Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:180/2021/0119/Э

 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                                             *******

Шүүгдэгч                                                                     Д.С нарыг оролцуулан

 Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга                                               Д.Болортуяагаар хөтлүүлж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын  прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөнгөөс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлснийг тус шүүхээс харъяаллын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн Боржигон овгийн Дн Сд холбогдох 2029001180008 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 15-нд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн  дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 11 хороо, Ногоон зоорь 3-19 тоотод оршин суух /Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цахилгаан станцын хойно 1-8 тоотод түр оршин суух/, Найрамдалын районы шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих, Найрамдлын районы шүүхийн 1991 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 1993 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 349 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Нийслэлийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 28 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 238 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 440 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй,  Боржигон овгийн Дн С /РД:ци73061513/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч*******г 2020 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд баригдаж буй барилгаас хохирогч Н.У эзэмшлийн цохилтот дрилл 2 ширхэг, хохирогч*******ийн эзэмшлийн 3 боодол зэс голтой цахилгааны утас, жижиг молдок, хошуу, гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 07-13-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Бурхант гэх газар оршин суух*******ийн гэрээс 10 ширхэг хурганы арьс, 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн цөгц, савхин куртик, гар чийдэн, малгай, цамц, бээлий, хутга, гутал зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.112.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч******* нь мэдүүлэг өгөхдөө: “ажил хийх зорилгоор Өмнөговь аймаг, Хэнтий аймагт очсон,  тухайн хүмүүс нь хийлгэсэн ажлын хөлсөө өгөхгүй байхаар нь замын зардал олж гэр лүүгээ буцах зорилгоор дээрх эд зүйлсийг нь авсан,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Н.У өгсөн:...Шинэ Ханбогд гэх төсөл дээр барилгын гадна пасадны ажил хийхээр 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ирсэн тэгэхээр би өөрийн хувийн багажаа авч ирж ажил хийх гэрээ хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 20 цагийн үед ажлаас буугаад ашиглаж байсан багажаа хаалга хэсгийг нь панераар таглаж хаалга хийсэн өрөөнд үлдээгээд цоожлоод явсан 05 сарын 30-ны өглөө ажил дээр ирээд ажлаа хийж байхад үдээс хойш тухайн баригдаж  байсан барилга дээр хамт ажиллаж байсан цахилгааны багаас эд зүйл алдагдсан гэж ярьж эхлэхээр нь би өөрийн багажаа үзэхэд хоёр ширхэг цохилттой улаан өнгийн цахилгаан дрилл алга болсон байсан. Хаалга нь түгжээтэй онгойсон гэх содон шинж тэмдэг байхгүй байсан. Тэгээд алдагдсан эд зүйлийг тухайн өдөр хэрэглээгүй учир анзаараагүй. 2019 онд худалдаж авч байсан хуучин багажнууд байгаа юм. Нэг дрилл нь 130.000 төгрөгөөр худалдаж авч байсан хуучин болохоор одоо нэг ширхэг нь 50.000 орчим төгрөг л болох байх гэж бодож байна.******* гэх хүнийг танина манай багт ажиллаж байгаад  2020 оны 05 дугаар сарын  26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдэг зөрчлөөр халагдсан...Манай байгууллага цалин буугаагүй байгаа төсөв ороод ирвэл 300.000 төгрөгийн цалингийн үлдэгдэл байгаа тухайн мөнгийг нь өгнө. Алдагдсан эд зүйлээ олж авсан тул миний зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/

Хохирогч*******ийн өгсөн:... Шинэ Ханбогд гэх төсөл дээр цахилгааны монтажийн ажил хийхээр 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ирсэн тэгэхдээ компани багаж хэрэгсэлтэй ирсэн, хувийн багажаа авч ирж ажил хийх гэрээ хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 09 цагийн үед ашиглаж байсан багажаа хаалга хэсгийг нь панераар таглаж хаалга хийсэн өрөөнд үлдээгээд цоожлоод Өмнөговь аймаг Даланзадгад явсан.  05 дугаар сарын 30-ны  өглөө ажил дээр очоод унтаж амраад өдөр 13 цагийн үед ажлаа эхэлсэн. Орой нь гагнуурын аппарат хэрэг болоод хайхад олдохгүй байсан. Тэгэхээр нь бусад эд зүйлийг шалгаж үзэхэд өөр эд зүйлс алга болсон байсан учир 05 дугаар сарын 31-ний өдөр цагдаад мэдэгдсэн. Хаалга нь түгжээтэй онгойсон гэх содон шинж тэмдэг байхгүй байсан...Цахилгаан монтаж хийдэг пв3 1х10 хэмжээтэй зэс голтой утас 300 метр, 220 вольт АRC 250 PT гагнуурын аппарат, цохилттой жижиг молдок зэрэг зүйлс алга болсон байсан. Цахилгааны зэс голтой утас нь шинэ бусад эд зүйл нь ашиглаж байсан хуучин багаж байсан. 220 вольт ARC 250 PT гагнуурын аппарат 400.000, молдокыг ажилд ирэхдээ 250.000 төгрөгөөр худалдаж авсан, Цахилгаан монтаж хийдэг пв3 1х10 хэмжээтэй зэс голтой утас хэдэн төгрөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Алдагдсан эд зүйлсээ олж авсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 29 хуу/

Иргэний нэхэмжлэгч Л.Түвшинжаргалын өгсөн:...2020 оны 05 дугаар сарын 30-ны орой байх шөнө хөдөөнөөс Ханбогд сумын төв рүү орж ирж байхад сумын хойд талд байх таван давхар баригдаж дууссан барилгын хажууд хүн гараа өргөсөн, тэгэхээр нь зогсоод суулгахад цахилгааны утас болон гагнуурын аппарат, дрилл хоёр ширхэг, молдок зэрэг зүйлс аваад явж байсан. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд сумын төв рүү хүргээд өг гэж гуйсан. Явж байхдаа замд би барилга дээр ажилладаг, ажлаасаа хөөгдөөд багажаа аваад явж байна Улаанбаатар хот явах гэсэн мөнгө байхгүй та энэ багажийг худалдаад авах уу гэж асуугаад  гуйгаад байсан. Тэгэхээр нь би 120.000 төгрөгөөр худалдаж аваад тухайн хүний хамт гэртээ аваачиж буулгасан.   2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр манай хашаанд буулгасан газраа нөгөө хүн цагдаа дээр асуудалтай болсон гээд тухайн эд зүйлсээ аваад явсан байсан учир би эд зүйлсийг худалдаж авсан 120.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Яллагдагч*******гийн өгсөн:...Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд баригдаж байгаа 5 давхар барилга дээр гадна фасатын ажилтанаар ажиллахаар 2020 оны 04 дүгээр сарын 26, 27-ны үед ирсэн бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 28-ны үед цалин мөнгөө өгөхгүй байсантай холбоотой ажлаасаа гарсан. Тэгээд Улаанбаатар хот руу буцах гээд мөнгөгүй байсан болохоор ажиллаж байсан 5 давхарын 2 давхарын эд зүйл хадгалдаг өрөөнөөс 2020 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 2 ширхэг цахилгаан дрилл, 1 ширхэг гагнуурын аппарат, 3 боодол утас, цохилттой молдок 1 ширхэг эд зүйлүүдийг ганцаараа очиж аваад гаргаж ирээд төв замын хойд талд зөөж тавьсан тэгээд нэг машин явж байхаар нь гараа өргөж зогсооход нэг 50 орчим насны эрэгтэй хүн гацаараа явж байсан тэгээд тэр хүнд би Улаанбаатар хот руу явах гэж байгаа юмаа энд ажиллаж байгаад буцах гэсэн унааны зардалгүй болчихлоо энэ миний өөрийн багажнууд байгаа юм энийг та унааны зардалын мөнгө өгөөд авчихаач гэж тэр хүнд 120.000 төгрөгөөр уг багажнуудаа зараад тэр хүний гэрт нь буулгаж өгөөд тэр хүнээс мөнгөө аваад явсан...Би тухайн үед зарим багажнуудыг нь хэрэглэж байсан, тэгээд Улаанбаатар хот руу явах гээд унааны мөнгөгүй байсан, цалингаа авч чадаагүй байсан болохоор зардлын мөнгө хийх гэж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/

Хохирогч*******ийн өгсөн:...Би эхнэр Ш.Нармандахын хамт 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу яваад 2020 оны 12 дугаар сарын 12-нд Дэлгэрхаан сумын 1 дүгээр багийн Бурхант   гэх газарт ирсэн ба Улаанбаатар хот руу явах хугацаандаа гэртээ******* гэх малчингаа үлдээж явсан ба намайг гэртээ ирэх үед гэрт хүн байхгүй хаалга цоожгүй байсан ба гэртээ ортол гэрийн эд хогшил хэвэндээ байсан ба гэрийн хойд талд байх авдараа онгойлготол авдран дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн цөгц 1 ширхэг, савхин малгай 1 ширхэг, улаан өнгийн зузаан ноосон цамц, савхин бээлий, цагаан эрээн судалтай шинэ цамц, илдсэн хурганы арьс 10 ширхэг, хутга, гар чийдэн, эсгий гутал 1 хос, үүргэвч, малчны үнэмлэх, сургуулийн гэрчилгээ, мэргэшлийн үнэмлэх бас гэрийн зүүн  талд байх 1258 уба улсын дугаартай Бонго-3 машинаас булган захтай савхин хүрэм зэрэг алга болсон байсан. Манай гэрт******* гэх хүн байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 12-ны шөнө сураггүй алга болсон байсан******* нь явахдаа манай гэрт байсан эд зүйлийг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 хуу/

Гэрч Б.Энхболдын өгсөн:...С.О ах 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эхнэрийн хамт Улаанбаатар хот руу явсан ба тухайн үед гэрт нь******* гэгч  хүн гэр болон малыг нь хараад үлдсэн. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 12-ны орой******* манай гэрт орж ирээд чи унтах гэж байна уу? Би өглөө эрт үхэрт явна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та үхэрт явах хэрэггүй би Тогтох ахыг явуулна гэж хэлтэл гараад явсан. Тэгтэл 2020 оны 12 дугаар сарын 13-ны өглөө Д С ах гэртээ байхгүй******* ахын гэрийн хаалгыг даавуугаараа уясан байсан.  С О ахыг Улаанбаатар хот явсан хойгуур гэрт нь хүн ирээгүй ба 2020 оны 12 дугаар сарын 12-ноос 2020 оны 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө******* ахын гэрт ямар нэгэн хүн ирээгүй ба би******* ахыг хэзээ явсаныг мэдээгүй. Тэр өдрөөс хойш******* ах буцаж ирээгүй.******* ах гэртээ ирээд надад хэлэхдээ 2 мөнгөн аяга, 1 мөнгөн цөгц болон хувцаснууд алга болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 151-152 хуу/

Яллагдагч*******гийн өгсөн:...Би 2020 оны 09 сарын 18-нд Хэнтий аймгийн малчин О гэх айлд туслах малчнаар сарын 350.000 мянган төгрөгийн цалинтай ажиллахаар очсон, би очсоноос хойш 2 сар болоход нэг ч төгрөгийн цалин өгөөгүй, би анх очиход 2 сар мал хариулаад буцна гэж тохирсон юм. Тэгээд Оээс цалингаа нэхэхээр, мөнгөгүй байна, мал зараад цалинг чинь өгнө, хавар болтол байж бай гээд байсан. Тэгээд  2020 оны 12 сарын 07-ны өдөр О эхнэрийн хамт Улаанбаатар хот руу явсан ба би гэрт нь малыг нь хараад ганцаараа үлдсэн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Оийн   гэрээс 2 ширхэг мөнгөн аяга, 1 мөнгөн цөгц, савхин куртик, гар чийдэн, 1 хос эсгий гутал, малгай, цамц, бээлий, хутга зэрэг эд зүйлийг аваад хот руу алхаж байгаад замаар явж байсан улаан өнгийн машинд суугаад Налайх дүүрэгт буугаад мөнгөгүй байсан болохоор тэр машины жолоочид 1 мөнгөн аягыг нь өгөөд буусан. Мөнгөн цөгцийг нь Налайх дүүргийн эцсийн буудал дээр танихгүй хүнд 25.000 мянган төгрөгөөр зараад тэр мөнгөөрөө автобусанд суугаад  Улаанбаатар хот руу орсон, бусад хувцас юмнуудыг өмсөж хэрэглэж байгаад урагдаад хаягдсан, тогтоол дээр байгаа 10 ширхэг хурганы арьсыг бол аваагүй. Цалин мөнгөө өгөхгүй, сүүлдээ хавар болтол байж бай гээд байхаар нь явахдаа тухайн зүйлсийг нь авсан... Би тэднийд 2 сар 10 хоног цалингүй ажилласан, би сарын 350.000 төгрөг авах ёстой...гэх мэдүүлэг /167-169 хуу

Хохирогч Н.У,******* нарын алдсан цахилгааны утас, гагнуурын аппарат, цохилттой жижиг молдок, цахилгаан дриллны үнэлгээг нийтэд нь 1.720.000 /нэг сая долоон зуун хорин мянга/ төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ХАС ҮНЭЛГЭЭ ХХК-ний шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 562 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуу/

Хохирогч*******ийн алдсан мөнгөн цөгц, 2 ширхэг мөнгөн аяга, савхин куртик, 10 ширхэг хурганы арьс, гар чийдэн, савхин малгай, ноосон цамц, савхин бээлий, хутга, эсгий гутал зэргийн үнэлгээг нийтэд нь 1,112,900 /нэг сая  нэг зуун арван хоёр мянга есөн зуу/  төгрөгөөр тогтоосон  хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шд-15 дугаартай дүгнэлт /хх-ийн 159-161 хуу/  

Хэргийн газарт үзлэг  хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /11-15, 140-144 хуу/

Д.Сгээс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр цахилгааны утас 3 боодол,  гагнуурын аппарат, цохилттой жижиг молдок, 2 ширхэг цохилттой дрилл зэргийг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 хуу/

Хохирогч*******, Н.У нарт  цахилгааны утас 3 боодол,  гагнуурын аппарат, цохилттой жижиг молдок, 2 ширхэг цохилттой дрилл зэргийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 124-125 хуу/

Д.С нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /78-106 хуу/

Д.Сгийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 107 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 185, 186 хуу/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.С нь 2020 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд баригдаж буй өөрийн ажиллаж байсан барилгаас хохирогч Н.У эзэмшлийн цохилтот дрилл 2 ширхэг, хохирогч*******ийн эзэмшлийн 3 боодол зэс голтой цахилгааны утас, жижиг молдок, хошуу, гагнуурын аппарат зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны нутаг Бурхант гэх газар оршин суух*******ийн туслах малчнаар ажиллаж байхдаа түүний гэрээс мөнгөн цөгц, 2 ширхэг мөнгөн аяга, савхин куртик, 10 ширхэг хурганы арьс, гар чийдэн, савхин малгай, ноосон цамц, савхин бээлий, хутга, эсгий гутал зэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.112.900 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ш.У, хохирогч*******, иргэний нэхэмжлэгч Л.Түвшинжаргал, хохирогч******* нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас нийт 2.832.900 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний хохирлоос /300.000 төгрөг/ их байх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.  Мөн гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Л.Түвшинжаргалд 120.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.

Прокурорын газраас шүүгдэгч*******гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч*******г бусдын хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хулгайлах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч нь******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн байх үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө, 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрүүдэд санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 Иймд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 3 жил 7 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Д.С нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор  шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт 67 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт 123 хоног цагдан хоригдсон байх бөгөөд нийт 190 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч*******гээс 1.112.900 төгрөг гаргуулж Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Бурхант гэх газар оршин суух хохирогч*******д /рд:нг56082477/, 120.000 төгрөг гаргуулж  Өмнөговь аймгийн Ханбогд сум 4 дүгээр баг Баян хөөврийн 17-18 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Л.Түвшинжаргалд /рд:кю67020514/ тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Дн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч*******г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолын 6 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор*******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч *******д оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч*******гээс 1.112.900 /нэг сая  нэг зуун арван хоёр мянга есөн зуу/ төгрөг гаргуулж  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 1 дүгээр баг Бурхант гэх газар оршин суух хохирогч*******д /рд:нг56082477/, 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж  Өмнөговь аймгийн Ханбогд сум 4 дүгээр баг Баян хөөврийн 17-18 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Л.Түвшинжаргалд /рд:кю67020514/ тус тус олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч*******гийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний  өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор  шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон 67 хоног, энэ хэрэгт цагдан хоригдсон 123 хоног, нийт цагдан хоригдсон 190 /нэг зуун ер/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ОДХҮҮ