Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1036

 

 

 

 

 

 

 

 

  2020          12          15                                               2020/ШЦТ/1036                       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Цэрэндулам хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

хохирогч З.П-

шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч Ж.Наранбаяр

гэрч Э.Тамжид, Ц.Буянхүү

шинжээч С.Чулуунсүх, Г.Ханхүү, О.Оюунбаясгалан  /шинжээчид онлайнаар оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.С-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005021721395 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

       

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

М.С- нь 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд плаза төвийн 1 дүгээр давхарт байх “Хүрмэн” эмийн санд үйлчлүүлж байхдаа хохирогч З.П-тай маргалдаж, улмаар З.П-ы эрүүл мэндэд 2 гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

       Шүүгдэгч М.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Би 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Хүрмэн эмийн сангаас 2 төрлийн эм авахаар орсон. Намайг эмийн санд орох үед 1 хүн үйлчлүүлж байсан. Тухайн үед Covid 19 өвчний улмаас хорио цэрийн дэглэмтэй байсан тул би эхний үйлчлүүлэгчээс 1,5 метрийн зайтай зогсож байсан. Эмийн санд 2 эмийн санч ажиллаж байсан.  Нэг  эмийн санч нь эхний үйлчлүүлэгчид үйлчилж, нөгөө эмийн санч нь заалны бараагаа цэгцлээд тавиурын ойролцоо байсан. Тухайн үед бид 4 эмийн санд байсан. Гэтэл утсаар чанга ярьсан эмэгтэй эмийн санд орж ирээд шууд миний урдуур орж эмийн санч эмэгтэйгээс эм асуусан. Би Пүрэвсайханд хандаж “би энд оочирлож байна” гэж хэлсэн. Гэтэл  З.П-“чи юу гээд байгаа юм бэ, хөгшин юм байж, чамайг ямар хүн гэж хэлдэг юм” гээд шууд над руу өндөр дуугаар намайг доромжилсон. Тэгээд эмийн санч эхний хүнд үйлчилж дуусаад надад хандан та ямар эм авах вэ гэж асуусан. Тэгээд би хүнд загнуулаад самуурсандаа нэг эм аваад гарах гэж эргээд 2-3 алхаад нөгөө мартсан эмээ авахаар  очтол  З.П-намайг “зайл, чи юу хийж байгаа юм бэ, чи хуцалгүй зайл гэж хэлсэн. З.П-намайг хөгшин гэдгийг мэдсэн хэр нь надтай ямар ч хүндэтгэлгүй харьцаж байсан. Би Пүрэвсайханд “чи намайг сая хөгшин гээд загнаад байсан. Чи ямар их захгүй замбараагүй юм бэ, чи намайг хөгшин гэж загнаж байна. Чи хөгшин надаас дээрдэх юм байна уу, чиний ааш зан, гаргаж байгаа байдлаас үзэхэд чи бүдүүлэг байна, сэвс ” гэж хэлсэн. Гэтэл З.П-гартаа барьсан утсаараа миний толгой руу цохисон. Тэгээд бид маргалдаж, барьцалдсан. З.П-надаас том биетэй надаас 20 насаар дүү залуу хүн байна. З.П-миний биед баруун чамархайн хуйханд 2:1,5 см хавдартай, хүзүүний баруун талд 6:2 см, урд дунд хэсэг 2:5 см улаан хүрэн өнгийн зулгаралт, баруун бугалгын гадна хэсэгт 2 см, 9 см, 4 см, 6 см, 1 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн зулгаралт, 2:3, 1:1.5 см хөх ягаан өнгийн цус хуралт,  баруун гуяны гадна, дунд хэсэгт 4:3, 2:6 см хэмжээтэй  хөх ягаан өнгийн цус хуралт, зүүн шууны ар хэсэгт 0.5:0.2 см цус хуралт, зүүн тохойн дотор хэсэгт цус хуралттай гэх шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг надад учруулсан. Тэгээд гаднаас нэг залуу орж ирээд “та нар чинь эмэгтэй хүмүүс байж  ямар балиар юм бэ” гээд биднийг салгасан. Тухайн үед миний цүнх газарт унаж дотор нь байсан эд зүйлс асгарсан байсан. Тэгээд би гэнэт ухаан орж ямар хүнтэй учирчихав, алуулах юм байна, эндээс амьд гаръя гэж бодоод газарт асгарсан эд зүйлээ түүж аваад эмийн сангаас гараад явж байтал “Гранд плаза” дэлгүүрт үйлчлүүлж байсан олон хүний дэргэд З.П-ташаагаа тулж зогсож намайг хэл амаар доромжилж, хувцаснаас татаж, “чи миний утсыг эвдэлсэн байна. Би чамаар утсаа төлүүлнэ, чамайг цагдаа дуудаж өгнө, чамайг цагдаа шүүхийн өмнө ямар болохыг чинь харна” гэж хэлээд намайг буцаагаад эмийн сан руу чирч оруулаад эвдэрсэн гэсэн утсаараа цагдаа дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд миний биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Харин Пүрэвсайханы биед хөнгөн гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан.  Би дахин гэмтлийн зэрэг тогтоолгохоор прокурорт хүсэлт гаргаад шүүх эмнэлэгт үзүүлэхэд өмнөх шинжээчийн дүгнэлтийг хуулбарласан адил шинжээчийн дүгнэлт гарсан байсан. 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр толгойндоо гэмтэл авснаас хойш хэрэгт холбогдсоноос болж хойш миний толгой өвдөж байна гэж бодсон болохоос миний тархи хөдөлсөн болохыг мэдээгүй. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр тархи хөдөлсөн байж магадгүй гэж бодоод томограф зураг авхуулахад таны тархи хөдөлсөн, хавантай байна гэж  эмч хэлсэн. Тиймээс яагаад надад гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байгааг гайхаад дахин шинжээчийн дүгнэлт томилуулахаар хүсэлт гаргасан. Ингэхдээ томограф шинжилгээний хариу болон эмчийн дүгнэлтийг хавсарган дахин гэмтлийн зэрэг тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч мөн л өмнөх шинжээчийн дүгнэлттэй адил шинжээчийн дүгнэлт гарсан байсан. Шинжээч нар миний биеийн байдлыг үзэхгүйгээр дээрх дүгнэлтүүдийг гаргасан. Мөн миний томограф шинжилгээний хариу болон эмчийн дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. З.П-бид хоёрт адил гэмтэл учирсан байхад Пүрэвсайханы биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон хэр нь яагаад миний биед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байгааг ойлгохгүй байна. Мөн Пүрэвсайханы үйлдсэн хэргийг нэмж нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна. Тиймээс хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

        Хохирогч З.П- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн үед манай зуслангийн хажуу талын айлын эмээгийн ач охин халуураад байна та ирэх замдаа эмийн сангаас халууны эм аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Гранд плаза дэлгүүрийн 1 давхарт байрлах Хүрмэн эмийн санд ороход нэг охин үйлчлүүлж байсан. Өөр үйлчлүүлж байгаа хүн харагдахгүй байсан. Тэгээд дараа нь би эмийн санчаас халууны эм асууж эмийн санч халууны эмийн үнийг хэлсэн. Тэгээд байж байтал Сарантуяа ирээд “ бүхэл бүтэн амьд хүн байхад харахгүй байна уу, гэхээр нь би “өө яанаа уучлаарай эгч, та үйлчлүүл” гэж хэлсэн. Тэгээд Сарантуяаг үйлчлүүлсний дараа би лангуун дээр нь утас, цүнхээ тавиад үйлчлүүлсэн. Гэтэл Сарантуяа намайг үйлчлүүлж байхад миний ард зогсоод “залуу хүн байж, худлаа шүү дээ гэх зэргээр үглээд л байсан. Би настай хүн шүү дээ гэж бодоод түүнийг хүндлээд миний буруу юм даа гэж бодоод би дуугүй байсан. Сарантуяа явснаа эргэж ирээд эмийн санчид хандан “би эм дутуу авсан байна” гээд над руу хандаж элдвээр үглээд байсан. Тэгэхээр нь би “та хөгшин хүн байж яасан хэцүү юм бэ болиоч дээ, яасан хэцүү юм бэ” гэж хэлсэн. Сарантуяа надтай боловсон харьцсан бол би хэзээ ч Сарантуяагийн биед халдахгүй байсан. Би Сарантуяад “яасан ядаргаатай юм бэ, би тантай харьцмааргүй байна, зайл гэж хэлсэн. Гэтэл Сарантуяа намайг “сэвс, гүзээ, гахай, сохор, доголон” гэж хэл амаар доромжилсон. Гэтэл гэнэт миний толгойны зүүн ар  талаас Сарантуяа цохисон. Тэгээд намайг эргэх үед миний гар утас газар унасан. Би Сарантуяаг цохих гэсэн боловч бидний дундуур хүн орсон учир цохиогүй. Эмийн сан дотор болсон үйл явдлыг нотлох камерын бичлэг байхгүй учраас Сарантуяа худал мэдүүлэг өгч байна. Биднийг хүн салгасны дараа Сарантуяа газраас эд зүйлээ авахдаа миний утсыг “энэ утсыг шидчихье” гээд миний утсыг шидэхэд миний гар утас хананд ойгоод унасан. Тэгээд утсаа олоод цагдаа дуудах гэтэл миний утасны дэлгэц нь харанхуй болсон байсан ч товчлуур нь ажиллаж байсан тул цагдаа дуудаж, цагдаа иртэл Сарантуяаг зугтаах үед нь явуулахгүй гэж араас нь зууралдсан хэсэг камерын бичлэгт бичигдсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад очих үед би “настай хүн байна лээ, би гар утсаа төлүүлэх хүсэлтэй” байна гэдгээ хэлсэн. Мөрдөгч намайг утсаа үнэлүүлээд ир гэж хэлсэн. Миний гар утас 200.000 төгрөгөөр үнэлэгдсэн, үнэлгээний хураамж 10.000 төгрөг болсон. Үүнийгээ буюу гар утасны 210.000 төгрөг төлсөн. Надад цагдаагийн байгууллагаас камерын бичлэгт Сарантуяаг өшиглөсөн үйлдэлд чинь зөрчлийн хэрэг үүсгэсэн гээд намайг 100.000 төгрөгийн торгууль төлж барагдуулсан. Эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэх зүйлгүй” гэв.

 

        Гэрч Ц.Буянхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Тухайн үед Сарантуяа, З.П-хоёр эмийн санд байсан. Би Пүрэвсайханыг орж ирэх үед Сарантуяад үйлчилж байсан. З.П-утсаар ярьж орж ирээд эм асуусан. Тэгээд би Сарантуяад үйлчилж дуусаад Пүрэвсайханд эм олгох гэж байсан. Сарантуяа дараалал дайрлаа гэснээс Сарантуяа, З.П-нар  маргалдсан. Сарантуяа настай хүн байж  Пүрэвсайханыг сэвс гэх мэтээр маш муухай үг хэлж байсан. З.П-бол эхлээд үнэхээр дуугүй тэвчээртэй байсан. Тэгээд Сарантуяа, З.П-нар хоорондоо маргалдаж, барьцалдаж авч харилцан зодолдсон. Эмэгтэй хүмүүс байж бие биенээ гутаан доромжилсон маш харгис байсан. Сарантуяа настай хүн гэхэд маш муухай үг хэлж байсан.  Сарантуяад айж эмээсэн зүйл ажиглагдаагүй. Харин их ууртай байсан. Сарантуяа, З.П-нарын эмийн сан дотор болсон зодооныг Тамжид бид хоёр л харсан.  Минийхээр бол хамгийн их буруутай хүн нь Сарантуяа байсан” гэв.

 

Гэрч Э.Тамжид шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ Сарантуяа эмийн сангаар үйлчлүүлж дуусаж байхад З.П-гаднаас нэлээн яарсан байдалтай утсаар ярьсаар орж ирээд “...эм байна уу, эгч нь яаруу явнаа” гэсэн. Тэгтэл Сарантуяа “хөгшин хүн зогсож байхад ямар хүндэтгэлгүй юм бэ, оочир дайрлаа” гэж хэлэхэд нь З.П-“уучлаарай яарч явнаа” гэж хэлсэн.  Тэгээд хоорондоо хэрэлдэж маргалдсан.  Эхлээд Сарантуяа нь Пүрэвсайханыг гараараа цохиж авсныг би харсан. Тэгээд хоорондоо барьцалдаж авсан. Ер нь бол харилцан зодолдсон. Сарантуяа нь Пүрэвсайханы цүнхнээс татахад Пүрэвсайханы хүзүү нь улайгаад байсан. Хоёулангийнх нь эд зүйлс эмийн сангийн шалан дээр унасан. Тэгэхэд Сарантуяа газраас нэг гар утас аваад “ өө миний утас биш байна” гээд шидсэн. З.П-Сарантуяаг “цагдаа иртэл таныг явуулахгүй” гээд цүнхнээс нь зуурсан байсан. Сарантуяа их ууртай гарсан. Манай эмийн сангийн камер ажиллахгүй байсан.  IT хэлэхдээ камерын hard нь гэмтсэн гэж байсан” гэв.  

 

        Шинжээч С.Чулуунсүх шүүх хуралдаанд /онлайнаар/ мэдүүлэхдээ “Би 933 дугаартай шинжээчийн дүгнэлтийг  гаргасан. Пүрэвсайханд учирсан зөөлөн эдийн гэмтэл, баруун шуу, зүүн гуяын цус хуралт, хүзүү зүүн хацар баруун бугалга зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлүүд нь тус бүрдээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дугаар зүйлд зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд биеийн гадаргуугийн 1 хувиас илүүгүй жижиг хэмжээний зулгаралт цус хуралт үүссэн бол гэмтлийн зэрэг тогтоохгүй гэж заасан байдаг.  Энэ гэмтлүүд нь нийлээд биеийн гадаргуугийн 1 хувиас илүү гарсан тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд тооцно.  Өмгөөлөгчийн асуултад хариулахад гэмтлийн зэрэг тогтоох журмын хүснэгт 13-ын 60 дугаартай зөөлөн эдийн гэмтэл хэсэгт биеийн гадаргуугийн 1 хувь хүртэлх талбайг хамарсан зөөлөн эдийн гэмтэл 5 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтын алдуулна гэж заасныг баримтлаагүй. Учир нь хүснэгт 13-ын 60 дугаарт  нүүр болон хүзүүнд үүссэн сорви гэж бичсэн байгаа. Биеийн гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн хүний өөрийнх нь гарын алганы хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл хүний биед учирсан гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй ч нийлээд тухайн хүний гарын алганы хэмжээнээс илүү байвал гэмтлийн зэрэгт хамаарна гэсэн үг юм. Гэмтлүүд нь нийлээд тухайн хүний гарын алганаас хэтрэхгүй байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм” гэв.    

 

 Шинжээч Г.Ханхүү шүүх хуралдаанд онлайнаар мэдүүлэхдээ “Сарантуяагийн биед учирсан зулгаралт гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан. Сарантуяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй. Тархины дүрс оношилгооны зургийг заавал дүрс оношилгооны мэргэшсэн эмч нягталсны эцэст  дүгнэлт гаргадаг. Сарантуяа томографикийн шинжилгээ  хэрэг болсноос хойш 1 сар хагасын дараа авхуулсан зураг байдаг. Тархи доргисон тохиолдолд гэмтэл авснаас хойш 28 хоногийн дотор бүрэн эдгэрдэг. Хэрэв энэ гэмт хэргийн улмаас тархи доргилт үүссэн бол 1 сар хагасын дараа тархи доргилт илрэхгүй” гэв.

         Шинжээч  О.Оюунбаясгалан  шүүх хуралдаанд /онлайнаар/ мэдүүлэхдээ “2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Сарантуяагийн тархины зураг бичлэгийг уншиж дүгнэлт гаргахад тархины хавангийн шинж илрээгүй. Би Сарантуяагийн тархины томограф зургийг уншихаасаа өмнө 3 дугаар эмнэлгийн тархи хавантай гэх хариуг хараагүй.  Сарантуяагийн томографикийн зургийг унших үед тархины хавангийн шинж тэмдэг илрээгүй. Тархины хаван илэрсэн тохиолдолд дүгнэлтдээ заавал бичих ёстой” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

        М.С- 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” дэлгүүрийн 1 дүгээр давхарт байрлах “Хүрмэн” эмийн сангаар үйлчлүүлж байхдаа З.П-ыг “амьд хүн байхад дарааллын урдуур дайрлаа...” гэснээс шалтгаалан хоорондоо маргалдаж  М.С- “...З.П-ыг... сэвс...” гэж, З.П- “...би тантай харьцмааргүй байна, цаашаа зайл” гэж хэлэхэд нь М.С- гараараа З.П-ы толгойн ар хэсэгт цохисноос хоорондоо барьцалдаж харилцан зодолдсоны улмаас М.С- нь З.П-ы биед “зүүн, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацарт, баруун бугалганд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл” учруулсан, З.П- нь М.С-гийн биед “хуйх, хүзүү, баруун бугалга, зүүн тохой, шуу, баруун гуянд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт”  учруулжээ.

        Эдгээр байдал нь мөрдөн байцаалтанд хохирогч З.П-ы“ 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Гранд плаза дэлгүүр дотор байрлах Хүрмэн эмийн сан дотор үйлчлүүлж байгаад би зуслан дээр байгаа дүү рүүгээ утсаар яриад ямар эм авах талаар ярьж байхад тухайн эмийн сангийн ажилтнаас дүүгийн хэлсэн эмийг байгаа юу гэж асууж байхад миний урд нэг үл таних эмэгтэй үйлчлүүлж дууссан. Тэгээд би тухайн хүн яваад араас нь үйлчлүүлж байхад миний араас настай эмэгтэй хүн “амьд хүн байхад урдуур дайрлаа, харахгүй байна уу чи” гэхэд “ өө яанаа таныг би харсангүй, та ор” гэж би хэлсэн. Тухайн хөгшин эмэгтэй нь над руу дахин хандаж “амьд хүн байхад харахгүй” гэж дахин хэлээд албаар урдуур дайрлаа гэхээр нь  би тэр хүнд “би таныг хараагүй, харах албатай биш дээ гэж хэлсэн биз дээ” гэсэн. Тэгээд тэр эмэгтэй урдуур үйлчлүүлж дуусаад явсан. Буцаж 4-5 алхаад над руу ирэн намайг загнаж хараагаад байсан. Худалдагч эмэгтэй тухайн хөгшин эмэгтэйг “та болио үйлчлүүлж дууссан бол та гар аа” гэхэд намайг янз бүрээр гахай, сэвс гэх мэтээр доромжлоод хараагаад байхаар нь би зайл гэж хэлэхэд цаашаа явчих шиг болсноо удалгүй миний толгойны зүүн хойд талаас зүүн чихний хойд талаас гараараа нэг удаа цохисон. Тэгээд би эргэж хараад барьцалдаад авсан. Миний гар утас газар унасан байхад газраас тухайн хүн авч “чиний гар утсыг хагалчихъя” гээд газар шидсэн. Тэгээд миний гар утас эвдэрсэн. Би гар утсаа газраас аваад цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утас руу мэдэгдсэн. Тухайн үед утсаараа ярьж болж байсан боловч дэлгэц нь харласан байсан. Уг утсыг 2020 оны 1 сарын 07-ны өдөр Теди төвийн 2 давхрын 19 дүгээр лангуун дээрээс I PHONE 6 GOLD маркийн гар утсыг 280.000 төгрөгөөр худалдан авч  байсан. Одоо цэнэглэгчид уяхад асч байгаа боловч дэлгэц нь хэсэг хэсэг газартаа харлаад ажиллахгүй байна. Эмийн санд үйлчлүүлж байсан настай эмэгтэй шинжээчийн дүгнэлт дээрх бүх гэмтлүүдийг надад учруулсан. Гар утасны 280.000 төгрөгөө нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

       Гэрч Э.Тамжидын мөрдөн байцаалтанд“...2020 оны 6 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед манай Хүрмэн эмийн санд Сарантуяа, З.П-гэгч эмэгтэйчүүд үйлчлүүлж байсан юм. Сарантуяа нь кассын ард эм бичүүлж баримтаа аваад зогсож байхад нь З.П-гэгч эмэгтэй сандарч ирээд надаас эмийн үнэ асуусан чинь Сарантуяа нь уурлаад “чи хүн үйлчлүүлж байхад оочир дараалал дайрлаа” гэж Пүрэвсайханыг загнасан. З.П-нь Сарантуяад хандан “уучлаарай эгч ээ, яараад анзаарсангүй” гэтэл Сарантуяа нь З.П-руу хэл амаар доромжилж дайраад тэр хоёр хоорондоо маргалдсан. Сарантуяа нь Пүрэвсайханы шанаа, толгой орчим руу нь гараараа цохиод авсан. Гэтэл З.П-нь Сарантуяаг “та чинь яаж байгаа юм” гээд тэр хоёр хоорондоо зууралдаж барьцалдаж аваад бие биеэ өшиглөөд байсан. Пүрэвсайханы гар утас нь газар унасан чинь Сарантуяа тэр гар утсыг нь газраас аваад шидчихсэн. Тэгээд байж байгаад З.П-цагдаа дуудсан. Сарантуяа эмийн сангаас буцаад зугатаах гээд гараад явахад араас нь З.П-гараад явуулахгүй гэж татаж чангаагаад Грандын 1 давхарт тэр хоёр дахин бие биетэйгээ зууралдаж, зодолдсон Эмийн сангийн эд зүйл эвдэрч гэмтсэн зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44/,

 

      Гэрч Ц.Буянхүүгийн мөрдөн байцаалтанд “2020 оны 6 дугаар сарын 19-нд ажлаа хийж байхад настай эмэгтэй Сарантуяа эмч авч байсан. Залуухан эмэгтэй З.П-гүйж орж ирээд эм асуухад нь би “асуусан эмийг нь байгаа” гэж хэлээд Сарантуяад эм өгөөд зөвлөгөө өгөөд байж байсан. З.П-дахин “эм байгаа юу” гэж асуухад нь би “байгаа” гэж хэлсэн. Тэгээд Сарантуяад эмийг нь өгөөд үйлчилгээ дууссан байсан. Тэгээд З.П-гэх эмэгтэйд эм авч өгөхөөр лангуу руу очоод эмийг нь аваад эргээд харахад уг хоёр эмэгтэй “би эм авч байна, чи байж бай” гээд нэгнээ хөгшин залуугаараа дуудаад нэг нэгнээ цохиод байсан...Сарантуяа гэх эмэгтэй нь З.П-гэх эмэгтэйг ихэвчлэн бие, толгой хэсэг рүү нь цохисон, гэдэс рүү нь өшиглөөд гараараа толгой хэсэг рүү нь цохиод байсан. Би голоор нь ороод салгасан. Сарантуяа нь Пүрэвсайханы гар утсыг нь аваад газар шидчихсэн. Тэгэхэд гар утас нь салаад эвдэрсэн. Тэгээд Сарантуяа нь гараад зугтахад нь араас нь З.П-нь гүйж барьж аваад дахиад хоорондоо зууралдаад Сарантуяа нь Пүрэвсайханыг хэл амаар доромжлоод байсан. З.П-нь  Сарантуяаг заамдаж ирээд эмийн санд оруулаад цагдаа дуудаад цагдаа нар ирээд уг хоёр эмэгтэйг аваад явсан. З.П-гэх эмэгтэйн бие нь улайсан харагдсан, Сарантуяа гэх эмэгтэйн биед гэмтэл анзаарч хараагүй”   гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-47/ болон Цагдаагийн лавлагааны хуудас “шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас” /хх-ийн 7/, шинжээчдийн дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

       Дээрх үйл баримт “Хүрмэн” эмийн санд болсны дараа хохирогч З.П- гар утсаараа  цагдаагийн байгууллагад “эмийн санд хүнд зодуулсан” гэх дуудлага өгөхөд тус эмийн сангаас М.С- зугтаж гарсан талаар хохирогч, гэрч нар мэдүүлдэг бөгөөд цагдааг иртэл байлгах зорилгоор М.С-гийн араас З.П- хөөцөлдөн гарсан үйл явдал “Гранд плаза” төвийн 1 дүгээр давхарт байрлах үүдний хэсгийг харуулсан камерын бичлэгт дүрслэн бичигджээ.

    

       Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Сарантуяаг гарах хаалган дээр очиход З.П-Сарантуяагийн үүрч байсан хар үүргэвчнээс нь татан эргүүлэн харуулж буй дүрс байв. Сарантуяа гарах хаалганы буланд зогсох ба Сарантуяагийн баруун гарын бугалга шуу хэсгээс З.П-2 гараас барьсан байдалтай харилцан зууралдаж буй дүрс байв. Бичлэгийн 01 минут 23 секундэд З.П-Сарантуяатай зууралдсан байдалтай заалны гол хэсэгт татан авчирч эмийн сангийн үүдний хэсэгт зууралдсан байдалтай зогсов. Энэ үед Пүрэвсайханы цагаан өнгийн гутал тайлагдаж буй дүрс байв. Эмийн сангаас цагаан хувцастай 2 эмэгтэй гарч ирэн мөн явж байсан хар хувцастай эмэгтэй нар Сарантуяа З.П-хоёрыг салгах гэж оролдож буй дүрс байв. Сарантуяа З.П-хоёр зууралдсан байдалтай З.П-Сарантуяагийн зүү шанаа руу цохих гэж оролдсон боловч оносонгүй, мөн З.П-үргэлжлүүлэн баруун хөлөөрөө  Сарантуяагийн хөл орчим өшиглөж буй дүрс байв ба хүмүүс дундуур нь орж хоёр тийш салгав...Бичлэгийн 55 секундэнд Сарантуяа уг эмийн сангаас гарч буй дүрс араас нь эмийн санч З.П-нар гарч гарах хаалганы зүг цувран гүйж дүрс нь алга болов...З.П-Сарантуяагийн цамцны энгэрээс 2 гараараа заамдсан байдалтай, Сарантуяа Пүрэвсайханы 2 гарын бугалганаас барьсан байдалтай гарч ирэхэд 2 эмч зүйч болон 2 хар өнгийн хувцастай эмэгтэй нар дундуур нь орж салгаж буй дүрс байв. Сарантуяагийн цүнхний оосроос З.П-барьсан байв...Сарантуяа Пүрэвсайханы зүүн шанаа орчим гараараа 1 удаа цохив. З.П-баруун гараа Сарантуяагийн нүүрэн хэсэг рүү далайж цохих гэхэд Сарантуяа толгойгоо тонгойлгоход З.П-баруун хөлөөрөө Сарантуяагийн зүүн өвдөг орчим өшиглөж буй дүрс байв...хүмүүс дундуур нь орж Сарантуяа, З.П-хоёрыг салгаж дэлгэцээс дүрс нь алга болов...Сарантуяа З.П-өрөөсөн гутлаа олж өмсөн эмийн сан руу араас нь орж буй дүрс байв...” гэжээ. /хх-ийн 23-32/

 

        Шүүгдэгч М.С- “миний тархинд доргилт, хаван үүссэн гэж томографи шинжилгээ хийсэн 3 дугаар эмнэлгийн эмчийн дүгнэлтэнд бичигдсэн байгаа. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчид миний биед гэмтэл учраагүй гэсэнд гомдолтой” гэж мэдүүлж байна. 

        Гэмт хэрэг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх ба шүүгдэгч М.С- 46 хоногийн дараа буюу 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр компьютер томографи хийлгэсэн нь хавтаст хэргийн 94 дүгээр талд авагдсан байна. /хх-ийн 94/

 

         Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын явцад хохирогч З.П-ы биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт 2 удаа гаргасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №7206 дугаартай “З.П-ы биед зүүн, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56/

      

     Бүрэлдэхүүнтэй 3 шинжээчийн гаргасан 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн №933 дугаартай “З.П-ы биед 2 гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрхи гэмтлүүд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-61/

 

Шүүгдэгч М.С-гийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлт 3 удаа гаргасан байна.

 Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын  25-ны өдрийн №7207 дугаартай “М.С-гийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэсэн дүгнэлт /хх- 58/

       

       Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №932 дугаартай “ М.С-гийн биед хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, цус хуралт, хүзүү, зүүн тохой, баруун гуянд цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 67-68/

      

       Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №1007 дугаартай “М.С-гийн хуйх, хүзүү, баруун бугалга, зүүн тохой, шуу, баруун гуянд зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл учирсан байна. Дээр гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн /олон/ удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. М.С-гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь түүний эрүүл мэндийг сарниулахгүй, хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 90-93/

 

       Шүүх хуралдаанд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор онлайнаар оролцсон  шинжээчид тус тусын гаргасан дүгнэлтийн талаар;

       шинжээч С.Чулуунсүхбиеийн гадаргуугийн 1 хувь гэдэг нь тухайн хүний өөрийнх нь гарын алганы хэмжээг хэлнэ...Гэмтлүүд нь нийлээд тухайн хүний гарын алганаас хэтрэхгүй байвал гэмтлийн зэрэгт хамаарахгүй юм” гэж,   

       шинжээч Г.ХанхүүСарантуяагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдоогүй... Тархи доргисон тохиолдолд гэмтэл авснаас хойш 28 хоногийн дотор бүрэн эдгэрдэг. Хэрэв энэ гэмт хэргийн улмаас тархи доргилт үүссэн бол 1 сар хагасын дараа тархи доргилт илрэхгүй” гэж,           

      шинжээч О.Оюунбаясгалан2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Сарантуяагийн тархины зураг бичлэгийг уншиж дүгнэлт гаргахад тархины хавангийн шинж илрээгүй...Тархины хаван илэрсэн тохиолдолд дүгнэлтдээ заавал бичих ёстой” гэж тус тус мэдүүллээ.

        Нэгтгэн дүгнэвэл шинжээч нарын хавтаст хэргийн материал, шинжилгээ явуулахад ач холбогдол бүхий мэдээ, мэдээллийг харьцуулан судалж өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн тавьсан асуултанд  бүрэн хариулж, шинжилгээний хүрээ, шинжээчдийн хариултууд хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь хамарч чадсан байх ба анагаахын тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн тус тусын удаа дараагийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүгүй байх тул дахин шинжилгээ явуулах шаардлагагүй юм.

 

       Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.                                                                                       

 

      Шүүгдэгч М.С- хохирогч З.П-ы “биед 2 гарын бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, хүзүү, зүүн хацар, баруун бугалганд зулгаралт, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдоно.

 

       Шүүхээс шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

       Шүүгдэгч М.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт  хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

       Гэмт хэрэг үйлдэгдэхэд М.С-, З.П- нарын хэн алины олон нийтийн үйлчилгээний газарт бие биедээ хүндэтгэлгүй зүй бус  харьцсан хандлага, зохисгүй үг хэллэг нөлөөлсөн байх ба М.С- “...сэвс...” гэх мэтээр З.П-ыг гутаан доромжилж, улмаар зодооныг түрүүлж эхлүүлсэн, хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал буюу /60 настай/ зэргийг нь харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

       Хохирогч З.П- шүүх хуралдаанд “эрүүл мэнддээ хөнгөн хохирол учирсантай холбоотой нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч М.С-г бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. 

  

       Хэрэгт ирүүлсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

 

        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 1. М.С- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

 2.Шүүгдэгч М.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

 4.  М.С- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдсугай.

 

         5. Хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ