Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/52

 

 

 

    

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр                       2018/ШЦТ/52                                 Хэрлэн сум

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0066/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                              А.Уламбаяр,

Улсын яллагч                                                            Я.Сансар,

Шүүгдэгч                                                                   А.А. нарыг оролцуулан

 

          Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А.т холбогдох 1839000910058 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.А. нь 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудалд иргэн Ц.Бтой маргалдан улмаар хамар ясны хугарал, хамтын таславчийн мурийлт 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэнэ зочид буудалд очиж Халиун түүний 2 найз болон Энхбаатар түүний найз бид зургуулаа 207 тоот өрөөнд Ч ах 5 найзтайгаа 205 тоот өрөөнд орсон. Тэгээд манай өрөөний тооцоог хийнэ та хэд сайхан юм яриад суу гэж хэлсэн. Тэгээд бид хэд байж байхад гаднаас Ч ах 2 найзтайгаа орж ирээд нилээд 03 хүртэл уусан буудлын ресепшн тооцоогоо хий гэхээр нь 205 тоот өрөөнд байгаа ах өгнөө гээд дуудах гэхэд тэр 2 найзтайгаа гарч ирээд манай өрөөний тооцоож хийж байхад хамт явсан намхан бор царайтай хромон гуталтай залуу надруу өрөөнийхөө тооцоог хийлгэдэг хэн юм бэ гээд дайрахад Ч ах салгасан. Тэгээд би шатаар доошоо бууж байхад тэр намхан залуу араас гүйж ирээд нуруу руу нэг удаа өшиглөхөөр нь эргээд харахад миний куртикнээс татаж тонгойлгоод миний нүүр рүү 3 удаа өшиглөсөн тэр үед нүүрнээс нилээн цус гарч байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 4-5 хуудас/

Гэрч А.Баярхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 02 дугаар сарын 20-ны шөнө 03 цагийн үед манай ах А.А. урьд орой нь танилцсан залуутай буудлын тооцооны асуудлаас болж 2 давхар руу буудаг шатны дунд хэсэгт хувцаснаас нь татаж байгаад нэг удаа нүүрэнд нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-16 хуудас/

          2018 оны 02 дугаар сарын 26-ны №85 Шүүх эмнэлгийн дүгнэлт

Сэжигтэн А.А.ын мөрдөн байцаалтан өгсөн: “...Б надруу харсан тэгэхээр нь би чи одоо хэн бэ архиныхаа тооцоог хийлгэчихээд дахин буудлын тооцоо хийлгээд байхдаа яадаг юм бэ гээд өшиглөсөн чинь хий өшиглөөд оноогүй, намайг хувцаснаас нь татхад Б надруу эргэж хараад доошоо тонгойсон байдалтай байсан. Тэгээд дахиад өшиглөхөд нүүрэнд нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 25,26 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.А. нь 2018 оны 02 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ” зочид буудалд иргэн Ц.Бтой маргалдан улмаар хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт 2 нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.А.ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Бын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүх эмнэлгийн  2018 оны 02 дугаар сарын 26-ны №85 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Хохирогч Ц.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч А.А.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа нь хуульд харшлаагүй, бусдын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХнь:

1.  Шүүгдэгч А.А.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох   ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар А.А.т оногдуулсан торгох ялыг 6 дугаар сарын 31-ны өдөр төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар А.А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

          5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

          7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.А.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Ц.МӨНХТУЛГА