Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00073

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Э.Ариунболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн М.Ганбаярд холбогдох 201618020141 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймаг Арвайхээр суманд 1976 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр хамгааллын ажилтан, холбоочин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдрах, Өвөрхангай аймгийн арвайхээр сумын 5 дугаар баг, 41 дүгээр байрны ¹ 04 тоотод оршин суух, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дайчин алдар 2, 3, Эх орны төлөө 2, 3, Иракийн эрх чөлөөний медалиар тус тус шагнагдаж байсан, 2 удаагийн шийтгэлтэй

-2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн ¹ 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 03 сар 01 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан

- 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ¹ 495 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жил хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тарвагач овогт Мянгандашийн Ганбаяр.  /РД:ЙЮ76010173/

Шүүгдэгч М.Ганбаяр нь хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Сургуулийн ¹ 02 тоотод байрлах иргэн Т.Ганболдын байшингийн цонхоор нэвтрэн орж 36 инчийн AQUOS гэх бичигтэй Малайз улсад үйлдвэрлэсэн SHARP брэндийн LCD зурагтыг хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ганбаярын өгсөн...... 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би Улаанбаатар хотоос галт тэргэнд суугаад Сэлэнгэ аймаг орохоор явсан юм. Галт тэргэнд унтаж байгаад нэг сэрээд харахад Сэлэнгэд ирчихсэн юм шиг байхаар нь буусан чинь буруу газар буюу Сэлэнгэ аймаг Мандал суманд буусан байсан. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүрьеэ гэсэн бичигтэй эмнэлгийн хашаан доторх сааданд унтаж байгаад бие гайгүй болохоор нь гуанзанд орж хоол идчихээд нэг шил архи дэлгүүрээс аваад гудамжны үзүүрт сууж байгаад уугаад согтсон байсан. Тэгээд гудамж уруудаж явтал нэг айлын хашааны хаалга онгорхой байхаар нь ус гуйж уух санаатай байшингийнх нь хаалгыг нүдэхэд хүн онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь хажуу талын цонхыг нь цохиход цонх нь хагарсан. Тэгэхээр нь цонхоор нь дотогш ороход хүн байхгүй байхаар нь гэрээс нь телевизорыг нь авч гараад гудамжны үзүүрт байж байхад хөгшин залуу хоёр эмэгтэй таарахаар нь зурагтаа зарах гэхэд аваагүй. Тэгээд тэндээ сууж байтал нэг эмэгтэй хүрч ирээд өөрийг чинь зурагт зарах гэж байна гэж сонслоо гэхээр нь тэр эмэгтэйд хорин мянган төгрөгөөр зарсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

           Хохирогч Т.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн…...... Би 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн төрсөн охин Алимаагийн гэр лүү 14 цагийн үед очиж унтаж амарч байгаад орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай 36 инчийн LCD зурагт алга болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм…. Би зурагтаа бүрэн бүтэн байдалтай хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй. Ядарсан амьтан л орсон байна лээ гэх мэдүүлэг /Хх-н 13 дугаар хуудас/

Гэрч Б.Эрдэнэгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн……. 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би гэр лүүгээ орох гэж байсан чинь миний таньдаг эгч Туяа ирээд хямдхан зурагт зарах гэж байна авахгүй юм уу гэхээр нь би асааж үзээд тухайн зарах гэж байсан ахыг за ах минь яг хэдэд өгөх юм хулгайн юм биш биз дээ гэхэд тийм зүйл байхгүй гэхээр нь за тэгвэл зургаа авахуулчих гээд зургийг нь авсан юм. Тэгээд би тэр ахад 20000 төгрөг өгч зурагтыг нь авсан юм. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн орчим Туяа эгч нэг үл таних ах дагуулж орж ирээд энэ хүний зурагт гэж байна гэхээр нь би өгсөн юм гэх мэдүүлэг /Хх-н 15 дугаар хуудас/

Гэрч Д.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн……. Би 2016 оны 07 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд танил дүү хүүхэн Одончимэгийн хамт төмөр замын ногоон байруудын орчимд гудамжинд явж байтал улаан хүрэн өнгийн цамцтай нүдний шилээ малгай дээрээ тохчихсон хар өнгийн өмдтэй 40 орчим насны хүн том хавтгай дэлгэцтэй телевизор өргөчихсөн явж надтай тааралдаад та хоёр телевизор авах уу гэж асуухаар нь авахгүй ээ ямар чучиртай юм билээ гэж хэлсэн чинь ямар ч асуудал байхгүй дүү нь өөрийнхөө юмыг зарах гээд явж байна, архи уумаар байна шууд хорин мянгад өгнө ш дээ гээд байсан. Хамт явсан Одончимэг мөнгө олоод авчихъя гээд дагуулаад хамт явсан боловч Одончимэг бид хоёрт мөнгө олдоогүй. Тэгсэн нөгөө залуу гудамжны үзүүрт суугаад үлдсэн. Тухайн үед Эрдэнэгэрэл гэдэг хүн явж байхаар нь наад хүн чинь хямдхан зурагт зарна гэнээ гэж түүнд хэлсэн. Тэгээд Эрдэнэгэрэл тэр хүнтэй уулзаад зурагтыг нь авахаар болоод явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 16 дугаар хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 04 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 5-6 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хх-н 11 дүгээр хуудас/

Хохирогч Т.Ганболдын 36 инчийн LCD зурагтыг 600000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ /Хх-н 20 дугаар хуудас/

М.Ганбаяр нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт оршин суудаг гэсэн багийн засаг даргын тодорхойлолт /Хх-н 60 дугаар хуудас/

М.Ганбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 61 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Ганбаяр нь хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Сургуулийн ¹ 02 тоотод байрлах иргэн Т.Ганболдын байшингийн цонхоор нэвтрэн орж 36 инчийн AQUOS гэх бичигтэй Малайз улсад үйлдвэрлэсэн SHARP брэндийн LCD зурагтыг хулгайлж 600000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ. 

Шүүгдэгч М.Ганбаяр нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн байх ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан М.Ганбаярд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанарыг харгалзан хуульд заасан баривчлах ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасныг баримтлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч М.Ганбаяр нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг дахин үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Т.Ганболд нь зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

            1. Шүүгдэгч Тарвагач овогт Мянгандашийн Ганбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт заасныг баримтлан эд хөрөнгө хураахгүйгээр М.Ганбаярыг 06 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

                  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.5 дах хэсэгт заасныг баримтлан М.Ганбаярд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын баривчлах ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 01 жил 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 02 жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоосугай.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан М.Ганбаярд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

                  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Ганбаярын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

                 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Ганбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

                  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганбаярд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Б.ХЭРЛЭН.