| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00665/и |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-01-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 36
| 2018 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2018/00036 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******айн *******ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Батцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 1967 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1983 оноос эхлээд эцэг эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. 1983 онд нэгдэлд гишүүнээр элсэж бог мал маллаж эхэлсэн ба түүнээс хойш Буянт сумын Соёл нэгдлийн Харцохио бригадад 1991 оныг хүртэл мал малласан. 1991 онд хувьчлал явагдаж нөхрийнхөө хамт нормын хэдэн малаа аваад одоог хүртэл мал маллаж байна. Ховд аймгийн архиваас 1983 оноос 1990 онуудын Буянт сумын 70 дугаар данснаас цалингийн түүвэр гарч байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас тэтгэвэрт гарч чадахгүй байна. Би 1985 онд сумын бог малын сүүний нормын аварга хүртэл болж байсан. Түүнийг тухайн үед авч байсан шагналаар нотолно. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн Ховд аймаг Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 334 тоот лавлагаа, Буянт сумын 70 дугаар дансны 1983-1990 онуудын цалингийн түүвэр, 1985 онд авч байсан аваргын диплом зэрэг баримтуудыг үнэлээд намайг 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсаныг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Манайх Ховд сумын шилд өвөлжиж байгаа бөгөөд хөдөө цас зуд ихтэй, ам бүл хоёулаа нөхрийн хамт байдаг. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл аймгийн төвд байх боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Мөн хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оноос 1990 онуудад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ш.******* нь 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 334 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын 3 дугаар бригадын 70 дугаар дансны хуулбарууд,
- Хүсэлт гаргагч Ш.*******ийн 1983 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
- Хүсэлт гаргагч Ш.*******д 1985 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлээс олгосон талархал
-Гэрч О.*******ын ...Би 1967 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад нэгдлийн мал маллаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл тус сумандаа малчнаар ажиллаж байна. Ш.******* нь 1982 оноос эхлээд 1991 оныг хүртэл эцэг эхийн хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсан. *******ийн эцэг *******ай нь манай сумын Соёл нэгдлийн ууган гишүүний нэг, сум аймгийн аварга малчин байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Т.*******ийн ...Би 1981 оноос 1991 онуудад Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад мал маллаж байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Ш.******* нь 1982 оноос эхлээд эцэг эхийнхээ хамт Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад 1991 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******айн *******ийг 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдлийн Хар цохио бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ш.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ