Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2014/0000/З

 

2014 оны 01 сарын 09 өдөр                 Дугаар 32                        Улаанбаатар хот

 

 

Иргэн Р.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Р.Б нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Р.Б-ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн Р.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа. “...Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар муу гарсан шалтгаан нь Боловсрол соёлын газраас сүүлийн 2 жилд түвшинг тогтоох шалгалт аваагүй байсан ба ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу сургалтын чанарт хяналт шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээ тогтмол хийдэггүй, үр дүнг тооцдоггүй, сургалтын үйл ажиллагаанд хяналт огт тавьдаггүй, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, сургуулийн удирдлага болон бусад албан хаагчдад зөвлөмж өгч ажиллаагүй нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулан Р.Б-ыг Боловсрол соёлын газрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж өөр ажил албан тушаалд томилсон тул Р.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/23 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн Б/09 дугаар захирамжийн 2.3 дахь заалт буюу холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга давж заалдах гомдолдоо: “Боловсрол, соёлын газрын дарга асан Р.Б-ыг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулсан шалтгаан нь:

1. Р.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн зорилтын 3 дугаарт “орон нутгийн сургууль, цэцэрлэг, соёлын байгууллагуудад хийгдэх бүтэц, хэв шинж, удирдлага зохион байгуулалтын өөрчлөлтийг төлөвлөх түүний талаар мэргэжлийн санал дүгнэлтийг гаргах, шийдвэрийн төсөл, үндэслэл боловсруулах”, ажлын байрны 5 дугаар үндсэн зорилтын хүрээнд “багш, соёл урлагийн ажилтныг бэлтгэх, оновчтой байршуулах талаар тухайн ... орон нутгийн удирдлагатай гэрээ байгуулах, хүний нөөцийг зохистой ашиглах асуудлыг зохицуулах, зохион байгуулах”, ажлын байрны 6 дугаар үндсэн зорилтын хүрээнд “боловсрол, соёл, урлагийн ажилтны мэргэжил боловсролыг дээшлүүлэх...” зэрэг дээрх үндсэн зорилтуудаа хэрэгжүүлж чадаагүй болно. Энэ нь:

а/ Мэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулиудад Стандартын хэрэгжилтийн талаар шалгалт хийхэд 13 сургуулийн 5 сургууль нь 38,5 нь /1, 2, 6, 15, Жигүүр цогцолбор сургууль.Шарын гол сумын 6 дугаар сургууль /хангалтгүй дүн үзүүлсэн байна. Мөн 1 дүгээр сургууль, ОИЦ, ТИС-ийн лицей, 19, 28 сургуульд мэргэжлийн бус багш, багшлах эрхгүй иргэнийг ажиллуулж байсан нь Мэргэжилийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон. /Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн 153-163 дугаар хуудас/.

б /ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын чанар муу гарсан шалтгаан нь БСГ-аас сүүлийн 2 жилд түвшин тогтоох шалгалт аваагүй байсан ба ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийнхээ дагуу сургалтын чанарт хяналт шинжилгээ, хөндлөнгийн үнэлгээ тогтмол хийдэггүй, үр дүнг тооцдоггүй, сургалтын үйл ажиллагаанд хяналт огт тавьдаггүй, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдлагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй, сургуулийн удирдлага болон бусад албан хаагчдад зөвлөмж өгч ажиллаагүй.

в /”ажлын байрны үндсэн зорилтын 6 дугаарт “газрын орон тоо, цалингийн санг тогтоох, төсвөө захиран зарцуулах, түүний гүйцэтгэлд шинжилгээ хийх..."

Р.Б нь Боловсрол, соёлын газрын дарга байхдаа нийт 25 902 849 төгрөгийг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчиж зориулалтын бусаар зарцуулсан нь Мэргэжлийн хяналтын газрын 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10-08-029/113 тоот Боловсролын газрын 2012 оноос 2013 оны эхний 5 сарыг дуусталх хугацааны санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалт хийсэн тухай танилцуулгаар тогтоогдсон ба 61,5 хувь буюу 80 оноотой “их эрсдэлтэй” үнэлэгдсэн болно.

2. Боловсролын тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1.4-д “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих,” нь Боловсролын газрын бүрэн эрх юм. Гэтэл тус Оюуны ирээдүй цогцолбор сургуультай “Соёмбо” дээд сургууль нь гэрээ байгуулан Дархан-уул аймгийн Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 127 дугаар захирамжаар баталсан “Түрээсийн төлбөрийн доод үнэ, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” жишиг үнээс багаар хийсэн байхад Р.Б надад огт хамаагүй, Соёмбо дээд сургууль нь аймгийн Засаг даргад түрээсийн үнэ хөнгөлүүлэх талаар албан бичиг өгч доод үнээс доогуур үнээр түрээслэхийг зөвшөөрсөн тухай тайлбарлаж байсан гэвч аймгийн Засаг дарга Соёмбо дээд сургуулийн түрээсийн үнийг хөнгөвчлөх талаар албан бичгийг Оюуны ирээдүй цогцолбор сургуульд өгөөгүй нь Захиргааны хэрийг шүүхэд гаргасан Оюуны ирээдүй сургуулийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 296 тоот албан бичгээр нотлогдож байна.

Р.Б нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дахь хэсэгт /Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно./ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь дээрх Боловсролын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан байна.

Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2012 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 08/53 тоот актаар Удирдлагын хөгжлийн дээд сургуультай /Соёмбо дээд сургууль урьд нь ийм нэртэй байсан/ түрээсийн гэрээ хийхдээ аймгийн Засаг даргын 2009 оны 127 дугаар захирамжаар батлагдсан журмын нэгдүгээр хавсралтыг зөрчиж 2011 онд 4 130 000 төгрөгийн төлбөрийг дутуу ногдуулсан зөрчлөөр нотлогдож байна.

Энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.4 дэх хэсэгт “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, хориглох” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Р.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, хуулийн хэрэгжилтийг хангуулаагүй, ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаагүй, үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаанд нь санхүүгийн зөрчил дутагдалтай байсан талаар тодорхой тайлбарлаж байхад шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй, тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 дугаар захирамжийн 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгосныг зөвшөөрөхгүй байгаа тул Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Р.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолд өгсөн тайлбартаа: Аймгийн БСГ-ын дарга Р.Б намайг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 тоот захирамж дээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 дэх заалт, ТАТХ-ийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг үндэслэл болгосон.

Нэгэнт хариуцагч талаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан тул би зарим зүйлийг тодруулъя.

Хариуцагч тал гомдолдоо: Нэг. Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэн мэтээр бичжээ.

Боловсролын салбарт ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг хэрхэн ханган биелүүлснийг дүгнэдэг нэгдсэн стандартчилагдсан 3 төрлийн хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэг. Үүнд:

А. Ерөнхий менежер буюу БСГ-ын даргын үйд ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээ байдаг. Энэ үнэлгээ нь аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр жилийн эцэст дүгнэгддэг. Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээний баг дүгнэж, эцэст нь Засаг дарга гарын үсэг зурснаар баталгааждаг. Энэ үнэлгээгээр сүүлийн 3 жил дараалан БСГ-ын ерөнхий менежер Р.Б би 95-100 оноогоор А буюу /маш сайн/ үнэлгээгээр дүгнэгдсэн. /3 жил дүгнүүлсэн Үр дүнгийн гэрээ нотлох баримтад өгсөн/

Б. БСГ гэдэг байгууллагынх нь хувьд үйл ажиллагааны үр дүнгийн хяналт, шинжилгээ, үнэлгээ хийгддэг. Тухайн байгууллагын, тухайн жилийн ажлын үр дүн, үйл ажиллагааны түвшнийг БШУЯамнаас оны эцэст Хяналт шинжилгээ, үнэлгээний баг гарган ажиллуулж, улсын хэмжээнд буюу 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн БСГ-ын үйл ажиллагаанд 28 үзүүлэлтээр үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр Дархан- Уул аймгийн БСГ нь сүүлийн 3 жил дараалан улсад 1-2-р байранд тогтмол шалгарсан. /Үүнийг нотолсон БШУ-ны сайдын гарын үсэг бүхий батламж, нотлох баримтыг шүүхэд өгсөн/

В. Аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт Шинжилгээ Үнэлгээний тасгаас жил бүрийн эцэст засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудад үйл ажиллагааны үр дүнд хийдэг хяналт шинжилгээ-үнэлгээ байдаг. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11-р тогтоолд үндэслэсэн аймгийн Засаг даргын 2010 оны 85 дугаар захирамжаар баталсан журмын дагуу 12 үзүүлэлтээр хяналт, шинжилгээ-үнэлгээ хийдэг. Энэ үзүүлэлтээр аймгийн БСГ сүүлийн 3 жил дараалан А буюу “маш сайн” үнэлгээгээр шалгагдсан, 2011 онд аймгийн тэргүүний байгууллага хамт олноор шалгарч батламж авсан. 2012 онд 26 агентлагаас 3-р байранд шалгарч “А” буюу “маш сайн” үнэлгээ авсан. /нотлох баримтыг шүүхэд өгсөн/

Хариуцагч тал гомдолдоо: Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтын тухай дурджээ.

  1. Боловсрол соёлын газар дээр явагдсан Мэргэжлийн хяналтын газрын шалгалт нь намайг ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 3 сарын дараагаар зориуд зохион байгуулалттай сургууль багш нар болон Боловсролын газрын мэргэжилтнүүд амарсан, Боловсролын газрын удирдлага нь солигдсон, нарийн бичиг нь жирэмсний амралттай, нярав нь тэтгэвэртээ гарсан үед хийгдэж оронд нь орсон шинэ хүмүүс баримт материалыг тайлбарлах, бодитойгоор үзүүлэхэд учир дутагдалтай байсан, амраад хөдөө гадаа явсан хүмүүс нь ирж тайлбар өгөх бололцоогүй байсан зэргээс болж нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт гарсан.
  2. Өнөөдрийг хүртэл уг акт дээр холбогдох хүмүүсээс хэн нь ч хүлээн зөвшөөрч гарын үсгээ зураагүй, МХГ-ын даргын зөвлөл эцэслэн шийдвэрлэх

хуралдаанаар эцсийн шийдвэр гараагүй байна.

  1. Анхан шатны шүүхээс МХГ-ын актуудыг Р.Б-ыг ажлаас халагдах өдөр болох 2013 оны 04 дүгээр сарын 26-аас хойш хугацаанд буюу 2013.07.30-ны өдөр үйлдсэн тул үүнд холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар, актууд зэрэг нотлох баримтуудыг анхан шатны шүүх үнэлээгүй болно.

Хариуцагчаас гаргасан ажлын байрны тодорхойлолтод заасан зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх энэ тайлбар нь үндэслэлгүй байна.

Ерөнхий менежерийн үр дүнгийн гэрээг дүгнэсэн Засаг даргын үнэлгээ, Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дүгнэсэн БШУЯамны үнэлгээ, аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ-үнэлгээний тасгийн үнэлгээ нь хууль ёсны нотлох баримт болохыг анхан шатны шүүх тогтоож, хууль ёсны шийдвэрээ гаргасан.

Хариуцагч тал гомдолдоо: Хоёр. Оюуны ирээдүй, Соёмбо дээд сургуулийн түрээсийн гэрээнд хяналт тавьсангүй, үүргээ биелүүлсэнгүй гэх мэтээр бичжээ.

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д /Дотоод, гадаадын сургууль аж ахуйн нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж хамтран ажиллах/ гэж зааснаар түрээсийн гэрээ байгуулах нь ЕБС- ийн захирлын эрх-д байна. Үүнд хяналт тавих эрх нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиар хуульчлагдан баталгаажсан байна. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар Түрээсийн гэрээг талууд бие даан байгуулах эрхтэй гэж хуульчилсан нь Боловсрол соёлын газрын даргын эрх, үүрэгт байхгүй гэдгийг бас давхар баталж байна.

Хариуцагч тал гомдолдоо: Гурав. БШУ-ны сайдтай зөвшилцсөн мэтээр бичжээ. Засаг дарга С.Н намайг ажлаас чөлөөлөхдөө томилох, зөвшилцөх саналаа Боловсрол Шинжлэх Ухааны Сайдад хүргүүлээгүй, зөвшилцөөгүй болохыг анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоосон.

Эл дашрамд хариуцагч талаас Р.Б намайг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн мэтээр шүүхэд гаргаж өгсөн тайлбартаа: ...”Төрийн сайдыг зөвшилцөөгүй байхад зөвшилцсөн мэтээр, БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын орлогч дарга бөгөөд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Б-г Дархан-Уул аймагт шалгалт явуулж Р.Б-тай холбогдох зөрчил дутагдлыг илрүүлсэн” мэтээр хариуцагч талаас шүүхэд удаа дараалан өгсөн худал ташаа мэдээллийг дээрх албаны хүмүүс няцааж, буруу ташаалал мэдээлэл болохыг нотолсон албан тоотыг анхан шатны шүүхэд өгсөн. Төрийн захиргааны өндөр албан тушаалтнуудыг эрээ цээргүй удаа дараалан гүтгэн гүжирдэж байгааг зөрчиж байгааг шүүгч та бүхэн анхааралдаа авна уу гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Х.Б-ыг Боловсрол, соёл газрын даргаас чөлөөлөх шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 -т заасныг тус тус баримталсан байна.

Хариуцагчийн зүгээс Боловсрол, соёлын газрын дарга асан Р.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлээгүй, албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалынхаа чиг үүргийн дагуу боловсролын байгууллагуудад хяналт муу тавьж хариуцлагагүй хандсан гэх үндэслэлүүдээр албан тушаалаас чөлөөлсөн хэмээн тайлбарлажээ.

  1. Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо биелүүлээгүй гэх тухайд: Нэхэмжлэгч Р.Б нь төсвийн ерөнхийлөн захирагчтай 2009- 2012 оны хооронд үр дүнгийн гэрээ байгуулан Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, менежерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлж дүгнэх журмын дагуу үр дүнгийн гэрээг дүгнүүлж “маш сайн” гэсэн үнэлгээ авсан байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
  2. Албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн эхнэрийн хувийн сургууль болох “Удирдлагын хөгжлийн коллеж”-ийг “Оюуны-Ирээдүй” цогцолборын сургуулийн байранд байрлуулан түрээсийн гэрээг жишиг үнээс багаар үнэлж гэрээ байгуулсан” гэжээ.

“Оюуны-Ирээдүй” цогцолборын сургуулийн байрыг түрээслэх гэрээг тус сургуулийн эрх бүхий албан тушаалтан болох захирал А.Нарантуяаг төлөөлж нягтлан бодогч Т.Должинсүрэн нар “Удирдлагын хөгжлийн коллеж”-ийн захирал Г.Бямбажавтай байгуулсан байна. Энэ нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-д “дотоод, гадаадын сургууль, аж ахуй нэгж, байгууллагатай хууль тогтоомжийн дагуу гэрээ, хэлцэл хийж, хамтран ажиллах” гэж зааснаар түрээсийн гэрээ байгуулах нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрхэд хамаарч байна. Мөн түрээсийн гэрээний төлбөрийг жишиг үнээс доогуур үнэлж байгуулсан гэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоохгүй байна.

  1. 2013 онд 208 хүүхдийн цэцэрлэг, “Энэрэл” цогцолбор сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн урсгал засварын зардлын 380 сая төгрөгийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны төсөвт суулгасан хэмээн удирдлагад худлаа мэдээлэл өгсөн нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Стратеги төлөвлөлтийн газрын орлогч дарга бөгөөд Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Б-ийн шалгалтаар тогтоогдсон. Энэ нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дахь хэсгийн 5.2.2 дахь заалтуудыг зөрчсөн гэжээ.

Гэтэл Б-ийн томилолтын хүрээнд тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын төсөв, цалингийн санд үүссэн хүндрэлтэй асуудлуудыг газар дээр нь шалгах, шийдвэрлэх санал боловсруулах үүрэгтэй ажилласан бөгөөд Аймгийн Засаг дарга, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй санал солилцож, шийдвэрлэх арга замыг хамтран тодорхойлсон болохоос Р.Б-тай холбоотой асуудлаар ямар нэгэн тодорхойлолт, дүгнэлт, мэдээлэл хийгээгүй болно гэсэн тайлбараар нь няцаагдсан байна.

  1. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо Боловсрол, соёлын газрын дарга Р.Б-ыг “сүүлийн 2 жилд ерөнхий боловсролын сургуулиудаас түвшин тогтоох шалгалт авч сургалтын чанарт хяналт шинжилгээ хийгээгүй, санхүүгийн зөрчилтэй” хэмээн дараах үндэслэлээр нэмж буруутган тайлбарлажээ.

Дээрх үндэслэл нь Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Н-ын 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Б/09 дүгээр захирамжийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Б-ыг ажлаас чөлөөлөх үндэслэл болоогүй байна.

Албан тушаалынхаа чиг үүргийн дагуу боловсролын байгууллагуудад хяналт муу тавьж, хариуцлагагүй хандсан нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдсон гэжээ. Гэтэл шалгалтыг явуулсан цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойших хугацаанд буюу 2013 оны 5 дугаар сарын 31, 2013 оны 7 дугаар сарын 30-нд тус тус хийгдсэн байгаа учраас шүүх үүнд холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар, актууд зэрэг нотлох баримтыг маргаан бүхий актын үндэслэлд холбогдуулан үнэлэх боломжгүй байна.

  1. Р.Б-ыг Боловсрол, соёлын газрын даргаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11-т “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг томилох, чөлөөлөх” гэж заасны дагуу зөвшилцөх саналаа Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад хүргүүлээгүй ба Ч.Э-ийг томилохоор саналаа хүргүүлсэн нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1-733 дугаар албан бичгээр нотлогдож байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь

  1. Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй