Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/757

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Э.Одончимэг

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт *******-г холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж ирүүлсэн 1805006210109 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

*******- 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 9 дүгээр гудамжны 215 тоотод төрсөн эгч *******- зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн хацарт зулгарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт “Манай ээж хэвтэрт байдаг хүн байгаа юм. Ээж маань манайд амьдардаг. Ээж хүндээр бие засах үедээ хоёр охиноо дууддаг юм. 2017 оны 12 сарын 30-нд эгч *******-г ирээд ээжийг бие засуулаад өгөөч гэхэд эгч завгүй гээд ирээгүй. Тэгээд маргааш өглөө нь 10 цагийн үед *******- эгчийг ирэхээр нь би “та, ээжийн дуудсан үед нь хүрээд ирэхэд яадаг юм бэ” гэж хэлсэн чинь *******- эгч над руу “чамд ямар хамаатай юм бэ” гээд уурласан. Тэгэхээр нь би уур хүрээд *******- эгч рүү гутал аваад шидчихсэн юм. Одоо би эгчтэйгээ эвлэрсэн бидний харилцаа сайн байгаа. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч П.*******- мөрдөн байцаалтанд ”2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээж над руу утсаар залгаад ирээд ээжийгээ бие засуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би ээждээ өнөөдөр ажил ихтэй амжихгүй байна маргааш өглөө эрт яваад очьё гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед дүү Баярмагнайн гэрт нь очсон. Учир нь манай ээж Цэцэгээ төрсөн манай дүүгийнд хамт амьдарч байсан юм. Тэр өдөр намайг ээжийнд ороход Баярмагнай, ээж, мөн Баярмагнайн эхнэр нар байсан. Тэгээд би гэрт ороод шууд ээжийгээ бие засуулаад сууж байсан чинь дүү та ээжийн дуудсан цагт хүрээд ирчихэд яадаг юм гээд надад уурласан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ өчигдөр ажил ихтэй байсан болоод амжаагүй юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Манай дүү бид хоёр уг нь нэг их сүртэй маргалдаагүй гэтэл дүү гартаа барьж байсан гар утсаа над руу шидсэн. Түүний шидсэн гар утас нь намайг оноогүй тэгсэн чинь *******-орны хажууд тайлаад тавьсан байсан миний хагас өсгийтэй хар өнгийн түрийтэй савхин  гутлаар миний хацар, толгой руу хэд хэдэн удаа цохисон...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 14/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр Ж.Амартүвшин мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10 цагийн үед хадам дүү Баярмагнайн гэрт эхнэр *******-гийн хамт очсон. Манай хадам ээж Цэцэгээ хэвтэрт байдаг болохоор манай эхнэр *******- хадам ээжийг бие засуулах гээд дүү Баярмагнайн гэрт орсон. Харин би тэдний хажуу айл хадам дүү Баттэнгисийнд ороод хэсэг байж байгаад 20-30 минутын дараа хадам дүү Баярмагнайн гэрт ортол манай эхнэр *******-гийн толгойноос цус гарчихсан байсан. Тэгээд би юу болсон юм бэ гээд асуутал хадам дүү *******-чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Баярмагнайд хандан чи эгчийгээ яаж байгаа юм бэ гэтэл *******-надтай маргалдаад бид хоёр гэрээс нь заамдалцсан байдалтай гарсан. Бид хоёр маргалдаж байгаад сүртэй зодолдоогүй салцгаасан “ /хх-ийн 15/ гэсэн мэдүүлэг,

 

Гэрчээр Т.Нарансувд мөрдөн байцаалтанд” 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн үед манай  гэрт нөхөр Баярмагнай, хадам ээж  бид гурав байж байсан. Тэгтэл нөхрийн эгч *******- тэр үед гаднаас орж ирсэн ба манай нөхөр *******- эгчид хандан чи ээжийг ярьсан үед нь ирээд шээс баасыг нь асгаад өгчихөж байгаач гэж хэлсэн. Тэгтэл *******- эгч юу яриад байгаа юм миний ажил амжихгүй байна пизда минь гэж хэлсэн. Тэгэнгүүт нь манай нөхөр уурлаад орны өмнө байсан савхин хавар намрын дөрвөлжин өсгийтэй эмэгтэй хүний гутлыг аваад шидсэн. Тэр гутал нь *******- эгчийн толгойг нь оносон” /хх-ийн 16/ гэсэн мэдүүлэг,

 

Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2017 оны 12 дугаар сарын 31-ний өглөө гэртээ байж байсан юм. Тэр үед эгч *******- гаднаас ганцаараа орж ирсэн тэр өдөр *******- эгч манай ээжийг бие засуулах гэж ирсэн юм. Манай ээж манай гэрт хэвтэрт байдаг юм...тэр өдөр *******- эгчийг манай гэрт ороод ирэхээр нь та ээжийн дуудсан цагт ирээд бие засуулаад өгчихөж байгаач гэж хэлсэн юм.  Тэгтэл эгч уурлаад хуцаад байгаарай чамд ямар хамаатай юм би ажил ихтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурандаа тэсэлгүй ээжийн орны өмнө байсан савхин түрийтэй эмэгтэй хүний гутлыг аваад эгч рүү шидсэн. Миний шидсэн гутал эгчийн толгойг оноод цус гарсан. Би өөрөөр *******- эгчийг зодож цохисон зүйл байхгүй” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 991 дугаартай  “*******-гийн  биед тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээжинд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  Мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, ял шалгах хуудас /хх-ийн 42/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******- 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн-Нарангийн 9 дүгээр гудамжны 215 тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж төрсөн эгч *******-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******-ийн”...Баярмагнай...миний хагас өсгийтэй хар өнгийн түргийтэй савхин  гутлаар миний хацар, толгой руу хэд хэдэн удаа цохисон...” /хх-ийн 14/, гэрч Ж.Амартүвшингийн”...манай эхнэр *******-гийн толгойноос цус гарчихсан байсан...” /хх-ийн 15/, гэрч Т.Нарансувдын”...манай нөхөр уурлаад орны өмнө байсан...гутлыг аваад шидсэн. Тэр гутал нь *******- эгчийн толгойг нь оносон... “/хх-ийн 16/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 991 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч *******-н үйлдсэн хэргээ хүлээн”... би уурандаа тэсэлгүй ээжийн орны өмнө байсан савхин түрийтэй эмэгтэй хүний гутлыг аваад эгч рүү шидсэн. Миний шидсэн гутал эгчийн толгойг оноод цус гарсан...” /хх-ийн 35/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдож байна.

 

Прокуророос *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн” төрсөн дүүтэйгээ сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг *******-д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн буюу нийт 2 /хоёр/ сарын хугацааны дотор бүрэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх  төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                

                

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ