| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2018/0059/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/51 |
| Огноо | 2018-03-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ц.Ц |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/51
2018 оны 03 сарын 27 өдөр 2018/ШЦТ/51 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2018/0059/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов
Шүүгдэгч Г.Б. нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б.д холбогдох 1839000260018 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Г.Б. нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Олцон” гэх газраас иргэн Ш.Хын 90 тооны хонь, ямааг хулгайлж, 4972500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Хын “...Манай ах Т 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр гэрээсээ зүүн тийш 6-7 км орчим зайтай нутагладаг Баасандорж гэх айлд очоод дүү Г.Б.аас нь хонь ямаагаа асуусан гэсэн. Тэгээд Баасандоржийн хонь ямаанд үзээд манай 39 тооны хонь, ямааг ялгаж авсан байсан. ...Т ахтайгаа цуг Бороо гэх айлынд очсон. Тэгэхэд Бор надад та Цогийгоос өвс авсан юм уу, Г.Б.ын гэрийн гадаа мал ажилласан, тэрийг асуумаар юм байна даа гэж хэлсэн. ...Манай хонь, ямаанууд бүгд имгүй байдаг юм. Зарим ямаанууд эвэртээ цэнхэр улаан Г.Б.гаар Г.Б.сан байгаа. Одоо манай 40 хонь, ямаа дутаад байгаа. Бусад хонь, ямаануудаа Г.Б.ын хонь ямаанаас авсан. Одоо нийт 40 тооны мал буюу 29 тооны ямаа, 11 хонь байхгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/
Гэрч Ш.Тгийн: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө хонь, ямаагаа гэрээсээ зүүн тийш бэлчээрлүүлээд Олцон гэх уулын баруун хажуунаас хураагаад гэрийнхээ гадаа авчирсан. Тэгэхэд хонь, ямааны сүүлд явдаг хүрэн алаг ишиг байхгүй бйахаар нь хонь ямаагаа тасарсан гэдгийг мэдсэн. Тэгээд маргааш нь 15 цагийн үед Олцон уулаас зүүн тийш нутагладаг Баасандоржийнд очсон. Би Г.Б.аас манай хонь, ямаа танай хониор байна уу гэж асуухад манай хонь, ямаанд хурга ишиг голцуу нийлээд 4-5 хонож байгаа гэсэн. Тэгээд би Г.Б.ын хониноос 39 тооны хонь, ямаа ялгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/
Гэрч Г.Шийн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө мал нядлаач З, гэдэс арилгагч О, өөрийн нөхрийн хамт Г.Б. гэдэг айлд очсон. Гэрийнх нь гадаа 25 тооны ямаа хашаатай байсан. Би хашаатай ямааг харчихаад Цогийтой утсаар яриад чи өгөх юм уу, яах юм бэ гэж асуусан чинь та ажиллаж бай тэр ямаануудыг гэсэн. Тэгэхээр нь би авахаар болоод Г.Б.ын гэрийн баруун урд талд ажиллуулсан. Тэгээд 16 цагийн үед Г.Б. Баянхутаг сум руу явж малын бичиг авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/
Гэрч М.Цийн: “...2018 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө Улаанбаатар хотоос ирээд Г.Б.ынд очиж хоносон. Маргааш өглөө Г.Б. мөнгөний хэрэг байна, хэдэн ямаа борлуулдаг юм билүү гэж хэлсэн. Би тэр өдөр ажилтай байсан тул утсаар яриарай гэж хэлсэн. Тэр өдөр 14 цагийн үед Г.Б. утсаар яриад намайг махны ченж олоод өгчих гэж хэлсэн. Би Ш махны ченж рүү утсаар яриад, дүүгийнх нь ямаа байгаа юм, 20-иод тооны юм байна гэж хэлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш эгч над руу яриад, яасан нөгөө ямаагаа зарах хэвээрээ юу гэж хэлсэн. Тэгэхээр нь өгнө та очоод авчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/
Гэрч Д.Огийн: “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед Ш эгч надтай утсаар яриад хэдэн ямаа хүн өгье гэнэ, та надтай цуг яваад гэдсийг нь арилгаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд намайг нэг мал нядлах хүн олчихоорой гэсэн болохоор нь би өөрийн хамаатны залуу Зыг мал нядлуулахаар авч явсан. Тэгээд удалгүй Ш эгч өөрийнхөө цагаан өнгийн Истана маркийн машинтайгаа манай гэрийн гадаа ирсэн. Ш эгч энэ айлаас 25 тооны ямаа авна гэж хэлсэн. Тэр айлаас нэг шардуу царайтай залуу гарч ирээд Ш эгчтэй уулзаад ажиллаж бай, одоо гарал үүслийн бичиг нь ирнэ гэж байсан. Тэгээд тэр хашаатай ямаануудыг гэрээс нь баруун урагш ойрхон ажиллаж эхэлсэн. Би тэр ямаануудын гэдсийг нь арилгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/
Гэрч А.Зын “...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед манай хамаатан О эгч надтай утсаар яриад махны ченж Ш хөдөө явж 25 тооны хонь, ямаа ажиллуулья гэнэ ээ, чи явах уу гэж асуусан. ...Тэгээд Баянхутаг сумын хөдөө айлд очсон. Тэр айлын гадаа хашаатай ямаанууд байсан. Тэр хашаатай ямаануудыг Ш эгч худалдаж аваад, одоо ажилла гэсэн. Тэр ямаануудыг би ганцаараа ажилласан. Манай эгч О гэдсийг нь арилгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/
Гэрч Л.М “...Би тэр Г.Б.ын зарсан гэх 25 тооны ямааг хулгайлсан гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.Б.ын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг “Олцон” гэх газраас иргэн Ш.Хын 90 тооны хонь, ямааг хулгайлж, 4972500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд Г.Б.ад эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Ш.Хад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3 402 500 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялаас доогуур ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Б.г бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.д 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б.д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА