Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2014/0030

 

2014 оны 01 сарын 08 өдөр                    Дугаар 30                     Улаанбаатар хот

 

 “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн Засаг дарга нь 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 тоот захирамжийн үндэслэлд “И” ХХК-д ... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр Газрын тухай хуулийг зөрчин илт хууль бус захиргааны актаар газар эзэмшүүлсэн” гэжээ.

“Э” ХХК-иас дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэн авах үед уг эрх нь зохих журмын дагуу олгогдоогүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын алба бидэнд мэдэгдээгүй атлаа одоо бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

“И” ХХК нь хэний ч эзэмшиж ашиглаж байгаагүй газар дээр эрх олж аваагүй, шилжүүлэн авч хууль тогтоомжид заасан үүргээ бүрэн биелүүлж байхад Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг баримтлан бидний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдаж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 8 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр “Газрын харилцаа, хот төлөвлөлт, барилгажилтад гарч буй зөрчлийг таслан зогсоох, цаашид авах арга хэмжээний тухай” 2012 оны 3/10 дугаар тогтоолын 3 дах хэсгийн 3.5, 3.6 дахь заалтуудыг үндэслэн Газрын тухай хуулийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй гарсан захирамж юм.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/760 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжийн “И” ХХК-нд холбогдох заалтыг хууль тогтоомжид нийцээгүй, хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө ... захирамжийг ... өөрчлөх буюу хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно/-д заасныг үндэслэл болгож хүчингүй болгон шийдвэрлэсэн болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан дараах үндэслэлийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Анхан шатны шүүх газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан “И” ХХК-нд “дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтын журам хэрэгжих хууль зүйн зохицуулалт үйлчлэхгүй болно” гэж дүгнэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамж нь “И” ХХК дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр газар эзэмшүүлсэн тул хууль тогтоомж зөрчсөн шийдвэр болсон.

Маргаан бүхий 20.0 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар “Э” ХХК-нд эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулалгүйгээр эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э” ХХК Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар “И” ХХК-нд шилжүүлсэн.

“Э” ХХК-нд газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2008 оны 392 дугаар захирамж нь хуульд заасан журмыг зөрчин газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэр бөгөөд энэ захирамжийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж шийдвэрлэснээрээ нийслэлийн Засаг даргын 2011 оны 340 дүгээр захирамж нь мөн хууль бус шийдвэр юм.

“Э” ХХК-нд газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах журмыг баримтлаагүй нийслэлийн Засаг даргын шийдвэрийн үр дагавар нь “И” ХХК-нд хамааралтай байх 2 үндэслэл шалтгаан байгааг маргаан бүхий актыг гаргах судалгааны явцад тогтоож, маргаан бүхий актын үндэслэл болгосон болно. Үүнд:

1. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-т зааснаар талууд эрхийн гэрчилгээг шилжүүлэн авахдаа газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээнээс гадна эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо гаргаж, энэ үүргийн дагуу цаашид үүсэх үүрэг хариуцлагыг хүлээх үүрэгтэй.

Энэ үүргийн дагуу дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр “Э” ХХК-нд газар эзэмшүүлсэн шийдвэрийн үр дагавар нь “И” ХХК-нд хамааралтай юм.

2.Газар эзэмших эрх шилжүүлэгч “Э” ХХК нь нэг гишүүнтэй хуулийн этгээд бөгөөд нэг гишүүн болох тус компанийн захирал нь иргэн Б овогтой Ц /РД:УШ751119**/, газар эзэмших эрх шилжүүлэн авагч “И” ХХК нь мөн нэг гишүүнтэй, нэг гишүүн болох компанийн захирал нь мөн иргэн Б овогтой Ц/РД:УШ751119**/ юм.

2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд дурдсанаар “эрх шилжүүлэгч “Э” ХХК-ийн захирал Б.Ц”, “эрх шилжүүлэн авагч “И” ХХК-ийн захирал Б.Ц” гэж гэрээний талуудыг нэг иргэн төлөөлөн гэрээ байгуулсан.

Эрх шилжүүлэгч болон шилжүүлэн авагч нь улсын бүртгэлд тусдаа бүртгэлтэй тусдаа хуулийн этгээд боловч нэг иргэний өмчийн компаниуд байх тул нэхэмжлэлд дурдсанчлан газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа анх “Э” ХХК-нд дуудлага худалдаагүйгээр газар эзэмшүүлснийг бидэнд мэдэгдээгүй, бид мэдээгүй гэсэн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм.

Хоёр. Анхан шатны шийдвэрийн үндэслэх хэсэгт “Э” ХХК-нд анх тухайн газрыг эзэмшүүлсэн хуульд нийцсэн эсэхэд хариуцагч дүгнэлт өгөх учиртай ... газар эзэмших эрхийн гэрчилгээг “И” ХХК-нд шилжүүлэхгүй байх эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон байдаг ... газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх нь хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэг болно гэж дүгнэснийг хариуцагч бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Иймээс нийслэлийн Засаг дарга 2011 оны 340 дүгээр захирамжаар газрын тухай хууль тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй буюу хууль тогтоомж зөрчин “И” ХХК-нд газар эзэмшүүлсэн шийдвэрийг МУЗЗНДНТУтХ-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан хуульд нийцээгүй шийдвэрийг өөрөө хүчингүй болгох өөрчлөх эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгон шийдвэрлэсэн юм.

Гэвч анхан шатны шүүх Засаг дарга өөрийн хууль зөрчиж гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон маргаан бүхий актыг газар эзэмшигчийн /нэхэмжлэгчийн/ гэм буруутай үйлдлийн улмаас шийдвэрийг хүчингүй болгосон шийдвэр гэж үзэж Газрын тухай хуулийн 61 дүгээр 61.1-д заасан Засаг даргын эрх хэмжээг үгүйсгэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Шүүх Засаг дарга хууль тогтоомж зөрчсөн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл газар эзэмшигчийн гэм буруутай үйлдлийн улмаас шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан хоёр өөр үндэслэлийг ялгаатай авч үзэлгүйгээр, хольж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Гурав. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосон атлаа 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд тухайн газраа үргэлжлүүлэн эзэмших эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд олгосон нь ... шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгчид тэгш бус байдлыг бий болгожээ” гэжээ.

Маргаан бүхий акт гаргах үед нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр захирамж гараагүй, үйлчлээгүй байсан тул маргаан бүхий актаар нэхэмжлэгчид тэгш бус байдлыг бий болгосон, шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчмыг алдагдуулсан гэж дүгнэсэн нь эрх зүйн болон логикийн хувьд алдаатай дүгнэлт болсон. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Харин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалгүйгээр нэхэмжлэгчид газар эзэмшүүлснээрээ бусад этгээдийн уг газрыг эзэмших эрхийн дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлаж Газрын тухай хуулийн 04 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газрыг эзэмшүүлэхэд шударга ёс, тэгш байдлыг хангах үндсэн зарчмыг алдагдуулсан нөхцөл байдлыг шүүх хянан үзэлгүйгээр шийдвэр гаргасан болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдлыг хангаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                             ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

“И” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ захирамжаар “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмыг баримтлалгүй газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 340 дүгээр захирамжаар уг маргаан бүхий газрыг “Э” ХХК-иас шилжүүлэн авсан байх боловч энэхүү газар эзэмших эрх нь хуульд заасан журмын дагуу үүсээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 392 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 200.000 м.кв газрыг “Э” ХХК болон Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т зааснаар төсөвт байгууллага болон аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх ажиллагаа нь өөр өөр журам, дарааллаар хэрэгжихээр байхад ямар үндэслэл, шаардлагаар нэг захирамж гаргаж, хоёр өөр төрлийн байгууллагад газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д зааснаар “Э” ХХК нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газар эзэмших ёстой атал энэ журмыг хэрэглэлгүй, газар эзэмшүүлж, газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчжээ.

Дээрх байдлаар “Э” ХХК-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй байхад захиргааны байгууллага нь түүний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлж, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.2-д зааснаар шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллага нь уг маргаан бүхий газрыг Барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газарт хамт эзэмшүүлсэн атлаа хамтран эзэмшигч төрийн байгууллагаас газар шилжүүлэх тухай зөвшөөрлийг аваагүй, шалгаж тодруулаагүй байна.

Мөн “Э” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр хүсэж, эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж байсан хэр нь мөн өдөр газар эзэмших эрхээ “И” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргасан байгаа нь эргэлзээтэй, ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн “өмнөх эзэмшигчид газар эзэмших эрх хэрхэн үүссэн нь нэхэмжлэгч хуулийн этгээдэд хамааралгүй” гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.2-д зааснаар эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх үүргийг бүрэн хариуцахаар зохицуулжээ. Иймд, нэхэмжлэгчийн “манайх анхлан газар эзэмшээгүй, бусдаас шилжүүлэн авсан тул дуудлага худалдаа хэрэглэгдэхгүй” гэх тайлбар үндэслэлгүй.

Мөн “Э” ХХК болон “И” ХХК-ийн захирал нь нэг хүн буюу Б.Ц байх тул энэ хоёр хуулийн этгээдийг хамааралгүй гэж дүгнэх, улмаар “Э” ХХК-д газар эзэмших эрх хэрхэн үүссэн болохыг “И” ХХК мэдээгүй гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн “иргэн болон компани хоёрыг адилтган үзэхгүй, хувь нийлүүлэгч, эрх бүхий албан тушаалтны хариуцлагыг компани хүлээхгүй” гэх тайлбарын тухайд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх захирал нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж, компанийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангадаг эрхтэйн хувьд компанийн газар эзэмших эрхийг хувь хүн буюу Д.Ц-ийн үйл ажиллагаатай холбож үзэх үндэслэлтэй юм.

Нэхэмжлэгчийн “захиргааны байгууллага шийдсэн болохоос бид хууль зөрчөөгүй” гэх тайлбарын тухайд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгчид хууль зөрчиж үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх эрхтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1,3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар захиргааны шүүх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй. Гэтэл энэ тохиолдолд нэхэмжлэгчид газар эзэмших Эрх хуульд заасны дагуу үүсээгүй тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Улмаар захиргааны байгууллагын алдаатай шийдвэр нь газар эзэмших эрх хууль бусаар үүссэн нэхэмжлэгчийг зөвтгөх, газрыг үргэлжлүүлэн эзэмших шалтгаан болохгүй.

Харин нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын шийдвэртэй холбогдуулан эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний журмаар тусдаа нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Иймд, дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг баримтлан

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 296 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/760 дугаар захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.