| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2018/1009/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/1107 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/1107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга,
Улсын яллагч Б.Дэлгэрмаа,
Хохирогчийн төлөөлөгч Б.Доржсүрэн,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Т.Батчимэг нарыг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт Б овогт Д С холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808040800392 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Лидер Кашимер” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 2 дугаар гудамж, 236 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овогт Д Саранчимэг, регистрийн дугаар РЮ*********,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны 08 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын замд Тоёота Акуа маркийн 44-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явгн зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Ж мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Д.С нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны 08 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын замд Тоёота Акуа маркийн 44-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарцруу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явгн зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ж.Жадамбыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- насанд хүрээгүй хохирогч Ж.Жадамбын...“2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад зургийн дугуйлан руугаа явж байсан. Тэгээд би явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал 44-85 УБЕ гэсэн дугаартай автомашин миний зүүн гар талаас ирж байсан. Тэгтэл зогсох үйлдэл хийхийн оронд бүр хурдалж ирээд мөргөчихсөн. Миний бодлоор тэр машины жолооч тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгэсэн гэж бодож байна. Гайгүй явж байгаад ойртож ирээд бүүр хурдлаад мөргөсөн. Миний түнх, аарцаг голын яснууд хугарсан. Босоод явахаар түнх өвддөг, одоо суга таягтай байгаа. Би гомдолтой байна..мэдүүлэг /хх 22/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн...“Ж.Ж биед зүүн сүүжний дэлбэн, ууц сүүжний үе дайрсан хугарал, ууцны 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн умдаг ясны дээд салааны хугарал, доод салаа суудал ясны салаатай нийлэх хэсгийн зөөлөн эдийн няцрал, дух баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, доод зовхинд цус хуралт, дух баруун нүдний дээд зовхи, доод зовхи, баруун тохой, зүүн өвдөг, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1.д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-50/,
- мөрдөгчийн магадлагаа : Тоёота Акуа маркийн 44-85 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Д.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явгн зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна /х-65-66/,
- шүүгдэгч Д.Сийн... “ Би 2018 оны 08 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа 08 цагийн 20 минутын үед гэрээсээ гараад ажилруугаа явж байсан. Тэгтэл Сонгинхайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын хажууд явган хүний гарцны хажууханд нэг том хүн нэг хүүхэд хоёр зогсож байсан. Тэгээд би явган хүний гарц гэрлэн дохиогүй байсан болохоор том хүн хүүхэд хоёр гарцаар гараагүй хөдөлгөөн хийгээгүй болохоор нь чигээрээ явсан. Тэгтэл зогсож байсан хүүхэд гэнэт миний урдуур цаашаа хараад гүйгээд ороод ирсэн. Тэгээд би шууд тоормосоо гишгээд машинаа зогсоож амжаагүй нөгөө хүүхдийг мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирсэн тэгтэл нөгөө хүүхэд босож ирээд цаашаа яваад байсан тэгэхээр нь би явж хөдлөж болохгүй гэж хэлээд хажууханд нь явган суулгасан. Тэгээд удалгүй хажуугаар өнгөрч явсан түргэний машиныг зогсоогоод үзүүлтэл нөгөө эмч нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан... гэх мэдүүлэг /хх 72-74/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Сийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ж.Жадамбын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 7.600.000 төгрөг /хх-27, 30-36, 42-47, 75-78/ нэхэмжилсэн байх ба шүүхийн өмнөх шатанд шүүгдэгчээс 720,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.
Хохиролд холбогдох нотлох баримтуудаас үзэхэд эмчилгээний зардлын нийт 1,105,480 төгрөгөөс /х-30, 42/ 720,000 төгрөг төлөгдөж, 385,480 төгрөг төлөгдөөгүй, хохирогчийн төлөөлөгчийн хүүхдээ асарсан 3 сарын цалин 1.080.000 төгрөг /х-46/-ийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн тул шүүх нийт 1.465.480 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэснийг шүүгдэгч нь шүүх хуралдааны явцад хохирогчийн төлөөлөгчид төлсөн байна.
Бусад хохирлын хувьд хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтгүй, зарим хохирол нь гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой эсэх нь тодорхойгүй байх тул хангах боломжгүй харин хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч Д.Сийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 910277 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Сийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ст оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон хохирлын 1.465.480 төгрөгийг хохирогчийн төлөөлөгчид төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Уг хэрэгт шүүгдэгч Д.Сийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 910277 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
8. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР