Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1100

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

            Улсын яллагч Х.Анхцэцэг,

            Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Их Мянгад овогт Лхагвасүрэнгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 1808007430557 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол 4 дүгээр гудамжны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Их Мянгад овгийн Лхагвасүрэнгийн Мөнхбат, РД:ЦВ87060675,

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

            Шүүгдэгч Г.М нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ц.Лхагважаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч Г.М нь хамтран амьдрагч Ц.Лхагважаргалыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :   

            - хохирогч Ц.Лхагважаргалын мөрдөн байцаалтад өгсөн:...Миний бие Г.Мтай 2017 оны 08 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 41-16 тоот нийтийн байрны 00 тоотод хамтран амьдарсан...Хамтран амьдрагч болох Г.М ...2018 оны 02 дугаар сарын 02-нд утсаар яриад байхаар нь “би чамтай хамт амьдарч чадахгүй, унаж байгаа машинаа авчирч өг, би мөнгөө олж авмаар байна” гэсэн. Машин авах үед Г.М 600.000 төгрөг гаргасан бусад мөнгийг би өөрөө банкнаас зээл авч төлсөн байсан. Гэтэл 16 цагийн орчим Мөнхбат машинтайгаа ирээд намайг жолоочийн хажуу талын сандал дээр суухад шууд л хэл амаар доромжлоод “чамайг алсан ч яадаг юм, 600.000 төгрөгтөө тааруулж зодно” гээд нүүр лүү 20-25 удаа алгадсан. Би арайхийж мултраад машинаас буугаад зугтаах үед ардаас бууж ирээд өшиглөсөн...өмнө нь 2017 оны 11 сард машин авсангүй гээд зүүн нүд сэт цохьж байсан гэх мэдүүлэг /хх-7-8/,  

            - гэрч Л.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:...Мөнхбат ах 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19-20 цагийн орчим залгаад цагдаагийн газар байна...“Лхагважаргалтай муудалцаад миний эсрэг өргөдөл өгчихсөн байна, хүрээд ир” гэхээр нь би очсон...2017 онд Төв аймгийн Баян суманд ажлаар явж байгаад танилцсан гэж хэлж байсан. 2017 оны 12 дугаар сард Лхагважаргалтай хамт байр түрээсэлж амьдарч байгаа талаар нь мэдсэн...гэх мэдүүлэг /хх-15/,

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2205 дугаартай:... Лхагважаргалын биед тархи доргилт, нүүр мөсдөд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно...гэх дүгнэлт /хх-18/

            - шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн:...Би Лхагважаргал гэх эмэгтэйг жил орчим таньдаг байж байгаад 2017 оны 12 сарын дундуур бид хоёр хамтран амьдрахаар болоод Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд нийтийн байранд хоёулаа амьдарч эхэлсэн...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Лхагважаргал миний утас руу залгаад өөрийнхөө ажил дээр дуудаад “хоолны мөнгө авчирч өг” гэхээр нь ажил ихтэй очиж чадахгүй байсан чинь утсаар хэрүүл хийсэн...Бид 2 нийлүүлж байгаад 7.500.000 төгрөгөөр худалдан авсан Тоёота Приус-20 маркийн машиныг авна гээд байхаар нь “миний мөнгө ч байгаа, зарж үрээд ч хамаагүй шийднэ” гэсэн чинь “үгүй” гээд машины түлхүүр авчихаад маргалдаад байхаар нь би Лхагважаргалын нүүр лүү 1 удаа алгадчихаад явах гэтэл явуулахгүй байхаар нь уур хүрээд нүүр лүү нь хэд хэдэн удаа алгадсан, үснээс нь зулгаасан ноцолдож байх хооронд Лхагважаргал газар унаж байсан...Би Лхагважаргалыг зодож гэмтэл учруулсан нь үнэн...гэх мэдүүлэг /хх-18/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоолож байна.  

 

            Иймд шүүгдэгч Г.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, зүйлчлэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

            Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн, хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч 2 нь 2017 оны 8 сараас хойш 1 гэрт хамт амьдарсан байх ба тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгч рүү халдсан, хүч хэрэглэсэн хууль бус, зүй бус үйлдэл хийсэн гэж үзэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгчийг тухайн хэргийг үйлдэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.     

2015 оны Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-т зааснаар тус хуулийн нэр томьёо, ухагдахууныг ойлгоход Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн 5 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн талаар тус тус заасан байх тул шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй болно.

            Шүүгдэгч хохирогчид 250,000 төгрөг төлсөн болохоо мэдүүлсэн, хохирогч гомдол саналгүй, эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн /х-72/ байна.    

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь насанд хүрээгүй 2 хүүхэдтэй болон хувийн бусад байдал, “Лийд линк” ХХК-нд ажил эрхэлдэг зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоов.      

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

            1. Шүүгдэгч Г.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.М нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГАНБААТАР

 

           11.6