Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/111

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0148/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             *******

Шүүгдэгч                                   Ч.Э  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж,  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Чын Эд холбогдох 2139000000135 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Онон хороо 8-800 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, Боржигон овгийн Чын Э /РД:СЖ87031918/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ч.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний шөнө 22 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар баг Онон хороонд иргэн Э.Нтэй маргалдаж улмаар газар унагаж, гараараа цохих зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Э.Нгийн өгсөн:.. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт 2020 оны 11 дүгээр сард Амгалангийн хашаанд гэрээ барьж буусан юм. Тэгээд тэднийх байшиндаа амбаар барьсан бөгөөд тэр ажилд болон ер нь ойр зуур ажилд нь тусалж амьдардаг юм. Өчигдөр Амгалангийн гэрт нь байж байтал нэг найз нь утсаар дуудаад бид 2 мотоциклтой бирваазан дээр очсон, тэгтэл тэр найз нь 0.75 граммын хэмжээтэй Хараа нэртэй архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад Амгалан мотоциклоо жолоодоо би ард нь суугаад гэр рүүгээ явсан замдаа зогсож шээсэн бөгөөд тэгэхэд согтуурхаад нэг нэгэндээ уурлаж маргалдсан, би нэлээн согтуу байсан учраас юунаас болж маргалдсанаа одоо санахгүй байна. Тэгээд миний нүд халуун оргиод би уурлаад ганцаараа алхаад гэртээ ирсэн...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 хуу/

Гэрч Б.Буянжаргалын өгсөн:... Өчигдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн орой 19 цагийн орчимд манай нөхөр хаачсан нь мэдэгдэхгүй гараад явсан байсан. Тэгээд хүүхдээсээ асуутал Амгалан ахтай хамт тамхинд явсан гэж хэлсэн. Тэгтэл 22 цагийн орчимд Амгалангийн гэрээр орчихоод гараад иртэл гудамжинд хүмүүс хашгираад байсан, тэгээд мотоциклийн гэрэл асаалттай харагдсан, тэгэхээр нь Цэцэгдэлгэрт хэлээд хамтдаа хашаанаас гараад хартал манай хашаа буюу Биндэр сумын 5 дугаар баг Онон хороо 8-800 тоот хашааны урд талд гудамжинд мотоциклийн гэрэлд Амгалан манай нөхрийн дээр нь гараад суучихсан нүүр рүү нь цохиж, зодож байсан. Тэгээд Цэцэгдэлгэр бид 2 салгаад гэртээ авчирсан, тэгээд гэрэлд хартал манай нөхрийн нүд аймар хавдаад том булдруутай болсон байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 18-19 хуу/

Гэрч Д.Юмжирдуламын өгсөн:...Манай хүргэн Э нь зан байдлын хувьд даруу төлөв, хүнд их тусархаг, ажилсаг, амьдралын төлөө л явдаг, хүнтэй маргалдаж муудалцаж зодоон цохион хийгээд байдаггүй, би лав хүнтэй маргалдаж  муудалцаж зодоон цохион хийж байхыг нь харж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан манай гэрээр бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирж байгаагүй, тамхи бол татдаг, ямар нэгэн гаж буруу зуршилгүй, цэргийн алба хаагаагүй, миний мэдэхийн урьд өмнө ямар нэгэн хэрэг төвөгт холбогдон цагдаа дээр шалгаж байгаагүй, одоо л харин зодоон цохионы хэрэгт холбогдон цагдаа дээр шалгагдаж байна, мал маллах сонирхолтой, айхтар гоц гойд авьяас чадвар гэхээр зүйл байхгүй,  3 хүүхэдтэй, одоо эхнэр, 3 хүүхдийнхээ хамт Хэнтий аймгийн Биндэр сумын төвд аж төрөн амьдарч байна, ер нь манай хүргэн Э нь даруу төлөв, хүнд их тусархаг, ажилсаг л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны   өдрийн 207 дугаартай дүгнэлт:

1. Э.Нгийн биед  зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойрон цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр үүсэх боломжтой

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх зүүн хөмсөгний язарсан шарх, зүүн нүдний эргэн тойрон дахь цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар  гэмтлийн хөнгөн, нурууны зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43-44 хуу/

Яллагдагч Ч.Эгийн өгсөн:...би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5-р баг Онон хорооны 8-800 тоотод байх хашааныхаа урдхан талд өөрийн найз Нг гараараа зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан байсан, би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна, ахиж ийм асуудал огт гаргахгүй, би үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...Тухайн үед Н бид хоёрын хажууд ямар нэгэн хүн байгаагүй, гэхдээ сүүлд нь Нгийн эхнэр болон манай эхнэр хоёр Н бид хоёр дээр ирж бид хоёрыг салгасан байсан, би тухайн үед тасарчихсан байсан болохоор юу ч санахгүй байгаад байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/

Ч.Эгийн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 хуу/

Ч.Эгийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 73 хуу/

Хохирогч Э.Нгийн гаргасан “Ч.Эд гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 80 хуу/

Яллагдагч Ч.Эгийн гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 82 хуу /

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 77, 78 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Ч.Э нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний шөнийн 22 цагийн үед  согтуурсан үедээ Хэнтий аймгийн Биндэр  сумын 5 дугаар баг Онон хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Нтэй маргалдаж газар унагах, гараараа нүүрэнд нь цохих зэргээр зодож зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Э.Н, гэрч Б.Буянжаргал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч  Э.Нгийн  биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Ч.Эгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 82 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 91 хуу/ гарган 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Ч.Э хүлээн зөвшөөрч /хх-ийн  96 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч Ч.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 Хохирогч Э.Н нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгч Ч.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Боржигон овгийн Чын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.Э нь  шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ч.Э нь хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ