Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/96

 
 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Р.Энхтуяа,

хохирогч Г.Г,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Б-д холбогдох 1708023920304 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ***оны ***** дугаар сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон лаагийн 16-14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Олхонууд овогт Батнасангийн Б, РД:УХ88081777,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон лаагийн 16-17 тоотод хамтран амьдрагч Г.Гийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мон лаагийн 16-17 тоотод хамтран амьдрагч Г.Гийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  • гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-2-3/
  • хохирогч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 22 цаг өнгөрч байхад би хамаатан Т гэрт
 
  1. 5 грамм пиво уучихаад Б руу "намайг ирээд аваач” гэж ярьсан ба чадахгүй гэж уурласан. Гэртээ ирээд "харанхуй болчихсон байхад чи ирээд авчихгүй” гэхэд миний цээж рүү өшиглөсөн. Би уурлаад цагдаад дуудлага өгсөн. Энэ оны 8 сард гэр бүлийн харилцаанаас болж намайг бас гараараа зүүн нүд, үүдэн шүд рүү цохиж гэмтэл учруулж байсан. 2015 онд намайг гэртээ зодож цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-13-14/

...Б.Б нь хүүхдээ цохиж зодож байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-17-18/

  • гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Б нь эхнэр Г.Гийг зодож цохидог талаар нь мэдэхгүй. Хааяа нэг хэрүүл хийлээ гэж сонсогдож байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Б нь Г.Гийг зодсон гэдгийг нь мэдэж байгаа. Би тухайн 2017.11.02-ны өглөө Цагдаагийн хэлтэс дээр Быг "хүрээд ир” гэсний дагуу очиж мэдсэн. Г.Г нь хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх гээд байдаг. Б өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй болохоор дургүй нь хүрдэг юм шиг байна лээ...гэх мэдүүллэг /хх-61-61/
  • шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 13794 дугаартай шинжээчийн:...Г.Гийн биед эрүүний 1 шүд унасан, зүүн эгэмний дор цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-23/
  • шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 11 дүгээр сарын 01-нээс 2-нд шилжих шөнө 00 цагийн үед манай хамтран амьдрагч Г.Г нь согтуу утсаар яриад "намайг ирээд аваадах, би Цайзад байна” гэсэн ба би "очиж чадахгүй” гэсэн. Тэгээд шөнө ирээд миний хөнжлийг татаад орилж хашгичаад байсан. Би уурандаа босч ирээд цээж рүү нь нэг өшиглөөд нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгсэн Г.Гийн үүдэн шүд нь уначихсан. Би урд нь 2015 онд Г.Гийг зодоод хөнгөн хохирол учруулж байсан...гэх мэдүүлэг /хх-55-56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Г нь хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-18/ гэжээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
  7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ

 

Г.ГАНБААТАР