Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 00067

 

Mонгол улсын нэрийн өмнөөс:

 

 Сэлэнгэ  аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Э.Ариунболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Т.Анхбаатард холбогдох 201618020128 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймаг Жаргалант суманд 1991 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ээж, 4 дүүгийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Дунд өлөнтийн ¹ 105 тоотод оршин суух,  энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 5 удаагийн ял шийтгэлтэй

-2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил хорих ял оногдуулж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан

- 2008 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 06 жилийн хорих ялаар 

- 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 154 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ялаар

- 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 сарын баривчлах ялаар

- 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ¹ 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 жил 04 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Газарчин овогт Тэгшжаргалын Анхбаатар.  /РД: НМ91110573/

 

Шүүгдэгч Т.Анхбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 77 тоотод өөрийн төрсөн дүү 11 настай Т.Мөнхжинг ном хулгайллаа гэж толгойн тус газар нь сандлаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 77 тоотод хамтран амьдрагч Б.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Тариат гэх газар гар аргаар алт олборлож байхдаа хамтран амьдрагч Б.Энхцэцэгийг хувийн таарамжгүй харьцаанаас болж цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэстэл санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Анхбаатарын өгсөн…..... 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн дүү 11 настай Т.Мөнхжинг номон дээрээс болж сандлаар толгойн тус газар нь цохиж гэмтээсэн. Тэр өдөр дагавар охин Баярцэцэг ээж рүүгээ утасдаад Мөнхжингийн цүнхэнд миний дүрслэх урлагийн ном байна уу гэсэн. Дүүгийн цүнхнээс дүрслэх урлагийн хоёр ном гарч ирэхээр нь тухайн үед уурлаад хүний ном хулгайллаа гээд цохисон нь үнэн. Сүүлд нь тэгсэн чинь тэр ном нь биш болж таарсан. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 77 тоотод хамтран амьдрагч Б.Энхцэцэгтэй гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан нүүр лүү нь 2 удаа алгадаж хоолойг нь боосон. Үүний дараа 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Тариат гэдэг газар гар аргаар алт олборлож байхдаа цай чанасангүй гэх асуудлаас болж ээж бид хоёр маргалдсан чинь Энхцэцэг бас ээж рүү дайраад байхаар нь Энхцэцэгт уур хүрээд нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадаж аваад хоолойг нь цамцаар нь боож унагасан.  Өшиглөж зодсон асуудал бол гаргаагүй. Тэгээд такси төвөөс дуудаад Энхцэцэгийг Мандал суманд авчирсан. Одоо би буруугаа бүрэн ойлгож гэмшиж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Т.Мөнхжингийн өгсөн…  Би Мандал сумын 7 дугаар баг, Гандангийн 77 тоотод ах Анхбаатар, түүний хамтран амьдрагч Энхцэцэг, Энхцэцэг эгчийн охин Баярцэцэг нарын хамт амьдардаг юм. Тэгтэл 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 12:00 цаг өнгөрч байхад Баярцэцэг ээждээ миний дүрслэх урлагийн ном Мөнхжингийн цүнхэнд байна уу үзээдэхдээ гэхэд Энхцэцэг эгч чи яагаад хүүхдийн ном авсан юм бэ гэхэд Анхбаатар ах уурлаад чи яагаад айлын хүүхдийн ном авч байгаа юм хулгай хийх чинь дутаа юу гэж загнаад түшлэгтэй модон сандал авч миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд толгойноос цус гараад Энхцэцэг эгч намайг эмнэлэг рүү авч яваад толгой хагарсан байсан болохоор 9 оёдол тавиулаад эмнэлгээс цагдаагийн байгууллагад хэлээд тэгээд шууд Цагдаагийн газарт ирсэн…. Одоо миний бие зүгээр байгаа. Толгойны хагархай эдгэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхцэцэгийн өгсөн….. 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн 77 тоот гэртээ охин Баярцэцэг, хамтран амьдрагч Т.Анхбаатар болон Анхбаатарын дүү Мөнхжин нарын хамт байж байтал өглөө 10 цагийн орчим Т.Анхбаатар бид хоёр хэрэлдэж маргалдсан юм. Би тэр үед Анхбаатарт ажил төрөл хийж мөнгө төгрөг олсонгүй гэж хэлэхэд Анхбаатар уурлаад би ажил хийж чадахгүй би Тариатын уул руу алтанд явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи ээж рүүгээ явахаар ирдэггүй биз дээ мөнгө төгрөг ч явуулдаггүй биз дээ гэж хэлээд эхлээд би Анхбаатарын нүүр лүү нь гараараа алгадчихсан чинь Анхбаатар миний цээж рүү гараараа цохиж  толгой руу хүчтэй цохиж, газарт унахад дээрээс хөлөөрөө дэвсээд хоолойны багалзуур гараараа боомилоод байсан чинь манай охин Баярцэцэг Анхбаатар луу ээжийг минь аллаа шүү дээ гэж орилоод уйлж байгаад гэрээсээ гараад алга болчихсон. Удалгүй цагдаа дагуулж ирээд Анхбаатарыг өгч явуулсан. Үүний дараа хамтран амьдрагч Анхбаатар, охин Баярцэцэг нарын хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тариат гэх газарт байдаг Анхбаатарын төрсөн эх Тэгшжаргалын гэрт 2016 оны 06 дугаар сарын эхээр очиж хэд хоносон юм. Тэгтэл 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Анхбаатарын ээж Тэгшжаргалын гэрт хоёр тогоо хар цай чанаад  дараа нь нилээн гамбир хайрчихаад сууж байхад алт ухдаг хүмүүс хар цайг нь уугаад дуусгачихсан юм. Анхбаатарын ээж Тэгшжаргал надад хандаж цай чаначихгүй яасан юм бэ гэж уурлахад Анхбаатар хажуугаас ээж Тэгшжаргалдаа хандаж та дандаа л Энхцэцэг рүү уурлаж байх юм наад хүн чинь сая цай чанаад дөнгөж дуусч байна шүү дээ гэж хэлэхэд Тэгшжаргал ээж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Дараа нь намайг хоёр удаа алгадахаар нь би Тэгшжаргал ээжийг бас урдаас нь хэл амаар доромжилсон юм….. Ингээд би Тэгшжаргал хадам ээжтэй хэрэлдэж байхад Анхбаатар хажуугаар орж ирээд намайг шанаадаж зодохоор нь би Анхбаатарыг маажсан. Тэгтэл Анхбаатар миний хоолойг багалзуурдаж амьсгал боож газарт унагачихаад дээрээс өшиглөж зодсон… Надад нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

            Гэрч Г.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн.... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өглөө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Цагдаагийн байран дээрээ байж байхад жижүүрийн шуурхай албанаас танай багийн Гандангийн 77 тоотод Анхбаатар эхнэрээ зодоод байна гэнэ очоод шалга гэхээр нь би Гандангийн 77 тоотод Анхбаатарын гэрт ороход Анхбаатар өөрийн хамтран амьдрагч Энхцэцэгийн дээр нь гараад суучихсан Энхцэцэг нь газарт сандал түшээд суучихсан үс гэзэг нь сэгсийчихсэн уйлаад орилоод байсан. Би ороод Анхбаатарыг салгаж аваад Цагдаагийн хэлтэст хүргэж жижүүрт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/

Гэрч Т.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн…… Тэгж байснаа Т.Анхбаатар Мөнхжинг гадаа тоглож байхад нь гаднаас дуудаж гэртээ оруулж ирээд чи яах гэж хүүхдийн ном авдаг юм бэ би чамайг юугаар дутаасан юм бэ гэж хэлээд зодсон юм шиг байна лээ. Мөнхжин эхлээд манай гэрт уйлаад ороод ирэхээр нь би Мөнхжингээс яасан бэ гэж асуухад Мөнхжин уйлаад юм хэлж чадахгүй зогсож байтал Анхбаатар манай гэрт орж ирээд Мөнхжинг аваад өрөө рүүгээ орсон. Энхцэцэг Анхбаатар хоёр хэрэлдэж байснаа Мөнхжин уйлаад явчихаар нь би тэсэхгүй Анхбаатарын гэрт яваад ороход Мөнхжингийн толгойн хуйхнаас цус гарчихсан хажууд нь түшлэгтэй модон сандлынх нь хөл нь хугарчихсан сандлаар цохисон нь ойлгомжтой байхаар нь Мөнхжинг гэртээ оруулаад цусыг нь угаах гээд харсан чинь толгойны хуйх нь ангайгаад аймар болчихсон байхаар нь Энхцэцэгт наад хүүхдээ эмнэлэг рүү аваад яв гэж хэлээд эмнэлэг явуулсан юм гэх мэдүүлэг /Хх-н 27 дугаар хуудас/

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 125….  Дүгнэлт:

             1. Мөнхжингийн биед толгойн хуйханд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 29 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 137….  Дүгнэлт:

             1. Энхцэцэгийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, хүзүүний баруун хажуу хэсэгт цус хуралт, зүүн гарын 3 дугаар хуруунд зулгаралт, мөрний үе орчмын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 33 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 145….  Дүгнэлт:

             1. Энхцэцэгийн биед тархи доргилт, баруун хацарт цус хуралт, хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 39 дүгээр хуудас/

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч Б.Энхцэцэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Тэгшжаргал нарын тус шүүхэд гаргаж өгсөн Б.Анхбаатарт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгэж өгнө үү гэсэн хүсэлт зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Анхбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 77 тоотод өөрийн төрсөн дүү 11 настай Т.Мөнхжинг ном хулгайллаа гэж толгойн тус газар нь сандлаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн ¹ 77 тоотод хамтран амьдрагч Б.Энхцэцэгтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан түүнийг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Тариат гэх газар гар аргаар алт олборлож байхдаа 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хамтран амьдрагч Б.Энхцэцэгийг хувийн таарамжгүй харьцаанаас болж цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэстэл санаатай учруулсан болох нь  шүүх хуралдаанаар хянан  хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           

Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмыг хангасан, тэднийг байцаахдаа хууль зөрчөөгүй, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, мөн шинжээчийн дүгнэлтүүд нь хууль ёсны үндэслэл бүхий эргэлзээгүй байна гэж үзэн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.Анхбаатарын тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн 3 удаагийн үйлдлээр бусдыг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь гэмт хэргийг давтан үйлдсэн гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос энэ зүйл ангиар зүйлчлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож шүүхээр ял шийтгүүлж байсан боловч хуульд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулах улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Б.Энхцэцэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Тэгшжаргал нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 01 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад :                               

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297дугаарзүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                    

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Газарчин овогт Тэгшжаргалын Анхбаатарыг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасныг баримтлан Т.Анхбаатарыг 300 цаг /гурван зуун цаг/ албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Анхбаатард оногдуулсан 300 цаг албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар Т.Анхбаатар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дах хэсэгт заасныг баримтлан Т.Анхбаатарын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 01 хоногийг албадан ажил хийлгэх ялын найман цагтай тэнцүүлж ялын хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.Анхбаатар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Анхбаатард өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.                           

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                   Б. ХЭРЛЭН.