Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1017

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Б.Батнасан

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн,  холбогдох эрүүгийн 1905038841248 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- нь 2019 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд “найз эмэгтэйг үнслээ” гэх шалтгаанаар иргэн О.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт:  Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

 

 

 

 

 

 

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.Т- мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 27-нд найз *******-тэй уулзаад гэрийг нь дулаалж өгсөн тухай өдөр хамт хоноод маргааш нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 28-ны орой Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рич нэртэй зочид буудалд орсон бид хоёр 9 лааз 0.5 литр пиво авч орсон. Тэгээд дахиад 6 лааз 0.5 литрийн пиво авсан ууж дуусгаад *******-гийн танил эмэгтэй нэг шил 0.5 литрийн канек нэртэй архи авч ирээд бид нар уугаад байж байгаад би усанд орчихоод явлаа өөр газар очиж хононо гэхэд *******- яах юм бэ би буудлын мөнгөн дээр 5000 төгрөг нэмээд өгье энд хоночих гэсэн. Би усанд орох гээд угаалгын өрөөнд нь ороход *******- миний араас угаалгын өрөөнд уусан канекны шилээр толгой руу цохисон би манараад газар унасан тэгэхэд дээрээс цохиод би сэргэхэд уг буудлын хамгаалагч нь орж ирсэн байсан би бид нар найзууд байгаа юм зүгээрээ гэсэн тэгээд би хувцасаа өмсөөд гараад явсан би тухайн үед хамраас цус гарсан гэж бодсон тэгээд гайгүй байх гэж бодоод явсан...*******- миний хохиролыг бүрэн барагдуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. /хх-ийн 12, 38/ гэх мэдүүлэг,

Гэрч С.Дашдаваа мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгэр сарын 28-нд орой 20 цагийн үед *******- найзтайгаа хамт байна гээд уулзаад хамт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” нэртэй буудалд орсон тэгээд пиво уугаад 0.5 литрийн канек талыг нь бид 3 хувааж уусан. Тэгээд уг буудлаас гараад караокед ороод сууж байхад *******- тамхи авлаа гээд гарсан. О.Т- бид хоёр хамт байж байгаад О.Т- намайг оролдох гээд байхаар нь би уурлаад гараад гадаа *******-тэй таараад буцаад караоке ороод тооцоо хийгээд гараад буцаад буудал руугаа ороод үлдсэн канекаа уугаад тэгээд би жаахан согтоод хэвтэж унтсан. Тэгээд намайг нэг хүн үнсэхээр нь *******-тэй өмнө нь уулздаг байсан болохоор *******- байх гэж бодоод үнссэн тэгээд босоод хувцсаа тайлаад байх шиг байсан. Тэгтэл *******-, О.Т-г гараараа цохисон. О.Т- орон дээр суусан тэгээд дээрээс нь зодоод байсан. Тэгээд О.Т-гийн нүүрнээс нь цус гарсан язарсан байсан. *******-, О.Т-г усанд ор гээд угаалгын өрөө оруулсан тэгээд би араас нь очиход *******- О.Т-г угаалгын өрөөнд бас хэд хэд цохисон. Тэгээд яв гээд О.Т- гараад явсан. О.Т- явахад нь *******- буудлын мөнгө гээд мөнгө өгч явуулсан. /хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

*******- мөрдөн байцаалтанд: 2019 оны 9 дүгээр сарын 27-нд О.Т- манайд хоносон. 9 дүгээр сарын 28-нд манай гэрийг дулаалж янзлаад орой нь  гараад найз Дашдаваатай уулзаад бид гурав хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо Рич нэртэй буудалд ороод хүний 2-3 пиво нэг шил 0.5 литрийн виски уусан. Тэгээд караокед ороод уг хоёрыг үлдээгээд гарч тамхи аваад буцаад караоке руу очсон. Дашдаваа уурлаад урдаас ирж байхаар нь яасан гэхэд яагаа ч үгүй гэсэн араас нь О.Т- алхаад ирж байхаар би О.Т-гээс чи яасан юм бэ гэхэд яагаа ч үгүй гэсэн. Тэгээд бид гурав караоке ороод Дашдаваа явъя гэхээр нь буудал руу буцаад бид гурав ороод буудалд байсан 2 лааз пиво уугаад О.Т- явлаа гэсэн. Тэгэхээр нь хонохгүй юм уу гэхэд үгүй явлаа гэсэн тэгээд би О.Т-д 40000 төгрөг өгөхөд аваад гараад явсан. Тэгээд О.Т- буцаад ороод ирсэн. Тэгээд О.Т- манай найз охин хоёр хоорондоо үнсэлцэж байгаад О.Т- босоод хувцасаа тайлж байгааг хараад уур хүрээд нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохисон. Тэгсэн чинь О.Т-гийн нүүр цус болсон байхыг хараад наад цусаа угаа гээд угаалгын өрөө рүү оруулсан. Тэгээд угаалгын өрөөнд хэсэг цохиод тэгээд гаднаас буудлын хамгаалагч гэх хүн орж ирэхээр нь бид хоёр зодолдохгүй гэж хэлэхэд буудлын хамгаалагч гараад явсан. О.Т-г за чи яв гэж хэлээд гаргаад явуулсан. Би хоноод явсан... Би гэм буруугаа ухаарч байгаа. Би хохирлыг барагдуулж эмчилгээний зардалд нийт 2.050.000 төгрөг өгсөн. О.Т-г зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 15, 27/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11983 дугаартай дүгнэлтэнд: О.Т-гийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун зовхины гадна буланд шарх, хоёр хөмсөгний дээр, хамрын нуруу, эрүүнд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, баруун тохойд зулгаралт, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна /хх-ийн 17/ гэсэн дүгнэлт,

       Шүүгдэгч *******-гийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэргийг шинжлэн судлав.  

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******- нь 2019 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рич” зочид буудалд “найз эмэгтэй С.Дашдавааг үнслээ” гэх шалтгаанаар О.Т-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь хоёр нүдний зовхинд цус хуралт, баруун зовхины гадна буланд шарх, хоёр хөмсөгний дээр, хамрын нуруу, эрүүнд шарх, доод уруулын дотор салстад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нэг шүдний сулрал, баруун тохойд зулгаралт, хоёр бугалганд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч О.Т-гийн “...*******- миний араас угаалгын өрөөнд орж ирээд уусан канекны шилээр толгой руу цохисон....” гэсэн мэдүүлэг 

гэрч С.Дашдаваагийн “...*******-, О.Т-г цохисон тэгээд би сэрээд харахад *******-, О.Т-г гараараа цохисон...О.Т-гийн нүүрнээс нь цус гарсан язарсан байсан тэгээд *******-, О.Т-үг усанд ор гээд угаалгын өрөө оруулсан тэгээд би араас нь очиход *******-, О.Т-г угаалгын өрөөнд бас хэд хэд цохисон...” /хх-ийн 13/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11983 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас *******-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос *******- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.    

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг *******- танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

 

4. *******- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ