Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 35

 

  2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2018/00035

                           Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 6-3 тоотод оршин суух, ПЮ57122317 дугаарын регистртэй, Боржигон овогт Үржингийн Дэмбэрэлийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэл нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1974 онд Улаанбаатар хотын УАХТН-д жолоочийн курст сурч жолооч болсон бөгөөд 1975 онд Улаанбаатар хот дахь АА-ын 028 дугаар ангид алба хаасан. 1978 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс Зам гүүрийн ангид жолоочоор, 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Барилга угсралтын конторт 27-10 ХОА дугаарын зил 130 машины жолоочоор, 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд 27-38 ХОА зил-130 маркийн автомашины жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд намайг 1978 оноос 1990 оныг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэлээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад “...1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор, 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно..” гэсэн байна.

Хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэл нь 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор, 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэл нь 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор, 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 442 тоот албан бичгээр 70 дугаар дансны хуулбар,

- Ховд аймаг дахь Зам гүүрийн барилга конторын даргын 1979 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаар ажил өөрчлөх тухай тушаал,

- Ховд аймаг дахь Зам гүүрийн барилга конторын даргын 1980 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 111 дүгээр ажлаас чөлөөлөх тухай тушаал,

- Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1980 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 284 дугаар ажилд томилох тухай тушаал,

- Ховд аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаар ээлжийн амралт олгох тухай тушаал,

Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн зөвлөлийн даргын 1982 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 5 дугаар ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал,

-Хүсэлт гаргагч Ү.Дэмбэрэлийн 1982, 1987, 1978, 1990 онуудад ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зургууд,

-Гэрч Г.Сонинтөрийн ...Би 1979 оноос 1984 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Барилга угсралтын конторт нормчноор ажилладаг байсан. Ү.Дэмбэрэл нь 1980 оноос 1982 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын 7 дугаар бригадад талбайн тэрэг барьдаг жолоочоор ажиллаж байсан. Талбайн тэрэг барьдаг жолооч гэж бүх төрлийн барилгын материалыг Ховдоос Буянт сум руу зөөж тээвэрлэж өгдөг байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч О.Баттулгын ...Би 1959 онд цэргийн албанд татагдаж 1961 онд цэргээс халагдсан. Улмаар 1961 оноос 1972 оныг хүртэл Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэглэх нэгдэлд тооцооны нярав, нягтлан, сүү тосны заводын мастер, хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 1972 онд намын 2 жилийн сургуульд явж 1974 онд сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Намын хороонд сум хариуцсан зохион байгуулагчаар 1976 оныг хүртэл ажилласан. 1976 оноос 1980 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын ардын хянан шалгах хорооны даргаар, 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын ардын хянан шалгах хорооны даргаар, 1990 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Хаан банкны эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ү.Дэмбэрэл нь Ховд аймгийн Буянт сумын мал эмнэлэгийн цэгийн тэргийн жолоочоор ажиллаж байсан. Намайг 1980 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын ардын хянан шалгах хорооны даргаар, 1990 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Хаан банкны эрхлэгчээр тус тус ажиллаж байх үед Ү.Дэмбэрэл нь тус суманд ажиллаж байсан. Ямар ч байсан 1997 оныг хүртэл намайг Ховд аймгийн Буянт суманд ажиллаж байх үед Ү.Дэмбэрэл нь ажиллаж байсан. Түүнээс хойш ямар ажил хийснийг мэдэхгүй байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ү.Дэмбэрэлийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Үржингийн Дэмбэрэлийг 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 03 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Барилга угсралтын конторт жолоочоор, 1982 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ү.Дэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ