээ гараад харахад гэрийн урд нилээд зайтай 1 км хүрэхгүй зайтай урд уулын амны орчим хоёр хүн шүхрээ эвхэж үүрээд манай гэрт ирэлгүй шууд уруудаад явган явсан. Доошоо уруудаад хаашаа явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 154-155/, гэрч Б.Хандмаагийн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би Тэрх багийн нутаг Их хүүшийн амны дэнж гэх газар байх гэртээ байж байтал 15 цагийн үед манай хотны Оюунбилэг манай гэрээс гарснаа энэ урд байгаа цагаан юм юу юм бэ гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч харахад Их хүүшийн аманд цагаан өнгийн дэлгээтэй шүхэр харагдсан. Шүхрийн хажууд хүн харагдсан. Хүүхдүүд дурандаад 2 шүхэр байна, нэг нь алаг шүхэр байна гэж хэлж байсан. Тэр хоёр хүн удалгүй шүхрээ эвхэж үүрээд уруудаад алхсан. Бид нар тэр хоёр хүнийг хаанаас гэнэт буугаад ирчихэв, онцгоноос буучихсан юм болов уу гэж ярилцсан. Энэ хоёр хүнийг уруудаад явсны дараа 15 минутын дараа багийн дарга Олзвой руу утасдаж 2 хүн шүхрээр манай урд буучихаад уруудаад явчихлаа гэж хэлсэн. Олзвой дарга надад хаашаа явах нь сайн ажиглаж харж байгаарай гэж хэлсэн. Энэ хоёр хүнийг хаанаас яаж ирснийг, энэ хоёр хүн манай хот айлд ирээгүй, ямар хүмүүс болохыг мэдэхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-156-157/, гэрч Т.Анхбаярын: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай нөхөр Баянбат өглөө хэдэн үрээгээ олох гээд Жаргалант гэх газар руу явсан. Тэгээд өдөр гэртээ ирсэн. Тухайн өдөр Адъяасүрэн ах малын ээлжтэй байсан бөгөөд бид нарыг үнээгээ саасны дараа урагшаа Адъяасүрэн ах үхрээ туугаад явсан. Удалгүй Адъяасүрэн ах эргээд ирсэн. Гантулга ах тухайн үед морио эмээллэж байсан бөгөөд хаашаа явсан талаар сайн мэдээгүй. Би 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ сүүгээ хөөрүүлээд сууж байх үед Гантулгын аав Батсүх манайд орж ирэхдээ Гантулга мориноосоо унаад толгойгоо хагалчихсан гэж хэлж байсан. Би Гантулгын гэрт ороход Гантулга толгой өвдөөд байна гээд эм ууж байсан. Гантулгын төрсөн дүү Ганчөдөр Гантулгыг мотоциклиор эмнэлэг рүү авч явах гэж байсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 160-161/, гэрч Б.Адъяасүрэнгийн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны орой 19 цагийн үед би үнээгээ саалгасан дээд хотныхоо Туяа гэх эмэгтэйг гэрт нь мотоциклиор хүргэж өгтөл Батболдын үүдэнд хоёр гадаад хүн 13 зогсож байсан. Очтол номоо үзүүлээд хүргээд өг гэсэн үг рүү гараараа заагаад дараа нь мотоцикль руу заасан. Би түүнд чадахгүй маргааш малын ээлжтэй гэж хэлсэн. Тэр хүн миний ярьсныг ойлгосон үгүйг мэдэхгүй. Өндөр биетэй залуу нь дохиогоор нуруугаа өвдөөд байна гэж яриад байх шиг байсан. Тэгээд би гэр рүүгээ хөдлөх гэтэл тэр залуу үүрч явсан цүнхээ бариад миний ард мордсон. Тэгээд манай гэрт ирсэн. Намхан биетэй алхаж яваад манайд ирсэн. Би цай чанаж хоол хийж өгсөн. Утсаар яръя гээд утас руу заасан. Утсаа аваад өгөхөд өндөр биетэй нь нэг хүнтэй гадаадаар яриад байсан. Тэгснээ надад утсаа өгсөн. Би ярьтал нэг эрэгтэй хүн наад хоёр хүнээ наанаа байлгаж байгаарай, би маргааш машин явуулна гэж хэлсэн. Надаас танайх хаана вэ гэж асуухаар нь гэрийнхээ хаягийг өөрийнхөө нэрийг хэлсэн. Тэр хоёр хоол идчихээд байж байхад манай хотны хүмүүс манайд орж ирээд сонирхож харж байсан. Тэгээд 21 цагийн үед гэрийн урд барьсан майхан руугаа ороод амарсан. Амрахаасаа өмнө гэрт болон гадаа зураг аваад байсан. Маргааш өглөө тэр хоёр гадаад 09 цаг өнгөрөөж босоод байж байтал манай сумын Ганбаатар гэдэг ах тэр хүнийг авах гэж цагаан саарал өнгийн старекс машинтай ирсэн. Тэгээд аваад явах гэтэл намхан биетэй нь хуруугаараа алхана гэж заагаад байсан. Тэгээд юмаа эмхэлж аваад намхан биетэй нь явах болсон. Тэр залуу надад 20.000 төгрөг /20.000-ын дэвсгэрт 1 ширхэг/ өгсөн. Тэгээд шууд урд зүгт явсан. Нөгөөдөх нь машинд суугаад хөдөлсөн. Тэр хоёр манай гаднаас яг 10 цагт хөдөлсөн. Тэр хоёр явахынхаа өмнө хоорондоо ярилцаад зогсоод байсан. Тэгэж байснаа атгасан гар дотроосоо 20.000 төгрөг өгсөн. Мөнгөө гартаа атгасан байсан юм шиг байна лээ. Би өөр мөнгө төгрөг үзэж хараагүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 176-179/, гэрч А.Батбаярын: “...Тэр надад хэлэхдээ: Бид хоёр шүхрээр буухдаа нилээн хатуу буусан болохоор миний нуруу өвдөөд байгаа цаашид аялалаа үргэлжлүүлэхэд боломжгүй учир машин явуулаад өгөөч гэж надаас гуйсан болохоор би зөвшөөрсөн юм. Тэр хоёр дунд ямар нэгэн таагүй харилцаа байхгүй. Миний бодож байгаагаар хоорондоо өрсөлдсөн ч юм уу, муудсан зүйл гаргаж байгаагүй. Дээрх хоёр хүн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улиастай буюу Завхан аймаг руу шүхрээр аялахаар явсан. Тэр өдрөөс хойш орой бүр 20 цагаас хойш сайн явж байгаа гэсэн дохиог и-мэйл хаягаар ирүүлдэг байсан. Түүнээс хойш 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Э.Грэйт Крэйг Архангай аймгийн төвд саадгүй ирсэн талаараа утсаар хэлсэн. Харин тэр орой Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ээс ямар яваа талаар мэдээ ирээгүй. Маргааш нь түүнийг нас барсан талаар цагдаагийн байгууллагаас мэдсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 236/, гэрч Б.Ганчөдөрийн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад манай саахалт айл Адъяасүрэнгийн гэрт 2 гадаадын хүн ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэг гадаад иргэнийг нь сумын төвөөс машин ирээд авч явсан. Үлдсэн гадаадын иргэн нь намайг босоод гэрийн гадна бие засаж байхад үүргэвчээ үүрээд урд зүг рүү алхаж яваа харагдсан. Тухайн цаг үед 09 цаг өнгөрч байсан байх. Тэгээд намайг гэртээ байж байхад Гантулга ах 11 цагийн үед шарга зүсмийн морио унаад буугаа үүрээд гадаадын иргэн явсан зүг рүү тарваганд явлаа гэж хэлээд явсан. Гантулга ах Хандрагатын ам руу тарвага агнахаар явсан. Тэгээд өдөр 15 цагийн үед урд зүгээс гэртээ буцаж ирсэн. Ирэхдээ мориноос унаад бууныхаа оосрыг тасалчихлаа гэж хэлж байсан. Мөн духных нь гол хэсэгт хагарчихсан, хажуу талд нь зулгарчихсан байсан. Гантулга ах ирэхдээ тарвага агнаж ирээгүй. Гантулга ахын толгойноос цус гараад тогтохгүй болохоор нь Тэрх багийн төв рүү Гантулга ахыг сундлаад мотоциклтой явсан. Багийн төвд 16 цаг өнгөрч байхад очоод багийн эмч Билгээгээр толгойг цэвэрлүүлж боолгосон. Эмч сумын төв орж оёдол тавиул гэж байсан. Би багийн төвөөс шууд Гантулга ахыг хүргэж эмнэлгийн үүдэнд буулгаад би өөрөө ээжийнхээ дүү болох Цэдэнжав ахын гэрт очсон. Цэдэнжав ахын эхнэр Алтанцэцэг, Батаа хөгшний эхнэр Хорлоо 14 нар эмнэлэг рүү очих гээд явж байхад Гантулга ах өөдөөс 2 эгчийн хамт ирж явсан. Тэгээд бид нар Батаа ахынд очоод хоол идчихээд Цэдэнжав ахын гэрт очиж цай уучихаад Гантулга ах бид хоёр аптек орж Гантулга ах толгой боох бент толгойны эм авсан. Гантулга ах Бат-Эрдэнийн дэлгүүрээс 1 ширхэг улаан шонхор тамхи, 5 ширхэг сум худалдаж авсан. Бензин колонк дээр очиж надад бүхэл 10.000 төгрөг өгөөд би мотоциклдоо бензин хийсэн. Гантулга ах надад хэлэхдээ ахад нь 30.000 төгрөг байгаа гэж хэлж байсан. Би мөнгийг нь хараагүй. Миний аав Батсүхийн буу байгаа юм. Тоз-8 маркийн буу, 250 метрийн тусгалтай, гол төмөр, замгийн дугаарбг хэлж мэдэхгүй байна. Урд хэсгийг нь хөх өнгийн линтээр ороосон, саарал өнгийн реминэн оосортой, оосорны 2 талд хуйтай холбосон суртай байсан. Тухайн өдөр 15 цагийн үед Гантулга ах мориноос уналаа гэж ирэхдээ урд талынх нь сурыг тасалчихсан оосроо онгоц модноосоо уячихсан байсан. Гантулга ах хэлэхдээ бууны оосор тасраад морь үргэж булгиад газар унасан гэж хэлж байсан. Би тухайн бууг хааяа нэг тарваганд явахдаа авч явдаг. Бууны суран оосрыг харвал танина. Надад үзүүлж байгаа зурган дээрх сур манай аав Батсүхийн бууны оосор мөн байна. Би сурны зангилаагаар нь таньж байна. Манай аав сурыг ийм зангилаагаар зангиддаг юм. Надад хэлэхдээ тарваганы тулам зараад мөнгөтэй болсон гэж хэлж байсан. Ямар хүнд зарсан эсэхийг нь мэдээгүй. Гантулга ах тарвага зарж л мөнгө олохоос биш өөр мөнгө олох арга байхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх 243-246/, гэрч Н.Батсүхийн: “...2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Бүлээний амнаас гэрээсээ аргал түүхээр зуслангийнхаа бууц руу би ганцаараа яваад орой 19 цагийн үед буцаад гэртээ ирэхэд Адяъасүрэнгийн гэрийн гадаа жижиг майхан барьчихсан байхаар нь сонирхоод Адъяасүрэнгийн гэрт яваад ороход хоёр гадаад эрэгтэй сууж байсан болохоор би тэр хоёр хүмүүстэй мэнд усаа мэдээд хэсэг сууж басны дараа тэр хоёр гадаад унтах гээд гэрээс гарсан. Удалгүй би гэртээ орж унтсан. Маргааш нь өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өглөө 07 цагийн үед намайг босоход тэр хоёр гадаад хүн босоогүй харагдсан. Тэгээд хэдэн цагийн үед гэдгийг сайн мэдэхгүй байна 09 цагийн орчим манай сумын Ганбаатар хүргэнийхээ хамт нөгөө хоёр гадаадыг авахаар сумын төвөөс ирсэн. Тухайн үед намхан биетэй гадаад нь явахгүй гээд үлдсэн. Харин өндөр нуруутай гадаад залуу нь Ганбаатарын машинд суугаад сумын төв рүү явсан. Үлдсэн намхан биетэй гадаад залуу унь манайхаас урагшаа байх Хандрагатын ам чиглээд явсан. Түүнээс хойш 31-ний өдрөө 10 цаг өнгөрөөгөөд санагдаж байна миний хүү Гантулга ганцаараа тарвага ална гээд миний өөрийн калибрь бууг үүрээд шарга морио унаад Хандрагат чиглээд явсан. Өдөр 14 цагийн үед Гантулга буцаад гэртээ ирэхдээ тархиа хагалчихсан цус нөжтэйгээ холилдоод орж ирсэн. Ингээд Гантулгын толгойноос гарсан цус тогтохгүй байсан болохоор бага хүү Ганчөдөрт хандаж Гантулгыг сумын төв рүү авч яваад эмнэлэгт үзүүлээд ир гэж хэлээд тэр хоёрыг мотоциклиор сумын төв рүү 15 цаг өнгөрөөгөөд явуулсан. Тэгээд орой 19 цагийн өнгөрөөгөөд Ганчөдөр, Гантулга хоёр буцаад гэртээ ирсэн. Тэр өдөр Гантулга л тарваганд ганцаараа явсан. Өөр хүн ийш тийш яваагүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хх59- 61/, сэжигтэн Б.Гантулгын:“...Манайх Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн Бүлээний аманд таюан хот айлаар байдаг. 2016 оны 08 дугаар сарын 30-ны өөдөр орой 20 цагийн үед санагдаж байна. Бүлээний аманд байх гэртээ адуундаа яваад ирэхэд Адъяасүрэн ахын гэрт хоёр танихгүй гадаад ирсэн байна. Тэр орой гэртээ хоносон. Маргааш нь буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өглөө 08 цаг өнгөрөөгөөд боссон. Намайг босоход хоёр гадаад хүнч босчихсон байсан. Удаагүй сумын төвөөс Ганбаа ах хүргэнтэйгээ хамт машинаар ирээд нөгөө хоёр гадаадын нэгийг сумын төв рүү аваад явсан. Үлдсэн гадаад эрэгтэй нь манайхаас урагшаа байх Хандрагатын ам чиглээд явсан. Миний санаж байгаагаар би тэр өдөр буюу 15 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 11 цагийн үед өөрийнхөө халтар морийг унаад шар нохойгоо дагуулаад Хандрагатын Асгат гэх газар руу тарваганд явсан. Манай шар нохой тарвага барьж чаддаг юм. Тэгээд Хандгаратын ам өгсөөд Хандрагатын зүүн талын уулуудаар нохойтойгоо ганцаараа явсан. Би замдаа тарвага агнаж чадаагүй явсаар байгаад Хандрагатын амны эхээд Хөөт гэх газар байх Доржпалам ахын өвөлжөөний араар гарч ирэхэд өвөлжөөний урд тал руу явган хүн ганцаараа алхаж явсан болохоор тэр хүн рүү шогшоод очсон. Намайг уг хүн рүү очиход манай хотонд хоносон нөгөө хоёр гадаад хүний нэг нь алхаж явсан. Намайг тэр хүн рүү дөхөөд очиход нөгөө гадаад миний өөдөөс алхаад ирсэн. Тэр гадаад миний морийг унах гээд байсан. Би түүнд хандаж морь унаж чадахгүй гэдгийг би өөрийнхөө гадаад дохиогоор ойлгуулж хэлсэн. Тэгтэл тэр гадаад намайг тонгороод шидсэн. Бид хоёр хоорондоо барьцалдаж авсан. Тэгээд бид хоёр хоорондоо зодоон хийсэн. Тэр гадаад миний гараас авч явсан гадсыг булааж аваад миний толгой дух хэсэг рүү цохисон болохоор би түүнээс гадсыг булааж аваад түүний цээж хэсэг рүү хатгахад нөгөө гадаад газар унасан. Тэр гадаад надад зодолдохосс өмнө ном гаргаж ирээд надад уншуулах гээд байсан. Би түүнд бичиг үсэг мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэр гадаад гадсаар биедээ хатгуулаад газар унасныхаа дараа хүзүүнээсээ зүүсэн байсан цагаан өнгийн ууттай зүйлийг гартаа барьчихсан байхаар нь хүзүүнээс нь мулталж аваад морио унаад би хүн алчихвуу гэж санаа зовоод гэрийнхээ зүг гэлдэрсэн. Би цагаан чулуут буюу Доржпалам ахын өвөлжөөг чиглээд морьтойгоо явсан. Доржпалам ахын өвөлжөөний урдуур урсах голыг морьтойгоо гараад хэсэг зогсож цагаан өнгийн ууттай зүйлд юу байгааг харахад дотор нь паспорт шиг улаан хүрэн нимгэн дэвтэр шиг юм, нэг гялгар уут байсан болохоор би замаараа Доржпалам ахын өвөлжөөний баруун талд байхдаа цувуулж хаясан. Тэгээд явсаар байгаад гэртээ 15 цагийн орчим ирсэн. Намайг гэртээ ирэхэд манай аав Батсүх, Адъяасүрэн ах, төрсөн Ганчөдөр нар байсан. Өөр хэн хэн байсныг би сайн санахгүй байна. Тэгээд тэр өдрөө 15 цаг өнгөрөөгөөд Ганчөдөрийн мотоциклиор сумын төв рүү явсан. Сумын төв рүү 16 цагийн үед очоод эмнэлэгт орж Баясаа эмчээр оёдол тавиулсан. Тэндээсээ аптек орж гурван ширхэг эмийг өөрийнхөө биед байсан таван мянган төгрөгийн 2000 /хоёр/ мянга орчмоор толгойны эм аваад тэндээсээ Батаа ахынд очоод хоол идчихээд буцаад Бүлээнд байх гэр лүүгээ ирсэн. Би гадаадын иргэний цээж хэсэг рүү нэг удаа хатгасан. Мөн ноцолдож байхдаа дээр нь дарж унасан. Гадсаар гадаадын бие дээр зурсан байж магадгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хх 227-230/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “...хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Хангай сумын Тэрх багийн нутаг Хандрагатын амны Хөөт гэх газар байх бөгөөд уг газар нь Хангай сумын төвөөс баруун урд зүгт 68 км зайтай, Тэрх багийн төвөөс баруун урд зүгт 23 км зайтай бах бөгөөд Хандрагатын ам нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан уулын том ам байх ба Хөөт гэх газар нь Хандрагатын амны дунд хэсэгт баруун зүгт харсан жижиг ам байх бөгөөд уг амны дунд хэсэгт бор ангийн эсгийгээр бүтээсэн цогцос байв. Уг газарт Iphone 6s маркийн гар утасны луужингаар байршлыг тогтооход өргөргийн 47°35,0", 99°9'49 уртрагтай байв. Цогцос байх газраас ертөнцийн зүгээр баруун хойд зүгт байх уулын энгэр бэл хэсэгт байх малын хашааны баруун талын хадан цохионы зүүн үзүүр хэсгийг үл хөдлөх цэгээр сонгон авав. Үл хөдлөх цэгээс зүүн урд зүгт цогцосны толгой хүртэл 700 орчим метр зайтай байв. Цогцсыг бүтээсэн бор өнгийн эсгийг авахад цогцосны толгой ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт харсан, цээж нүүрэн хэсэгт баруун хойд зүгт харсан, зүүн гарыг тохойн үеэр хагас нугалж нүүрний харалдаа хагас атгасан байдалтай газар тавьсан, баруун гарыг тохойн үеэр баг зэрэг нугалж баруун өвдөгний харалдаа байрлуулж, гарын сарвуунд хар өнгийн ноосон цамцыг атгасан байдалтай байрлуулж тавьсан. Зүүн хөлийг өвдөгний үеэр бага зэрэг нугалж биеийн дагуу баруун хөл дээгүүр тавьж 16 байрлуулсан. Баруун хөлийг өвдөгний үеэр нугалж зүүн гарын дагуу зэрэгцүүлэн байрлуулсан байв. Цогцос нь хар хөх өнгийн саравчтай малгайтай, хөх өнгийн нимгэн цамцтай, саарал өнгийн өмдтэй, хөх саарал алаг өнгийн пүүзэн гуталтай, зүүн бугуйндаа ха өнгийн цагтай байв. Цогцосны баруун өвдөгний нүднээс баруун хойд зүгт 18 км зайд шар алаг өнгийн том цүнх, баруун хөлийн гутлын улнаас урд зүгт 30 см зайд “Mongolian Phrasebook” гэсэн нэртэй жижиг ном, зүүн хөлийн өлмийнөөс баруун зүгт 105 см зайд “Black Diamond” гэсэн бичигтэй 2 ширхэг хар өнгийн хаяг, зүүн хөлийн өлмийнөөс баруун зүгт 4,6 метр зайд жижиг сур байв. Цогцосны ар нуруу хэсгээс урд зүгт 56,3 метр зайд баруунаас зүүн зүгт чиглэсэн бүдэг машин замтай байв. Цогцос байх газраас ойр орчимд харагдах байдлаараа айл харагдахгүй байв. Цогцосны нүдний аньсаг нээлттэй, амаа хагас ангайсан, зүүн хөмсөгний гадна буланд жижиг зулгаралттай, зүүн хацар, хүзүү, эгэмний доод хэсгээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон. Цогцосын цээжний баруун урд хэсэг, өмдний баруун урд хэсэг нилэхүйдээ цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Баруун гарын эрхий хурууны 1,2 дугаар үений ард хар хүрэн зулгаралттай, алга болон гарын ар хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Зүүн гарын ар хэсэгт жижиг жижиг зулгаралттай цус мэт улаан хүрэн өнгийн зүйлэрэ бохирлогдсон байв. Цогцосын цамцны баруун урд энгэрийн мөрний урд оёдлыг хажууд захны ирмэгээс 7 см зайд босоо хагас дугуй хэлбэрийн урагдалттай, уг урагдалтын доод ирмэгээс зүүн доошоо ташуу чиглэлд 11 см-д зайд 1,1 см ташуу хэлбэрийн урагдалттай, мөн цамцны баруун ар хэсэгт баруун суганы оёдлоос 19 см /дош зайд/ ташуу чиглэлтэй 5 см урагдалттай байв. Уг урагдалтаас зүүн дээд хэсэгт хэсэгчилсэн нүх гарсан урагдалттай байв. Цогцосны ойролцоо байсан гогцоо бүхий сурны тасархай нь цус мэт улана хүрэн өнгийн зүйлээр бага зэрэг бохирлогдсон, жижиг өврийн номны баруун дээд хэсгийн булан цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв...” /1 дүгээр хх 6-8/, Архангай аймгийн Шинжилгээний албаны шинжээч эмч Б.Отгонжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтэд: “...1. Талийгаач Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-ийн биед цээжний баруун талын 1,2 дугаар хавирганы завсраар эгэмний дунд шугамаар, цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэнгийн оройг гэмтээсэн хатгагдсан шарх. Шархны дотор талын арьс, булчин, эд дэх цусан хураа. Зүүн эгэмний дунд шугамаар 2,3 дугаар хавирганы завсар баруунаас зүүн тийш, бага зэрэг доороос дээш чиглэлтэй, зүүн суганы хонхор руу чиглэсэн цээжний хөндий рүү нэвтрээгүй, хавсан шарх. Баруун гарын 1, 2, 3 дугаар хуруу, зүүн гарын 1-5 дугаар хурууны ар хэсэг, хүйсний баруун хажуу, баруун гуяны урд дунд хэсэгт жижиг зулгаралт, баруун далны доод хэсгээс аймхай мөгөөрс рүү чиглэсэн хагас дугуй хэлбэртэй, үргэлжилсэн нарийн зулгаралт, баруун гарын алганы хонхорт өнгөц зүсэгдсэн шарх, баруун өвдөгний дээд хэсэг, нурууны баруун доод хэсэгт жижиг зулгаралт, хэлний баруун үзүүрт жижиг цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байна. Шархны дарааллыг нарийн тогтоох боломжгүй. Гэмтсэний дараа бие даан ямар нэгэн идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй. 3. Цээжин дэх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 2 удаагийн чиглэлээр үүснэ. Зулгаралт, цус хуралт, өнгөц шарх гэмтлүүд нь мохоо болон үзүүртэй зүйлийн цохигдох, гулсах, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Учирсан гэмтлүүд нь нэг цаг хугацаанд дээрх үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 5. Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/-н биед дэрэх гэмтэл учрах үед биеийн байрлалыг нарийн тогтоох боломжгүй, хэрэгтэн түүний өвөр талд нь байхад дээрх гэмтэл үүссэн байх боломжтой. 6. Талийгаач нь цээжний баруун хөндийд цочмог цус алдсаны улмаас нас баржээ. Цээжний баруун талын шарх гэмтэл нь үхэлд хүргэнэ. 7. Нас барснаас хойш цогцосыг хөдөлгөсөн шинж тэмдэг тогтоогдоогүй. 8. Шинжилгээгээр зүүн бөөрөн дэх уйланхай /0,5см/. Баруун атгаал ясны толгойг 17 эвлүүлж /шрупдэж/ бэхэлсэн мэс заслын дараах байдал, ясны бороололт эмгэг тогтоогдсон. Энэ нь үхэлд хүргэхгүй. 9. Талийгаач нь дээрх гэмтлийг аваад богино хугацаанд нас барна. 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 01 цаг 22 минутын үед цогцосыг шинжлэхэд цогцосны эрт үеийн шинж болох цогцсын толбоны тунарал, өнгө, хөшилт, арьсны өнгө, салстын хаталт зэргээс харахад нас бараад 35-36 цаг орчимболсон байна. 10. Талийгаачийн биед үүссэн зулгаралт, шарх, цус хуралт гэмтлүүд нь биеэ хамгаалан тэмцэлдэснийг илтгэх үндэслэлтэй байна. 11. Талийгаач Стивэн Эдвард Нэйш /Steven Edward Nash/ нь нас барахын өмнө согтууруулах ундааны зүйл, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. АВО системээр О I-р бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар 69-72/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Ганзоригийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 5500 дугаартай дүгнэлтэнд: “1. Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн цамцны баруун энгэр хэсэгт 32 мм, түүний доод талд 12 мм, ар талд баруун доод хэсэгт 1*1 мм, 10мм, 54 мм хэмжээтэй хурц иртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүссэн уранхайнууд байна. 2. Дээрх 32мм, 54 мм хэмжээтэй уранхайны 10 мм, 16 мм хэмжээтэй хэсэг нь татаж чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан байна. 3. Дээрх зүссэн уранхайнууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна. 4. Дээрх уранхайнууд нь харьцуулах загварт ирүүлсэн бууны тулгуур хөлний үзүүр хэсгээр гараагүй байна...” гэсэн дүгнэлт /2 дугаар 103-104/, Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмчийн 1008 дугаартай дүгнэлтэд: “1. Б.Гантулга нь хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн үйлдэл нийгмийн аюулын шинж чанарыг зөв ухамсарлаж үйл ажиллагаагаа удирдан жолоодож чадаж байсан байна. 2. Б.Гантулга нь хэрэг үйлдэх тэр үедээ 2016-08-31-ний өдөр өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгож удирдан жолоодож чадах байсан байна. Б.Гантулга нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3. Б.Гантулга нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Б.Гантулга нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Гантулгад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 5. Б.Гантулга нь болсон явдлыг зөв тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. 6. Б.Гантулга нь хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлт /2 дугаар 143-145/, гэмт хэргийн талаарх мэдээлийг тус сумын хэсгийн төлөөлөгч Д.Самбуугаас хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх 4/, хэрэг учралын газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал /1 дүгээр хх 9-20/, яллагдагч Б.Гантулгын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн зэвсгийн чанартай зүйл болох төмөр гадсыг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 69/, хэрэг учралын газраас олдсон суран эдлэлийг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 70/, Хэрэг учралын газраас олдсон жижиг өврийн номыг эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /1 дүгээр хх 71/, яллагдагч Б.Гантулгын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад түүгээр заалгуулж олсон гадаад улсын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, гялгар уут 1 ширхэг, тийз 1 ширхэг, паспорт 1 ширхэг, 10000 /арван мянга/ төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, мөн үс 6 ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авсан талаарх баримтууд /3 дугаар хх 124/ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай 18 үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар “миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Гантулгад бусдын эд зүйлийг авах санаа зорилго байгаагүй. Хохирогчтой тааралдаад хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас маргалдаж улмаар сэтгэл санааны хэвийн байдал алдагдаж амь насыг нь хохироосон байна. Иймд шүүгдэгч Б.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэсэн санал гаргасан хэдий ч шүүгдэгч Б.Гантулга нь талийгаачийг хатгаж амь насыг нь хохироосны дараа биед нь байсан эд зүйл болох паскийг авч явсан үйлдэл нь өөртөө эдийн ашигтай байдал бий болгосон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймээс шүүгдэгч Б.Гантулгыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гантулгыг хуульд зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.Гантулгыг хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлтэд бичсэн байх боловч 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал гэсэн ойлголт байхгүй болсон учир ялтай байдал нь арилаагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон 428 хоног, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр гадас 1 ширхэг, жижиг ном 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, тийз 1 ширхэг, үс 6 ширхэг, нарийнхан улаан уяа 1 ширхэг, суран эдлэл 1 ширхэг зэргийг устгах, саарал өнгийн паск, гадаад улсын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, паспорт 1 ширхэг, 10000-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваад олгох, гол төмрийн Т1956Г, 10500 маркийн замагны дугаартай Тоз-8 марзийн бууг Н.Батсүхэд олгох, флаш дискийг хэрэг хадгалах хүртэлх хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цойруут овгийн Батсүхийн Гантулгыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цойруут овгийн Батсүхийн Гантулгыг 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгын цагдан хоригдсон 428 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Б.Гантулга нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хорио тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр гадас 1 ширхэг, жижиг ном 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг, тийз 1 ширхэг, үс 6 ширхэг, нарийнхан улаан уяа 1 ширхэг, суран эдлэл 1 ширхэг зэргийг устгах, саарал өнгийн паск, гадаад улсын мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, паспорт 1 ширхэг, 10000-тын дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвээндаваад олгох, гол төмрийн Т1956Г, 10500 маркийн замагны дугаартай Тоз-8 маркийн бууг Н.Батсүхэд олгох, флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээж шийдвэрлэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Гантулгын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гантулгад авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН

                  ШҮҮГЧИД                                 Б.САРАНТУЯА

                                                                    Ц.ДАГИЙМАА