| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2017/0068/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/75 |
| Огноо | 2017-11-29 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/75
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 1727000180042 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг ************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч ******* нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онгоцон ухаа багийн нутаг дэвсгэрт байх Туркийн замд ******* улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үед хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “Би осол гаргасан нь үнэн. Архангай аймгийн Өгийнуур сум явах замдаа гэр бүлийн хамт осолд орсон. Хархорин сумын Онгоцон-Ухаа багт осол гаргасан” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 07 дугаар сарын 17-ны орой бид нар Архангай аймгаас гараад Хархорин сумаар дайраад Өгийнуур орох замдаа Хархорин сумын Онгоцон-Ухаа багийн ганц худаг гэдэг газар осолд орсон. Бид хоёр 3 хүүхэдтэйгээ таньдаг ахтайгаа явсан. Би унтаж явсан болохоор юунаас болж, осол болсон гэдгийг мэдээгүй” гэв.
Хохирогч 1980 онд төрсөн *******ын ******* мөрдөн байцаалтанд 2017-08-16-нд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 07 дугаар сарын 17-нд Архангай аймгийн Өгий нуур сумаас Эрдэнэт хот руу явах замд Хархориноос 10 гаруй км зайд засмал зам дээр миний эзэмшлийн ******* улсын дугаартай “Prius-20” маркийн автомашиныг манай эхнэр ******* нь унаж яваад зам тээврийн осол гаргасны улмаас миний биед гэмтэл учирсан. ******* хэлэхдээ 60 км цагийн хурдтай явж байсан гэсэн. Гэхдээ би км-ийн заалт хараагүй. Нэхэмжлэх, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 40-41/
Гэрч 1972 онд төрсөн *******гийн мөрдөн байцаалтын шатанд 2017-11-24-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн найзууд болох ******* болон түүний эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймаг орчихоод буцаж Орхон аймаг руу явж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт осолд орсон юм. Зам тээврийн осол болох үед *******ын автомашиныг эхнэр нь болох жолоодож явсан. Жолоочийн хажууд буюу автомашины урд талын суудал дээр ******* бага хүүхдийнхээ хамт сууж явсан. Харин арын суудал дээр би *******ын хоёр хүүхдийн хамт унтаж байсан. Надад мэдэх зүйл байхгүй. Тухайн үед автомашин дотор би унтаж явсан учир мэдэх зүйл байхгүй мөн жолооч хэр хурдтай явж байсан талаар хүртэл мэдэхгүй...” /хх 45-46/ гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Амартүвшингийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 9236 тоот дүгнэлтэнд: 1. *******ын биед сээрний 8, 11, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их биеийн шахагдсан хугарал, тархи доргилт, зүүн шилбэний цус хуралт, баруун шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 49/
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зам тээврийн осол дээр тогтоосон актанд: “ 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймаг Хархорин сум Онгоцон ухаа баг Ганц бургас гэх газар засмал зам дээр ******* нь *******ын эзэмшлийн Тоёота маркийн ******* улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан гэж дүгнэлт үйлдэв” гэсэн дүгнэлт /хх 13-14/,
Өвөрхангай аймгийн Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Батцэрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “1. Жолооч ******* нь ******* улсын дугаартай Тоёота Прүйс маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож тухайн зам тээврийн осол гарах үед замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 2. ******* улсын дугаартай Тоёота Прүс маркийн автомашин жолоодож явсан ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд, саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. 3. ******* улсын дугаартай Тоёота Прүс маркийн автомашины жолооч ******* автомашиныг зогсоох боломжтой байсан. 4. Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн, замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Алтансүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан зам тээврийн осол дээр гаргасан акт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хх 80/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 10-12/
- *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай автомашинд учирсан хохирлын үнэлгээ /хх 69-70/
- Яллагдагч *******ын 679340 дугаартай жолоочийн үнэмлэх, *******ын эзэмшилд байх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01071746 дугаартай гэрчилгээг хураан авсан мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл, үнэмлэх, гэрчилгээний хуулбар /хх 30-34/
- Яллагдагч *******ын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх 35-38/
- Шүүгдэгч *******ыг 2017 оны 101 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаас авсан мэдүүлэг /хх 41-42/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 95/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч *******ад холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Иймд шүүгдэгч *******ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******ад хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагч *******ын 679304 дугаартай жолоочийн үнэмлэх, *******ын эзэмшилд байх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01071746 дугаартай гэрчилгээг шүүгдэгч *******ад буцаан олгох, гэр бүлийн хэрэгцээний 1100.0м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг хүчингүй болгох, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын 679304 дугаартай жолоочийн үнэмлэх, *******ын эзэмшилд байх ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 01071746 дугаартай гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ад буцаан олгох, шүүгдэгч *******ын гэр бүлийн хэрэгцээний 1100.0м2 газрыг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөгчийн санал бүхий прокурорын шийдвэр “Эд хөрөнгө битүүмжлэх тухай”-ийг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өверхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН