Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0205

 

С.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийнанхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор С.Д нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Н.А, С.Д бид 1999 оноос хойш Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн 1275 тоот газарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 1999 оны 110 дугаартай, газар ашиглах гэрчилгээтэй, 15 жил тогтвор суурьшилтай амьдран, ажиллаж байна. Бид өөрийн газраа хашаажуулан, худаг гаргаж, хүлэмж байгуулан жимс, төмс, хүнсний ногоо, мод бут тарьж гэр бүлийн бусад хэрэгцээнд ашигласаар ирсэн.

2005 онд хашааны газраа өмчилж авахаар Дүүргийн Газрын албанаас лавлаж, тэдний зөвлөсний дагуу 0.7 хэмжээнээс илүү байсан тул хашааны газраа А, Б хэсэг болгон хувааж, кадастрын зураг гаргуулсан. Хашааныхаа газрыг хувааж, А хэсгийг 2005 онд гэр бүлийн хэрэгцээнд Н.А миний бие эзэмшиж, 2010 онд өмчилж авсан. Улмаар үлдэх Б хэсгийн 523 м.кв газрыг эхнэр С.Д нэр дээр эзэмшиж авахаар 2013, 2014 онд хандсан боловч газар эзэмшүүлэх ажил түр зогссон, эзэмшүүлэхгүй байгаа гэсэн. 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дүүргийн Газрын албанд өргөдөл, холбогдох материалыг бүрдүүлэн өгсөн.

Дээрх хүсэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар уг газрыг С.Дд эзэмшүүлсэн. Улмаар гэрчилгээг авах гэтэл манай хашаанд түр амьдарч байгаа иргэн С.ЦАид Баянзүрх дүүргийн Засаг даргын 201 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжаар давхардуулан эзэмшүүлж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/554 дүгээр захирамжаар өмчлөх эрх олгосон байна.

С.Дд газар эзэмшүүлэх шийдвэр эхэлж гарсан учир газрыг би авах давуу эрхтэй гэж үзэж байна. Маргаан бүхий газар дээр хэн ч амьдарч байгаагүй, С.ЦА миний газар дээр амьдарч байсан, байшин барьсан газар нь миний өмчлөлийн газар бөгөөд С.ЦА байшин барья гэхэд нь зөвшөөрч 700 мянган төгрөг өгч байсан, мөн худаг гаргах, хүлэмж барихад нь тус бүр 100 мянган төгрөг нэмэрлэж, амьдралд нь тус болоод явж байхад надад мэдэгдэлгүй ийм асуудал үүсгэсэн. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/554 дүгээр захирамжийн С.ЦАид холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар С.Дд эзэмшүүлсэн газрын гэрчилгээг олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгаж өгнө үү. гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...иргэн С.ЦАид Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшихээр холбогдох бичиг баримт болох өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, кадастрын зураг, фото зураг, хорооны тодорхойлолт зэргийг үндэслэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжаар түүнд газар эзэмшүүлсэн. Улмаар дээрх газрыг өмчлөх хүсэлтийг гаргасан бөгөөд дүүргийн Засаг даргаас нийслэлийн Засаг даргад уламжилсны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргынзахирамж, өргөдөл, хүсэлт, гэрчилгээ зэргийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/554 дүгээр захирамжаар 523 м.кв газрыг С.ЦАид өмчлүүлсэн. Дээрх газар өмчлөх эрх нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дуусгавар болдог тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Баянзүрх дүүрэг нь нэгж талбарын дугаар бүхий нэг газрыг 2 иргэнд олгосон. Зэргэлдээх хашааг Н.А өмчилж авсан бөгөөд дундуураа хамар хашаа татаагүй хажуу талдаа С.ЦАийг суулгаж байсан. Иргэн бүрт газар эзэмшүүлэх болоход С.Д эзэмшихээр материал баримтыг бүрдүүлж, Газрын албанд өгсөн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 захирамжаар С.Дд газар эзэмшүүлсэн. Цаг хугацааны хувьд авч үзэхэд С.Дд 2014 оны 05 дугаар сард, С.ЦАид 2014 оны 06 дугаар сард тус тус газар эзэмшүүлсэн байх бөгөөд С.Дд түрүүлж газар эзэмших эрх үүссэнээс хойш нэг сарын дараа С.ЦАид эзэмшүүлсэн байна гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсч, хүсэлтээ ирүүлсэн С.ЦАид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийнА/257 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3 дугаар хэсэг, сургуулийн 1275 тоотод иргэн, аж ахуйн зориулалтаар 523 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. С.ЦАид Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй гэснийг зөрчиж газар эзэмших эрх олгосон.

Мөн С.Дд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар иргэн, аж ахуйн зориулалтаар дээрх хаягт 523 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн боловч гэрчилгээгээ авч, кадастрын мэдээллийн санд мэдээллээ оруулаагүйн улмаас уг газрыг иргэн С.ЦАид давхардуулан олгох нөхцөл бүрдсэн. Газар эзэмших эрх олгох захирамж гарсны дараа газар эзэмших гэрчилгээн дээр тухай иргэн гарын үсэг зурсны дараа кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулдаг гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.ЦА нь 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн 1275 тоот газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар тус албанд хүсэлт гаргасныг суурин судалгаа хийж үзэхэд уг газар нь нийслэлийн кадастрын зургийн мэдээллийн санд хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэл хийгдээгүй, эрх зүйнхарилцаа үүсээгүй 18652310419476 дугаар бүхий нэгж талбар бүртгэгдсэн байсан тул дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулж, 000513172 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, 2014 оны 06 дугаар сарын 18-нд С.ЦАид хүлээлгэн өгсөн. Иргэн С.Д нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 23-р хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн 1275б тоот газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар тус албанд хүсэлтээ гаргасны дагуу суурин судалгаа хийхэд кадастрын зургийн мэдээллийн санд нэгэн иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэл хийгдээгүй байсан тул дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн. Газар зохион байгуулагчийн хувьд газар эзэмших эрх баталгаажуулсан дүүргийн Засаг даргын захирамж гарснаас хойш гэрчилгээ авахаар ирэхэд нь ажлын зураг хийн, мэдээллийн санд бүртгүүлэхээр кадастрын мэргэжилтэнд зургийг хүргүүлдэг. Дээрх нөхцөл байдлын хувьд газар эзэмших захирамж гарснаас хойш 30 хоногийн дотор ирж, гэрчилгээг авч, гэрээ байгуулах ёстой, С.Д нь газар эзэмшүүлсэн захирамж гарснаас 5 сарын дараа ирж гэрчилгээгээ авахаар ажлын зураг хийлгэхэд иргэн С.ЦАийн газартай давхардсан болохыг мэдсэн. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгох боломжтой гэжээ.

Гуравдагч этгээд С.ЦА, түүний өмгөөлөгч О.Чг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Агийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Миний бие Н.Агийн төрсөн дүү бөгөөд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг уншаад үнэхээр гайхаж байна. Миний бие Баянзүрх дүүргийн 23-р хороо, 3 дугаар хэсэг, Сургуулийн 1275 тоотод 2002 оноос одоог хүртэл 13 жил амьдарч ирсэн бөгөөд манай хажууд ах Н.Агийн газар хил залгаа оршдог, бид ах дүү тулхашаагаа зааглан хязгаарлаагүй, одоо ч уг газартаа ам бүл 5-уулаа амьдарч байна. Н.А нь өөрийн эзэмшиж буй газартаа өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан ба үлдэх газар нь миний өмч тул зохих журмын дагуу Газрын албанд хандаж гэрчилгээ гаргуулан авсан байхад илтэд гүжирдсэн байна. Миний бие өөрийн амьдарч буй 523 м.кв газрыг Газрын тухай хуулийн дагуу хүсэлтээ гаргаж, дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй газартаагазар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар хүсч, хүсэлтээ ирүүлсэн иргэнд газар эзэмших эрхийг баталгаажуулсан бөгөөд албан ёсоор эзэмшиж авсан. Улмаар дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн газрыг өмчлүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд Г2204022264 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг авсан тул хүчингүй болгох үндэслэлгүй. Газар давхардсан зүйл байхгүй гэж эзэмшүүлж, өмчлүүлсэн тул маргаан байхгүй, ямар нэгэн булааж авах, залилан мэхлэх, худал ярьсан зүйл байхгүй тул маргаан байхгүй гэж үзэж байна. Ах Н.А, С.Д нар нь уг газарт 15 жил амьдарсан гэдэг нь огт худлаа бөгөөд тэрээр уг газар дээр нэг ч хоног амьдарч үзээгүй, орон сууцанд амьдардаг, 23-р хороонд бүртгэлгүй байхад Засаг дарга тодорхойлолт гаргаж өгсөн байна. Миний бие нөхөр Д.Да, ач зээ нарын хамт амьдардаг, энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Ахын газрыг нь харж хандах, ах дүүгийн журмаар өөрийн газрын хамт газрыг нь өөд нь татаж, мод тарьж, газраа бүхэлд нь зүлэгжүүлж, хүнсний ногоо тарьж, өрхийн тогтвортой тариалан ADRA төсөлд хамрагдан хүлэмж байгуулан ногоон байгаль болгох талаар санаа тавин ажиллаж ирснийг хороо болон хажуу хөршүүд мэднэ. Уг газар нь дахин төлөвлөлтөд орчихвол ах байртай болно гээд маргаад байна гэж үзэж байна. Н.А, С.Д нар уг газар дээрээ амьдарч байгаагүй, газрын төлбөр төлөөгүй тул газар эзэмших эрх байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныгбаримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 дугаар захирамжийн С.ЦАд холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/554 дугаар захирамжийн С.ЦАд холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг дахин тодруулсны дараа дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: ...С.ЦА миний бие иргэн С.Д нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь надад эрх бүхий байгууллагаас олгосон өөрийн газраа эзэмших, өмчлөх хүсэлтийг үндэслэн олгосон газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн байсан. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хариуцагч байгууллага болох Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн өмч харилцааны газрын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарыг үндэслэн хэрэгт авагдаж цугларсан нотлох баримтыг огт үнэлэхгүйгээр, бодит бус байдлаар, шударга бус байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл шүүхэд цугларсан нотлох баримтуудаас миний бие уг маргаж буй Баянзүрх дүүрэг 23 хороо 3 хэсэг сургуулийн 1275б тоотыг эзэмшиж авах давуу эрхтэй гэдэг нь бүрэн нотлогдсоор байхад заавал С.Д талд шийдвэрлэж зохих акт гаргахыг хариуцагчид даалгаад байгаа нь үнэхээр шударга бус юм. Учир нь миний бие тухайн газартаа 2002 оноос хойш 13 жил амьдарч байгаа ба манай ах Н.А миний газрыг өөрийн эхнэрийн газар мэтээр шүүхэд тайлбарласныг шүүхэд хүлээн авч энэ хэргийг шийдвэрлэсэн.

...Надад олгосон дүүргийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/257 тоот захирамж нь хуулийн дагуу гарсан буюу тухайн газартаа олон жил тогтвор суурьшилтай амьдарсан болохоор дээр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бүрдүүлбэрийг бүрдүүлэн өгсний үндсэн дээр гаргасан гэж ойлгож байгаа ба олон жил амьдарсан болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хорооны Засаг даргын удаа дараагийн тодорхойлолт, өрхийн бүртгэлийн 2 дэвтэр, АДРА олон улсын байгууллагын тодорхойлолт, 2003 онд нээгдэж байсан цахилгааны дэвтэр зэргүүдээр хангалттай тогтоогддог. Харин нэхэмжлэгч С.Д хуульд заасан ямар ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй ба миний амьдарч байгаа газрыг өмчлөх, эзэмших ямар эрх, ямар хуулиар олгогдсон юм гэдэг нь эргэлзээтэй байдаг. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэгчээр Н.А нь нэхэмжлэл дээр бичигдсэн атлаа нэхэмжлэл гаргасан гэдэгт С.Д, Н.А гэсэн байдаг ба нэхэмжлэлд бичигдсэнээр бол Н.А нь нэхэмжлэгч болоод байгаа юм. Энэ байдлыг шүүх бас тодруулаагүй.

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч нар хэний ашиг сонирхол илүү үйлчлээд байгаа вэ гэдэг нь сонин бөгөөд удаа дараагийн тайлбартаа болохоор надад олгосон захирамж хуулийн дагуу гарсан гэсэн байсан атлаа шүүх хуралдаан дээр надад урьдчилан мэдэгдээгүй байдлаар гэнэт л С.Д зөв гэх мэтээр бүр цаашлаад миний гэрчилгээг хүчингүй болгоно гэснийг шүүх шууд хүлээн авч зохих акт гаргахыг даалгаад байгаад гомдолтой байна.

...Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэх эсхүл анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч С.Д нь нэхэмжлэлдээ ... Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн Засаг даргын захирамжуудын С.ЦАд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаснаас гадна Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албаны газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шийдвэрлээгүй орхиж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4-д Тогтоох хэсэгт ... нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ...-ыг тусгана гэж заасныг зөрчсөн байна.

2. Баянзүрх дүүргийн Засаг дарга нь тус дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1275 буюу 1275б гэх 523 м.кв газрыг нэхэмжлэгч С.Дд, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/213 дугаар захирамжаар, гуравдагч этгээд Н.ЦАд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/227 дугаар захирамжаар /23 хоногийн дараа/ давхцуулан эзэмшүүлэхдээ хэн алиныг нь тухайн газар дээр олон жил тогтвор суурьшилтай амьдарч байгаа гэсэн үндэслэл заажээ.

Хэргийн оролцогч нар ч энэ үндэслэлээр маргаж байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг захиргааны хэргийн шүүх өөрөө бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг тодруулан маргаан бүхий актуудын талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байна.

Тус дүүргийн 23 дугаар хорооны Засаг дарга Энхтүвшин нь нэхэмжлэгч С.Д болон гуравдагч этгээд Н.ЦА нарын газар эзэмших, өмчлөх өргөдлийг уламжлахдаа хэн алинд нь тухайн газарт оршин суугч гэсэн тодорхойлолтыг[1] гаргасан нь хэрэгт авагдсан байх ба гуравдагч этгээд Н.ЦАийг 2002 оноос хойш тухайн газарт оршин суудаг талаарх өрхийн бүртгэлийн дэвтэр, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд цугларсан, харин нэхэмжлэгч С.Дг тухайн газарт оршин суудаг талаар дээрх тодорхойлолтоос өөр баримт авагдаагүй байна.

Шүүх тус хорооны Засаг даргаас оршин суугч гэсэн тодорхойлолтыг ямар учраас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн алинд нь хийж өгсөн, ямар бүртгэлийг үндэслэсэн, тухайн газарт хэн нь оршин суудаг зэргийг тодруулах боломжтой байхад тодруулалгүй ... маргаан бүхий газарт огт оршин суудаггүй С.Дд ... газар эзэмших гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй ... гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэж заасныг зөрчжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д ... иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэхээр заасан бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтыг цуглуулж нэхэмжлэгч С.Д газар эзэмших эрх нь хууль ёсоор үүссэн, шүүхээр хамгаалагдах эрх мөн эсэхэд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу С.Д нөхөр Н.А нь ... манайх Баянзүрх дүүргийн 1999 оны 110 дугаар гэрчилгээний дагуу 1275 тоот хашааны газрыг бүхэлд нь эзэмшиж байгаад 2005 онд өөрийн нэр дээр 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмших, өмчлөх гэрчилгээ авсан. Засаг дарга 2014 онд үлдэх 523 м.кв газрыг эхнэр С.Д нэр дээр эзэмшүүлсэн ... Н.ЦА манай хашаанд түр амьдарч байсан ... гэжээ.

Дээрх тайлбараас үзвэл тухайн хашааг Н.А барьсныг үгүйсгэхгүй боловч 1999 оны 110 дугаар газар эзэмших гэрчилгээнд зөвхөн 450 м.кв газрыг эзэмшүүлсэн, уг гэрчилгээг үндэслэн 2005 онд Н.Ад тухайн хашааны зарим хэсэгт 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлж, өмчлүүлсэн болох нь өөрийнх нь тайлбараар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасны дагуу маргаж буй 523 м.кв газрыг 2014 оноос өмнө нэхэмжлэгч С.Д, түүний нөхөр Н.А нар хууль ёсоор эзэмшиж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн газрыг эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр хашаа барьсныг үндэслэн хууль ёсоор эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актуудын үндэслэл болсон нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн нь тухайн газарт тогтвор суурьшилтай амьдарч байсан талаарх баримтыг цуглуулж, уг захиргааны актууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим болон хуулийн бусад заалтуудад нийцсэн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т зааснаар шийдвэр биелүүлэх арга, журмаа заахдаа ...өөр байршилд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх боломжтой эсэх зэргийг судлан тогтоож, дахин шинэ акт гаргах... гэж хэргийн оролцогчдын маргаагүй, шийдвэрт тусгагдаагүй асуудлаар шийдвэрийг биелүүлэх арга, журмыг тодорхойлсон нь үндэслэлгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 146 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргаж буцаан олгосугай.

Магадлалыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ