Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0031

 

2014 оны 01 сарын 09 өдөр                    Дугаар 31                   Улаанбаатар хот

 

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцээд   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “Х” ХХК-ийн газар эзэмших эрхийг шийдвэр гаргах үндэслэл болсон газрын тухай холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байхад буюу огт хамааралгүй үндэслэлээр цуцалсан нь хууль ёсоор газар эзэмшиж байгаа байгууллагын эрх ашгийг зөрчсөн байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаар захирамжийг хүчингүй болгож бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Уг компанид эзэмшүүлсэн газар нь Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу 2008 онд хэрэгжүүлэх болон боловсруулах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд хотын шинэ төв барих газарт багтсан байна.

 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/242 дугаар захирамжийг хуулийн хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан болно. Иймд “Х” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 464 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Х” нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

  1. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тодорхойлж тогтоогоогүй гэж үзэж байна.

“Х” ХХК-ийн газар эзэмших эрхийн хувийн хэргийн материалыг Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас гээгдүүлсэн гэсэн тайлбар өгсөн. Газар эзэмших эрхийн хувийн хэрэг байхгүй тул шүүхээс зарим материалыг цуглуулж хэргийг шийдвэрлэсэн ч дараах нотлох баримтуудыг хэргийн материалд бүрдүүлээгүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, шүүх нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Үүнд:

  • “Х” ХХК 2003 оноос өмнө газар эзэмшиж байсан талаар нотлох баримт цуглуулах арга хэмжээ аваагүй.
  • Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсныг үгүйсгэх нотлох баримт байхгүй.
  • “Х” ХХК-ийн эзэмшиж буй газрын эзэмшлийн талаар өөр иргэн аж ахуйн нэгжийн зөрчилдөөнтэй талаарх нотлох баримтыг мөн тусгаагүй.
  • “Х” ХХК нь газар эзэмших эрхийн хүрээнд бусад иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд тухайн газар дээр хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлж байсан ба энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, тийм боломжоор хангаагүй.
  1. Анхан шатны шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Нэхэмжлэгч “Х” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон 1,0 га газар нь Нийслэлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө болон Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 11/1287 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэсэн нь хэргийг хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт хийж, нотлох баримтыг буруу дүгнэж, нотлох баримтын ач холбогдлыг алдагдуулж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Тодруулбал:
  1. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг хариуцагчийн амаар өгсөн тайлбараар тогтоохгүй. Учир нь хариуцагч нь шүүхэд буруу тайлбар гаргахгүй байх үүрэг хүлээгээгүй.
  2. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 2003 оны төлөвлөгөөнд иргэд, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг баталгаажуулах ажлыг үргэлжлүүлэн хийх ажлыг төлөвлөгөөнд тусгасан байдаг. 2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Газрын тухай шинэ хууль батлагдсанаас хойш анх удаа хийгдсэн төлөвлөгөө байсан тул энэ төлөвлөгөөнд эзэмшүүлэх газрын байршлыг нарийн тогтоогоогүй бөгөөд тухайн үеийн төлөвлөгөөний дагуу олгогдсон нь батлагдсан төлөвлөгөөнд тодорхой туссан байгаа.
  3. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 5 дугаар сарын 17- ны өдрийн 11/1287 дугаар албан бичигт “Тухайн байршилд ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй болно” гэсэн албан бичгийг ирүүлсэн боловч энэ нь 2003 оны төлөвлөгөөг үгүйсгэх үндэслэл болохгүйн дээр “инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газрыг “Х” ХХК-ийн эзэмшүүлсэн” гэсэн Нийслэлийн Засаг даргын захирамжийн үндэслэлийг үгүйсгэж байгаа нотлох баримт юм.

Эндээс үзвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөний талаар шүүх буруу дүгнэлт хийсэн гэх үндэстэй бөгөөд энэ дүгнэлтдээ үндэслэн хэргийг шийдвэрлэжээ. Түүнчлэн хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/242 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Уг захирамжаар “дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байршилд газар эзэмшүүлсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 235 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд, 22-ын шалган нэвтрүүлэх товчооны урд 10.000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд эзэмшүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээнээс бусад зориулалтаар болон хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшихээр хүсэлт гаргасан тохиолдолд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан. Гэтэл энэ тохиолдолд аж ахуйн зориулалтаар, тогтоосон хэмжээнээс илүү газар эзэмшихийг хүссэн байхад захиргааны байгууллага нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар эзэмшүүлжээ.

Нэхэмжлэгчийн “манайх 2003 оноос өмнө газар эзэмших эрх үүссэн тул дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах журам хамаарахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь 2003 оноос өмнө маргаан бүхий газрыг эзэмшиж байсан гэх баримт нотолгоо нэхэмжлэгчид байхгүй, тухайн газраа тэмдэглэж, тусгаарлаж, зориулалтын дагуу ашиглаагүй одоог хүрсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна,

Мөн “шүүхээс энэхүү нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгээгүй" гэж маргаж байгаа ч шүүхээс энэхүү нотлох баримтыг цуглуулахаар ажиллагаа хийсэн боловч маргаж байгаа үйл баримт тогтоогдоогүй байна. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрөө газрын гэрээ, гэрчилгээ түүнтэй холбоотой баримтыг хадгалж, баримтжуулаагүй, газраа ашиглаж байсан талаар нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй тул түүний гомдлыг хүлээн авах боломжгүй.

2003 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн 20 дугаар хороонд орон сууц, ажлын байрны болон бөөний төвийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр төлөвлөсөн боловч тус хорооны хаана нь газар эзэмшүүлэхийг тодорхой заагаагүй, тухайн төлөвлөсөн газарт 22-ын шалган нэвтрүүлэх товчооны урд байрлах газар орсон эсэх нь тодорхойгүй байна.

Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2-т заасан газрыг хуульд заасан журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай ашиглах, хяналт тавьж, зөрчлийг арилгах зорилгодоо нийцжээ. Учир нь нэхэмжлэгч хуулийн этгээд газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж, газрыг 2003 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй байхаас гадна дээр дурдсанаар хууль журмын дагуу газар эзэмших эрх үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн “шүүх захиргааны актад заагдаагүй үндэслэл болох газрыг ашиглаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу” гэх гомдлын тухайд захиргааны шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны актаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх зөрчигдсөн тохиолдолд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг хянадаг. Энэ хэрэгт нэхэмжлэгч хууль зөрчиж газар эзэмшиж байгаа нь тогтоогдсон, үүнийг захиргааны байгууллага эрх хэмжээний хүрээнд хүчингүй болгосон байх тул дээрх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн “газрын эзэмшлийн талаарх өөр аж ахуй нэгжтэй маргаан үүссэн учраас газар дээрээ үйл ажиллагаа явуулж чадаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүх цуглуулаагүй” гэх гомдлын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс энэхүү үйл баримттай холбогдуулан маргаж, нотлох баримт цуглуулах хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “хөрш зэргэлдээх айлуудтай орц, гарцын талаар маргаантай учраас байнгын үйл ажиллагаа явуулах боломжгүй” гэж тайлбарлаж байснаа мөн өдрийн шүүх хуралдаанд “манайх газрын ямар нэгэн маргаангүй, бусад аж ахуйн нэгжтэй зөрчилгүй” гэх зөрүүтэй тайлбар гаргаж байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар нэхэмжлэгч нотлох баримт гаргаж өгөх, хүсэлт гаргах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй байсан болно.

Нэхэмжлэгчийн “хөрөнгө оруулалт бүхий төсөл хэрэгжүүлж байсан, энэ талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, тийм боломжоор хангаагүй” гэх гомдлын тухайд нэхэмжлэгч хуулийн этгээд маргаан бүхий газарт ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн болох, түүнтэй холбоотой төсөл, баримт бичгийг шүүхэд гаргаж өгөөгүй хэр нь шүүхийг нотлох баримт цуглуулаагүй, боломжоор хангаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд, дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг баримтлан

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 464 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн хуулийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлий
н 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй