Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/90

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0120

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                             *******

Шүүгдэгч                                                    ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн*******од   холбогдох 2139000000126 дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сум, 5 дугаар баг,  Саригийн 10-2 тоотод  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж, Ойрод овгийн Зын Г /РД: СТ91103106/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч******* нь 2021 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гранд нэртэй баарны гадна Боржигон овогт Угтахбаярын Уийг өөрийн найз залуу болох Г.Чтой хардсаны улмаас түүнийг үсдэж унагах, цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч*******ийн өгсөн:...Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад гэртээ байж байтал манай таньдаг хуурай эгч Байгалмаа дуудаад манайд хүрээд ир гэж хэлсэн. Би 19 цаг өнгөрч байхад Хэнтий аймгийн Хэрлэн сумын  5 дугаар баг Саригийн 1-07 тоот буюу Байгалмаа эгчийн гэрт очсон. Намайг очиход Байгалмаа эгч 4 хүүхдийнхээ хамт байсан. Намайг ороод удаагүй байхад Байгалмаа эгчийн найз танихгүй ах 2.5 литрийн савлагаатай Боргио нэртэй пиво бариад ороод ирсэн. Тэгээд бид 3 хувааж ууж дуусгаад  Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гранд бааранд 21 цаг өнгөрч байхад очсон. Бид гурав пиво захиалж суусан. Талбайн голд бүжиглэж байхад  манай найзууд болох Ганаа, Дугараа хоёр тааралдсан. Тэгээд Ганаа, Дугараа хоёр манай ширээнд хамт суухад Байгалмаа эгч найзынхаа хамт гараад явчихсан байсан.  Тэгээд би Ганаа Дугараа хоёрын хамт сууж байхад нэг танихгүй залуу манай ширээнд ирж суусан. Биднийг босож бүжиглэхээр хамт бүжиглээд суухаар нь хамт суугаад байхаар нь би хажуудаа  дуудаж суулгаад манай ширээнд яагаад суугаад байгаа юм гэж асуусан. Чимээ ихтэй хөгжилтэй байсан болохоор чихэнд нь хэлсэн юм. Тэгтэл Ганаагийн найз нь байна гэж  хэлээд бүжиглэхээр босоод явсан. Тэгээд би ширээн дээрээ ганцаараа сууж байтал нэг хүүхэн ирээд миний баруун талын хацар хэсэгт нэг удаа алгадаад манай нөхөртэй  яагаад явалдаад байна аа гээд байсан. Би танихгүй талаараа хэлэхэд найз нь ирээд аваад явсан. Би алгадуулсан талаараа Ганаа Дугараа нарт хэлэхэд одоо гарцгаая гэсэн. Тэгээд баарнаас гарахад намайг алгадсан хүүхэн араас үсдээд унагаагаад миний нуруу хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Ганаа Дугараа нар намайг босгоод зугт гэж хэлсэн. Би гүйгээд засмал зам, хажуу талын саадаар давж байхад нөгөө эмэгтэй ардаас гүйж ирээд  үсдэж унагаагаад, нүүрээр маань газар чирсэн. Тэгэхэд зодуулж байгаад Цэвээн гэх манай найз ирж салгасан...Маш их гомдолтой байна. Эмчилгээний төлбөрийг нэхэмжилнэ...тухайн үед 35.000 төгрөгний төлбөртэй толгойн томографикийн зураг авахуулсан, мөн 130.000 төгрөгийн толгойн өвдөлт, өвчин намдаах эм бөөлжилтийн эсрэг эм, сорвины тос авч хэрэглэсэн болохоор энэ хүнээс нийт 165.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн үед эм, сорвины тос үнийн НӨАТ-ын баримтаар бүртгээд  цаасан баримтыг нь хаячихсан. Мөн миний НӨАТ-ын шивсэн баримтууд хүртэл устчихаад гарахгүй байгаа, энэ мөнгөнүүдийг маань төлчихвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8, 13 хуу/

Гэрч Б.Цэвээний өгсөн:...Би найз Мягмархүүгийн хамт Гранд бааранд орж 1 пиво уучихаад л гарах гээд 00 ороход У гэх эмэгтэй намайг хүн зодох гээд байна туслаач гэж хэлэхээр нь бид 2 дагуулж гарсан. Г гэх эмэгтэй Уийг зодох гээд 2 удаа үсдэж унагаад байхад нь бид салгаж 2 тийш нь явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Гэрч Д.Ган-Эрдэний өгсөн:... Намайг бүжиглэж байхад нэг мэдсэн чинь Чийн хамт явж байсан эмэгтэй Уийг унагаад хажуу талд нь зогсож байсан. Би Уийг босгоод явсан, юу болсон талаар асуухад У надад хандаж энэ эмэгтэй намайг найз залуутайгаа хардаад алгадсан, мөн унагаасан гэж хэлсэн. Тэгээд байж байтал баарны хаах цаг болж гэрэл асаасан. Тэгээд би Дугараагийн хамт баарнаас гарахад Уийг алгадаж унагаасан эмэгтэй гадаа тамхи татаад зогсож байсан. Миний утас дуугараад хүмүүсээс хол очоод утсаар ярьж байхад хүмүүс шуугилдаж бөөгнөрөөд байсан. Тэгтэл У бөөгнөрч байсан хүмүүс дундаас гүйгээд зам хөндлөн гарч байгаа харагдсан. Уийн хойноос Чтой хамт явж эмэгтэй гүйж очоод үсдэж унагаасан. Тэднийг хоёр залуу салгаж байсан. Уийг Чтой хамт явж байсан Г гэх эмэгтэй бааран дотор нэг баарны гадаа зам хөндлөн гарсных нь дараа дахин нэг удаа нийтдээ 2 удаа үсдэж унагаасан...Уийг бааранд харахад нүүр нь зүгээр байсан, сүүлд гадаа замын эсрэг талд байхад нь очиход нүүр нь шалбарчихсан цус гарч байсан...Г гэх эмэгтэй л Уийг үсдэж унагаад найз залуутайгаа хардаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

Гэрч Х.Дугардашийн өгсөн:... Би бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд У алгадуулчихлаа гэж хэлсэн. Хэнд, яагаад  алгадуулсан талаар асуухад хажуу талын ширээнд сууж байсан Г найз залуутайгаа хардаад намайг алгадсан гэж хэлсэн. Тэгээд байж байтал баарны хаах цаг болж гэрэл ассан. Г  У рүү дайраад зодох гээд байхаар нь  Уийг үлдээгээд би Ган-Эрдэнийн хамт Гын ардаас гарсан. Би уг нь эвтэйхэн салгаад явуулъя гэж бодсон боловч Г мөн над руу дайраад  цохих гээд дайраад байхаар нь би бултаад зугтаад байсан юм. Тухайн үед Ган-Эрдэнэ хол утсаар ярьж байхаар нь түүн рүү очиж явтал хүмүүс баарны үүдэнд шуугилдаж бөөгнөрөөд байхаар нь эргээд гүйгээд ирэхэд У Год зодуулчихсан хэвтэж байсан. Би Уийг босгоод харахад нүүр нь шалбарчихсан цус гарч байсан тэгээд би зам гараад явж бай гэж хэлсэн. Уийг зам гарж байхад Г мөн ардаас нь гүйж очоод үсдэж унагаасан. Тэднийг хоёр залуу салгаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/

Гэрч Д.Мягмархүүгийн өгсөн:... Намайг гарах үед баарны үүдэнд нэг эмэгтэй өөр нэг эмэгтэйн үснээс татаж унагаагаад өшиглөж чирээд байсан. Би дундуур нь орж боль гэж салахад зодуулж байсан эмэгтэй нь замын эсрэг тал руу гүйсэн. Тэгтэл ардаас нь дахин гүйж очоод үсдэж унагасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 170 дугаартай дүгнэлт:

            1.*******ийн биед тархи  доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дух, зүүн гарын бугуй, зүүн сарвууны 3-р хуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

            4. Дээрх тархи доргилт, зүүн өвдөгний зөөлөн эдийн  няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн, бусад гэмтлүүд нь тус бүрдээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/

             Яллагдагч*******ын өгсөн:...2021 оны 03 дугаар сарын 17-ны орой 21 цаг 50 минутын орчимд Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гранд бааранд найз залуу болох Ч түүний дүү  Оюун- Эрдэнэ нарын хамт орж суусан, бид гурав хүн хүний 0.5 граммын лаазтай пиво захиалж ууцгаасан, тэгээд Оюун-Эрдэнэ хүнтэй уулзахаар баарнаас гараад явсан, тэгээд Ч бид хоёр бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай ширээний урд талын ширээнд 2 залуу, 1 эмэгтэй сууж байсан, тэр хоёр залууг нь манай   найз залуу таньдаг гээд тэр хоёр залуу дээр очиж уулзаад л байсан, тэгэхэд нөгөө нэг эмэгтэй манай найз залуугийн гарыг бариад, тэр хоёр хоорондоо үнсэлцээд суугаад байсан, тэгэхээр нь би  тухайн үед хэд хэдэн удаа тэр эмэгтэй дээр очиж чамтай уулзаад байгаа залуу чинь миний найз залуу байгаа юм, чи зүгээр байгаарай гэж сануулж хэлээд удаагүй байхад нөгөө эмэгтэй мөн манай найз залуугийн гарыг барьчихсан үнсээд байхаар нь би ширээн дээр нь очоод гараараа тэр эмэгтэйгийн нүүр лүү нь /мангасдаж/ түлхэчихээд ширээндээ суусан, тэгсэн нөгөө эмэгтэй миний араас босож ирснээ намайг үсдэж аваад өшиглөсөн, би зөрүүлээд үсдээд дарсан, тэгэхэд хажууд байсан хүмүүс бид  хоёрыг салгасан, тэр үед ч баар хаах цаг болчихсон байсан болохоор би ч баарнаас гараад гадаа тамхи татаад зогсож байхад нөгөө эмэгтэй 2 залуугаар хөтлүүлчихсэн намайг хүн зодох гээд байна гээд чанга ярьсаар баарнаас гарч ирсэн, тэгэхээр нь чи юу яриад байгаа юм гээд нөгөө  эмэгтэйг үсдээд дарсан чинь баарнаас 2 залуу гарч ирээд намайг салгасан...Би Уийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48 хуу/

З.Гын иргэний үнэмлэхийн хуулбар   /хх-ийн 61 хуу/

З.Гын нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 68, 69 хуу/

Яллагдагч З.Гын гаргасан “миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 71 хуу/

Яллагдагч З.Гоос  эмчилгээний зардалд тооцож,*******т 160.000 төгрөг шилжүүлсэн гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 72 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч******* нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны шөнийн 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Grand нэртэй бааранд хохирогч*******ийг өөрийн найз залуутай хардсаны улмаас үсдэж унагаах, өшиглөх зэргээр зодож тархи  доргилт, хамрын таславчийн муруйлт, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дух, зүүн гарын бугуй, зүүн сарвууны 3-р хуруунд зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

            Хохирогч У.Уийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч*******, гэрч Б.Цэвээн, гэрч Д.Ган-Эрдэнэ, гэрч Х.Дугардаш, гэрч Б.Мягмархүү нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч  нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.   

            Иймд шүүгдэгч З.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас З.Гын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 71 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 73 хуу/ гарган 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч З.Г хүлээн зөвшөөрч /хх-ийн  79 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч З.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч******* нь эмчилгээний зардалд 165.000 төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч******* нь эмчилгээний зардалд 160.000 төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ойрод овгийн Зын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч З.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч З.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч З.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ