| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0116/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/130 |
| Огноо | 2021-06-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Ж.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0116/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Б
Шүүгдэгч Б.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н
Шүүгдэгч С.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц, С.Т нарт холбогдох 2139000030035 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Батноров сум, Баянбулаг 6 дугаар баг, Салхитын 1-08 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. Улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Сын Т, /РД: СА87012618/
Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 хүүгийн хамт Хэнтий аймгийн Батноров сум Баянбулаг 4 дүгээр багт оршин суудаг, урьд С аймгийн сум дундын шүүхийн 1995 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар, Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлэх ялаар шийтгүүлж байсан. Хаадай овогт Бийн Ц /РД: СА73121412/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Т, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө бүлэглэн, Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Тоонот жалга” гэх газраас тус багийн малчин Г.Гын 2 тооны үхэр, Т.Цийн 1 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг ТОЗ-8 маркийн буугаар буудан, 87-19 ХЭА улсын дугаартай Тоёота суксед маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хулгайлж иргэн Г.Гт 1.800.000 төгрөгийн, Т.Цэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Гын өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Чадарын өвөлжөө" гэх газарт эхнэр 3 хүүхдийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Манай өвөлжөөни ойр орчмоор үхэр идэр өвсгүй цас их орсон. Тэгээд манай ойр орчмын 2-3 айлын үхэр нийлээд манай гэрээс 5-6 км зайтай байх "Тоонотын жалга" гэх газарт үхрийн хэвтэр буюу бууцтай газар байдаг болохоор үхрээ хонуулдаг юм. Тэр газарт манай төрсөн ах Г.Гүрдорж илүү гэрээ бариад бууж амжаагүй байсан юм. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 22-ны 17 цагийн үед би үхрээ хураагаад хонуулсан. Тэр газарт манай үхэр найз Б.Баянбадралын үхэр цуг хурааж хонуулдаг юм. Тэр шөнө цас их орсон болохоор найз Б.Баянбадрал нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед морьтой үхэр хонуулсан газар ирэхэд 3 үхрийн сэвс гаргаад хаячихсан байна гэж над руу 98207227 тоот утсаар надруу ярчихаад машины мөр их тод байна би дагалаа чи үхрээ ирж бүртгээрэй гэж хэлсэн. Тэгээд би үхэр дээрээ очиж үхрээ бүртгэхэд 2 тооны үхэр дутуу байсан. Манай найз Б.Баянбадрал замаараа М.Түвшинжаргал ахыг гуйгаад машинтай нь мөрдөж явсаар Ч.Баярдорж гэх айлын хаваржаан дээр ирж үзэж байхад үхрийн жижиглэн хаясан арьс шир мөн толгойг нь саравчин дээр байсан өвсөн доогуур хийсэн байсан гэж над руу бас ярьсан би Батноров сум дээр 3 үхрийн толгойг нь авчирч өгчихөөд байна гэж хэлсэн. Алдагдсан үхрийн 2 нь манай үхэр, 1 тооны үхэр нь танихгүй үхэр байсан ойр орчмын айлуудын үхэр байж магадгүй гэж хэлсэн. Орой болгон хурааж хонуулдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Хохирогч Т.Цын өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Эрээн хамар" гэх газар эхнэр 2 хүүхдийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Би үхрээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд улаан охин шүдлэн байхгүй байсан. Би тэгээд ойр орчмын айлын үхэр дотуур хайгаад олохгүй байсан чинь манай харш айлын Г.Г над руу 98942989 гэсэн дугаараасаа утасдаж сумын цагдаа дээр хүрээд ир энд манай алдсан хоёр үхрийн толгойтой цуг улаан үхрийн толгой байна чи ирээд үзээч танай үхрийн толгой байж магадгүй гэхээр нь өөрийн машинаа унаад оройн 19 цагийн орчимд ирж үзэхэд манай эрээн олдохгүй байсан охин улаан шүдлэнгийн толгой байсан. Манайх үхрээ гаднаа хураадаг байсан юм, 12 дугаар сарын 22-ны орой тэнгэр муухай болоод үхрээ Г.Г, Б.Баянбадрал нарын үхэртээ "Тоонотын жалга" гэх газарт үхрээ хурааж хонуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/
Иргэний нэхэмжлэгч М.Гүррагчаагийн өгсөн:..Би Т гэх хүнийг танина. Би хувиараа бараа зарж наймаа эрхэлдэг. Би Хэнтий аймгийн Батноров сумаар бараа зарж наймаа эрхэлж яваад 2017 онд Т гэх хүнтэй танилцаж таньдаг болсон. Т 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр надаас 6.800.000 төгрөгийн 1сарын дараа 500.000 төгрөг нэмж өгнө гэж зээлж авсан юм. Тэгээд 1 сарын дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр утсаар Т ахтай холбогдож утсаар ярьхад ахых нь мөнгө бүтэхгүй байна хугацааг нт хойшлуулж өгөөч ах нь үндсэн мөнгө болох 6.800.000 төгрөг дээрээ 1.200.000 төгрөг нэмж өгье гэсэн. Тэгээд би 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Т ахын 90773322 гэсэн дугаарын утас руу нь залгахад утсаа авахгүй байсан тэгээд би 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс Төв аймгийн Эрдэнэ сумын "Хүнхэр хар" гэх нэртэй газар луу самаранд яваад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн төвд ирээд Т ахтай утсаар холбогдоод би зээлсэн мөнгөө авъя гэхэд ах нь мөнгөтэй болж амжаагүй байна ахынхаа 87-18 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Toyota Succeed машиныг авчих гэхээр нь би та машинаа хэдэд өгөх юм гэхэд чи 10.800.000 төгрөгөнд ав гэсэн. Би надад таньд өгөх зөрүү мөнгө байхгүй гэхэд Т ах чи хэзээ мөнгөтэй болох юм гэсэн. Би самаранд явж ирээд л мөнгөтэй болно гэж хэлсэн чинь тэгвэл самранд явж ирээд зөрүү 2.800.000 төгрөгөө өгөөрэй одоо машинаа чи нэр дээрээ шилжүүлээд ав гээд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр билүү 25-ны өдөр Т ах 87-19хэа улсын дугаартай цагаан өнгийн Toyota Succeed маркийн тээврийн хэрэгслээ миний нэр дээр шилжүүлж өгсөн. Т ах надаас мөнгө зээлэхдээ болон машин худалдан авахдаа бичгээр гэрээ байгуулаагүй. Одоо 87-19 хэа улсын дугаартай Toyota Succeed маркийн машиныг Т ах унаж байгаа би зөрүү мөнгөө өгөөд машинаа авахаар тохирсон юм. Би Т ахыг 87-19 хэа улсын дугаартай Toyota Succeed маркийн машиныг малын хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласаныг 2021 оны 01 дүгээр сард Үер гэх цагдаагаас мэдсэн. Би Т ах гэх хүнд машины зөрүү болох 2.800.000 төгрөгийг өгнө. Би Төөс 87-19 хэа улсын дугаартай Toyota Succeed маркийн машинаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/
Гэрч С.Ганцэцэгийн өгсөн:...Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн спорт хорооны манаач Халтар гэж дууддаг хүн над дээр ирж үхрийн мах зарна гэж цагаан өнгийн пробокс машинтай ирсэн. Тэгээд махыг нь худалдаж авахаар болоод махыг нь килограмлаж үзэхэд 180 кг, 169 килограммтай хоёр үхэр байсан. Би тухайн үеийн хамгийн ханш болох 1 килограммыг нь 8000 төгрөгөөр худалдаж авсан нийт дүн 2.792.000 төгрөг болж мөнгийг нь 5954249138 дансанд шилжүүлсэн. Данс эзэмшигч нь Ж.Содномдаш гэсэн данс байсан. Энэ үхрийн мах нь анх ирэхдээ Баянхутга сумын 4 дүгээр баг Ганпүрэв гэх айлаас авсан гэж хэлж байсан, маргааш нь би Баянхутга сумын 4 дүгэр баг байхгүй гэдгийг мэдээд дахиж Халтар гэх хүнтэй холбогдож үзэхэд Баянхутга сумын 3 дугаар баг гэж дахин хэлсэн. Анх ирэхдээ мал махын гарал үүслийн бичиггүй ирсэн, тухайн үед би гарал үүслийн бичигээ нэхэхэд надад эргүүлээд аваад ирье гэж хэлээд явсан. Надад зарсан хоёр үхрийн мах нь эр үхрийн мах байсан, миний харсанаас шүдлэн юм уу хязаалан насны үхрийн мах байх шиг байсан. Шороо болгож нэлээн муухай ажилласан мах байсан. Урьд өмнө надад мах зарж байгаагүй 12 дугаар сарын 23-ны өдөр надад мах зархаар ирэхдээ нэг хүнтэй явж байсан, би тэр хүнийг нт огт хараагүй хүн байсан. Халтар гэх хүний албаны бүтэн нэрийг нь мэдэхгүй өөр нэртэй үгүйг нь мэдэхгүй байна. Би 87-19ХЭА гэсэн автомашин байсан, би махыг нь худалдаж авч байхдаа машиных нь улсын дугаарыг нь харж байгаад тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/
Гэрч С.Ариунболдын өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 41-10 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед өөрийн ажил болох Хэрлэн зоогийн цайны газар дээр байж байтал Т манай ажил дээр орж ирээд надаас үхрийн мах авах уу гэж асуухаар нь ямар насны үхэр юм бэ, хэдээр өгөх юм гэтэл, шүдлэн үхэр байгаа 8000 төгрөгөөр өгнө гадуур угаасаа тийм ханштай байна гэж хэлэхээр нь 8000 төгрөг үнэтэй байна 7000 төгрөгөөр өгчих гэсэн чинь за тэгвэл очоод махаа үзчих гэсэн юм. Тэгээд Т бид хоёр гадаа гарсан чинь Тийн 87-19 ХЭА улсын цагаан өнгийн Succeed машин дотор зүс таних Ц сууж байсан. Тэгээд бид гурав Тийн гэрлүү явах гэтэл манай эхнэр Оюун-Эрдэнэ надруу залгаад гэрт ирээд хүүхдээ харж бай би гарах яаралтай ажилтай болчихлоо гэхээр би за чи гэртээ хариад байж бай би ажилтай болчихлоо завтай болохоороо чамруу залгая гэж хэлээд би гэрлүүгээ яваад өгсөн. Орой 21 цаг болж байхад Т надруу залгаад үхрийн махаа авах юм уу авах бол хүрээд ир гэхээр нь хаана байгаа юм гэж асуутал Т гэртэй байна гэж хэлэхээр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байдаг банкны байранд байрлах Тын гэрт явж очоод үхрийн махыг хараад за за авъя чи чи надад мал махны гарал үүслийн бичгээ өгчих гэтэл Батноров суманд малын тооллоготой байгаа болохоор гарал үүслийн бичиг өгөхгүй байгаа би чамд маргааш бичиг аваад өгнө гэхээр бичиг байхгүй бол би авахгүй гэтэл би чамд маргааш найдвартай бичгийг өгнө гээд гуйгаад байхаар нь за за авч өгөөрэй гээд чи тэгээд үхрийн махаа хэдээр өгөх юм гэтэл надад 1.000.000 төгрөгийн хэрэг байна 1.000.000 авчих гэхээр нь би 950.000 төгрөгөөр авъя гэтэл тэг тэг гэхээр нь Тийн 87-19 хэа улсын дугаартай цагаан өнгийн Succeed маркийн машинд үхрийн махыг нь ачаад Хэрлэн зоог цайны газарт нь буулгаж өгчихөөд Т яваад өгсөн. Маргааш нь буюу 12 дугаар сарын 24-ний өдөр 17 цаг өнгөрч би өөрийн гэртэй байж байтал Т манай гэрт ирээд мөнгөө авъя гэхээр нь Тийг дагуулаад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах Хас банкны АТМ орж АТМ-с 930.000 төгрөг аваад надад бэлэн байсан 20.000 төгрөгөө нэмээд Тт 950.000 төгрөг бэлэн тоолж өгөөд Тийг өөрийнх нь машин дээр буулгаж өгөөд гэртээ орсон. Тухайн үхрийн мах нь 143 кг болж байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 хуу/
Гэрч Ж.Содномдашын өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг А33 дугаар байрны 43 тоотод эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 18 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Халтар буюу Бат-Эрдэнэ надруу утсаар залгаад "Чиний виза карт байгаа юу" гэж асуухаар нь надад карт байгаа гэдгээ хэлэхэд дансаар мөнгө шилжүүлээд картыг ашиглаад хэдэн төгрөг авах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө Хаан банкны 5954249138 дугаарын дансаа мессежээр Бат-Эрдэнэ рүү явуулсан. Ингээд байж байтал багацагаар 10 орчим минутын дараа Бат-Эрдэнэ над руу утсаар залгаад танай байрны гадаа байна виза карт аваад гараад ир гэхээр нь би гэрээс гарч очиход цагаан өнгийн суксед юм уу, пробокс машинтай Бат-Эрдэнийн эхнэрийн хүүхэд нь болох Тоодой гэх залуу хамт машин бариад явж байсан. Тоодойгийн бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Тэгээд би машинд нь суугаад Цэцэн хаан үйлчилгээний төвийн арын Хаан банканд ирэхэд Тоодой нь надад хандан 2.780.000 аваад өгчих үлдсэн 10.000 төгрөгийг нь та аваарай гэсэн. Ингээд би хэлсэн ёсоор мөнгийг нь гаргаж өгөөд Нутгийн дэлгүүр орж, 1 хайрцаг улаан шонхор тамхи, 2.5 литрын 1 сав шар айраг худалдаж аваад шууд Бат-Эрдэнийд очсон. Бат-Эрдэнийд ирэхэд эхнэр нь хоол хийгээд хүүхэдтэйгээ хамт байж байсан гаднаас өөр хүн байгаагүй. Ингээд бид хоол идээд пивоо ганцаараа уусан, Бат-Эрдэнэ Тоодой нар уугаагүй, Тоотой нь хоол идээд гараад явсан, хаашаа явсныг нь би мэдээгүй, Бат-Эрдэнийн хашаанд Тоодойгийн гэр байдаг юм гэр лүүгээ орсон юм уу? гараад явсан юмыг мэдээгүй, намайг гарч бие засаж байхад Бат-Эрдэнийн хашааны харалдаа нэг цайван өнгийн приус-20 маркийн машин байх шиг харагдаж байсан чухам тэнд ямар хүмүүс байсныг би мэдээгүй. Тэгээд би ганцаараа пиво ууж, кино үзэж байгаад шөнө болохоор нь Бат-Эрдэнийд унтаж амарсан бараг шөнийн 00 цэг цаг өнгөрч байхад унтсан байх. Би ямар учиртай гэдгийг нь асуугаагүй, ийм хэмжээний мөнгө орно гэж бодоогүй...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн орчин Бат-Эрдэнэ надтай утсаар залгаж ярьсан тухай мэдүүлсэн. Одоо би өөрийнхөө гар утсан дээрээс хэдэн цаг хэдэн минутад залгаж ярьсан байгааг нь хэлнэ. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой 18 цаг 28 минутанд надруу утсаар залгаж 41 секундийн яриа хийсэн. Ингэж ярихдаа миний Хаан банкны виза картыг шалгаж, миний дансаар мөнгө шилжүүлж авах тухай ярьсан. Үүний дараа 18 цаг 29 минутад өөрийнхөө утаснаас Бат-Эрдэнийн 99144998 дугаарын утасруу өөрийнхөө Хаан банкны 5954249138 дугаарын дансыг мессежээр явуулсан. Үүний дараа 18 цаг 43 минутад Бат-Эрдэнэ өөрийнхөө 99144998 дугаараас надруу залгаж 09 секундийн яриа хийсэн байна. Ингэж ярихдаа хувцсаа өмсөөд гараад ирж байгаарай гэж хэлсэн. Үүний дараа 18 цаг 48 минутад дахин залгаж намайг бууж ирж байна уу, би гэрийн чинь гадаа ирсэн байна гэж хэлсэн. Би энэ хооронд хувцсаа өмсөөд бууж амжаагүй байсан. Намайг хувцсаа өмсөөд гараад очиход манай байрны үүдэнд зогсож байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-47, 48-49 хуу/]
Гэрч Ц.Бат-Эрдэний өгсөн:...Би Тийг танина аа. Би Тийн хойд эцэг болох хүн юм. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... 2019 оны 10 дугаар сард манай аав өөрийнхөө ТОЗ-8 маркийн бууг галт зэвсгийн бүртгэлд оруулах гэж хөдөөнөөс сумын төвд гэртээ авч ирсэн. Тэгээд байж байтал 2019 оны сүүлээр 11 дүгээр сард байх гэж бодож байна Т манай гэрт ирээд буугаа өгчих гэж гуйсан...буугаа авъя гэтэл бууг чинь өгөхгүй, би чамд өгөх юм байхгүй гэж хэлэхээр нь бариад автал хажууд ойрхон байсан машины төмөр бариад намайг цохьсон. Тэгээд би буугаа авч чадалгүй явсан. Ер нь буугаа авна гэх болгон хэрүүл болдог... 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн орой гэртээ ирэхэд Тоодой буюу Т гэртээ ирсэн байсан. Тэгээд надаас мах худалдаж авдаг ченж байна уу гэхээр би Гангаа гэх ченжийг таньдаг болохоор уг ченжид заруулж өгсөн юм...Мах зарахдаа Баянхутаг сумаас явж байгаа гэж хэлсэн. Мөн Баянхутаг сумын нэг багийн нэр болон нэг хүний нэр хэлсэн би ямар нэр хэлснийг нь санахгүй байна. Гарал үүслийн бичиг байхгүй байсан. Т хэлэхдээ маргааш араас бичиг нь ирэхээр нь гарал үүслийн бичгийг нь өгнө гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг, /1-р хх-н 72, 75, 65,50-51 хуу/
Гэрч М.Түвшинжаргалын өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Сүрхий толгой" гэх газарт эхнэр хүүхдийн хамт хувийн мал аж ахуй эрхэлж амьдардаг. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 11 цагийн орчимд байх гэртээ байж байтал саахалт айлын Б.Баянбадрал морьтойгоо ирээд манай үхрийн хэвтэр дээр гурван хүрэм сэвс гаргаад хаячихсан байна. Та надтай машинаараа яваад өгөөч, шинэ цас орсон болохоор мөр нь тод байна гэхээр нь би явж өгсөн. Мөр нь явсаар байж байгаад Баярдорж гэх айлын хаваржаан дээр ирсэн Б.Баянбадрал саравчны хойгуур урдуур явж байгаад саравчны дээр байсан өвсний дунд хэсэг цас арилсан шинжтэй болохоор нь дээр гараад өвсийг нь сөхөж үзтэл 2 ногоон өнгийн шуудайтай юм гаргаж доош нь шидсэн тэгээд өвсийг цааш ухаж үзтэл 3 үхрийн толгой гаргаж ирээд саравчны ард тал руу буулгасан. Шуудайтай зүйлийг задалж үзэхэд үхрийн 12 ширхэг шийр, арьсыг нь хэсэгчилэн хэрчсэн байдалтай гаргаж ирсэн. Эдгээр толгой ширээ нь хөлдөөгүй байсан. Ингээд 3 толгойг сумын цагдаад аваачиж өгсөн...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 хуу/
Гэрч Д.Баярзулын өгсөн:..Би 2020 оны 12 дугаар сарын 22 өдөр 11 цагийн үед гэртээ байж байтал тэгээд Г.Түмэнбаяр манай гэрт машинтайгаа ирээд хөдөө явж мал ажиллах гэсэн юм хөлс мөнгийг нь өгнө гэхээр би зөвшөөрөөд явахаар болсон. Тэгээд намайг аваад Тоодойгийнд очиж аваад бид 3 Батноров сумын 4 дүгээр багт Г.Гүрдорж гэх айлд очиж 2 адуу, 4 үхэр ажилласан. Тэгээд малаа ажиллаж дуусаад байж байтал сумын төвөөс Д.Гомбосүрэн анх ирээд махыг нь хиллэж авсан тэгээд Тоодой Г.Түмэнбаяр гээд гурав 17 цагийн үед ирээд намайг гэрт буулгаж өгөөд явсан. Би сайн машины марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 хуу/
Гэрч Б.Баянбадралын өгсөн:... Би Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг "Сүрхий толгой" гэх газарт эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагийн үед гэрээс гараад морьтойгоо үхрээ эргээд явж байтал үхрийн хэвтэр дээр гурван үхрийн сэвс гараад хаячихсан байсан. Үхрийн гэдэс нь бараг халуунаараа уур савсаад байж байсан. Тэр шөнө цас орсон болохоор машины явсан мөр тод байсан болохоор мөрийг нь дагаад явсан. Мөр нь Хэнтий аймгийн Бэрх хот руу явдаг замаар ороод ертөнцийн зүгээр баруун тийш чиглэлтэй явсан байхаар нь би мөрийг нь дагаж явсаар Баярдорж гэх хүний хаваржаан дээр ирж зогссон байсан. Тэгээд би саравчинд дотуур явж үзтэл нэг үхрийн мөр орсон байхаар нь орж үзэхэд ороод гарсан байсан. Тэгээд саравчнаас гараад ар тал руу явсан мөр байхаар нь дагаж үзэхэд саравчин дээр нь хэсэг өвсний цасанд арилсан шинжтэй байхаар сөхөж үзэхэд 25 килограммын 2 шуудайтай байх юмыг үзтэл үхрийн жижиглэж хэрчсэн арьс гарч ирсэн. Тэгэхээр нь өвсийг нь дахин цааш үзтэл гурван үхрийн толгой шийр нь гарч ирсэн. Тэгээд гурван үхрийн толгойг нь аваад Батноров сумын цагдаад аваачиж өгөөд ирсэн. Би өөрийнхөө үхрийг байж магадгүй гээд араас нь явсан юм. Очоод үзэхэд манай үхрийн арьс толгой биш, харин манай найз Гын нэг үхэр нь байсан. Нөгөө хоёрын бол таниагүй. Манай хөдөө гэрээс холгүй байдаг Түвшинжаргал гэх айлд очиж морио орхиод машинтаы нь цуг явж мөрийг дагасан юм...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-58 хуу/
Гэрч Ё.Батын өгсөн:...Б.Ц бид хоёр садан төрлийн холбоо байхгүй. Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ээлжтэй байсан бөгөөд намайг гарч байхад тус өдрийн 16 цаг 30 минутын орчимд Ц нь цагаан өнгийн Суксед гэх машинтай буудлын гадаа ирээд ганцаараа орж ирээд өрөө авсан. Тухайн үед Цыг хүргэж ирсэн машин нь яваад өгсөн Б.Ц буудлын 206 тоот өрөөнд ороод 30-40 орчим минутын дараа нөгөө цагаан машин нь буудлын гадаа ирээд Б.Ц өрөөнөөс гараад тэр машинд суугаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60 хуу/
Гэрч М.Болорцэцэгийн өгсөн:...2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай нутгийн Тоодой гэж дууддаг залуу над руу утсаар залгаад калибр бууны сум байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би цөөхөн хэдэн сум байгаа гэж хэлсэн. Тэгээд байж байтал орой харанхуй болж байх үед Т манайд орж ирээд сум асуухаар нь нөхрийнхөө хэрэглэж байгаад үлдээсэн 4 ширхэг сум байсныг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 68 хуу/
Гэрч Д.Түмэннастын өгсөн:...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 12-04 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн орчимд Батноров сумын харьяат Т /Тоодой/ гэх бариач залуу цагаан өнгийн автомашинтай манайд ирсэн. Тэгээд нэг буу оруулж ирээд энэ бууг танайд түр байлгаж байя, дараа нь авья гэж хэлээд үлдээгээд явсан. Тухайн үед надад ямар учиртай буу болох талаар хэлээгүй...” гэх мэдүүлэг,/1-р хх-ийн 70 хуу/
Иргэний нэхэмжлэгч Л.Цоодолын өгсөн:...Надад өөрийн эзэмшлийн галт зэвсэг байдаг. ТОЗ-8 маркийн зэвсэг байдаг. Бүртгэлтэй бичиг баримт байгаа. 24493 дугаартай замаг бол миний бууны замаг биш. Миний ТОЗ-8 галт зэвсэг замагтай байсан. 2019 оны өвөл манай хүү Энхбаяр миний бууг сумын төврүү бүртгүүлэх гэж явсан би замгийг нь аваад үлдсэн. Одоо замаг манай хөдөө гэрт байгаа би дугаарыг нь сайн мэдэхгүй байна. Би буугаа замагтай нь хадгалдаггүй юм аа замгийг нь салгаад өөр газарт хийдэг. Би 2019 оны өвөл өөрийн төрсөн хүү Энхбаярт сумын төврүү бүртгүүлээд ир гэж хэлээд өөрөө замгийг нь авч үлдээд буугаа өгөөд явуулсан. Тэгээд бууг маань авчирч өгөхгүй болохоор нь Энхбаяраас асуутал Тоодой аваад явсан гэж хэлсэн. Тэгээд би хүү Энхбаярыг чи яах гэж буу хүнд шилжүүлж байгаа юм чамайг бүртгүүлээд ир гэж хэлээ биздээ гэхэд Энхбаяр Тоодой авч яваад өгөхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би Тоодойтой уулзалгүй хүү Энхбаярыг чи өөрөө олж ир гэж хэлсэн. Би өөрийн ТОЗ-8.01 маркийн галт зэвсэгээ авсан гээд байгаа Төөс нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-9 хуу/
Хохирогч Г.Г, Т.Ц нарын алдсан 3 тооны үхэрний үнэлгээг 2.600.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 456 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 119-121 хуу
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт:
1.Шинжилгээнд ирүүлсэн 3 тооны үхрийн толгой тус бүрд 8 мм, 5 мм, 5мм бүхий гадны механик хүчин зүйлээр үүсгэгдсэн нүхнүүд байна.
2.Хэргийн газарт байгаа малын толгойнуудад 5,6х15 мм-ийн калибрын сумаар буудлага үйлддэг галт зэвсгээр буудагдсан байж болно...гэх дүгнэлт /1-р хх-ийн 128 хуу/
Яллагдагч С.Тийн өгсөн:...Батноров суман дээр ирээд өөрийнхөө 87-19 ХЭА улсын дугаартай цагаан өнгийн Succeed маркийн машинаа гэрийнхээ гаднаас унаад буцаад Батноров сумын 4 дүгээр баг баг руу ганцаараа явж Баян-Уул гэх газар очиж 3 тооны үхрийг “Тоонотын жалга” газар ганцаараа нядлаад тэр оройдоо Хэнтий аймгийн төв явсан. Ингээд би аймагт орж ирэхэд 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цаг болж байсан. Тэгээд аймагт Банкны байранд байдаг гэртээ ирээд 1 үхрийн махыг буулгаад 2 үхрийн махыг Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнх хорооллын араар байдаг 2 давхар улаан тоосгон дулгүүртэй мах авдаг ченжид зарж борлуулсан...Ингээд 2 үхрийн махыг зарчихаад дараа гэртээ буулгаж үлдээсэн үхрийн махыг машиндаа ачиж Хэрлэн цайны газрын эзэн Ариунболд гэх хүнд зарсан. Тэгээд би тэр оройгоо Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийт хороололд Болороо гэх эмэгтэйгийндээ орж унтсан...Би үхэр зарахаа очихдоо манай ээжийн нөхөр Халтар гэх хүнтэй хамт очиж зарсан. Үхрийн махны мөнгө нь 2.790.000 орчим төгрөг болсон. Мөнгийг нь Халтар ахын найз Содномдаш гэх хүний дансаар шилжүүлэн зүүн захын хойд талын АТМ-аас карт уншуулж авсан...Би Тоонот жалга гэх газар очиход хэсэг үхэр байсан, хэний үхэр гэдгийг мэдээгүй. Машинаа жалганы хажууд тавьж байгаад хэвтэж байсан үхэрнээс 3 үхрийг гар чийдэн тусгаж байгаад зайнаас буудаж алсан...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтэй ганцаараа явсан байдлаар мэдүүлсэн байсан. Би энэ гэмт хэргийг Цын хамтаар үйлдсэн...2020 оны 12 дугаар сарын 22-ны орой хөдөө айлд мал нядлаад 18 цагийн үед Батноров сумын төв дээр байдаг гэртээ ирсэн. Намайг гэртээ байж байхад Ц ах над руу утсаар залгаад манайд хүрээд ир гэсэн. Би Цын гэрт очиход Ц ах намайг хамт хөдөө яваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд Батноров сумаас гараад зүүн урд зүгт 4 дүгээр багийн нутаг руу явсан. Батноров сумаас гараад 20 гаран км яваад Баян-Уул гэх газрын зүүн урд нь байдаг Тоонот жалга гэх газар очиход нэг хэсэг үхэр таарахаар нь бид хоёр ярилцаж байгаад эдгээр үхрээс нядлаж хулгайлахаар болсон...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1-р хх-н 107, 108, 167 хуу/
Яллагдагч Б.Цын өгсөн:...Баянбулаг багийн Баян-Уул гэх газар явж байхад замын хажуухан талд хэвтэж байсан их үхэртэй таарсан. Ойр хавьд айл байгаагүй...Т бид хоёр эндээс 2,3 үхэр авах уу гэж ярилцаж байгаад хоёулаа санаа нийлээд Т машиныхаа гэрлийг унтраагаад машинд байсан бууг аваад буудсан...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-н 113, 116, 171 хуу/
Шүүгдэгч С.Т, Б.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 87-19 хэа улсын дугаартай “Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 дугаартай тогтоол /хх-ийн 22 хуу/
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 21 дугаартай үнэлгээгээр 87-19 хэа улсын дугаартай Toyota Succeed маркийн тээврийн хэрэгсэлийг 7,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ / 1-р хх-ийн 138-139 хуу/
С.Т, Б.Ц нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 176, 177 хуу/
С.Т, Б.Ц нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 189, 190 хуу/
87-19 хэа улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн лавлаагаа /1-р хх-ийн 240 хуу/
Б.Ц нь ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажил байхгүй, амьдралын түвшин доогуур, Баянбулаг 4 дүгээр багийн иргэн мөн болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Батноров сумын Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 219 хуу/
С.Т, Б.Ц нар гэмт хэрэг үйлдэхдэ ашигласан ТОЗ-8 маркийн галт зэвсэгийн үнэлгээг 640.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 106 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 247-250 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / 2-р хх-ийн 10-12 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.Т, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Т, Б.Ц нар нь бүлэглэн 2020 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө бүлэглэн, Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр багийн нутаг “Тоонот жалга” гэх газраас тус багийн малчин Г.Гын 2 тооны үхэр, Т.Цийн 1 тооны үхэр буюу бусдын олон тооны малыг ТОЗ-8 маркийн буугаар буудан, 87-19 ХЭА улсын дугаартай Тоёота суксед маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн хулгайлж иргэн Г.Гт 1.800.000 төгрөгийн, Т.Цэд 800.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Г, хохирогч Т.Ц, гэрч С.Ганчимэг, Д.Ариунболд, Ж.Содномдаш, Ц.Бат-Эрдэнэ, Б.Баянбадрал нарын мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ Toyota Succeed маркийн автомашиныг үхэр байгаа газарт очих, үхэрийг ачих зэрэгт ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд тухайн гэмт хэргийг үйлдэхдээ машин, механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчнар нь үхэрийг тууж явсан нь тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан гэм хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.Т, Б.Ц нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан буюу бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, машин механизм ашиглаж олон тооны малыг хулгайлсан гэх гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч С.Цт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил, Б.Тт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн буу 320,000 төгрөг хэрэгт хадгалах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 87-19 хэү улсын дугаартай Toyota Succeed маркийн автомашины үнэ 3.700.000 төгрөг гаргуулж улсын орлого болгох, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэх дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар тус тус хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих, С.Тыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц, С.Т нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн бууг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлж, 87-19 хэа улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгчид нь буцаан олгох болосныг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Сын Т, Хаадай овогт Бийн Ц нарыг мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн гэм бурууртайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Цыг 2 жил 8 сарын хугацаагаар хорих, С.Тийг 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ц, С.Т нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 7.500.000 төгрөгийн хувь тэнцүүлэн тооцож шүүгдэгч нараас тус тус 3.750.000 төгрөг, ТОЗ-8 маркийн бууны үнэ болох 640.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож, шүүгдэгч нараас 320.000 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
5. Иргэний хуулийн зааснаао шүүгдэгч нарын тус тус 900,000 төгрөг нийт 1.800.000 төгрөгийн хохиролыг гаргуулж хохирогч Г.Гт, тус тус 400.000 төгрөг нийт 800.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Цогнэмхэд олгосугай.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ТОЗ-8 маркийн бууг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт шилжүүлж, 87-19 хэа улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож нэхэмжлэгчид нь буцаан олгосугай.
7. Шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, С.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ