Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2018/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны  3 сарын 23 өдөр                      2018/ШЦТ/50                                 Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2018/0063/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                               А.Уламбаяр

Улсын яллагч                                                              Т.Баярмаа

Шүүгдэгч                                                                      Т.Э. нарыг оролцуулан

    

Тус Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э.т холбогдох 1839000930054 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв  .

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э. нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны төвд иргэн Б.Буяннэмэхийн өмчлөлийн морины 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаарыг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар хулгайлан хохирогч Б.Буяннэмэхэд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Буяннэмэхийн: “2018 оны 2 дугаар сарын 17-ны орой би Хэнтий аймгийн Өлзийт тосгоны төвд хамаатны Энх-Эрдэнийнд шинэлэх гэж би хөдөөнөөс найзтайгаа өөрийн эзэмшлийн 2 бүдүүн морио эмээл хазаартай нь унаж ирсэн юм. Тэгээд золголтоо хийчихээд... гартал миний унаж ирсэн 2 морь маань байхгүй байсан бөгөөд тухайн үед би сул уясан учраас уяа нь алдуураад явсан юм байлгүй гэж бодсон. Тэгээд маргааш өглөө нь хартал миний унаж явсан 2 бүдүүн морь эмээл, хазааргүй болчихсон бусад адуунуудтай нийлсэн байсан. Би хуучин цагийн модон эмээлээ 300.000-400.000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь хуучин цагийн хийцтэй модны үндсээр хийсэн эмээл юм... гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 6 тал/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 16 тал/

Шүүгдэгч Т.Э.ийн: “...Би Өлзийт тосгоны араар Цагаан далан гэх газар өөрийн хэдэн тооны малыг маллаж амьдардаг юм. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэдэн айлаар орж шинэлж байгаад орой 19 цагийн үед Энх-Эрдэнэ гэх айлаар золгох гэж очиход тэдний гадаа хэдэн машин, хашааных нь гадна эмээл хазаартай морь уяатай байсан юм. ...Энх-Эрдэнийн хашааны гадна уяатай байсан морийг унаад явах бодол төрөөд шууд уяатай байсан эмээл, хазаартай морийг нь унаад явахад хажууд нь сул байсан эмээл хазаартай морь миний унаж явсан морийг дагаж явсаар манай гэрт ирсэн. Тэгээд гэртээ ирээд нөгөө хоёр морины эмээл, хазаарыг нь аваад гэрээс хойш туугаад сул тавьсан. Тэгээд морь тавьсан газраа эмээл хазаарыг нь шуудайнд хийгээд тохом нь сул байхаар нь шуурсан цасан дор булаад шуудайтай эмээл, хазаарыг нь мөн хамт орхисон. Тэгээд нөгөөдөр нь гэртээ байж байхад морины эзэн гэх залуу ирээд эмээл, хазаар хаана байна гэж асуухаар нь би мэдэхгүй тэр цагдаагаа дагуулж ирээд шалгуул гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу дараа нь цагдаа авчраад надтай уулзуулахаар нь би үнэнээ хэлээд морь тавьсан газар болон эмээл хазаар байгаа газрыг нь зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/ зэрэг болно.

Т.Э. нь 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгоны төвд иргэн Б.Буяннэмэхийн өмчлөлийн морины 2 ширхэг эмээл, 2 ширхэг хазаарыг хулгайлан хохирогч Б.Буяннэмэхэд 440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд, болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Буяннэмэхийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Т.Э.ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.Э.ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Т.Баярмаа шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл  тохирсон байна.

Иймд Т.Э.т эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хууль бусаар авсан эд хөрөнгийг хохирогч Б.Буяннэмэхэд хүлээлгэж өгсөн ба, хохирогч Б.Буяннэмэх нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Э.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Т-н Т.Э.ийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э.т Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Өлзийт тосгоны хот тохижилтын ажилд 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА