Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0076

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                             Б.Н

Шүүгдэгч                                                     Б.Ц   нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нээс   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Цт   холбогдох 2139000200056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар  сарын 25-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,  1989  оны 05 дугаар   сарын 20-ны    өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн  хамт, Хэнтий аймагийн Баян-Адарга  сум  3 дугаар  баг Бн 15-06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б  овгийн Бн Ц   /РД:св89052011/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020  оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Баян-Адарга  сум  Дуурлиг 4 дүгээр баг Эрчмийн 5-05 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр О.Чтэй “гэртээ эрт ирсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний толгой тус газар нь гараараа цохиж, үснээс нь зулгааж дээд уруул, баруун чихний дэлбэнд язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч О.Чгийн өгсөн:..2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа явсан. 17 цагийн орчим нөхөр лүүгээ ажлын газрынхаа Золзаяагийн утсаар залгаад өнөөдөр манай байгууллага монитагаа задлана гэж хэлсэн, нөхөр оройтох юм бол хэлээрэй хань нь очиж авна, тараад хэлээрэй гээд утсаа тасалсан. Миний утсыг Ц хаясан. Тэгээд би утасгүй байгаа. Тэгээд манай ажлын газрынхан монитагаа задлаад байж байтал манай нөхөр Ц Золзаяагийн утас руу 19 үед залгасан. Тэгээд би ярихад манай нөхөр согтуу байх шиг байсан ална шүү гэртээ ирдэггүй юм уу гэж дарамталсан. Тэгээд би ажлынхандаа намайг гэрээс дуудаад байна гэж хэлээд ажлаас гараад “Арангат горхи хоршоо” дэлгүүрт очоод хүний утсаар хадам ээж С.Түмэнбаяр луу залгаж ярьсан. Ц архи уусан байна намайг ална шүү, гэртээ хурдан ир гэж дарамтлаад байна, би гэртээ очиж чадахгүй айгаад байна гэж хэлсэн. Тэгсэн чинь хадам ээж миний охин очоод яахав дээ Ц чинь согтуудаа зодоод байдаг юм чинь гэр лүүгээ очоод хэрэггүй унтсан хойно нь гэр рүүгээ очихгүй юу даа, ээж нь Ц руу залгаж яриад хэлье миний охин хүлээж байгаарай гэж хэлээд утсаа тасалсан. 20 цагийн орчим ээж буцаж залгаад Ц шал согтуу байна чамайг хүнтэй хөтлөлцөөд гудмаар явж байна, хутга шааж ална гэж байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би дэлгүүрээс гараад шууд захиргаа руу ирээд  монитагаас өгсөн бэлгээ аваад эргээд харьсан, гэрийнхээ гадаа очоод оролгүй Цыг унтаж байна уу гэж 20 орчим минут харсан хүн орж гараад байхаар нь хойд айл Эрдэнэхишиг ахынд ороод 01 цаг хүртэл унтахыг нь хүлээсэн. Тэгээд айл амьтныг унтаж амраг гэж бодоод Эрдэнэхишиг ахынхаас гараад гэрийнхээ хажуу айлын хашаанаас чимээ чагнасан чинь Ц хүнтэй утсаар яриад байгаа бололтой чанга чанга юм яриад байсан. Тэгэхээр нь би Цыг согтуу биш байгаа юм байхдаа гэж бодоод орсон чинь Ц намайг гичий минь хаагуур хэнтэй янхантаж яваад хэдэн цагт ирж байгаа юм чамайг ёстой ална гээд босож ирээд боож унагаагаад нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон дараа нь үсдээд чирсэн, тэгснээ намайг тавиад өшөө болоогүй өнөө орой чамайг ална аа гээд шургуулга руу гүйгээд хутга хайж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би Цагаанбаатрын араар нь гэрээс гараад  зугатсан чинь Ц миний араас гарч намайг хөөж байгаад хашааны ард зам дээр намайг барьж аваад үснээс маань чирээд ална аа ор гичий минь чи яасан их зугатаадаг хар гичий вэ гээд чирээд явж байхад нь би  туслаарай аллаа амь авраарай гээд хашгирсан. Тэгээд намайг гэр лүү чирээд орсон. Тэгээд Ц өөрөө хадам ээж Түмэнбаяр руу залгаад Ч тантай орой ярьсан юм уу гэж асуухад хадам ээж тиймээ ярьсан чи угаасаа согтуудаа зоддог юм чинь битий оч гэж хэлсэн. Ээжтэйгээ утсаар ярьж байхад би ээжээ намайг авраарай, туслаарай гэж хашгирсан, тэгсэн ээж утасаа таслаад сумын цагдаа руу дуудлага өгсөн байсан...Ц бид хоёр 2011 оноос хамтран амьдарч байгаад 2012 онд гэрлэлтээ батлуулсан, одоо 8-2 насны 2 охинтой...би маш их гомдолтой байна. Ц бид хоёр хамтран амьдраад 10 гаруй жил болж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 13 хуу/

Гэрч Б.Энхтуяагийн өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед би гэртээ нөхөр Эрдэнэхишиг, охин Баярмаа, ач Аригун нарын хамт байж байхад гаднаас Ч гэрт орж ирээд ажил маань шинэ жилийн монитогоо задлаад жоохон оройтчихлоо Ц архи уучихсан халамцуу байх шиг байсан. Тэгээд Ч манайд 00 цаг хүртэл юм ярьж суусан. Тэгээд гэрийнх нь хажууд байдаг Цын хамаатан Дашдорж ахынх руу орьё гэж хэлээд гарсан. Тэгээд бид нар унтаж амарсан. Ч манайд байхдаа нөхөртэйгээ хэрэлдэж маргалдсан асуудал байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуу/

Гэрч Э.Баярмаагийн өгсөн:...О.Чгийн ээж нь манай ээж аавтай танилууд болохоор л би Чг таньдаг төдий л хүмүүс. Ч манай гэрээр орж гардаггүй хүн, харин 2020 оны 12 дугаар сарын 30-ны орой  21 цагийн үед би гэртээ ээж, аав, хүү бид 4 байсан. О.Ч манайд орж ирсэн. Ч манайд орж ирэхдээ даарчихсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би Чгээс яасан юм гэж асуухад Ч манай нөхөр Ц архи уусан байна орвол зодох байх гээд манайд 00 цаг өнгөртөл юм ярьж суусан. О.Ч гэрт юм яриад сууж байхдаа урьд өмнө нь Ц намайг зодсон тухай ярьсан, тэгээд бас гэр рүүгээ очиж үзсэн ганцаараа гараад явсан удалгүй буцаад манай гэрт орж ирээд Ц унтаагүй юм шиг байна хүнтэй утсаар яриад байх шиг байна гээд орж ирсэн. Тэгээд би гэрийнхээ урд талын өрөөнд юм ярьж сууж байгаад хойд талын өрөө рүүгээ ороод унтсан. Манай гэрээс хэдэн цагийн үед гарч явсан гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Гэрч Б.Золзаяагийн өгсөн:...манай ажлын Ч эгч надад хандан эгчдээ утсаа өгчих, нөхөртэйгээ нэг утсаар яриад монита задлаж байгаа талаараа хэлчихье гэж хэлсэн тэгэхээр нь би тэг тэг гээд гар утсаа өгсөн. Тэгээд Ч эгч нөхөртэйгээ утсаар ярьчихаад миний гар утсыг маань надад өгсөн. Тэгээд байж байхад ойролцоогоор 18-19 цагийн үед миний гар утас руу нэг дугаар залгахаар нь би гар утсаа автал нэг согтуу хүн чи хэн бэ банди минь гэж хэлсэн, тэгэхээр нь би уг хүнийг Ч эгчтэй ярих гэж байгаа юм байна гэж бодоод уг хүнийг ахиад залгахаар нь гар утсаа шууд Ч эгчид өгсөн юм. Тэгээд Ч эгч гар утсаар маань нөхөртэйгээ утсаар ярьчихаад л шууд ажлаас гараад яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуу/

Гэрч П.Бат-Аринжилын өгсөн… Би 2020 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө ойролцоогоор 01 цагийн үед гэртээ өөрийн ээж Алтансувд, дүү Батхуяг нарын хамт байж байхад манайхаас зүүн урд чигтэй хүн авраарай туслаарай гээд орилоод хашхираад байсан. Тэгэхэд манай ээж нохой юм байхдаа гэж  хэлж яриад, бид гурав хоорондоо ярьж байхад удалгүй л Ч эгч цусаа гоожуулсан байдалтай уйлаад гэрт маань ороод ирсэн.  Тэгэхээр нь ээж бид хэд Чанцансүрэн эгчид хандан яасан юу болсон гэхэд Ч эгч, ээж, дүү бид нарт хандан манай нөхөр Ц намайг зодоод намайг ажил дээрээ байж байхад Цагаанаа залгаад ирэхгүй бол ална шүү гээд байсан. Тэгээд гэртээ ирсэн чинь намайг ийм болтол зодлоо гэж хэлсэн. Тэгээд Ч эгч миний утсаар Улаанбаатар хотын Багануур дүүрэгт байдаг өөрийн хадам ээж рүүгээ утсаар яриад Цагаанаа ахад зодуулчихлаа гэж хэлж байсан...Тухайн үед миний харснаар Ч эгчийн  уруул нь хавдаад язарчихсан, мөн баруун чих нь тасарчихсан юм уу гэлтэй язарчихсан уг чихнээс нь нэлээн их цус гарсан байдалтай, нүүр, ам, гар, хувцас нь нилэнхүйдээ цус болчихсон байдалтай байсан...гэх мэдүүлэг  /хх-ийн 42 хуу /

Гэрч С.Оюунцогтын өгсөн...миний төрсөн дүүгийн маань том хүү болох Ц нь зан байдлын хувьд даруу төлөв, ажил хөдөлмөр хийхдээ сайн, аливаа ажлыг нямбай, чанартай сайн хийж гүйцэтгэдэг, хүнд их тусархаг, хүнтэй нэг их маргалдаж муудалцаад байдаггүй байх гэж  бодож байна, лав би Цыг хүнтэй маргалдаж муудалцаж байхыг нь бол харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэдэг сурагтай байсан, гэхдээ би байнгын хажууд нь байдаггүй учир архи согтууруулах ундааны зүйлийг яг хэр хэрэглэдэг болохыг нь сайн  хэлж мэдэхгүй байна, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж муу зуршил бол байхгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг түвэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байгаагүй, модон эдлэлээр юм хийх, мужааны ажилд их сонирхолтой, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн байдал эхнэр 2 хүүхэдтэй, одоо эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд оршин сууж амьдарч байна, ер нь Ц нь даруу төлөв, ажилсаг, хүнд их тусархаг л залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 55 хуу/

Гэрч С.Түмэнжаргалын өгсөн...Миний төрсөн дүүгийн маань том хүү болох Ц нь зан байдлын хувьд даруу төлөв, дөлгөөн олон таван үггүй, амьдрахын  төлөө явдаг хар бор ажил төрөл хийхдээ сайн янз бүрийн ажил, төрөл хийж байсан, хүнд их тусархаг, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй би лав Цыг хүнтэй маргалдаж мууцалдаж байгааг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь хэрэглэдэг, гэхдээ байнгын бол хэрэглээд байдаггүй. яах вэ, хааяа нэг найз нөхөд нь Цыг уруу татаад архи, согтууруулах ундааны зүйл  хэрэглүүлчихээд байдаг, тэрнээс биш дүү маань өөрөө архи авч бол уудаггүй, тамхи татдаг, ямар нэгэн гаж, буруу зуршилгүй, цэргийн алба хаасан, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэгт холбогдон цагдаа дээр  шалгагдаж байгаагүй, одоо бол эхнэрээ зодсон гэх хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, багадаа бол спортод сонирхолтой байсан, харин одоо бол машин техникт л их сонирхолтой юм шиг байсан, айхтар гоц гойд авъяас чадвар гэхээр зүйл байхгүй, гэр бүлийн хувьд эхнэр, хоёр хүүхэдтэй, том охин нь гүйлсэн булчирхайн хорт хавдартай, энэнээсээ болоод дүү маань их шаналдаг юм шиг байсан, одоо Ц маань эхнэр, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Баян-Адарга суманд оршин сууж амьдарч байна, ер нь Ц нь даруу төлөв, амьдралын төлөө явдаг, ажилсаг ямар ч ажлыг хийж чаддаг, хүнд их тусархаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр    сарын 07-ны    өдрийн 27 дугаартай дүгнэлт:

  1. О.Чгийн биед дээд уруул, баруун чихний дэлбэнд язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл  тогтоогдлоо.
  2. Дээрх  дээд уруулын язарсан шарх, баруун чихний дэлбэнд язарсан шарх гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтэлын зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  3. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг  тогтонги алдагдуулахгүй. /хх-ийн 62 хуу /

 

Яллагдагч Б.Цын өгсөн:... манай эхнэр О.Ч  нь 2020 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө ойролцоогоор 00-01 цагий үед гадуур явж байгаад гэртээ ирсэн юм, тэгэхээр нь би эхнэртээ хандан чи яасан орой ирдэг юм бэ, хаагуур явав гэхэд эхнэр маань надад хандан хаагуурч явсан яадаг юм, чамд хамаагүй гээд уурласан, тэгэхээр нь би бас уурлаад эхнэр бид 2 хоорондоо муудалцаад тэгээд би уурандаа эхнэрийнхээ нүүр лүү 2 удаа гараараа алгадсан, тэгэхэд эхнэр маань нимгэн хувцастайгаа гэрээс гараад гүйсэн, тэгэхээр нь би эхнэрийнхээ араас гэрээс гараад эхнэрийгээ буцааж гэр лүүгээ оруулах гээд хойноос нь гараараа татахад эхнэр маань хашааны жижиг хаалганы хөндлөвч модонд баруун талын чихээ урчихсан, тэгээд би эхнэрээ буцаан гэр лүүгээ оруулаад  хувцас хунарыг нь өгөөд эхнэртээ хандан чи бид хоёр таарахгүй юм байна, чи явмаар байгаа бол яв гэж хэлсэн, тэгэхэд манай эхнэр гэрээсээ гараад л яваад өгсөн, тухайн үед ерөнхийдөө нэг ийм асуудал болсон, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 80 хуу/

Б.Цын иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 66, 84 хуу/

Б.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 хуу/

Б.Ц, О.Ч нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 89 хуу/

О.Ч нь  Б.Цт зодуулсныхаа дараа өөрийн биеийн байдлыг тусгаж авсан гэх гэрэл зургууд /хх-ийн 92 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 94,95,97 хуу/

Хохирогч О.Чгийн гаргасан “нөхөр Цт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 99 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ц нь  согтуурсан үедээ 2020  оны 12 дугаар сарын 30-31-нд өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын  Дуурлиг 4 дүгээр баг Эрчмийн 5-05 тоотод байрлах гэртээ эхнэр О.Чтэй “гэртээ эрт ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж нүүрэнд нь гараараа цохих, үснээс нь зулгаах зэргээр зодож  дээд уруул, баруун чихний дэлбэнд язарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зулайн орой хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч О.Ч, гэрч Б.Энхтуяа, Э.Баярмаа, П.Бат-Аринжил,  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

            Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь эхнэр О.Чанцалдуламыг ажил дээрээ байхад нь хүний утсаар дамжуулан гэртээ ир гэж дуудсан даруй О.Чанцалдулам нь ажлаасаа гарч явсан, Б.Цыг согтуу байгааг мэдээд айсны улмаас гэртээ орж чадахгүй унтахыг нь хүлээж хажуу айлдаа орсон, гэртээ ороод оройтож ирлээ гэх шалтгаанаар зодуулсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд энэ нь шүүгдэгч Б.Цын үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэж үзэх бүрэн үндэслэл болно гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Б.Цыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн  гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас Б.Цын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 98 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 100 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Б.Ц хүлээн зөвшөөрч /хх-ийн  100 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч О.Ч нь “Б.Цт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 99 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овгийн Бн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Б.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ