Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0073/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                             *******

Шүүгдэгч                                                    *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Болортунгалаг  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******ид  холбогдох 2139000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар  сарын 18-ны  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 07 дугаар баг, Номгоны 20-3 тоотод оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Хар бүргэд овгийн Гончигсүрэнгийн С, /РД:СШ94073014 /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны 04 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Номгоны 20-3 тоотод байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******ийг "Манай гэр оронд эхнэр хүүхэдтэйгээ муудлаа" гэх шалтгаанаас үүдэн маргалдаж улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн*******ийн зүүн далны хэсэгт нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч*******ийн өгсөн:... 2021 оны 12 сарын 07-ны орой 19 цагийн үед манай баруун талын хашаанд байрлах найз болох*******ийн гэрт эхнэр хүүхдийн хамтаар орж суун юм ярьж суусан бөгөөд бид нар 2.5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пивийг  3-н савыг хувааж ууцгаасан. Мөн бид нар 17 градустай Еха гэх нэртэй жимсний дарс 2 ширхэг 0.5 граммын савлагаатай пиво 2-ийг хувааж ууцгаасан. Бид нар 19 цагийн үед архи ууж эхэлсэн бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өглөөний 04 цагийн үед дууссан юм. Манай хүн тухайн үед 2021 оны 02 дугаар сарын 08-ны 00 цаг өнгөрч байхад хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. Тэгээд******* дахин 1 шил 0.5 граммын соёрхол архи гаргаад дээрээс нь бид хоёр нэг нэг юм уу, 2 хундага л тус бүр уусан. Тэгсэн тухайн үедээ согтсон байсан бөгөөд юу болсоныг сайн санахгүй байгаа бөгөөд гэрээс нь гарах гээд хаалга онгойлгоод гарч явтал миний дал хавьцаа хүн нэг юмаар цохих шиг болсон. Тэр үед нь би өөрийгөө хутгалуулчихлаа гэж бодоогүй тул гэрийн гадаа гараад бие хөндүүр оргиод байхаар нь гараараа мөрөө үзтэл гар дан цус болсон байсан. Тэгэхээр нь би буцаж гэрт нь ороод Сийг чи намайг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Ингээд би гадуур хувцасаа тэднийд тайлаад ухаан алдсан байсан,  нэг мэдэхэд эмч нар ирээд машинд суулгаж авч явсаныг санаж байна. Би яг юунаас болж муудсанаа санахгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

Гэрч Ш.Сүрэнхүүгийн өгсөн:...Би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өглөө 05 цаг 30 минутын орчимд гэрээсээ бие засах гээд гадаа гартал манай баруун хашаанд байрлах миний төрсөн хүү*******ийн хашаанд  их дуу  чимээтэй хүмүүс шуугилдаад эмнэлгийн машин гэрийн гадна нь ирсэн байхаар нь очтол манай гэрийн зүүн залгаа хашаанд байрлах*******ийг Сийн гэрийн гаднаас эмч нар машинтай аваад явж байсан. Тэгэхээр нь би Сийн гэрийн баруун талаар нь хашааны хаалга руу эмч нарын араас явах гээд алхаж байтал гэрийн баруун талд нүүрсний хажууд хутга байхаар нь нүүрсний хог руу чулуудаж орхисон. Тухайн үед би Бийг хүнд хутгалуулсан гэж мэдээгүй. Би хутгыг бохирлогдсон эсэхийг анзаараагүй. Сандраад шууд аваад л шидсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуу/

Гэрч Б.Мөнхцэцэгийн өгсөн:... би 2021 оны 02 дугаар сарын 08-ны шөнө 00 цаг өнгөрөөгөөд 3-н хүүхдээ дагуулаад гэртээ орж амарсан. Ингээд өглөө 05 цагийн үед байхаа сайн цагийг нь санахгүй байна. Эмнэлгийн галч Зулаа гэх хүн манайд орж ирээд нөхөр чинь хүнд хутгалуулаад эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өглөө 07 цагийн үед баруун хашааны айлдаа гурван хүүхдээ үлдээгээд эмнэлэг дээр явж очтол манай нөхөр дусал тариа хийлгээд унтаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Гэрч С.Мөнхзаяагийн өгсөн:.... Ингээд хоол идээд сууж байх зуур бид нар 3 сав 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пивийг гаргаж дөрвүүлээ юм ярингаа хувааж ууцгаасан. Уг пивийг уугаад дуусахаар би дахин нэг шил 0.75 граммын савалгаатай Сангриа нэртэй дарс гаргаж Мөнгөнцэцэгтэй 2-лаа хувааж ууцгаасан бөгөөд Мөнгөнцэцэг хүүхдүүдээ аваад гэр лүүгээ явцгаасан ба цагийг нь сайн санахгүй байна. Ингээд манайд Б үлдсэн бөгөөд манайд байсан нэг шил 0.5 литрийн соёрхол архийг манай нөхөртөө ууна гээд ярьж байсан. Тэгээд би хүүхдүүдтэйгээ гэртээ унтаад өгсөн. Ингээд тухайн үед би сэрээгүй бөгөөд гэрт нөхөр хүнтэй муудаж байгааг мэдээгүй бөгөөд өглөө 11 цагийн үед сэрэхэд С намайг цагдаа аймаг аваад явах гэж байна гэж хэлсэн, тэгээд л хувцасаа солиод нарийн учрыг нь ярьж чадаагүй явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

Гэрч Д.Цолмонбаатарын өгсөн:...Би Сийг танина С нь манай дүү байгаа юм. С нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Өлзийт тосгонд 1994 онд төрсөн. Бага насаа Өлзийт тосгонд өнгөрөөсөн. Өлзийт тосгоны 12 жилийн сургуулийг төгссөн. Их сургуулиа Сүхбаатар аймгийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд сурч төгссөн. 2017-2018 оны хооронд Өлзийт тосгоны холбооны инженерээр ажилласан. 2018 оноос хойш хувиараа морь уяж байгаа хүүхэд байгаа юм. Одоог хүртэл Өлзий тосгонд амьдарч байгаа. С нь ах дүү, хамаатан садан, найз нөхдийн дунд нэр хүндтэй хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 78 хуу/

 

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар    сарын 18-ны    өдрийн 102 дугаартай дүгнэлт:

    1.   С.Бийн биед зүүн даланд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.

3.         Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

             4.     Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтэлийн хөнгөн зэрэгт хамаарна.

             5.     Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар  алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 41 хуу /

Яллагдагч*******ийн өгсөн:... Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би архи уугаад нэлээн муудсан байсан. Би Бийн зүүн дал хэсэгт нэг цохьсон шиг санаж байна. Би*******ийн эмчилгээний зардалд, эмнэлгийн ор хоногийн мөнгө, цалингийн зээл бусад бүх төлбөрийг төлөөд явж байгаа ойролцоогоор 2.000.000 төгрөгний тооцоо хийгээд байна. Нарийн тооцож үзээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуу/

 

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Номгоны 20-3 тоот хашаанд үзлэг хийж ажлын хэсгийн 20 см, бариул нь 12 см нийт урт нь 33.5 см модон бариултай хутгыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 48 хуу/

Г.Сийн  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 62 хуу/

Г.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 хуу/

Г.С нь 2020 онд 4 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 66 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 79, 80 хуу/

Хохирогч*******ийн гаргасан “Соос эмчилгээний зардалд 1.800.000 төгрөг авсан, ямар нэгэн гомдол санал байхүй”  тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 82 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч*******ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч******* нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 04 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Номгоны 20-3 тоотод байрлах өөрийн гэртээ согтуурсан үедээ  хохирогч С.Бийн зүүн даланд нэг удаа хутгалж, 7 см урттай, 3 см гүнтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

            Хохирогч С.Бийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч*******, гэрч Ш.Сүрэнхүү, гэрч Б.Мөнхцэцэг, гэрч С.Мөнхзаяа нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

Аймгийн Прокурорын газраас*******ийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 83 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 84 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч******* хүлээн зөвшөөрч /хх-ийн  88 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч******* нь “Г.Сид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 82 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлийн хэсэг нь 20 см, бариул хэсэг нь 12 см нийт 32 см урттай модон хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Хар бүргэд овгийн Гончигсүрэнгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ажлийн хэсэг нь 20 см, бариул хэсэг нь 12 см нийт 32 см урттай модон хүрэн иштэй хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ