| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0142/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/152 |
| Огноо | 2021-10-04 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 148 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******т холбогдох эрүүгийн 2107000000204 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* тоотод эцгийн хамт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй
*******ын *******, регистрийн дугаар ******* ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 07-ны шилжих шөнө хардалтын улмаас Налайх дүүргийн ******* ******* тоот хашаанд байсан иргэн Д.*******ын эзэмшлийн ******* улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 4 хаалганы шил, 4 дугуйг хагалж хохирогч Д.*******д бага хэмжээнээс дээш буюу 520.000 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 06-ны шилжих шөнө үүрээр би гэр рүүгээ орсон. Тэгэхэд танихгүй залуу хүүг минь тэврээд хэвтэж байсан болохоор тэрэнд уурлаад эхнэрийгээ хардаад нөгөө залууг гүйцээгүй болохоор хашаанд байсан машиныг өөрийн эзэмшлийнх гэж бодоод тэр үеийн уураасаа буруутай үйлдэл хийж машиных нь цонх, дугуйг нь хагалж хүнд хохирол учруулсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
1.Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ц.*******ын өгсөн: “...Би уг тогтоолтой танилцлаа. Намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн ******* ******* тоот гэртээ ирэхэд гэрт манай хүүхдийг өөр огт танихгүй залуу тэвэрчихсэн унтаж байхаар нь уур хүрээд түүнийг гэрээсээ хөөж гаргаад араас нь хөөгөөд гүйцээгүй болохоор хашаандаа байсан цагаан өнгийн Тоёота гранд марк-2 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил болон хаалганы 4 талын буудаг шилнүүдийг нь амбаарт байсан сүхээр цохиж хагалсан, дараа нь 4 ширхэг дугуйг нь хашаанд байсан хуучин муу хутгаар зүсэж хагалчихаад шууд тэндээс яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Д.*******ын өгсөн: “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найз Б.Намсрай миний эзэмшлийн улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр над руу залгаад "...чиний машиныг найзынхаа хашаанд тавьчихсан байсан чинь нөхөр нь гэх Ц.******* гэх залуу согтуу орж ирээд намайг эхнэртэйгээ хардсанаас болоод чиний машины урд салхины шил, 4 талын буудаг шил, 4 дугуйг чинь хагалчихлаа" гэж хэлсэн. ... Миний машиныг эвдсэн Ц.******* гэх залуу надаа учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Үнэлгээн дээрх 520,000 төгрөгөө манай найз Намсрайгийн данс руу шилжүүлсэн. Учир нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр миний автомашинд учирсан хохирлыг манай найз өөрөөсөө мөнгө гаргаж буюу үнэлгээн дээрх 520,000 төгрөгөөр машины маань шил дугуйг засуулсан юм. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 10, 12 дугаар хуудас/,
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.н өгсөн: “...өөрийн багийн найз гийн ... гэрт очсон ... өглөө 06 цагийн үед гийн гэрт унтаж байтал гэнэт нэг хүн намайг үстэж сэрээхээр нь гайхаад хартал гийн салсан нөхөр ******* зогсож байсан. Тэгээд гэрээсээ намайг хөөхөөр нь ... гудамжаар нэлээн хол зугтаж байгаад ...1 цаг орчмын дараа гийн гэрт яваад очтол тэдний хашаанд оруулаад тавьчихсан байсан манай найз *******ын эзэмшлийн машины урд салхины шил, 4 хаалганы шилийг нь юмаар цохиод хагалчихсан, 4 дугуйг нь хутгаар зүсээд хагалчихсан байсан... Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Д.*******ын эзэмшлийн машиныг гуйж авчихаад бусдад эвдлүүлчихсэн учир тухайн өдөр найзынхаа машиныг өөрөөсөө мөнгө гаргаж засаж янзлуулсан юм. Харин өнөөдөр Б.******* над руу залгаж миний машиныг эвдсэн нөгөө залуу чинь хохирлоо төлж барагдуулъя гээд байна. Тэгэхээр нь би чиний дансыг өгчихлөө шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, /хх-ийн 14 дүгээр хуудас/,
4. Мастер Үнэлгээ ХХК-ний 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн № дугаартай "хохирогч Д.*******ын эзэмшлийн улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг эвдрэл, хохирлын үнэлгээг 520,000 төгрөгөөр үнэлсэн...” гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
6.Хохирол төлсөн баримт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.******* нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд хохирогч Д.*******д нийт 520.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ц.******* нь 520.000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан бөгөөд хохирогч цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Ц.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг хуулийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй болохыг шийтгэх тогтоолд тус тус дурдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 07-ны шилжих шөнө хардалтын улмаас Налайх дүүргийн ******* ******* тоот хашаанд байсан иргэн Д.*******ын эзэмшлийн Тоёота Гранд марк-2 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, 4 хаалганы шил, 4 дугуйг хагалж хохирогч Д.*******д бага хэмжээнээс дээш буюу 520,000 төгрөгний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн болох нь:
шүүгдэгч Ц.******* “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн ******* ******* тоот гэртээ ирэхэд гэрт манай хүүхдийг өөр огт танихгүй залуу тэвэрчихсэн унтаж байхаар нь уур хүрээд түүнийг гэрээсээ хөөж гаргаад араас нь хөөгөөд гүйцээгүй болохоор хашаандаа байсан цагаан өнгийн Тоёота гранд марк-2 загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил болон хаалганы 4 талын буудаг шилнүүдийг нь амбаарт байсан сүхээр цохиж хагалсан, дараа нь 4 ширхэг дугуйг нь хашаанд байсан хуучин муу хутгаар зүсэж хагалчихаад шууд тэндээс яваад өгсөн юм. ” гэх,
Хохирогч Д.*******ын “...2021 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр найз Б.Намсрай миний эзэмшлийн улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад явсан. Тэгтэл 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр над руу залгаад "...чиний машиныг найзынхаа хашаанд тавьчихсан байсан чинь нөхөр нь гэх Ц.******* гэх залуу согтуу орж ирээд намайг эхнэртэйгээ хардсанаас болоод чиний машины урд салхины шил, 4 талын буудаг шил, 4 дугуйг чинь хагалчихлаа" гэж хэлсэн.” гэх,
Гэрч Б.Намсрайн “...гийн гэрт яваад очтол тэдний хашаанд оруулаад тавьчихсан байсан манай найз *******ын эзэмшлийн машины урд салхины шил, 4 хаалганы шилийг нь юмаар цохиод хагалчихсан, 4 дугуйг нь хутгаар зүсээд хагалчихсан байсан... Би 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Д.*******ын эзэмшлийн машиныг гуйж авчихаад бусдад эвдлүүлчихсэн учир тухайн өдөр найзынхаа машиныг өөрөөсөө мөнгө гаргаж засаж янзлуулсан юм....” гэх мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/, Хохирол төлсөн баримт /хх-ийн 62 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.*******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн ба хохирогч “...Тоёота Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, 4 хаалганы шил, 4 дугуйг хагалсан хохирлыг нөхөн төлсөн гомдолгүй саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тайлбарыг үндэслэн шүүгдэгч Ц.******* нь Д.*******д 520.000 төгрөгийг төлж барагдуулсан тул энэ тогтоолоор хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ гэрчээр өгсөн мэдүүлэгт хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн хуралд гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй саналгүй болсон, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд Ц.*******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн өмнөх хэсэгт “Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Ч.Анхбаяр нь... ...шүүхэд шилжүүлэх санал гарган,...” гэж бичжээ.
Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ.” гэж хуульд заасан байна. Иймд дээрхи зөрчлийг арилгаж дахин гаргахгүй байх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ
тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ын ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мөнхтүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ