Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 65

 

    2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00065

                    Ховд аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би, 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-19 тоотод оршин суух, ПЮ61060309 дугаарын регистртэй, Төнхөн овогт Жамъяны Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Магсаржав багийн 1-3 тоотод оршин суух, Сэржмядагийн Баасандоржид холбогдох 186000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч С.Баасандоржоос 350000 төгрөгөөр идэшний үхэр худалдаж авахаар амаар тохиролцсон. Тэгээд хариуцагч С.Баасандорж нь урьдчилгаа 170000 төгрөгийг аваад явсан. Үлдэгдэл 180000 төгрөгийг үхэрээ авчирч өгөөд авахаар болсон. Гэвч хариуцагч С.Баасандорж нь өнөөдрийг хүртэл холбоо барихгүй, сураггүй байгаа тул хариуцагч С.Баасандоржоос 186000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч С.Баасандорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 186000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Цэцэгмаа нь С.Баасандоржид холбогдуулан 186000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Баасандорж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3125 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэцэгмаад олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Баасандоржид холбогдох 186000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугааар зүйлийн 56.5, 59.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.Цэцэгмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3125 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэцэгмаад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                  

   ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ