Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/29

 

2019 оны 04 сарын 01 өдөр                          

    2019/ДШМ/29                                                                Зуунмод

Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Энхболд,

Шүүгдэгч Г.Б, Ч.Б ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхмандах,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.Б, Ч.Б нарт холбогдох 1834008890446 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

             Монгол Улсын иргэн Г.Б , 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, 2 ах, 2 дүү нарын хамтаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

             -Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

             -Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:...34/,

             Монгол Улсын иргэн Ч.Б , 1995 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамтаар Улаанбаатар хот ...  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь

             -Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

             -Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

             -Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, /РД:УШ...11/,

  Шүүгдэгч Г.Б нь “Ч.Б-тэй бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн”,

Шүүгдэгч Ч.Б нь “Г.Б-тэй бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн" гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б, Ч.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор: 

            Шүүгдэгч Г.Б, Ч.Б  нарыг бүлэглэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б г 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэж, 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б өд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №160 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 3 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

            Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож, ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тус тус тооцож,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхзулын эзэмшлийн Ниссан кубе маркийн 20-65 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 7.764.750 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Г.Б, Ч.Б нараас хувь тэнцүүлэн 3.882.375 /гурван сая найман зуун наян хоёр мянга гурван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгож,

             Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Б, Ч.Б нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,  

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан цагаан өнгийн хоёр ширхэг уутны тал хэсгээр хуурай нунтаг өвс ургамал, хуванцар гэртэй, шаргал өнгийн металл тогоо бүхий шүүртэй гаанс 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

   Шүүгдэгч Г.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. 2018 оны 11 сарын 10-ны өдөр тус хэрэгт холбогдсон. Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээж байгаа. Тус хэрэгт холбогдох Ч.Б гэх хүнийг Энхзул бид хоёр амралтад явъя гэж уруу татан авч явсан. Тэгээд Ч.Б нь мансууруулах өвс түүх гэж явааг мэдээгүй. Ч.Б  тэр үед өмнөх өдөр нь уусан газраа ирээд би Ч.Б-г  сэрээтэл, Ч.Баямөнх очих амралтандаа ирчихсэн юм уу гэж асуусан.Би зам хэтрээд явчихжээ гэж хэлсэн. Би бие засахаар буусан машинд орж ирэхдээ би газраас өвс авч орж ирсэн. Тухайн үед би гаанстай явж байсан. Тэгээд асаагаад Энхзул бид хоёр татсан, тухайн үед Ч.Б  юу сороод байгааг мэдээгүй. Ч.Б  юу татаад байгаа юм гэж асуухад чи нэг сороод үздээ гээд соруулсан. Ч.Б  сонин үнэртэй юм байна. Юу юм бэ гэхэд би нэг тийм ургамал байдаг гэж хэлсэн. Тэгээд би Ч.Б өөс гуйж энэ өвснөөс түүгээд өгөөч гэж гуйхад зөвшөөрч, түүж байх үед  цагдаа ирээд бид гурвыг авч явсан. Энхзул тухайн хэрэг гарахаас өмнө өвсөнд явъя л даа гэж надаас гуйж байсан. Тэгээд нэг өдөр Энхзул ажил амарчихлаа өвсөнд явчихдаа ирье гэж гуйсан. Тэгээд би зөвшөөрч Ч.Б-г  хань болгоод явъя, гурвуулаа явбал зугаатай гэж бодсон. Тухайн үед найз Ч.Б-г  амралтад явъя гэж авч явсан. Ч.Б-г  мансууруулах өвс, ургамал байдаг, тэрийг түүчхээд ирье гэж хэлсэн бол явахгүй байсан. Гэмгүй хүнийг хэрэгт хийсэндээ харамсаж, тахир дутуу, грүппд байдаг найзыгаа уруу татсандаа харамсаж байна. 2017 оны 09 сард болсон хэрэг Энхзул бид хоёр цуг шалгагдаж байсан. Тухайн үед цуг баригдсан. Шээсний шинжилгээ авахад Энхзул шинжилгээ өгөхдөө шээс биш ус өгсөн байдаг. Энэ охин хар тамхи хэрэглээгүй гэж би хамгаалж, би ял авч шоронд орсон. Энхзул Орсод их сургуульд сурдаг байхдаа янз бүрийн хар тамхи хэрэглэж үзэж байсан гэж надад ярьдаг  байсан. Хуурай ах нь гээд Уянгаа гэх залуу хар тамхи зарсан хэргээр шалгагдаж байхдаа гадаад улс руу зугтааж, Солонгос улсад амьдарч байгаа гэж ярьсан. Тэр хүнтэй холбоотой байдаг, хааяа ярьдаг гэж байсан. Намайг шоронд ороход Энхзул намайг хаясан. Намайг шоронгоос гарахад над руу залгаж уулзах уу гэж асуухад би чамтай уулзах хүсэл алга гэж хэлж чадаагүй. Тэгээд уулзаад бид хоёр урдны харилцаа хэвийн болсон. 2018 оны 10 сарын хэрэгт Энхзул анхны мэдүүлэг дээр Би Г.Б , Ч.Б-г  аваад явсан гэж хэргээ хүлээж байсан. Тэгээд нэг өдөр намайг Энхзулын аав, ээж дуудсан. Өмнөх мөрдөн байцаагч байсан гэх өмгөөлөгч надтай уулзсан. Чи Энхзулын найз залуу нь юм уу. Энхзулыг мултлахын байгаа биз дээ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Надад үг зааж өгсөн Энхзул урд сандал дээр унтаж явсан. Ямар ч буруугүй, юу ч мэдээгүй, би дагуулаад явсан гэж хэлээрэй гэж хэлсэн. Энхзул эхний мэдүүлгээ буруу өгсөн байна. 5 жил авахаар мэдүүлэг өгсөн байна гэж Энхзул сүүлд надад ярьж байсан. Би Ч.Б тэй уулзаж Энхзулыг буруугүй гэж хэлээд бид хоёр тайван байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Энхзул хэрэгт хамаагүй болсон байсан. Тэгээд удалгүй шүүх хэлэлцүүлэг хийж унаж явсан машинийг улсын орлого болгох талаар ярьж байсан. Ч.Б  бид хоёр Энхзултай уулзсан. Та хоёр санаа зоволтгүй, би машинаа улсад орлого болгоно. Та хоёр төлөхгүй. Би шүүх хурал дээр өөрөө төлнө гээд хэлнэ гэж хэлсэн. Тэгээд шүүх хурал болоход Энхзул юу ч яриагүй. Ч.Б  бид хоёр тус тус 3 сая төгрөг 800 мянган төгрөгний хохиролтой, 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Мөрдөн байцаалтын явцад энэ хэрэг үнэн зөвөөр явагдаагүй. Энхзул энэ хэрэгт хамаатай. Ажил амарчихлаа өвс түүх санааг гаргаж авч явсан. Энэ хэрэг дээр цуг хариуцлага хүлээх ёстой. Энэ хэргээ дахин шалгуулах хүсэлтэй байна.” гэжээ.

      Шүүгдэгч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Хан-Уул дүүргийн шүүхэд 2011 оны 11 сард 145.2-т зааснаар 2 жил шийтгүүлсэн. Мөн Хан-Уул дүүргийн шүүхээр 2017 оны 06 сард 145.2-т зааснаар 2 жил 6 сарын ял сонсож 1 жил 6 сарын тэнсэн харгалзаж байсан. 2018 оны 11 сард энэ хэрэгт холбогдсон. Хэрэгт холбогдох өдөр Г.Б , Энхзул хоёр 12 цагийн үед над дээр ирээд амралтад явах уу гэж асуусан. Тэгээд би зөвшөөрч хамт явахаар болсон. Яг үнэндээ бол Г.Б , О.Энхзул хоёр өвс түүх гэж явж байсан юм билээ. Тэрийг би мэдээгүй. Тэр үед Энхзул нь Г.Б тэй “өчигдөр явах байсан юм, амжсангүй” гэх зүйл ярьж байсан. Би тухайн үед ойлгоогүй. Өмнөх өдөр нь найзуудтайгаа архи уусан байсан учир замын турш унтаад сэртэл нэг газар зогссон байсан. Тэгээд ирсэн юм уу гэхэд бууж удалгүй гартаа нэг ургамал барьж орж ирсэн. Тэгээд гаансанд хийн сорж байсан. Би юу сороод байгааг нь мэдээгүй. Тэгээд би сорж үзсэн. Дараа нь Г.Б  намайг буугаад ир энэ ургамлаас түүгээд өгөөч гэж гуйсан. Би тэр үед мансууруулах ургамал гэж мэдээгүй. Эмийн ургамал юм байх гэж бодсон. Машинаас буухад цагдаа ирсэн.  Мөрдөн байцаалтын шатан дээр Энхзул хэргээ хүлээж байсан. Удалгүй Г.Б , Энхзулыг өмөөрөх хандлагатай болсон. О.Энхзулын өмгөөлөгч надтай уулзсан. Чи найз залуу нь юм байна. Энэ охиноо хэргээс мултлахын байгаа биз дээ 5 жил авахаар мэдүүлэг өгсөн байна гэж Г.Б  надад ярьсан. Тэгээд Г.Б  чи мэдүүлгээ Энхзулыг өмөөрөөд өгчхөөч гэж гуйсан. Байцаагч Эрдэнэбилэг гэж хүн та хоёр тэнсэн аваад гарна айх зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би нээх тоогоогүй. Удалгүй Энхзул энэ хэрэгт холбогдолгүй болж Г.Б  бид хоёр үлдсэн байсан. Тэгээд шүүхийн хэлэлцүүлэг дээр унаж явсан авто машины талаар ярьж байсан. Гэтэл өмгөөлөгч та хоёр төлбөрт унаж магадгүй юм байна гэсэн. Би Г.Б тэй хамт Энхзултай юун төлбөр мөнгө билээ гэж уулзахад. Энхзул иргэний нэхэмжлэгч болчихсон шүүх хуралд ирсэн байсан. Төлбөр мөнгийг би төлнө гэж байсан. Энхзул хурал дээр юм яриагүй хурал завсарласан. Дараа нь 3 жил 7 сарын ял авч, 3 сая 800 төгрөгийн хохирол төлөхөөр анхан шатны шүүх хурал дууссан. Хэрэг гардаг өдөр Г.Б , Энхзул хоёр надад мансууруулдаг өвс түүх гэж явна гэдгээ хэлсэн бол би явахгүй байх байсан. Би тэнсэн харгалзах ялтай байсан болохоор хууль бус зүйлээс зугтааж явж байна гэж бодож байсан. Энхзул, Г.Б  хоёрын мэдүүлэг дээр Баямөнхийг гэртээ унтаж байхад нь амралтад явах уу гээд авч явсан гэж мэдүүлэг өгсөн. Мөн би тэр өвсийг мансууруулдаг гэж мэдээгүй, энгийн ургамал юм байх гэж бодсон. Иймд хэргийг дахин шалгуулж О.Энхзулыг хэрэгт хамтран татаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Энхболд гаргасан тайлбар, дүгнэлтэдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй. Хэвээр үлдээж өгнө үү. Нотлох баримт алга болсон асуудлыг тусдаа байгууллагаар шалгуулах үндэслэлтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Тамир гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Энхзулын хувьд салхинд гаръя гээд авч явдаг. Г.Б  автомашин жолоодож явсан нь тогтоогдсон байдаг. Гомдолтой холбоотой асуудал нь үндэслэлгүй юм. Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Нотолбол зохих байдал нотлогдсон. Хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхмандах гаргасан тайлбартаа: Г.Б гийн гаргасан гомдлыг уншиж үзэхээр хамт явсан Энхзул хэрэгт хамааралтай байж болохоор харагддаг. Мөнгөнхүү байцаагчид өгсөн мэдүүлэг нь хэрэгт байхгүй байгаа. Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг өгөхийг тулган шаардсан, хуурч мэхэлсэн байж болохоор байна. Ч.Б  юу түүж байгааг мэдээгүй, санаа зорилго, гэм буруугийн ямар нэгэн хэлбэр байхгүй байгаа. Хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Г.Б гаргасан тайлбартаа: 2019 оны энэ хэрэг дээр Энхзул бид хоёр ярьсан байсан. Хоёулаа хамт явбал уйтгартай. Ч.Б-г  хамт авч явъя гээд очиж авч явсан. Энхзулын өмгөөлөгч ирж гуйгаад байхаар нь би Энхзулыг энэ хэрэгт хамаагүй гэж мэдүүлсэн. Хэргийг нь өмнөөс нь хүлээгээд байхад надтай нэг ч удаа ирж уулзаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Ч.Б гаргасан тайлбартаа: Г.Б  надаас Энхзул хэрэгт хамаагүй гэж мэдүүлээд өгөөч гэж гуйсан болохоор би Энхзулыг өмөөрч мэдүүлсэн. Энхзул машины үнийг би өөрөө төлнө гэсэн боловч шийтгэх тогтоолоор Г.Б  бид хоёр хувааж төлөхөөр болсон гэв.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Г.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Б, Ч.Б нар нь “иргэний нэхэмжлэгч О.Энхзулын үйлдлийг шалгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 1834008890446 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийг сэдэлт, санаа, зорилго, гэм буруугийн хэлбэр зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Г.Б, Ч.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нартай иргэний нэхэмжлэгч Ц.Энхзул нь хамт байсан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар Ц.Энхзулыг шүүгдэгч Г.Б, Ч.Б нартай бүлэглэн Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг Делта 9 тетрагидроканнабинол /ТНС/ бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэж үзэх үндэслэлтэй эсэх талаар гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэхээр товлосон боловч гэм буруугийн шүүх хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд “Ц.Энхзулыг мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй ... болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх асуудлыг шийдвэрлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 12 сарын 5-ны өдрийн Сэтгэц эмгэг судлалын 67 дугаар дүгнэлтээр Г.Б нь мансуурах донтой, мансууруулах бодисын хамааралтай болох нь тогтоогджээ. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Соёлмаа “ амралтын өдрүүдээр гэртээ мансууруулах бодис хэрэглэдэг. 6 сар тогтмол хэрэглэж байгаа. Хар тамхиа хайгаад явдаг зэрэг нь Г.Г.Б г хар тамхинаас хамааралтай болсныг харуулж байна “ гэсэн тайлбар өгчээ. Ц.Энхзул нь шүүгдэгч Г.Б-тэй 2014 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн байна. Мөн шүүх хуралдаан дээр “Ц.Энхзулын шээснээс хар тамхи илэрсэн байна, хэрэглэсэн гэж үзэж болох уу” гэсэн даргалагчийн асуултад шинжээч Б.Соёлмаа “ Болно. Хэдэн ч удаа хэрэглэсэн шээсээр гарна” гэж хариулжээ. Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангийн ар” гэх газар хүртэл Ц.Энхзул Nissan Cube маркийн 20-65 УБВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан болохыг шүүгдэгч Г.Б, Ч.Б нар мэдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12107 дугаар дүгнэлтээр Ц.Энхзулын шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн байна. Мөн шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурдагдсан “Ц.Энхзул өвс түүхийг санаачилсан” гэсэн асуудлыг болон шүүгдэгч Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 1834008890446 дугаартай хэрэгт Ц.Энхзул нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох оролцоо байсан эсэхийг шалгах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж хуульчилсан. Ц.Энхзул нь ямар нэгэн шаардлага тавиагүй, түүнчлэн Г.Г.Б , Ч.Баямөнх нарын гэмт хэрэг үйлдэгдэхэд ашигласан “Nissan cube” маркийн 20-65 УНВ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь “ЖДМБ” ХХК-ийн нэр дээр байдаг байтал энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Б, Ч.Б нарт холбогдох эрүүгийн 1834008890446 дугаартай хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Г.Б , Ч.Б  нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б, Ч.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.

             4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                   ШҮҮГЧИД                                                                      Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                           

                                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ