| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0104/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/106 |
| Огноо | 2021-06-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0104/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлэн
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******эд холбогдох 2139000970117 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн хөдөө хэсэгт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овгийн Дамдинжавын Д /рд:СП83100717/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед:
Хохирогч*******ийн өгсөн:...Миний бие эхнэр 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Зүрхийн бүрд” гэх газар нутагладаг. Уг нь манайх байнгын хариулгатай байдаг, тухайн үед намрын ажил гээд хариулга муу байсан. Би 3-5 хоногийн зайтай малаа бүртгэдэг, өмнө бүртгэхэд буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэхэд бүрэн байсан. Түүнээс хойш буюу 2020 оны 09 дүгээр сарын эхээр зуслан дээрээсээ буюу Батноров сумын 4 дүгээр баг “Зүрхийн бүрд” гэх газраас 18 тооны бог мал алдсан. Би 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр малаа бүртгэхэд буруу талын чих нь урдаасаа ганзага имтэй 4 тооны хязаалан эр ямаа, 4 тооны бүдүүн эм хонь, 3 тооны эр төлөг, 3 тооны эм төлөг, 4 тооны хязаалан эр ямаа, 4 тооны бүдүүн эм ямаа дутсан байсан. 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш би Батноров сумын 3, 4 дүгээр багийн нутгаар хайсан. Мөн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутагт оршин суух айлуудын малаар хайхад олдоогүй...Манай сумын 4 дүгээр багийн Ганчулуун гэх айлын туслах малчин Д гэх залууг сэжиглэж байна. Баян-Овоо сумын 2 дугаар багийн С.Алтандаваа гэх залуугийнд 2020 оны 09 дүгээр сарын 08-нд манай алга болсон 2 сувай хонийг маань зарсан байсан. Мөн манай сумын 3 дугаар багийн Даваа гэх айлынд 3 хонийг маань өгсөн байсанг нь мэдсэн. Түүнээс хойш би өөрийн имтэй 5 хонь, Дээс өөрийн имтэй 7 тооны ямаагаа аваад үлдсэнг нь өөрийнх нь малнаас авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 хуу/
Гэрч С.Алтандаваагийн өгсөн:... 2020 оны 9 дүгээр сарын эхээр орой гэгээ тасарчихсан байхад манай гэрт приус-20 маркийн автомашинтай ирээд хөгшинд нь мөнгөний хэрэг гараад хонь зарах гээд явж байна, гэхээр нь ямар ч гэсэн гарч харья гэхэд приус-20 маркийн автомашиныг нэг танихгүй залуу жолооных нь ард сууж байсан. Тэгээд хэдээр өгөх юм гэхэд 160.000 /нэг зуун жаран мянган төгрөгөөр/ өгнө гэхээр нь тэгье гээд авахад буруу талын чих нь урдаасаа ганзага имтэй 2 тооны сувай хонь буулгаж ирсэн...2 тооны хонь өгөхөд нь би хониныхоо хашаан дээр зогсож байхад******* авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/
Гэрч А.Даваагийн өгсөн:... 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манайд буруу талын чих нь урдаасаа ганзага имтэй 3 тооны эр төлөг манай хонинд нийлүүлсэн. Тэр үеэр нь манай намаржаа буюу тус багийн 3 дугаар баг “Ар хоолой” гэх газрын бэлчээр муудсан болохоор арай гайгүй гээд тус сумын 4 дүгээр багийн “Зүрхийн бүрд” гэх газарт отроор орж ирж байх үед маань хониныхоо бэлчээрээс найз нь танай хонинд 3 тооны эр төлөг хэсэг тавьчихъя гэж хэлэхэд нь хулгайн мал биш биз дээ ямар учиртай мал вэ гэхэд үгүй ээ дүү нь өөрийнхөө эр төлөгнүүдийг цөөлж байгаа юмаа удахгүй хүн ирж авна гэсэн. Аягүй бол Ганчулуун харчихвал хэдэн малаа өсгөхөө бодохгүй юунд зардаг юм бэ гээд загнаад унана гэхээр нь хониндоо тавиулж байсан. Гэхдээ нилээн хэд хоногийн дараа өөрөө ирээд авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/
Гэрч С.Эрдэнэбатын өгсөн:...2020 оны 09 дүгээр сарын эхээр байх аа Ганчулуун гэх хүнийг байхад туслах малчин гэх Дээс имийг нь бас санахгүй байна 1 тооны хар бяруу, буруу талын чих нь араасаа ганзага имтэй 1 тооны эм хонь, 2 тооны төлөг худалдан авч байсан. Би араасаа ганзага имтэй хонийг 2020 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн сум руу худалдан борлуулахаар ажиллаж авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/
Гэрч Ж.Ганчулууны өгсөн:...Манайд туслах малчинаар ажиллаад 10 гаруй жил болж байна...Манайхыг Батноров сумын 4 дүгээр багийн “Зүрхийн бүрд” гэх газар нутагладаг байхад анх туслах малчинаар ирж байсан. Ер нь хүнтэй бараг ярьдаггүй дуу цөөтэй хүн манай туслах малчинаар ирээд 10 гаруй жил болох хугацаандаа гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай малыг 10 гаруй жил харах хугацаанд манайхаас мал дутааж байгаагүй. Хүнтэй ч маргалдаж байхыг нь мэдэхгүй, сая харин ямар учраас гэмт хэрэгт холбогдчихсон юм сайн мэдэхгүй л байна. Өөрийн гэсэн 200 гаруй бог малтай...Д.Дэд хар зүсмийн бяруу байсан. Учир нь би 2018 оны үеэр*******эд охин хар үнээ өгсөн. Тухайн үнээнээс хар зүсмийн тугал гарсан ба уг тугал нь 2020 онд бяруу болсон. Тухайн бярууг Эрдэнэбат гэх хүнд өрөндөө өгсөн сурагтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32, 35 хуу/
Гэрч Ц.Энхцагааны өгсөн:..Би Д гэдэг хүнээс 5 хонь /төлөг/ нэг улаан ямаа худалдаж авсан, гэхдээ би нэг дор бүгдийг аваагүй цувуулж Д тухайн хонь ямааг манай хонь ямаа гээд хотон дотроосоо барьж өгдөг байсан. Хааяа хүргэж ирдэг байсан ба яг хэдэнд авсанаа санахгүй байна...Би цувуулж 5 хонь /төлөг/ нэг ямаа авсан. Тухайн мал зүүн чихэндээ мохоо хайчилбар ухмал имтэй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/
Гэрч Б.Мөнхтулгын өгсөн:...2020 оны 9 дүгээр сарын дундуур би ажилаасаа буугаад орой амрах гэж байтал Доржоо гэж хүн ирээд уурхай хариуцдаг хүний приус-20 маркийн машиныг гуйгаад аваад явсан, орой 03 цаг өнгөрч байхад ирээд намайг сэрээсэн. Яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь ойрхон нэг айл руу 2 хонь хүргээд өгөөч гэж гуйсан. Тэгээд би явахгүй гэтэл гуйсаар байгаад намайг аваад явсан. Тэгээд яваад гэрийнх нь зүүн хойно нэг малын саравч байсан. Тэгээд би Доржоогоос ямар учиртай хонь вэ хулгайн хонь биш биз дээ гэж асуухад биш ээ манай хонь гэсэн. Тэгээд Доржоо 2 хонио машинд ачаад тэгээд бид нэг айлд хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 хуу/
Гэрч Б.Ариунтуяагийн өгсөн:...Би 2016 онд*******тэй гэр бүл болсон. Бид 2 хамт амьдраад 5 жил болохдоо дундаасаа 1 охинтой болсон, манай нөхөр гэр бүлдээ халамж анхаарал тавихдаа сайн. Ямар нэгэн зүйл болбол өөрөө л дотроо хадгалаад явдаг, надад ямар нэгэн асуудлаа хэлээд байдаггүй. Архи дарс хэрэглээд байдаггүй баяр ёслолоор л амсдаг. Хүнтэй эвтэй найртай байдаг. Манай нөхөр Д нь ном унших дуртай...гэх мэдүүлэг /хх-ийн 75 хуу/
Хохирогч*******ийн алдсан 18 тооны хонь, ямааны үнэлгээг нийтэд нь 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-52 хуу/
Яллагдагч*******ийн өгсөн:... Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багт оршин суудаг*******ийн 18 тооны бог малыг манай хонь ямаанд нийлчихсэн байсан болохоор нь Зьт хэлэлгүйгээр зарж борлуулсан. Би хийсэн хэргээ ойлгож ухамсарлаж байна. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... Би*******ь гэх хүнд өөрийнхөө хонь ямаанаас 18 тооны бог малыг нь хүйс, нас зөрүүлэлгүйгээр яг байсан хэвээр нь тоогоор нь өгч хохирлыг нь барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 65 хуу/
Д.Дийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 66 хуу/
*******ийн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 хуу/
******* нь 2020 онд 548 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 71 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 83, 84 хуу/
Хохирогч*******ийн гаргасан “Д.Д хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 90 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Дэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Зүрхийн бүрд” гэх газарт 2020 оны 09 дүгээр сарын эхээр хохирогч*******ийн 10 хонь, 8 ямаа нийт 18 тооны бог малыг өөрийнхөө малд нийлсэн байхад нь бусдад зарж 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч*******ь, гэрч С.Алтандаваа, А.Даваа, С.Бат-Эрдэнэ, Ж.Ганчулуун, Ц.Энхцагаан, Б.Мөнхтулга нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хохирогч*******ь нь “тухайн үед намрын ажил гээд хариулга муу байсан. Би 3-5 хоногийн зайтай малаа бүртгэдэг, өмнө бүртгэхэд буюу 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэхэд бүрэн байсан...2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр малаа бүртгэхэд буруу талын чих нь урдаасаа ганзага имтэй 4 тооны хязаалан эр ямаа, 4 тооны бүдүүн эм хонь, 3 тооны эр төлөг, 3 тооны эм төлөг, 4 тооны хязаалан эр ямаа, 4 тооны бүдүүн эм ямаа дутсан байсан” гэж, яллагдагч ******* нь “С.Зийн 18 тооны бог малыг манай хонь ямаанд нийлчихсэн байсан болохоор нь Зьт хэлэлгүйгээр зарж борлуулсан” гэж тус тус мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч*******ийг бусдын алдуул малыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч*******ьт 1.850.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний /300.000 төгрөг/ хохиролоос дээш байх тул шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Дийг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч*******ь нь “би өөрийн имтэй 5 хонь, Дээс өөрийн имтэй 7 тооны ямаагаа аваад үлдсэнг нь өөрийнх нь малнаас авсан” гэж мэдүүлэг өгсөн, “хохирол төлөгдсөн гомдолгүй тухай” тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч Д.Дэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүгдэгч*******эд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь залатад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Дамдинжавын Дийг алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Д.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ