Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00012

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

 

2019        03             25                                            12

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Г.Э, Б.М нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Т.Ганбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Б.Дэлгэрмаа,

Шүүгдэгч: Г.Э, Б.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Отгондорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Г.Мөнхгэрэл, С.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: П.Ундрах нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолтой Г.Э, Б.М нарт холбогдох 1738000230005 дугаартай эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газрын дээд шатны прокурор Ү.Содномцогийн эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Хатгин овогт Г-ын Э, …. оны 3 дугаар сарын …-ны өдөр төрсөн, …. настай, эрэгтэй, урьд Багануур дүүргийн шүүхээс .... оны .... дугаар сарын 12-ны өдрийн ..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Багануур дүүргийн шүүхээс .... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн /регистрийн дугаар ….............../.

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Б.ийн М, …. оны … дугаар сарын ….-ний өдөр төрсөн, … настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................../.

Шүүгдэгч Г. Э нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 07 цаг 30 минутын үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруайзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2, 9.1, 9.2-т заасныг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохирсон,

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруайзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-ийн    б-д заасныг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хатгин овогт Г-ын Э-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г-ын Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э”д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 1738000230005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Б.М-ы урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Тээврийн прокурорын газрын дээд шатны прокурор Ү.Содномцог эсэргүүцэлдээ: ... Тээврийн прокурорын газраас Г.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан, Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж, 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 267 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Г.Энхманлайг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Уг шийтгэх тогтоолд дараах үндэслэлүүдээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Г-н Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх”-ээр заажээ. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасч, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байтал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн уг гэмт хэргийг үйлдэж, хоёр хүний амь нас хохироосон байхад 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчимд нийцэхгүй байна. Мөн тогтоолын тогтоох хэсэгт Г.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хэдий үеэс эхлэн тоолохыг тусгаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа ... хугацааг тоолно” гэснийг зөрчсөн байна.

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадагийн ферм” гэх газарт өөрийн эзэмшлийн Тоёота Ландкруайзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд шилжүүлж захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, хайхрамжгүй хандан, Г.Э-г жолооч мөн эсэхийг лавлаж тодруулахгүйгээр жолоогоо шилжүүлсний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохирсон байхад гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гараагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Г.Э, Б.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд гаргасан Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан дээд шатны прокурор эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-г 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг “Далладаг сарваадгийн ферм” гэх газар Тоёота Ландкруайзер-80 маркийн 67-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2а, 9.1, 9.2-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Ц.Б, М.М нарын амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, шүүгдэгч Б.Мыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Г.Эд тээврийн хэрэгслээ шилжүүлж хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан заалтыг зөрчсөний улмаас зорчигч Ц.Б, М.М нарын амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

шүүгдэгч Б.Мыг “...Г.Эд жолоогоо шилжүүлсэн үйлдэл амь хохирогч Ц.Б, М.М нарын үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь шүүгдэгч Г.Эийн үйлдсэн гэмт хэргийн тухайд хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохироогүй байна.

Шүүгдэгч Б.М нь хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлсний улмаас хоёр хүний амь нас хохирсон байхад түүнд холбогдох хэргийг “...жолоо шилжүүлсэн үйлдэл, амь хохирогч нарын үхэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо буюу гэмт хэргийн объектив талын шинж тогтоогдохгүй байна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүнд жолоо шилжүүлэх нь замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдалд хүргэдэг тул энэ үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан тохиолдолд гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Э, Б.М нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Тээврийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Г.Э, Б.М нарт урьд авсан таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                                                Т.ГАНБАТ

                                                                                 Н.БАЯРХҮҮ