Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 70

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

      Дугаар 153/ШШ2018/00070

                    Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Хайрхан гэх газар оршин суух, ПО62061214 дугаарын регистртэй, Жантекей овогт Харманы Жолжагсийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Х.Жолжагс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х.Жолжагс нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байсан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр дээр миний ажиллаж байсан байдлыг операторчин гэж буруу бичсэн байна. Тухайн үеийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын боловсон хүчин Наранцогт гэж хүн байсан. Иймд намайг 1987 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Х.Жолжагсийг 1987 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Х.Жолжагс нь 1987 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан болох нь

- Х.Жолжагсийн 1981 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1377 тоот албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 63, 1983 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 56 дугаар тушаалуудын хуулбар,

-Хүсэлт гаргагч Х.Жолжагсийн 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- 1988 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар баталгаажуулсан хуулбар,

-Гэрч М.Даваадайн ....Би 1947 онд төрсөн. 1958 онд Ховд аймгийн Мөст сумын дунд сургуульд элсэн орж 1962 онд 4 дүгээр ангиа төгсөөд Ховд аймгийн Мөст сумын Туяа нэгдэлд эцэг эхийн хамт малчнаар ажиллаж эхэлсэн. 1967 оны 06 дугаар цэргийн албанд татагдаж 1970 онд цэргээс халагдсан. 1970 оны 06 дугаар сараас Төв аймгийн Ар хустын сургууль, комбинатад механикжуулалтаар 1971 онд төгссөн. Улмаар 1972 оноос 1987 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд механикжуулалтаар, 1987 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд 1992 оныг хүртэл трактор, комбайнчаар тус тус ажиллаж байсан. Х.Жолжагс нь 1981 оноос Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор 1983 оныг хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдсан. Улмаар 1987 оны 06 дугаар сараас Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Э.Насангийн ...Би 1959 онд төрсөн. 1967 онд Увс аймгийн Тэс сумын 2 дугаар 8 жилийн сургуульд элсэн орж 1977 онд 8 дугаар ангиа төгссөн. Улмаар Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн Хөдөө аж ахуйн техникумыг хөдөө аж ахуйн механикч мэргэжлээр 1984 онд төгссөн. 1984 оны 06 дугаар сараас Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд механикчаар 1987 оны 05 дугаар сарыг хүртэл, 1987 оны 05 дугаар сараас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд механикч, инженерээр 1991 оны 06 дугаар сарыг хүртэл тус тус ажиллаж байсан. 1987 оны 05 дугаар сард сайд нарын зөвлөлийн тогтоолоор Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуй байгуулагдсан. Х.Жолжагс нь тэр үед буюу 1987 оны 05 дугаар сараас Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан. Х.Жолжагс нь миний удирдлага дор ажилладаг. Нэг үгээр хэлбэл манай ажилтан байсан... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Жолжагсийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жантекей овогт Харманы Жолжагсийг 1987 оны 06 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Тэжээлийн аж ахуйд тракторчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Х.Жолжагсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ОЮУН-ЭРДЭНЭ