| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03040/И |
| Дугаар | 184/ШШ2018/00230 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2018/00230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.О-д холбогдох
1,418,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч бид 2 хамаатан хүмүүс юм. Хариуцагч нь 2015 оны 11 дүгээр сард манайд ирээд хүсэлт гаргасан. Би тухайн үед намайны мөнгөтэй байсан учраас надаас мөнгө зээлэх хүсэлтийг амаар ярилцаж хүүтэй нь өгнө хэмээн 2,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Мөн хариуцагч нь миний 2 өрөө байрны 1 өрөөнд нь нэг хүн хөлсөлсөн байхад нь гаргаж н.Цогтоо гэдэг залуутай хамт түрээсэлсэн. Удалгүй нөгөө өрөөг нь түрээсэлж байсан хүн над руу утасдаж танай дүүг чинь хүн алах гэж байна гэхээр нь яваад очиход хамтран амьдрагч н.Цогтоо гэдэг залуу нь 0.75 граммын шилтэй архийг толгой дээр нь хагалаад цус нь гоожсон байсан. Ингээд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Гэтэл маргааш нь хариуцагч нь хамтран амьдрагчаа өмөөрч надтай хэрэлдсэн. Ингээд би Ж.О-ас мөнгөө авмаар байна гэхэд 4 дүгээр сард өгнө гэж тодорхойлолт хийж өгсөн. Гэтэл одоог хүртэл төлөөгүй. Ингээд хариуцагч нь алга болж би эрэн сурвалжлуулж байж олж авсан. Иймд зээлсэн 400,000 төгрөг, амласан хүү 336,000 төгрөг, байрны хэрэглээний төлбөр 106,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, малгайн үнэ 500,000 төгрөг, нийт 1,418,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2015 онд амар гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг зээлсэн. Хариуцагч нь 2,000,000 төгрөг аваагүй 1,800,000 төгрөг авсан. Мөн хариуцагч зээлсэн мөнгөө буцааж өгсөн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Байр түрээсэлсэн зардлын төлбөрийг хариуцагч нь өгсөн. Энэ үнэгэн малгай зарсан гэх мөнгийг хариуцагч нь аваагүй өөр хүнд зуучилж өгсөн энэ малгайг авсан хүн нь мөнгийг бүрэн төлсөн үлдэгдэл байхгүй гэдэг тодорхойлолтыг хийж өгсөн байгаа. Мөн хариуцагчийг эрэн сурвалжлуулсан гэдэг нь хариуцагч нь түрээсийн байранд амьдардаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрт очиж зодсон байсан. Мөн нэхэмжлэгч урьд нь хүн зодсон хэргээр тэнсэн харгалзах ял авсан. Ийм учраас хариуцагч нь Б.Бгаас айдаг тул гэрийн хаягаа өгдөггүй. Харин утасны дугаар, ажлын газрын хаягийг нь мэдэж байгаа тул холбоо барих боломж байсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.О-асд холбогдуулан зээлийн үлдэгдэл төлбөр 400,000 төгрөг, хүү 336,000 төгрөг, орон сууцны хэрэглээний төлбөр 106,000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70,200 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, малгайн үнэ 500,000 төгрөг, нийт 1,418,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба үндэслэлээ зээлийн төлбөр, байрны түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, эрэн сурвалжлах шаардлага байгаагүй, малгайн үнэ болох 200,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө авсан хэмээн маргажээ.
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.О-асд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн ба талууд үүнийг зээлийн гэрээ байгуулсан гэдэгт маргахгүй байна. /хх-70/ Энэ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан зээлийн гэрээ байна.
Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргийн биелэлтийг үүргээ зөрчсөн талаас үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн төлбөрт 400,000 төгрөг, хүүд 336,000 төгрөг шаардах ба хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1,100,000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 250,000 төгрөгийг нэхэмжлэгчийн 413013367 тоот дансанд шилжүүлсэн гэж маргаж байна. /хх-68-70/
Зээлийн төлбөрийг шилжүүлсэн гэх 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдөр 550,000 төгрөгийн гүйлгээний утгад “түрээсийн төлбөр Ц-аас” гэх тэмдэглэгээ, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 250,000 төгрөгийн гүйлгээний утгад “түрээсийн төлбөр Оас 96430305” гэх тэмдэглэгээ, түүнчлэн төлсөн төлбөрийн нийлбэр 1,900,000 төгрөг болж байгаагаас үзэхэд хариуцагчийг зээлийн төлбөрийг төлсөн гэхэд эргэлзээ төрж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Ж.Оюунтулгыг татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Харин нэхэмжлэгчийн уг шаардлагад үндэслэл болгож байгаа 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “баталгаа” гэх баримтад “Иргэн О би Б.Бгаас 2,000,000 төгрөг зээлсэн мөнгөний үлдэгдэл 400,000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 07-нд өгч барагдуулна” гэж бичсэнээс үзэхэд зээлийн үлдэгдэл төлбөрт 400,000 төгрөг төлөх үүрэгтэй байна гэх үйл баримт тогтоогдож байна. /хх-38/
Зээлийн гэрээний хүү 336,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох боловч хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийх шаардлагыг хуулийн 282.3-т тавьсан байдаг. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдох буюу хуулийн дээр дурдсан шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байх тул нэхэмжлэгч 336,000 төгрөгийн хүү шаардах эрхгүй.
Иймээс зээлийн гэрээний төлбөрт 400,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, зээлийн хүүд шаардсан 336,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2. Орон сууцны хэрэглээний төлбөрт 106,000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд
Нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн өмчлөлийн орон сууцны нэг өрөөг 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд нэг сарын 200,000 төгрөгөөр хөлслүүлсэн ба энэ хугацааны хэрэглээний зардал буюу халаалт, цэвэр, бохир ус, цэвэрлэгээ, жижүүр, халаалтын төлбөрт 106,000 төгрөг нэхэмжилж, 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд төлсөн баримтуудаар нотлогдоно гэжээ. Хариуцагч орон сууцыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хөлслөн суусан хэмээн маргажээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасан “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтаар хариуцагч хэрэглээний төлбөрийг хариуцагч төлөхөөр тохирсон гэх үйл баримт, түүнчлэн орон сууцыг хөлсөлсөн хугацааг тодорхойлсон үйл баримт тогтоогдохгүй байна. Эндээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэж уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ж.О-д 500,000 төгрөгийн үнэтэй үнэгэн малгай заруулахаар өгсөн гэж малгайн үнийг шаардах ба хариуцагч малгайг хамт ажилладаг Ж.Туулд заруулахаар өгч, Ж.Туул нь н.Алтанд 200,000 төгрөгөөр заран мөнгийг нь Б.Б-д өгсөн гэж Ж.Т-уулын бичгээр гаргасан тодорхойлолтыг үндэслэн маргаж байна. /хх-67/
Талуудын гаргасан тайлбар болон хариуцагчийн гаргасан Ж.О-ын тодорхойлолтоос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д “Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан даалгаврын гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Ж.О-аас нь Б.Б-г малгайг 200,000 төгрөгөөр заруулахаар өгсөн ба малгайг заран мөнгийг өгсөн гэх хариу тайлбар, түүнд холбогдох баримтыг нэхэмжлэгч нь үгүйсгэж чадаагүй буюу малгайг 500,000 төгрөгөөр заруулахаар хариуцагчид өгсөн ба малгайн үнийг аваагүй гэх үндэслэлээ нотолж чадаагүй байна. Иймээс малгайн үнэд шаардсан 500,000 төгрөгийн шаардлага хангагдахгүй.
4. Нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2016/00581 дугаар шийдвэрээр тогтоогдож байх /хх-35-36/ тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.” гэж заасны дагуу 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Б.Б дээр дурдсан үндэслэлээр нотариатын төлбөрт 6,000 төгрөгийг шаардсан боловч нотариатын төлбөрийн баримтад ямар баримт бичиг гэрчлүүлэхэд уг төлбөрийг төлсөн болох /хх-39/ нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн баримтыг эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.О-ас нийт 470,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 947,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар 918,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс нэхэмжлэгч чөлөөлөгдсөн ба харин нэмэгдүүлсэн шаардлагад холбогдуулж төлсөн 15,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1, 399 дүгээр зүйлийн 399.1-д заасныг баримтлан Ж.О-ас 470,200 төгрөгийг гаргуулан Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 947,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,756 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН