Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0138/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                             *******

Шүүгдэгч                                  *******  нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Болортуяагаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овгийн Дийн Цд холбогдох 2139000000118 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн Б53-03 тоотод оршин суух, урьд нь Дорнод аймгийн шүүхээр 1996 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаа тэнссэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,  Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 152 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 131 дугаар зүйлийн 2, 241 дугаар зүйлд зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 7 жил 29 хоногийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар, Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 202 оны 10 дугаар сарын 14-нд хугацаа дуусч суллагдсан, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 590 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон, Боржигин овгийн Дийн Ц /рд: ЖЮ79122911/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Боржигин овогт Дийн Ц нь /регистрийн дугаар: ЖЮ79122911/ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Булгийн 1 дүгээр гудамжны  01 тоот “Монос” эмийн сангийн хашааны хойд талд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ*******ийг тодорхой шалтгаангүйгээр зүүн дал хэсэгт нь буган шар бор эрээн бариултай хутгаар баруун гараараа нэг удаа хатгаж*******ийн биед зүүн даланд зүсэгдсэн гүн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч******* нь “хүнтэй муудалцаад хутгалах зорилгоор айлын гэрээс хутга авч эргэж очсон, бусдыг хутгалж, гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна, гэхдээ санаатай хутгалаагүй, ханцуйд хутга байсан бөгөөд хохирогчийг тэврэх үед хатгагдсан гэж бодож байна” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч*******аянмөнхийн өгсөн:...Би 2021 оны 03 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд гудамжинд дүү Мөнх-Оргилын хамт явж байсан. Гудамжаар явж байхад 3 хүн архи уугаад сууж байсан. Тэгэхээр тэр хүмүүс дээр очоод архинаас нь уусан. Зүс таньдаг хүн байсан Хуягаа, Барсаа гэх залуучууд байсан яг нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Ингээд архи уугаад сууж байтал гудамжинд 2 залуу муудалцаж нэг нэгнийгээ боогоод байсан. Би тэгэхээр нь очоод тэр хоёр залууг салгасан. Тэгээд тэр хоёр залуу салаад хоёр тийшээ явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу ирээд намайг тэвэрсэн. Би тэгэхээр нь сая ноцолдоод байхаар нь салгасан, тэгээд надад баярлаад тэвэрч байгаа юм байна даа гэж бодтол намайг тэвэрсэн залуу араас хутгалсан. Тэр залууг хутга ил бариад явж байгааг нь хараагүй, хутгаа нуусан байсан байх. Намайг намхан бор залуу хутгалсан...Миний зүүн далны орчим хутгалсан. Намайг хутгалсан залуутай би бол огт маргаж муудсан зүйл байхгүй огт танихгүй залуу байсан. Намайг хутгалсан залуу согтуу байсан. Намайг хүмүүс Онкор гэж дууддаг...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/

Гэрч Б.Ганхуягийн өгсөн:...Би 2021 оны  03 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах Түвшин гэх ахынхаа гэрт хоночихоод 15 цагийн орчим гэрээс гараад гадуур ажлаа амжуулаад явж байхад яг хэдэн цаг гэдгийг нь мэдэхгүй байна, нар жаргасан байсан ба 4 дүгээр сургуулийн ард талд*******аянмөнхтэй болон миний танихгүй хоёр залуутай таарсан. Тэгээд бид нар уулзаад зогсож байтал Баянмөнхтэй хамт явж байсан нэг залуу нь нэг шил 0.75 граммын экс архи гаргаад ирсэн. Тэгээд бид дөрөв нэг шил архиа гудамжинд уугаад  сууж байтал танихгүй нэг залуу ирж бид нартай танилцаад архинаас хамт уугаад сууж байгаад гэнэт манай найз Баянмөнхтэй хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд юм тоолгүй бид нар архи уугаад сууж байтал нөгөө хэрэлдээд явдаг залуу буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гараад ирсэн. Тэгээд манай найз Баянмөнхийг тэврэхдээ зүүн талын дал хэсэг рүү нь хутгаар хатгах шиг болсон. Тэгээд бид нар салгаад хутгийг нь болохоор нөгөө залуутай хамт явж байсан залуугаар нарийн гудамжны зүүн талын хашаа давуулж шидүүлсэн, тэндээс хужаа байрны Түвшөө ахын гэрт очиж Баянмөнхийн хувцсыг тайлаад шархан дээр нь Барсаа цусыг нь тогтоох гээд юм наах шиг болсон...Тэгээд бид нар гараад Эвт худалдааны төвийн баруун талд явж байхад нөгөө хутгалдаг залуутай тааралдсан. Тэгээд нөгөө залуу хүрч ирээд Баянмөнхтэй тохиръё гээд ахых руу очиж чамд 50.000 мянган төгрөг өгье гэж хэлээд такси бариад бид нар Ханбүргэдийн урд Есүс гэдэг нэртэй газар очтол машинаас буугаад нөгөө залуу та 3-г ална шүү гээд орилоод байсан болохоор таксины жолооч цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч Д.Бархасын өгсөн:... Би хийж өгсөн архийг нь уучихаад сууж байхад урд талын эгнээний нарийн гудамжнаас танихгүй жижигхэн биетэй хүн гартаа шар өнгийн бариултай хутга бариад ална гээд хашхираад гараад ирэхэд нь Онкор ах чи одоо яагаад байгаа юм гээд өөдөөс нь очиход жижигхэн биетэй залуу Онкор ахыг тэвэрч аваад зүүн дал хэсэгт нь нэг удаа хутгалчихсан. Тэгэхээр нь би тэр жижигхэн биетэй залуугийн хутгийг нь булааж аваад урд талын айлын хашаа давуулаад чулуудчихсан. Зүүн дал  хэсэгт 2.5 см орчим зүсэгдсэн шарх байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

 

Гэрч Б.Төгөлдөрийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Есүсийн сүмд 2020 оны 01 сараас хойш итгэгч болж өөрийн архи уудаг муу зуршлаа хаях гэж хичээж байгаа хүн. Намайг анх энэ сүмд итгэгч болж ирэхэд Ц ах сүмийн итгэгч байсан. Би Ц ахтай хамт сүмийн барилгын ажилд олон удаа ажиллаж байсан. Ц ах ажилсаг аливаа ажлыг том жижиг гэхгүй сэтгэлээсээ хийдэг хамт ажиллахад урамтай, төлөв даруу зантай хүн. Өөрийн мэддэг чаддаг олон зүйлийг надад зааж сургасан. Манай сүмийн удирдагч Отгонбаатар ах Ц ахыг анх ирсэн 6 хүний нэг бөгөөд өөрийн муу зуршлыг хаяж засарч чадсан итгэлтэй хүн гэж байнга хэлдэг. Ц ах одоо Есүс сүмийн итгэгч  байхаа болиод 3 сар орчим болж байгаа байх. Ц ах маш үнэнч шударга, зантай их хичээл зүтгэлтэй хүн байгаа юм. Би Ц ахын өмнөх амьдралыг мэдэхгүй. Сүмийн итгэгч байхаа болиод архи уугаад яваад байгаа юм шиг байна лээ...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны   өдрийн 153 дугаартай дүгнэлт:

1.2.*******аянмөнхийн биед зүүн даланд зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх шинэ гэмтэл нь хурц ир үзүүр зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/

Яллагдагч*******гийн өгсөн:....Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Д.Цгийн иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 68 хуу/

Д.Цгийн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 74-91, 94-96 хуу/  

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 127, 128 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Булгийн 1 дүгээр гудамжны  01 тоотод байх “Монос” эмийн сангийн хашааны хойд талд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим согтуурсан үедээ хохирогч*******аянмөнхийн зүүн дал хэсэгт нь хутгалж, 2х0.6 см урт, 0.5 см гүнтэй зүсэгдсэн шарх  бүхий гэмтэл учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч******* нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө санаатайгаар хутгалаагүй, хохирогчийг тэврэх үед зүсэгдсэн гэж мэдүүлэг өгсөн.

Гэвч хэрэгт  авагдсан  хохирогч*******аянмөнхийн өгсөн “архи уугаад сууж байтал гудамжинд 2 залуу муудалцаж нэг нэгнийгээ боогоод байсан. Би тэгэхээр нь очоод тэр хоёр залууг салгасан. Тэгээд тэр хоёр залуу салаад хоёр тийшээ явсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу ирээд намайг тэвэрсэн. Би тэгэхээр нь сая ноцолдоод байхаар нь салгасан, тэгээд надад баярлаад тэвэрч байгаа юм байна даа гэж бодтол намайг тэвэрсэн залуу араас хутгалсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганхуягийн өгсөн “танихгүй нэг залуу ирж бид нартай танилцаад архинаас хамт уугаад сууж байгаад гэнэт манай найз Баянмөнхтэй хэрэлдэж байгаад яваад өгсөн. Тэгээд юм тоолгүй бид нар архи уугаад сууж байтал нөгөө хэрэлдээд явдаг залуу буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гараад ирсэн. Тэгээд манай найз Баянмөнхийг тэврэхдээ зүүн талын дал хэсэг рүү нь хутгаар хатгах шиг болсон” гэх мэдүүлэг, гэрч Д.Бархасын өгсөн “нарийн гудамжнаас танихгүй жижигхэн биетэй хүн гартаа шар өнгийн бариултай хутга бариад ална гээд хашхираад гараад ирэхэд нь Онкор ах чи одоо яагаад байгаа юм гээд өөдөөс нь очиход жижигхэн биетэй залуу Онкор ахыг тэвэрч аваад зүүн дал хэсэгт нь нэг удаа хутгалчихсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчийн үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогч *******аянмөнхийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч*******д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа цээжиндээ 2 удаа хутгалуулаад эмнэлэгт хэвтэж байгаад гараад удаагүй байгаа, ажил хийх чадваргүй байгаа тул торгох ял оногдуулж өгнө үү, торгууль төлөхөд есүсийн сүмд хамт явдаг хүмүүс туслана  гэжээ.

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 Хохирогч*******аянмөнх нь “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овгийн Дийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ