| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
| Хэргийн индекс | 181/2019/01908/И |
| Дугаар | 001/ХТ2020/00832 |
| Огноо | 2020-12-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00832
Т.Х-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00097 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Т.Х-ь
Хариуцагч: ...Өү ХХК
Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатарын гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2018-09-10-ны өдөр ...Өү ХХК-ийн www.medee.mn сайтад улс төрийн албаны сэтгүүлчийн ажилд орсон. 2019-04 сард байгууллагын удирдлага солигдож О.Батханд нь захирлын албан тушаалд томилогдон ирснээр ажиллах нөхцөл эрс өөрчлөгдөж, ажлын байрны дарамт, цалин хөлсний асуудал, хамт олны хоорондын харилцаа зэрэг тэвчишгүй асуудлууд бий болж эхэлсэн. Цалин хөлсийг хугацаанд нь тавихгүй удаан хугацаагаар хойшлуулж, шалтгаангүйгээр цалингаас хасалт хийж эхэлсэн. Миний зүгээс тухай бүрт нь тайлбар тавилгүй ажил үүргээ гүйцэтгэж аль болох ойлголцож ажиллахыг хичээсэн ч үр дүнгүй улам л шүүмжилж үндэслэлгүйгээр загнах нь ихэссэн. Ганц миний хувьд биш бусад бүх ажилчид удирдлага солигдсоноос хойш маш их дарамтанд ажиллах болсон. Ажилчдын зүгээс цалин дутуу бодогдож орсон талаар захирлаас асуухад та нар удирдлагатайгаа цалин ярьдаг хэн юм, битгий надтай цалин ярь гэх зэргээр ажилчидтай зүй бусаар харилцдаг байсан. Захирлын бүхий л шахалт дарамтыг үл тоон үүрэгт ажлаа хийж байхад шалтгаангүйгээр хуучин захирал Отгонбаяр руугаа явцгаа, та нартай ажиллаж чадахгүй гэх зурвас ажлын чатад удаа дараа ирүүлж эцэст нь 2019-05-06-ны өдөр ажилчдын чатад ажилчдыг илт дарамталсан зурвасыг илгээсэн. Мөн тухайн өдөр контент хариуцсан захирал Н.Оюунсүрэн Isee.mn цахим хуудсын мэдээллийг бусдад түгээхийг \шэйрлэх\ хязгаарлаж, ажилчдын хувийн орон зайд халдаж эхэлсэн. Миний бие ажлаас нэг ч удаа хоцроогүй, даалгасан үүрэг даалгавар, материалыг цаг тухайд нь биелүүлж байсан. Хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтан харилцан бие биенийхээ өмнө үүрэг хүлээдэг байтал О.Батханд нь ажилчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, шахаж дарамталж байсан. 2019-06-05-ны өдрийн цалингаас 200,000 төгрөг дутуу орж, маргааш өглөө 10.00 цагт захирал О.Батханд, контент хариуцсан захирал Н.Оюунсүрэн нар дуудаж загнаж, доромжилж ажлаас гарахыг шаардсан. Цаашид тэвчишгүй хүнд дарамт шахалтанд орж ажлаасаа хөөгдсөн. Ажлаа хийгээд сууж байтал “яваагүй байгаа юм уу” гэхэд нь “..халагдах тушаалаа авъя..” гэтэл халагдах тушаал өгөхгүй, амралтын мөнгө ч өгөхгүй, чи өргөдлөө өгөөд яв гэсний дагуу би та нарын шаардсаны дагуу өргөдлөө өглөө гээд бичиж өгсөн. Халагдсан даруйдаа хөдөлмөрийн гэрээний хувь, ажилд орсон гарсан тушаал болон халагдсаны тэтгэмж, ажилласан хоногийн цалин бодуулах гэтэл огт авч хэлэлцээгүй. Би өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгөөгүй. Иймд ...Өү ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтны өмнө хүлээсэн үүргээ зөрчиж албан шахалтаар хууль зөрчиж ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Ажилтан Т.Х-ь нь ...Өү ХХК-д 2018-09-24-ний өдрөөс ажилд орсон. Тэрээр ажиллах хугацаандаа компанийн дотоод журмыг удаа дараа ноцтой зөрчиж, санхүүгийн асар их дутагдал гаргасан нь баримтаар нотлогдсон. Энэ талаар аман байдлаар сануулга өгч байсан. Т.Х-ийн цалинг хассан, цалинг хугацаанд нь олгоогүй асуудал огт үүсээгүй болохыг ...Өү ХХК-ийн нийгмийн даатгалд илгээсэн тайлан болон ажилтнуудын цалинг сар бүрийн 5, 20-ны өдөр олгож байсан нь банкны баримтаар нотлогддог. Т.Х-ь нь нэхэмжлэлдээ 2019-06-25-ны өдөр контент хариуцсан захирал Х.Оюунсүрэн www.isee.mn сайтын мэдээ мэдээллийг шейрлэж болохгүй гэж хэлсэн гэж бичсэн байна. Гэтэл тэрээр ажлаас гарах өргөдөлдөө гүйцэтгэх захирал О.Батханд та www.isee.mn сайтын мэдээг тавьсан тохиолдолд ажиллуулахгүй гэж хэлсний дагуу ажлаа өгч байна. Зүй бус шаардлага гэж үзэж байна хэмээн бичсэн байна. Үүнийг түүний бичсэн ажлаас гарах өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй харьцуулан харж болно. Т.Х-ь нь компанид ажиллах хугацаандаа С.Бямбацогт гишүүнтэй 2019-04 сард ...Өү ХХК-н байгуулсан гэрээний 2сая төгрөгийг бэлнээр авсан. С.Бямбацогт албан мэдээ оруулах хүсэлтээ ирүүлж сарын өмнө гэрээний мөнгө өгсөн тул мэдээ оруулах хүсэлтээ компанид хүргүүлснээр түүнийг гэрээний мөнгийг компанид тушаагаагүйг мэдсэн. Тэрээр уг хугацаанд мөнгийг бэлнээр авсан болохоо байгууллагад огт мэдэгдээгүй. Түүнийг ажлаас гарсны дараа буюу 2019-06-13-ны өдөр цагдаад мэдэгдэнэ гэсний дараа 15 цаг 17 минутанд ...Өү ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Ийнхүү компанийн гэрээ хийсэн 2 сая төгрөгөөс 200,000 төгрөгийг өөртөө авч 1,8сая төгрөгийг шилжүүлсэн. Компанийн хөрөнгийг ийнхүү 2 сарын хугацаанд хувьдаа ашиглаж байсан нь тогтоогдсон. Т.Х-ьд итгэж чуулганыг сурвалжлах эрх олгосон боловч тэрээр байгууллагын нэр хүндийг ашиглан УИХ-н гишүүн Н.Учралтай гэрээ байгуулж medee.mn сайтад Н.Учрал гишүүний мэдээ мэдээллийг удирдлагад мэдэгдэлгүй оруулах болсон. Үүнийгээ Н.Учрал гишүүний сургуульд хүүхдээ үнэ төлбөргүй оруулж байгууллагын нэр хүндээр бартер хийсэн хэмээн тайлбарладаг. Холбогдох гэрээг асуухад аман гэрээ хэмээн тайлбар өгсөн нь байгуулсан гэрээгээ компанид өгч мэдэгдээгүй атлаа компанийн нэр хүндийг ашиглан өөртөө ашигтай нөхцөл байдал үүсгэсэн, компанийн дотоод журмыг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Т.Х-ь нь ажилд орсон, ажлаас гарсан тушаал, халагдсаны тэтгэмж авах тухай удирдлагад хандаагүй бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ашиглаж байсан техник тоног төхөөрөмж, баримт бичиг бусад эд зүйлсийг хүлээлгэж өгөлгүй ажлаа орхин явж ажлаас гараад 5 хоногийн дараа өөрийн өмнөх захирал М.Отгонбаярын www.isee.mn сайтад мэдээ мэдээлэл түгээж өөрийн нэрээр нийтэлж эхэлсэн. Өмнө ажиллаж байсан компанид ажлаа хүлээлцэж, тооцоо нийлэхгүйгээр ажлаа өөрийн хүсэлтээр орхиж явсан. Ажлаас гарсны дараа сайтын нэр хүндийг ашиглан Киргиз улс руу амарсан бөгөөд түүний гаргасан санхүүгийн зөрчлийг тодруулахад тэрээр ажилтны нийгмийн асуудлыг шийдэх ёстой хэмээн удирдлагын тавьсан шаардлагыг эсэргүүцэн компанийн нэрийг барьж санхүүгийн зөрчил гаргаснаа зөвтгөн маргаан хийж зохисгүй авирласан. Мөн гүйцэтгэх захирал Л.Мөнхтөрийн Уул уурхайн яамтай хийсэн гэрээний хувийг авна хэмээн утсаар давшилж илт санхүүгийн ашиг сонирхолтой үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Түүнийг компанийн зүгээс дэмжиж БНХАУ-д 2019-05 сард томилолтоор явуулсан бөгөөд захирал О.Батханд нь түүнийг ерөнхий редактороор томилохоор ярилцаж байсан. Гэтэл тэрээр өөрийн ажиллаж буй компанийг мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж, ажилдаа чин сэтгэлээсээ бус, ашиг сонирхлын үүднээс хандаж байсан тул Т.Х-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.Х-ь нь өрсөлдөгч байгууллага болох www.isee.mn сайтын мэдээ, мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудсаар шейрлэж байсан учраас удирдлагын зүгээс 2019-06-06-ны өдөр өрөөндөө дуудаж энэ талаар тайлбарлан хэлсэн боловч хүлээж аваагүй. Тэрээр ажлаас халагдах өргөдлөө өөрөө бичиж өргөдөлдөө энэ талаараа бичсэн байдаг. Т.Х-ь нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн учраас ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 181/ШШ2020/00097 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Т.Х-ийг ...Өү ХХК-ийн эрхлэн гаргадаг Medee.mn сайтын сэтгүүлчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ...Өү ХХК-иас 9,796,814 төгрөг гаргуулж Т.Х-ьд олгож, Т.Х-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж дэвтэрт нь бичилт хийхийг ...Өү ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс а чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 241,899 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 171,699 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: магадлалын хянавал хэсэгт Хариуцагч тушаалын үндэслэлээ нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарладаг боловч энэ хэргийн 26 дугаар тал дахь ажилтнаас, ажил олгогчид 2019-06-06-ны өдөр гаргасан өргөдлөөр үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлээ “... ажил олгогчийн дарамт шахалтаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт бичсэн, миний хүсэл зориг биш ...” гэж тайлбарладаг бөгөөд уг өргөдөлд “... таны шаардсаны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Өрсөлдөгч сайтын мэдээллийг өөрийн цахим нүүр номондоо тавьсан тохиолдолд medee.mn-д ажиллуулахгүй гэсний дагуу ажлаа хүлээлгэн өгч байна, ажил хэргийн бус шаардлага тавьсан гэж үзэж байна.” гэж бичигджээ. ...нэхэмжлэгчийн ажил олгогчийн гаргасан дээрхи өргөдлийн агуулга нь талуудын Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийн хүрээнд зөрчил үүссэнээс үүдэлтэй гэж үзэхээр байна.” гэжээ. Т.Х-ь нь манай байгууллагад ажиллаж байх хугацаандаа удаа дараа зөрчил гаргаж байхад бид амаар сануулаад өнгөрдөг байсан. Гэтэл 2019-06-06-ны өдөр isee.mn сайтын мэдээг өөрийн мэдээний хуудсанд дамжуулж тавьсан. Өөрөөр хэлбэл “...Өү” ХХК-ийн ажилтан өрсөлдөгч компанийн сайтын мэдээг өөрийн хуудсаар дамжуулан нийтэлсэн байсан. Энэ үйлдэл нь байгууллагын болоод сэтгүүлчийн ёс зүйг зөрчсөн явдал учир ажлын шаардлага тавихад удирдлагын өмнөөс өөрийгөө өмөөрч хэрүүл хийж, ажлаас гарах өргөдлөө өгөөд хуучин удирдлага байсан М.Отгонбаярын сайтад ажилд орсон явдал нь ажлаас гарах хүсэл зоригийн илэрхийлэл байсныг үйлдлээрээ харуулсан үйлдэл болсон. Гэтэл шүүх үйл явдал, нотлох баримт зэргийг үнэлгээгүй. Бид ажлаас гарах өөрийн хүсэлтийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 9,796,814 төгрөг гаргуулахаар шийдсэн. Т.Х-ь манайд 1,423,188 төгрөгийн цалин авдаггүй, үндсэн цалин дээр сурталчилгааны гэрээний 5% авдаг. Гэхдээ энэ харилцан адил биш зарим үед гэрээ орж ирэхгүй нэмэлт бодохгүй үе бас байдаг. Иймд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хөдөлмөрийн хөлснөөс илүү их хэмжээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гомдолтой байна. Иймд магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Т.Х-ь 2019-06-25-ны өдөр шүүхэд хандаж, ...Өү ХХК-ийн medee.mn сайтын сэтгүүлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. ...Өү ХХК-ийн гүйцэтгэх захирал 2019-06-06-ны өдөр Б/011 дугаартай тушаал гаргаж, “...өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн...” гэж Т.Х-ийг medee.mn сайтын сэтгүүлчийн ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлаж болох бөгөөд хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.
“Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл” гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ.
Т.Х-ь хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдөлдөө “...миний бие таны шаардсаны дагуу ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байна. Өрсөлдөгч сайтын мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудаст тавьсан тохиолдолд ажиллуулахгүй гэж хэлсний тань дагуу ажлаа хүлээлгэн өгч байна. Ажил хэргийн бус шаардлага тавьсан гэж үзэж байна...” гэснээс үзвэл, ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр өргөдөл гаргаагүй байхад ажил олгогч нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг “..өөрөө хүсэлт гаргасан..” гэж цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд нийцээгүй тул Т.Х-ийг ажил олгогч нь үндэслэлгүй халсан гэж үзнэ.
Иймд хоёр шатны шүүх Т.Х-ийг ...Өү ХХК-ийн medee.mn сайтын сэтгүүлчийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйл, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт нийцсэн байна.
2. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.
Иймд шүүх нэхэмжлэгчид олгох олговорын хэмжээг ажилтны урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж үзнэ.
3. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00097 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 645 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 171,699 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ