Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/00272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгнохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт оршин суух, эрэгтэй, Ш.О,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт оршин суух, эмэгтэй, Ё.О  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3 хаягт байрлах, НШШГГ холбогдох,

Хөрөнгө үнэлэх ажиллагаанд гаргасан гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.О, Ё.О, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.О, Ё.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1212 дугаартай шийдвэрээр Ш.О, Ё.О, Д.С нараас 53.457.189,63 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4/25834 дугаартай Мэдэгдэл-ээр төлбөр төлөгч Ё.О, Ш.О, О.А нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны үнэлгээг 109.243.700 төгрөг болохыг тогтоосон талаар мэдсэн юм. Нэхэмжлэгч нарын зүгээс, уг үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээр үнэлэж чадаагүй, төлбөрөө төлөөд явж байхад хөрөнгийг үнэлүүлсэн нь буруу гэж үзэж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцны үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гарагсан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1212 дугаартай шийдвэрээр Ш.О, Ё.О, Д.С нараас 53.457.189,63 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн юм. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 3/18251 дугаар эд хөрөнгийн мэдүүлэг өгөх мэдэгдэл, 2017 оны 8 дугаар сарын 21-ний дотор төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Төлбөр төлөгч нарын харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн шаардлага хангахуйц үлдэгдэл хүрэлцээгүй тул эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон Ш.О, Ё.О, О.А нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Ё.О үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 109.243.700 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч Ш.О, Ё.О нарт 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4/25834 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.О, Ё.О нар нь төлбөрт хураагдсан хөрөнгө болох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг зах зээлийн үнээр үнэлэж чадаагүй, төлбөрөө төлөөд явж байхад хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Шинжээч томилох тухай 250 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч, хөрөнгө үнэлсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 547 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас-ыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн, түүнчлэн Ё.О, Ш.О, О.А нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн 4 өрөө орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3/128 дугаартай Эд хөрөнгө хураасан тогтоол-оор эд хөрөнгийг хураан авсан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай шинжээч томилох тогтоолын дагуу үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлж, үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч болон хөрөнгийн өмчлөгчид мэдэгдсэн үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эдгээр үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ./хх 10, 21, 23, 24-67 дугаар тал/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, 3/128 дугаартай тогтоол үйлдэж, үл хөдлөх хөрөнгө-ийг хураан авсан байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацааны дотор буюу 1 сарын дотор хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоож чадаагүй байх тул хөрөнгийг тухайн үеийн зах ээлийн ханшаар үнэлэж чадаагүй гэх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д: Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө. гэж хуульчилсан нь, түүнчлэн хуулийн энэ хэсэгт зохицуулсан хөрөнгийн үнэлгээг хураан авснаас хойш 1 сарын дотор үнэлгээг тогтоосон байх хуулийн шаардлага нь хураагдсан хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх, эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хамгаалсан зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2-т зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн эсэхээс үл хамаарч, аль ч тохиолдолд, хураан авсан хөрөнгийн үнэлгээг 1 сарын дотор тогтоосноор хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлсэн гэж үзэх үндэслэл болно. Нөгөө талаасаа, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч хөрөнгийн үнэлгээг хийж байгаа тул шинжээчийн дүгнэлт нь бүхэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хөрөнгө үнэлэх ажиллагааны бүрдэл хэсэг болох юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай Шинжээч томилох тогтоол хуульд нийцээгүй, хөрөнгө үнэлэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан хугацааны дотор багтаан явуулаагүй, хөрөнгийг зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлсэн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар, шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө үнэлсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Төлбөр төлөгч нь гүйцэтгэх баримт бичигд заасан төлбөрийг хэсэгчлэн төлж байгаа тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид хуулиар олгоогүй тул төлбөрөө төлөөд явж байхад хөрөнгийг үнэлүүлсэн нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7-д заасныг баримтлан Ш.О, Ё.О, О.А нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201001016 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 105 тоот хаягт байрлах 4 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 250 дугаартай Шинжээч томилох тогтоол-ыг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГГ-с 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.О, Ё.О нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР