Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0120/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                  *******

Шүүгдэгч                                                         *******т

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Б.Болортунгалаг нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******тд холбогдох 2039005490130 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, нөхөр хүүхдүүийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Ггийн От /рд: СО86092806/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар

Яллагдагч *******т нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 8-04 тоотод өөрийн эзэмшлийн “Тайкун” ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 06-25 ХЭҮ улсын дугаартай “Honda insight” маркийн тээврийн хэрэгслийн суудал доороос иргэн*******гийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг олж, бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Ханбүргэд хүнсний дэлгүүрийн дэргэдэх Хаан банкны бэлэн мөнгөний машинаас түүний дансанд нь байсан 630,000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Хохирогч*******ий өгсөн:... Би Хэнтий аймгийн Бэрх хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Булган уулын жоншны компанид ажиллаж байгаад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ажил зогсоод  Хэнтий аймгийн төвд ирээд урьд өмнө цуг ажиллаж байсан Мерит гэх залуутай утсаар холбогдоод "Эвт" худалдааны төвийн гадна  уулзаад дэлгүүрээс бид хоёр 750 граммын савлагаатай хараа архи 2 шил болон ойр зуурын идэж уух юм аваад Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг  "Эрдэнэ" зочид буудалд 211 тоот өрөөнд Мерит бид хоёр нөгөө авсан архиа хувааж ууж дуустал би нэлээн согтсон байсан. Тэгтэл Мерит явлаа гээд яваад өгсөн. Тэгээд би буудалдаа унтах гээд хэвтэж байсан санагдаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь гадаа гараад такси барих гээд зогсож байсан цаашаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь би буудалдаа ирсэн унтаж байсан, сэрээд гар утас Хаан банкны картаа хайсан чинь олдохгүй байхаар нь Меритийг авсан байх гэж бодоод Меритийн гэр лүү шууд яваад очтол ээж аав хоёр нь байсан Меритийг хөдөө явсан гэж хэлсэн. Тэгээд буцаж ирээд буудалдаа хоноод 2020 оны  11 дүгээр сарын 07-ны өдөр хүний утас гуйгаад Хаан банкны дансаа хаалгах гэсэн чинь дансанд байсан 650.000 мянган төгрөг байхгүй болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл  өгөөд бүртгүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө буудлаасаа гарах гээд эд зүйлээ үлдээсэн байж магадгүй гээд шалгаж байтал миний алга болсон гэх Самсунг эс-6 маркийн гар утас орон доороос гараад ирсэн. Тэгээд би шууд "Эвт" худалдааны төв ороод би Батширээт явах унаанд суугаад шууд гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/

Гэрч Э.Өнөрболдын өгсөн:...*******т нь миний хууль ёсны эхнэр байгаа юм. Бид хоёр 2008 оноос хойш тусдаа гарч  нэг гэрт орсон, бид хоёр дундаасаа 4 хүүхэдтэй, зан байдлын хувьд манай хүн чинь дуу цөөнтэй, багаасаа сургуулиасаа гарчихсан бага боловсролтой, тэгэхдээ  бичиг үсэг бол мэднэ, хүнд тусархуу бид хоёр тогтсон ажилгүй болохоор манай хүн өөрийнхөө эзэмшлийн 06-25 хэү улсын дугаартай "Honda insight" маркийн тээврийн хэрэгслээр хувиараа  таксинд явж ойр зуурын мөнгө залгуулдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Яллагдагч *******тгийн өгсөн:... 2020 оны 11 дүгээр сарын эхээр шиг санаж байна, яг одоо хэдний өдрийг нь хэлж мэдэхгүй байна, тэр өдөр би өөрийн эзэмшлийн 06-25 хэү улсын дугаартай "Honda insight"  маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ гадуур таксинд явж байгаад Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах "Эрдэнэ" зочид буудлын хажууханд зам дээр нэг хүн гар өргөөд зогсож байхаар нь тухайн хүнийг авсан, тэр хүн Баянхаан дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгээд Баянхаан дэлгүүрийн  үүдэнд ирсэн, нөгөө хүн маань дэлгүүр ороод гарч ирэхдээ 2 шил архи, ундаа барьчихсан гарч ирсэн, тэгээд нөгөө хүн миний машинд суугаад хуучин баруун захын урд тал хүргүүлье гэж хэлсэн, тэгээд дэлгүүрийн үүднээс хөдлөөд хуучин баруун захын урд талд нэг айлын гадаа ирсэн, тэгээд нөгөө хүн нь тэр айлын хашаа руу явж орсноо хүн байхгүй байна гээд буцаж гарч ирснээ Эрдэнэ буудалд хүргүүлье гэж хэлсэн, тэгээд тэндээс хөдлөөд Эрдэнэ буудлын үүдэнд ирээд надад  таксины мөнгө өгөх гэсэн бэлэн мөнгө байхгүй байна. Хаан банкны АТМ оръё гэж хэлсэн, тэгээд Ханбүргэд дэлгүүрийн АТМ дээр ирээд нөгөө хүн маань АТМ-ээс мөнгө авч мэдэхгүй чи АТМ-ээс мөнгө аваад өгчих гээд пин  кодоо 0000 гэж хэлсэн, тэгээд би тэр залуугийн виза картыг АТМ-д уншуулаад 20,000 төгрөг  уншуулж нөгөө залууд өгөхөд таксины мөнгө гээд 10.000 мянган төгрөг надад бэлнээр өгсөн, тэгээд нөгөө залууг буцаад Эрдэнэ буудал дээр хүргэж өгөөд тэндээсээ шууд гэр лүүгээ харьсан, тэгээд гэртээ хариад машинаа цэвэрлэж байхад урд суудлын доороос Хаан банкны виза карт олдсон,  тэгэхээр нь нөгөө Эрдэнэ буудалд хүргүүлсэн залуугийн виза карт байж магадгүй гэж бодоод шууд Ханбүргэдийн АТМ дээр ирээд нөгөө залуугийн виза картны пин кодыг хийгээд үзтэл мөн байсан. Тэгээд дансны үлдэгдлийг нь шалгаад 630.000 төгрөг уншуулж авсан... Виза карт нь миний машинд явж байгаад сүүлд нь нөгөө хүний хохирлыг төлж барагдуулахдаа тэрр хүний виза картыг нь буцааж өгсөн. Хохиролыг нь төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

Хохирогч*******ий ХААН банкин дахь данснаас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 16 цаг 11 минутанд 630.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 35 хуу/

*******т нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 хуу/

*******тгийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 78 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74, 75 хуу/

*******тгийн гаргасан “миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 86 хуу/

Хохирогч*******ий гаргасан “*******тгаас хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 87 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******тд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******т нь  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Г.Эд таксины үйлчилгээ үзүүлэхдээ түүний гээгдүүлсэн Хаан банкны виза картыг ашиглан данснаас нь 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгийг нь авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч *******т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч*******ий мэдүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч  нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

            Иймд шүүгдэгч *******тг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас *******тгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 86 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 88 хуу/ гарган 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч *******т хүлээн зөвшөөрч /хх-ийн  93 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч *******тг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч******* нь “хохирлоо бүрэн барагдуулж авсан” тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч *******т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ггийн Отг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм   буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******тг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч *******т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ