Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 62

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00062

                     Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, малчин-2, 87б тоотод оршин суух, ПЙ81031276 дугаарын регистртэй, Монгол овогт Лянхын Амарзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ПЭ75041708 дугаарын регистртэй, Олхонууд овогт Даваахүүгийн Энхбулганд холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 153/2017/00003/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.Энхбулган, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Амарзаяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Амарзаяа нь хариуцагч Д.Энхбулгантай 2004 онд гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон. Бид 2008 оноос хойш тусдаа амьдарч байна. Хариуцагч Д.Энхбулган нь 2008 оноос эхлэн өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Д.Энхбулган нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Л.Амарзаяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бид 2004 онд гэр бүл болсон ба 2005 онд бидний дундаас охин Анударь төрсөн. Бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байна. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгө, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийн маргаан байхгүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Амарзаяа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтээ: Миний бие нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Амарзаяа нь хариуцагч Д.Энхбулганд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Л.Амарзаяа, хариуцагч Д.Энхбулган нар нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдгээрийн дундаас 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин А.Анударь төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.Амарзаяа, хариуцагч Д.Энхбулган нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод гэрлэгчид олон жил тусдаа амьдарч байгаа, зохигчид Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, цаашид эвлэрэх боломжгүй, гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлэн зөвшөөрч байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн нас, биеийн онцлог, эцэг эхийн ёс суртахууны байдал, хүмүүжил, анхаарал халамж, хүүхдийн өөрийнх нь санал зэргийг харгалзан 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударийг эх Д.Энхбулганы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу эцэг Л.Амарзаяа нь 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударийг эх Д.Энхбулганы асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу зохигчид 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударьтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Энхбулган, эцэг Л.Амарзаяа нарын зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө, хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбулганаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Амарзаяад олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.1-т зааснаар Монгол овогт Лянхын Амарзаяа, Олхонууд овогт Даваахүүгийн Энхбулган нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударийг эх Д.Энхбулганы асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлэгийн маргаангүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Л.Амарзаяа нь 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударийг эх Д.Энхбулганы асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй болохыг дурьдсугай.

5. Эцэг Л.Амарзаяа нь 2005 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин А.Анударьтай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх Д.Энхбулганы зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Энхбулганаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Амарзаяад олгосугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ