Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 43

 

    2018 оны 01 сарын 22 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00043

                     Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Авто тээврийн төв

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ийн *******д холбогдох 9869530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Авто тээврийн төвийн дарга Н.******* нь  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.******* нь тус төвд нярав, бичиг хэргийн ажилтнаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа байгууллагын дансанд төвлөрүүлэх бэлэн мөнгөнөөс 9869530 төгрөг дутаасан нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар илэрч, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн акт тавигдсан. Хариуцагч П.*******г Авто тээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/565 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иргэн П.*******д актаар тогтоосон төлбөрийг барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгө тушаагаагүй тул зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Авто тээврийн төвд нярав, бичиг хэргийн ажилтнаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ажиллах хугацаандаа тус байгууллагын дансанд төвлөрүүлсэн 9869530 төгрөгийн дутагдал гаргасан. Миний бие нь байгууллагын данснаас дутаасан 9869530 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйл байхгүй  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн Авто тээврийн төв нь П.*******д холбогдуулан 9869530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 9869530 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Авто тээврийн төв нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.*******гаас 9869530 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 172862 төгрөгийн тал хувь 86431 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Авто тээврийн төвийн нэхэмжлэлтэй хариуцагч П.*******д холбогдох 9869530 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Авто тээврийн төв нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.*******гаас 9869530 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 172862 төгрөгийн тал хувь 86431 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ