Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2015/0515

 

Ч.Л*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ч.Л*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0569 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Л*******гийн нэхэмжлэлтэй, Н*******д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалд Боловсролын хэлтсийн даргаас хамаарах ямар алдаа дутагдал гаргасан болохыг дурдаагүй. Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7 дахь заалтыг миний бие зөрчөөгүй бөгөөд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа бол уг хуулийн 70 дугаар зүйлийн 70.4, 70.4.1-д зааснаар шийтгэл ногдуулах этгээд нь томилох эрх бүхий албан тушаалтан биш шүүгч, эсвэл санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч байна.

Үр дүнгийн гэрээ байгуулахаас Ц.О******* өөрөө татгалзсан. Дүүргийн Боловсролын хэлтэс Нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалаар дүүргийн Боловсролын хэлтсийн даргаас бусад ажилтныг ажлын байраар хангах үүрэггүй бөгөөд Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолд зааснаар хэлтсийн даргын албан үүргийг ахлах мэргэжилтэн түр орлон гүйцэтгэж цалингийн зөрүүг авах тул тус хэлтэст сул орон тоо байхгүй. Албан тушаал бууруулсан гэсэн боловч одоог хүртэл ажилгүй байна. Өөрөөр хэлбэл албан тушаал бууруулсан гэсэн үндэслэлээр намайг ажлаас халсантай адил байна. Иймд Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.О******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Л******* нь хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу санхүүгийн жилийн эцсийн тайланг хугацаанд нь хүргүүлэх үүргээ хэрэгжүүлж биелүүлээгүй нь баримтаар тогтоогдож байгаа болно. Дүүргийн Боловсролын хэлтсийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг Нийслэлийн Аудитын газар, Боловсролын газарт 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус хүргүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байна. Мөн төсвийн шууд захирагч буюу Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь дээд шатны төсвийн захирагч буюу Ниислэлийн Боловсролын газрын даргатай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үүргээ биелүүлээгүй болно.

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны Б/71 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь хууль тогтоомж зөрчсөн буруутай үйлдэлд нь Төсвийн тухай хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулсан эсэхээс үл хамааран бусад хууль тогтоомжид заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0569-р шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Л*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр бүхий Албан тушаал бууруулах тухай тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож Ч.Л*******г Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Л*******гийн ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалин олговорт 4.673187 төгрөгийг олгохыг хариуцагч Н*******д даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Б/85 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.О******* давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатнышүүхийн 2015 оны 0569 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэгт Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан эсэхээс үл хамааран түүнд хуулиар хүлээсэн үүрэг байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэсэн нь Нийслэлийн Боловсролын газрын 2015 оны Б/85 дугаар тушаалын хууль эрх зүйн үндэслэл нь зөв маргаангүй захиргааны акт гэж дүгнэсэн байх боловч дахин үндэслэл хэсэгт утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус акт болсон байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хоёрдмол утгатай ойлгомжгүй байна.

Дээрхээс дүгнэхэд Ч.Л******* нь хуулинд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу санхүүгийн жилийн эцсийн тайланг хугацаанд нь хүргүүлэх үүргээ хэрэгжүүлж биелүүлээгүй нь баримтаар тогтоогдож байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Дээд шүүхийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 7-д Хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан ...хангалтгүй биелүүлсэн... гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгоно гэж заасан байна.

Мөн Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д заасан төсвийн шууд захирагч ба тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн ерөнхийлөн захирагч буюу Н*******тай үр дүнгийн гэрээ байгуулах үүрэгтэй. Гэвч Ч.Л******* нь хуулинд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй ба Захиргаа, санхүүгийн хэлтсээс Нийслэлийн Боловсролын газрын хэлтсийн дарга нараар хянуулаагүй мөн хэлтсүүдээс өгсөн саналыг гүйцэд тусгаагүй үр дүнгийн гэрээгээ хагас дутуу боловсруулсан байна гэж буцааж дээрх саналуудыг тусган дахин боловсруулж ирүүлэхийг үүрэг чиглэл болгосон боловч дахин ирүүлээгүй ба үр дүнгийн гэрээний төслөө Н*******д танилцуулаагүй болно.

Гэтэл дан ганц нэхэмжлэгчийн мэдүүлэг, баримтад үндэслэн үр дүнгийн гэрээгээ Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй гэж шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, 40 дугаар зүйлийн 40.1 дэх заалтуудыг маргааны үйл баримттай холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Л******* Н*******д холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэхүү тушаалаар нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээТөсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7 дахь заалтыг зөрчөөгүй байхад надаас хамаарах ямар алдаа дутагдал гаргасан болохыг огт дурьдаагүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.4.1-д заасныг зөрчиж албан тушаал бууруулахдаа яг ямар албан тушаалд ажиллахыг заагаагүй нь ажлаас халсантай адил болсон, үр дүнгийн гэрээ байгуулахаас Ц.О******* өөрөө татгалзсан гэж, хариуцагчаас Дүүргийн Боловсролын хэлтсийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлэн хүргүүлсэн, Н*******тай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй нь хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, Нийслэлийн боловсролын газрын дарга нь Багануур дүүргийн боловсролын хэлтэст ахлах мэргэжилтнээр шууд томилох эрхгүй учраас дүүргийн Боловсролын хэлтсийн даргад ажлаар хангахыг даалгасан гэж тус тус тайлбарлан маргасан.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д төсвийн шууд захирагч гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээд-ийг ойлгохоор, 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэх-ээр заажээ.

Гэтэл нэхэмжлэгч Ч.Л******* тус байгууллагын 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлж, 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн аудитын газар, Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан Төсөвт байгууллагын 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах бүрэн эрхийг төсвийн шууд захирагч хэрэгжүүлэхээр заасан байх тул ...санхүүгийн тайлан, мэдээг хугацаа хэтрүүлсэн нь байгууллагын нягтлан бодогчийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамааралтай, мөн ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заагаагүй учир ийнхүү хугацаа хэтрүүлсэн асуудал надад шууд хамаарахгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, ийнхүү төсвийн шууд захирагчийн хувьд дээрх үүргийг хэрэгжүүлэх нь ажлын байрны тодорхойлолтод тусгайлан заасан эсэхээс үл хамааран түүнд хуулиар хүлээлгэсэн үүрэг байна.

Харин анхан шатны шүүх дээрх байдлыг зөв үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэж дүгнэсэн атлаа хариуцагч нь Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ч.Л*******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан боловч тухайн албан тушаалаас буураад хаана, ямар албан тушаалд ажиллахыг тодорхой зааж өгөөгүйгээс ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан мэт ойлгогдож байгаагаас гадна ажлаар хангах эрх хэмжээгүй этгээдэд үүрэг ногдуулсан тул маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус акт гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Төрийн албаны хуулийн доорх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Тодруулбал, Нэхэмжлэгч Ч.Л*******гийн хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн буюу 2014 оны санхүүгийн тайланг хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулсан байхад шүүх мөн хуулийн 26 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах заалтын агуулгыг адилтган дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актаар Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар Ч.Л*******д ямар нэг сахилгын шийтгэл ногдуулаагүй, түүнийг төрийн албанаас халаагүй байна.

Түүнчлэн тухайн албан тушаалтныг томилох чөлөөлөх эрх бүхий Н******* нь Төсвийн тухай хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн этгээдэд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д зааснаар албан тушаал бууруулах арга хэмжээ авсан байхад ...сахилгын шийтгэл ногдуулах этгээд нь томилох эрх бүхий албан тушаалтан биш... гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, хариуцагчийг Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4.1-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд хариуцагчийн хувьд 2015 оны Б/71 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, захиргааны санаачилгаар албан тушаалыг бууруулсан байх бөгөөд нэхэмжлэгч энэ үндэслэлээр маргаагүй байхад шүүх ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй.

Мөн Н******* Багануур дүүргийн Боловсролын хэлтэст ажилтныг томилох өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэх боломжгүйгээс Ч.Л*******г ажлын байраар хангахыг Багануур дүүргийн Боловсролын хэлтэст, энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг комиссын дарга /Ц.Мягмар/-д тус тус даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-д төсвийн шууд захирагч...нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулах, үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэхээр заасан боловч нэгэнтүр дүнгийн гэрээ байгуулагдаагүй тохиолдолд энэ талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.188 дугаар зүйлийн 88.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0569 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1, 16 дугаар зүйлийн 16.5.7, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ч.Л*******гийн Нийслэлийн боловсролын газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээсхойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН