Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 67

 

   2018 оны 02 сарын 05 өдөр

       Дугаар 153/ШШ2018/00067

                       Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мянгад сумын Гахайт багт оршин суух, ПЗ60031317 дугаарын регистртэй, Газарч овогт Дамбын Батхуягийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.Батхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Батхуяг нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1976 оноос 1990 оныг хүртэл мал маллаж улсад нийт 14 жил ажилласан. Үүнээс 1976 оноос 1980 оныг хүртэл эцэг эхийн хамт малчнаар ажиллаж байсан. Миний 1976 оноос 1980 оныг хүртэл ажиллаж байсан байдлын талаарх бичиг баримт үрэгдэж байхгүй болсон тул хохироод байна. Иймд намайг 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Батхуягийн 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Д.Батхуяг нь 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1498 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг бригадын 1976-1978 он, 1983 он, 1988 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс

-Хүсэлт гаргагч Д.Батхуягийн 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- 1976 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- 1977, 1979 онуудад Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зураг,

-Гэрч Г.Нямсүрэнгийн ....Би 1964 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1992 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Д.Батхуяг нь бага залуу наснаасаа эхлээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Ямар ч байсан 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Одоо ч гэсэн тус сумандаа малчнаар ажиллаж байна. Д.Батхуягийн эцэг эхийг сайн танина. Аавыг нь Дамбаа, ээжийг нь Дойсоо гэдэг байсан. Бид хамтдаа олон жил айл хөрш, нэг нутаг ус, нэг бригадад мал маллаж явсан. Нэгнээ сайн таних найз нөхдүүд байгаа юм... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Д.Түвшингийн ...Би 1965 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хэсгийн ахлагчаар ажилд орж байсан. 1965 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Мянгад сумын Эд хэрэглэгчдийн хоршоонд тоо бүртгэгчээр 1965 оны 09 дүгээр сарыг хүртэл ажиллаж байгаад Ховд аймгийн залуу малчдын сургуульд элсэн орж 1966 оны 06 дугаар сард төгссөн. Улмаар 1966 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Хөдөө аж ахуйн техникумын зоо техникийн ангид элсэн орж 1969 оны 06 дугаар сард төгссөн. 1969 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Банкны конторт мөнгө хураагч, байцаагчаар ажилд орж 1971 оныг хүртэл ажилласан. 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад зоо техникчээр 1976 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад бригадын даргаар 1980 оныг хүртэл, 1980 оноос Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Цагаанбулан бригадад бригадын даргаар 1985 оны 05 дугаар сарыг хүртэл, 1985 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Мянгад сумын банкны салбарын эрхлэгчээр 1994 оны 07 дугаар сарыг хүртэл тус тус ажиллаж байсан. Д.Батхуяг нь 1960 онд төрсөн. Улмаар Ховд аймгийн Мянгад сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 1975 онд 7 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр эцэг эхийн мал дээр гарч малчин болсон. Түүнээс хойш Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тасралтгүй ажиллаж байсан ... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Батхуягийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Газарч овогт Дамбын Батхуягийг 1976 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЮУН-ЭРДЭНЭ