Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 182/2019/01352/И |
Дугаар | 001/ХТ2020/00822 |
Огноо | 2020-12-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2020/00822
Г.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 232 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Г.Б-а
Хариуцагч: “..банк” ХХК-д холбогдох
Ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, тэтгэврийн ууган сангийн хуримтлал болон олгогдоогүй цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б-а, түүний өмгөөлөгч Б.Раднаасүрэн, Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие анх 2015-01-07-ны өдөр ..банк ХХК-ийн хамтын ажиллагааны хэлтэст менежерээр ажилд орж, улмаар 2017-03-02-ны өдөр Хувийн банкны албанд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж 2019-03-20-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан. 2019-04-26-ны өдөр тус банкны дотоод аудитын газраас үйл ажиллагаанд шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Г.Б-а нь хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлээгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан, арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэрэг нь .. банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын “11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхгүй”, “1.Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа” заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3-т Мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх заалт болон Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтуудыг зөрчсөн гээд ажлаас халах санал гаргасан. Улмаар дээрх дотоод аудитын дүгнэлтийг үндэслэн .. банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019-04-29-ний өдрийн 305 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн, уг тушаалыг гардуулж өгөөгүй. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэсэн боловч уг хуулийн зохицуулалт ёсоор ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээс аль зохицуулалтыг баримталсан нь тодорхойгүй. Тушаалд “мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэжээ. Гэтэл Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын албан тушаалын хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод мөнгө хариуцах ажил үүрэг байхгүй. Түүний ажлын зорилго, чиг үүрэг нь суваг удирдлагын газартай холбоотой бодлого журам боловсруулах, холбогдох арга хэмжээг авах, идэвхжүүлэх ажил юм. 2019-04-26-ны өдрийн 13/26 дугаар Дотоод аудитын газрын илтгэх хуудас нь ямар зөрчил илрүүлсэн, илэрсэн зөрчил нь анхан шатны баримттай эсэх нь тодорхойгүй. Иймд .. банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн 2019-04-29-ний өдрийн 305 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан .. банк ХХК-ийн Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж, Тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, 2019-04 сарын олгогдоогүй цалин 3,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Г.Б-а нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлүүдийг аль алийг нь гаргасан. Байгууллагын зүгээс хувийн банкны газрын захирал Г.Б-ад банк харилцагч хоорондын харилцааг нягтруулах зорилго бүхий ажлыг зохион байгуулахыг хариуцуулан, итгэл хүлээлгэж, түүний дансанд мөнгө шилжүүлэн захиран зарцуулах эрхийг олгосон байсан. Дотоод аудитын газрын илтгэх хуудсаар 2018-08-28-ны өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээг хэлтсийн захирал Г.Б-а нь бие даан байгуулсан. Бие даан байгуулсан үйлдэл нь худалдан авалтын үйл ажиллагааг зөрчсөн гэж үзсэн. Худалдан авалтын үйл ажиллагааны журмын 3.3.1-д зааснаар гэрээ байгуулагч шийдвэр гаргах эрхийг зөрчсөн байна гэдэг үндэслэлтэй. Г.Б-а нь тухайн үед гэрээ байгуулах эрх үүргийн талаар мэдээ заавар байгаагүй учир арга хэмжээг зохион байгуулж эхлэхдээ гэрээ байгуулаагүй буюу нөхөж байгуулсан гэсэн тайлбарыг Дотоод аудитын газарт өгсөн байдаг. Мөн ..банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны тушаалаар батлагдсан Зохистой хэрэглээний журмын 2.1.8, 2.2.2, 2.2.1-д заасан банкны сүлжээнд бүх компьютерт Remote /цаашид рэмөүт гэх/-ээр болон шууд хандах эрх олгохгүй гэснийг зөрчсөн. Мэдээллийн ажилтныг шууд болон шууд бусаар өөр ажилтанд өөрийн хандалтын эрх үүргээ дамжуулахыг хориглох ба хэрэглэгч өөр ажилтны нэр, нууц үгийг ашиглахыг хориглоно. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12-т заасан ажилтан өөр ажилтны өмнөөс цагийн бүртгэлийг бүртгүүлэх, санаатай худал бүртгүүлэх, бүртгэх гэдэгтэй уялдаж байгаа юм. Г.Б-а ажилдаа ирээгүй байж өөрийн хэлтсийн менежер Т.Энх-Амгалангаар бүртгэл хийлгүүлсэн. Г.Б-а өөрөө би рэмөүтээр орж бүртгүүлсэн гэдэг боловч энэ эрхийг хэн өгсөн нь тодорхойгүй. Мөн илтгэх хуудасны мөнгө хариуцсан ажилтан банкны итгэлийг алдсан үйлдэл гаргасан. Дэлхийн санхүүгийн музейд зохион байгуулагдсан арга хэмжээний бүртгэлээс арга хэмжээнд зарцуулсан архины тоо, арга хэмжээ зохион байгуулагдсан цаг, оролцсон харилцагчидтай уялдаагүй буюу их хэмжээгээр зарцуулагдсан. Гэрч Ж.Хишигжаргал Уялдаагүй зарцуулсан гэдгээ тайлбарлана уу гэхэд 2018-09-04-ний өдөр 11:30-15:30 хооронд хөрөнгө оруулалтын боломж арга хэмжээг зохиогоод 14 харилцагч орсон гэдэг. Энэ арга хэмжээнд өдрийн цагаар харилцагч 8 шил виски, 10 шил вино хэрэглэсэн байгаа юм. Монголын нууц товчоо арга хэмжээг 21 удаа зохион байгуулахад нийт 346 вип харилцагчид оролцсон. Харилцагчийн бүртгэлийг бүртгэх талаар дүрэм журам байхгүй гэж хэлсэн. Харилцагчийн нэрсийн бүртгэлийг тулгахад 78 харилцагч нь уран зургийн үзэсгэлэнг 2-5 удаа үзсэн тэмдэглэл хийгдсэн буюу харилцагчийн нэр давтагдсан гэж дүгнэлт хийсэн гэж мэдүүлсэн. Харин Г.Б-а эд хөрөнгө хариуцсан ажилтан мөн эсэх тухайд тайлбарлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-т заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт чиглэлээр эд хөрөнгө эзэмших, ашиглах захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтныг ойлгоно гэж заасан. Г.Б-а нь хувийн банкны хэлтсийн захирал буюу удирдах албан тушаалтан бөгөөд Монголын нууц товчоо, Уран зургийн үзэсгэлэн арга хэмжээг зохион байгуулах эрх нь Г.Б-ад өөрт нь байсан. Тиймээс архи вино, бэлэг сэлт, Скай ресорт ХХК-ийн сургалтын төлбөр зэргийг захиран зарцуулах эрхийг өмчлөгчийн зөвшөөрлөөр буюу баталсан төсвийн хүрээнд захиран зарцуулж байгаа удирдах албан тушаалтан юм. Энэ зарцуулалт нь бодит байдалд нийцэхгүй байна гэж дотоод аудитын газрын шалгаж тогтоож байгаа үйл баримт юм. Г.Б-а дансаар орж ирсэн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж зээлээ төлөх, гар утасны төлбөр төлөх зэргээр ашигласан болох нь түүний дансны хуулгаар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 182/ШШ2019/01957 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1. дэх хэсэгт заасныг баримтлан .. банк ХХК-с 7,578,386 төгрөгийг гаргуулж Г.Б-ад олгох, нэхэмжлэлийг бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан дээрх цалингаас Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, .. банк ХХК-с 110,950 төгрөгийг гаргуулж Г.Б-ад олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 232 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнхийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ..Тухайн үед .. банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ө.Гг захирал ажлаас халах сахилгын шийтгэлийн ногдуулах бүрэн эрхтэй байсан. Гэтэл Гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугарт ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах ямар ч эрх олгогдоогүй байхад дур мэдэн шийдвэр гаргасан. Гүйцэтгэх захирлын орлогч Д.Сугарт эрх олгогдсон ямар нэгэн нотлох баримт байхгүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн талаар шүүх хуралдааны тэмдэглэл /2хх 88-89/-д тодорхой тусгагдсан. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар ерөөсөө дүгнэлт хийж шийдвэртээ дурдаагүй. Харин давж заалдах шатны шүүх хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын орлогчийн дээрх тушаал нь хэлбэрийн шаардлага хангасан байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзсэн болно” гэж дүгнэсэн. Хэлбэрийн шаардлага хангасан байна гэдгийг юу гэж ойлгох бэ? Энэ бол огт утгагүй, ойлгомжгүй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх энэ асуудал дээр дүгнэлт хийж чадахгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.. ажлаас халсан тушаалд ..банкны Сувгийн удирдлагын газрын Хувийн банкны хэлтсийн захирал Г.Б-а дараах зөрчлүүдийг гаргасан болох нь .. банкны Дотоод аудитын газрын 2019-04-26-ны өдрийн 13/26 дугаар Илтгэх хуудсаар тогтоогдож байна гэж дурдсан. Үүнд: а. 2018-08-28-ны өдрийн “Арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г бие даан байгуулсан нь .. банкны Худалдан авалтын үйл ажиллагааны журам”-ын 3.3.1-т заасан гэрээ байгуулах, шийдвэр гаргах эрхийн матрицийг зөрчиж, хамаарал бүхий этгээд Б.Эрдэнэбилэгтэй ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй гэрээ байгуулсан гэж дурдсан. Энэхүү арга хэмжээ зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээг анх 2017-10-30-ны өдөр байгуулахад Худалдан авалтын үйл ажиллагааны журмын дагуу Санхүү аж ахуйн хэлтсийн захирал Х.Пүрэвдорж зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Мөн .. банкны Гүйцэтгэх захирлын 2018-07-18-ны өдрийн 232 дугаар тушаалын хавсралтаар Сувгийн удирдлагын газрын Хувийн банкны хэлтсийн дүрмийг шинэчлэн баталсан. Тус дүрмийн 1.1.6 болон 2.2.1-т ВИП, ОУ-ын сегментэд чиглэсэн бодлого, стратегийг хэрэгжүүлэх ажлын дагуу гуравдагч байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, холбогдох төсөв батлуулах, хэрэгжүүлэх бүрэн эрхийг Хувийн банкны хэлтсийн захиралд олгосон байдаг. Тиймээс Г.Б-а нь дээрх дүрмээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2017 онд байгуулагдсан гэрээний хугацааг 2018-08-28-ны өдөр сунгасан болохоос биш дахин шинэ гэрээ хийсэн зүйл байхгүй. Тиймээс ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлэх ямар ч шаардлага байхгүй. Мөн арга хэмжээ зохион байгуулах төсвийг .. банкны Санхүү, аж ахуйн хэлтсээс хянаж, шилжүүлдэг болохоос биш Хувийн банкны хэлтэс төсөв мөнгө хариуцдаггүй. Энэ нь .. банкны санхүүгийн ЕRР системд үзлэг хийсэн тэмдэглэлээс тодорхой харагддаг. b. Монголын нууц товчоо уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцсон харилцагчийн бүртгэлийг бодит бусаар хийн, тайлан мэдээг буруу мэдээлсэн гэж дурдсан. Гэтэл Г.Б-ын ажлын байрны тодорхойлолтод харилцагчийн бүртгэл хийх талаар чиг үүрэг байхгүй. Мөн Гүйцэтгэх захирал Ө.Г харилцагчаа алдах магадлалтай, бодит бүртгэл болж чадахгүй тул бүртгэлжүүлэх шаардлагагүй гэж үүрэг өгсөн. Харин .. банкны Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Сугар, Сувгийн удирдлагын газрын захирал н.Түмэндэмбэрэл нар санхүү, төсөвтэй холбоотойгоор арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсээ бүртгэлжүүл гэсэн үүрэг даалгавар өгсний дагуу нөхөж бүртгэл хийсэн. Тийм учраас бүртгэл, тайлан бодит бус гарах нь ойлгомжтой. c. Хувийн банкны хэлтсийн захирал Г.Б-а нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ажлын цагаас хожимдон, ирцийн бүртгэлийг бусад хүнээр бүртгүүлсэн гэж дурдсан. Үүний дагуу хариуцагчийн хүсэлтийн дагуу камерийн бичлэгт үзлэг хийсэн. Тус үзлэгээр Г.Б-а нь ажилдаа ирээгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн ирцийн бүртгэлээ ажлын онцлогоос хамаарч Remote буюу алсын зайнаас бүртгүүлдэг бодит нөхцөл байдал байсан нь гэрч Т.Энх-Амгалангийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Учир нь Г.Б-а нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу ВИП харилцагчийг идэвхжүүлэх, халамжлах, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор өөр өөр газруудад ажиллах шаардлага гардаг. Тухайлбал,Хувийн банкны хэлтэс нь Дэлхийн санхүүгийн музейг хариуцан ажилладаг бөгөөд байршил нь үндсэн ажлын байрнаас өөр газарт байрладаг. Мөн төв оффисс дээр уулзалттай байх үед тийшээ явах шаардлагатай байдаг. (1. Хувийн банкны хэлтсийн захирал Г.Б-а нь уран зургийн үзэсгэлэнгийн арга хэмжээ зохион байгуулагч Б.Эрдэнэбилэгтэй холбоо хамааралтай болох нь данс хоорондын төлбөр тооцоо, санхүүгийн гүйлгээгээр тогтоогдож байна гэж дурдсан. Хэн нэгэнтэй мөнгөн гүйлгээ хийлээ гээд хоорондоо шууд хамааралтай болно гэж байхгүй. Харин ч хариуцагч ..банк өөрийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагааны давуу байдлаа ашиглан хууль бусаар харилцагчдын мэдээллийг олж авсан гэж үзэхээр байна. Тодруулбал, “Эм Жи Эм Эвент” ХХК, “Соломон инвестмент ББСБ” ХХК, Б.Эрдэнэбилэг, Т.Энх-Амгалан, Г.Б-а зэрэг аж ахуйн нэгж, иргэдийн дансны мэдээллүүдийг тэдний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олж авсан байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйл /Хувь хүний нууцын төрөл/, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйл /Банкинд хориглох үйл ажиллагаа/-н 7.2 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйл /Банкны тухай хууль зөрчих/ болон Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйл /Хувь хүний нууцад халдах/, 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-нйг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс хариуцагч .. банкны дээрх хууль зөрчин бүрдүүлсэн Илтгэх хуудас нь ИХШХШТХ-н 38.5-д зааснаар нотлох чадвараа алдан шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй билээ. Учир нь ИХШХШТХ-н 118.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана’’, 167.2-т “Магадлалд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэл, гаргаж байгаа магадлалын үндэслэлийг тус тус тусгана гэж заасан. Шүүх үндэслэлээ шийдвэрт энэ талаар огт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч ..банк харилцагчдын дансны мэдээллийг тэдний зөвшөөрөлтэйгээр олж авсныг гэрчлэх баримт шүүхэд гаргаж өгөөгүй байсаар байтал шүүх энэ талаар огт дүгнэлт хийхгүй байгаа нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эцэст нь хэлэхэд ..банкны 2019-04-26-ны өдрийн Илтгэх хуудас нь ..банкны Сувгийн удирдлагын газрын үйл ажиллагаанд хийсэн шалгалт биш зөвхөн Хувийн банкны хэлтсийн захирал Г.Б-а, менежер Т.Энх-Амгалан нарыг ажлаас халах зорилгоор хийсэн хууль бус ажиллагаа юм. Хэрэв үнэхээр шалгалт хийсэн юм яагаад Хувийн банкны хэлтэс, түүний захирал Г.Б-а, менежер Т.Энх-Амгалан нарын ажлын үзүүлэлтийг гаргаж ирэхгүй байна вэ? Хэрэв Г.Б-а 2017, 2018 онуудад зөрчил гаргасан гэж байгаа бол яагаад тухайн үед нь илрүүлээд холбогдох байгууллагад шалгуулаагүй юм бэ? Дотоод аудитын шалгалтаар далимдуулж хүний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчин нэр хүндийг нь унагаж, банк, санхүүгийн салбарт ажиллах боломжийг хааж болохгүй бизээ. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Б-а 2019-06-05-ны өдөр шүүхэд хандаж, ..банк ХХК-ийн Суваг удирдлагын газар-Хувийн банкны хэлтсийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийлгэх, тэтгэврийн ууган сангийн хуримтлал 6,000,000 төгрөг, 2019-04 сарын олгогдоогүй цалин 3,200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг гаргуулахыг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрсөн.
Анхан шатны шүүх ..банк ХХК-с 7,578,386 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. ..банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч 2019-04-29-ний өдөр 305 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, дотоод журмын 8.1.3-г үндэслэн “... хамаарал бүхий этгээдтэй сонирхлын зөрчлөө илэрхийлэлгүй, нуун дарагдуулж гэрээ байгуулсан... арга хэмжээний бүртгэлийг бодит бусаар хийн тайлан мэдээг буруу мэдээлсэн зэргээр .. банкны Засаглалын кодексын Ёс зүйн кодын 11.Сонирхлын зөрчлөөс зайлсхийхүй, Харилцах итгэлцэлд үндэслэсэн харилцаа заалтуудыг, Хөдөлмөрийн дотоод журмын 2.18.3.Мөнгө хариуцсан ажилтан нь банкны итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан, Зохистой хэрэглээний журмын 2.2.2 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Дотоод аудитын газрын 2019-04-26-ны өдрийн 13/26 дугаар Илтгэх хуудсаар тогтоогдсон..” гэж Г.Б-атай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.
Гэрээг цуцлахдаа хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийг баримталсан бөгөөд ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж мэтгэлцжээ.
“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.
“ноцтой зөрчил” гэдгийг гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заана.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ажил олгогчийн тушаалд заасан үндэслэлүүд тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах баримтгүй байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг болон 131 дүгээр зүйлийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
2. Шүүх хэрэгт байгаа нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.
Нэхэмжлэгч тал гомдол гаргахдаа “.....банк давуу байдлаа ашиглан хууль бусаар харилцагчдын мэдээллийг олж авсан баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон...хариуцагч харилцагчдын дансны мэдээллийг тэдний зөвшөөрөлтэй олж авсныг гэрчлэх баримт байхгүй...” гэжээ.
Шүүх гомдолд заасан баримтыг бус, харин хэрэгт байгаа бүх баримтыг хооронд харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийсэн байх тул дурдсан нөхцөл байдлыг магадлалыг буруутгах үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.3, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт нийцэхгүй юм.
3. Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.
Нэхэмжлэгч тал “...ажлаас халах зорилгоор шалгалт хийгдсэн хийгдсэн...” гэх боловч ийнхүү дүгнэх болсон үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.7 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзлээ.
4. Нэхэмжлэлийн шаардлага, холбогдох тайлбар үндэслэлээ нотлох баримтыг зохигч гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэр гаргана.
“...нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019-04-29-ний өдрийн 305 дугаар тушаалыг .. банкны гүйцэтгэх захирлын орлогч гаргасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй...” гэх үндэслэл хяналтын гомдлыг хангах нөхцөл болохгүй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан баримтыг үзвэл, Г.Б-ыг ажлаас халсан тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэх асуудлаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаас өмнө тайлбар, үндэслэл, хүсэлт гаргаж байгаагүй \хх1-н 25., 27-29., 73-74., 79-80., 89., 129-131., 156., 163-164., 187-188., 195-197., xx-2-н 5., 17., 18., 26-28\ байна. Шүүх хуралдаан дээр \хх2-н 88\ уг нөхцөл байдлыг хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болгосон хэдий ч нотлох баримт нэмж бүрдүүлэх зэрэг хүсэлтийг зохигчийн хэн аль нь шүүхэд гаргаагүй \хх2-н 59-91\ байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэг, 105 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцжээ.
Өөрөөр хэлвэл, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2019-04-29-ний өдрийн 305 дугаар тушаалыг .. банкны гүйцэтгэх захирлын орлогч гаргах эрхгүй байсныг нотлох баримт хэрэгт байхгүй байна.
5. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийг хангах нөхцөл тогтоогдоогүй, хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр болон магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 232 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ