Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Данзансамбуугийн Шинэбал Шүүгдэгч Лхагвасүрэнгийн Бямбадорж Шүүгдэгчийн өмгөөлөгч Баатарын Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Бямбадоржид холбогдох 2023000700074 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн 1986 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймгийн Отгон сумын Соёл багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Зээрд адуу овогт Лхагвасүрэнгийн Бямбадорж, /Регистрийн дугаар: ИЙ86110817/

Шүүгдэгч Л.Бямбадорж нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 08-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө үхэрт нийлсэн иргэн Г.Содномпилийн духан дээрээ сартай, зүүн талийн хөл шийр цагаан, баруун талын хойд борви цагаан, чихнийхээ урдуур хөхөл үстэй, намхавтар хар тарлан зүсмийн хязаалан насны сарлагийн бух, иргэн А.Ихбаярын эвэртэй, бор зүсмийн хязаалан бух, иргэн Н.Ундрахын зөв талын чих үзүүр хэсгээсээ бага зэрэг тайрагдсан имтэй, хар зүсмийн, нас нийлсэн бух зэргийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, иргэн Г.Содномпилд 700.000 төгрөгийн, иргэн А.Ихбаярт 700.000 төгрөгийн, иргэн Н.Ундрахад 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг .Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох эсэх талаар: Шүүгдэгч Л.Бямбадорж нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 08-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө үхэрт нийлсэн духан дээрээ сартай, зүүн талийн хөл шийр цагаан, баруун талын хойд борви цагаан, чихнийхээ урдуур хөхөл үстэй, намхавтар хар тарлан зүсмийн хязаалан насны сарлагийн бух, эвэртэй, бор зүсмийн хязаалан бух, зөв талын чих үзүүр хэсгээсээ бага зэрэг тайрагдсан имтэй, хар зүсмийн, нас нийлсэн бух зэргийг бусдад худалдан борлуулж, завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал: Хохирогч Г.Содномпилийн үхрээ алдсан талаараа мэдүүлсэн “...манай найз Лхагвадорж над руу залгаад “танай нэг бух алга болчихлоо хайгаад олохгүй байна, сураг гарахгүй байна” гэж надад хэлэхээр нь би тэр хавиар нь хэд хоног хайсан. ...тэрнээс хойш тэр хавийн хүмүүст бухаа захиад сураг ажиг тавьж байсан боловч сураг гарахгүй байсан. Лхагвадорж ирээд чиний нөгөө алга болсон бухны чинь сураг Отгон суманд ...сураг сонслоо хоёулаа очиж үзээд ирье гэхээр нь ирсэн юм. ...Духан дээрээ сартай, зүүн талын хөл шийр цагаан, баруун талын хойд борви цагаан, чихнийхээ урдуур хөхөл үстэй, намхавтар, хар тарлан зүсмийн хязаалан бух байсан. ...Би чихний урдуур унжсан хөхөл үс, бас духан дээрх сараар нь, бас шийр цагаан хөлийг нь хараад таньж байна. ...Би өөрийн бухны үнэ болох 900.000 төгрөг, бухаа эрж хайхад зарцуулсан 100.000 мянган төгрөгөө нэхэмжилж байна” гэсэн мэдүүлгээр, Энэ талаар мэдүүлсэн хохирогч А.Ихбаярын “...манай үхэрнээс эвэртэй бор бух алга болчихсон байхаар нь нутгийн ганц хоёр хүнээс асууж сураглаж байгаад олдохгүй ...нэг их эрэл сурал бололгүй хаячихсан юм. ...2020 оны хавар малдаа явж байгаад малын бэлчээрт Бямбадоржтой таараад “манай бор бух танай тэрүүгээр харагдаж байна уу” гэж асуусан чинь “манай үхэрт нэг бор бух байгаа, танай бух байж магадгүй очиж үзээрэй” гэж надад хэлэхээр нь би дагаж очоод үзсэн чинь манай эвэртэй бор бух мөн байсан. Тэгээд би Бямбадоржид манай бухыг харж байгаарай гэж захиж үлдээгээд явсан юм. ...энэ хавар Жаргалсайхан ах над руу залгаад “манай өвөлжөөнд 3 ширхэг үхэр нядлаад аваад явчихсан байна, танай үхэр тэрүүгээр явж байсан биз дээ, үхрээ тоолж үзсэн үү?, бүрэн байна уу?” гэж надтай утсаар ярихаар нь би очоод үзсэн чинь Бямбадоржийн үхэрт байсан манай эвэртэй бор бух бас зүс хараагүй хоёр хар бухны толгой шийр байсан. ...Би өөрийн бухаа 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Н.Ундрахын “...Манайх сарлаг үхэртэй айл, манай сарлагийн хар бух нь ижлээсээ салаад ганцаараа явчихаад хэд хонож байгаад үхэртэй нийлчихдэг болохоор би тоодоггүй байсан юм. 2020 оны 03 дугаар сарын эхээр бух байхгүй болсон байсан, тэгээд би бас л салаад явчихсан юм байх гэж бодоод тоогоогүй юм. Тэгсэн 04 дүгээр сарын дундуур Отгон суманд нядлагдсан сураг гарсан юм. ...Хар зүсмийн сарлагын бух, зөв талын чих үзүүр хэсгээсээ бага зэрэг тайрагдсан, нас гүйцсэн бух, би 1.200.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлгээр , Шүүгдэгч Л.Бямбадоржийн үхэрт 3 тооны үхэр нийлсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Ж.Ганхөлөгийн “...Бямбадоржийнх 50 гаруй сарлагийн үхэртэй, 03 сар гаргаад тэдний үхэрт 3 сарлагийн бух нийлсэн байсан. Бямбадорж ах бухны эздүүд нь сураглахгүй байна гэж байсан. Нэг сартай хар бух, эвэртэй бор бух, нас гүйцсэн хар бух зэрэг 3 бух үхэртэй нь нийлсэн байхыг би удаа дараа харсан юм. Дараа нь 4 сарын дундуур үеэс нөгөө 3 бух харагдахаа байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Т.Барсболдын “...Бямбадорж ахынх үхэртэй, сарлагийн үхэр ихтэй айл юм. 03 сарын сүүлээр тэдний үхэрт 2 хар, нэг нэг эвэртэй бор 3 сарлагийн бухнууд нийлсэн байсан, Бямбадорж ахаас юун бухнууд юм гэж асуусан, мэдэхгүй ээ манай үхэрт нийлсэн байна, эзэн нь сурч ирэхгүй байгаа юм гэж ярьж байсан. ...Бямбадорж ахын манай 2-ынх ойрхон байдаг, тэгээд малд явж байгаад харсан юм. Нас гүйцсан болов уу гэмээр хар бух, хязаалан болов уу гэмээр эвэртэй бор бух, сартай бух, бас хязаалан гэмээр бух нийт 3 бух байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Хашбатын “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “Улаан хад”-ны өвөлжөөний дотор гадна тал нь эвэрсэн, дотор тал нь нойтон 3 үхрийн сэвс, гүзээ байхаар нь би өвөлжөөний эзэн Жаргалсайхан руу залгаад “танай өвөлжөөн дээр 3 ширхэг үхэр нядлаад аваад явчихсан байна шүү, цагдаад мэдэгдээрэй” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.Жаргалсайханы “...танай өвөлжөөнд морио юүлэх гээд адуугаа шахсан чинь 3 ширхэг үхэр нядлаад явчихсан юм шиг байна, гэдэснүүдийг нь бүгдийг нь хашаа давуулаад шидчихсэн, хашаа хороо чинь заваараад муухай болчихсон байна” гэж утсаар ярихаар нь би маргааш өглөө нь Балдандоржтой өвөлжөөгөө цэвэрлэх гээд очсон чинь хэсгийн төлөөөгч, жолооч хоёр ирчихсэн байж байсан. ...Эвэртэй бор бух, мухар хар бух, сартай хар бухны толгой гээд нийт 3 ширхэг бухны толгой байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Ц.Балдандоржийн “...Жаргалсайхан бид хоёр юу болсон талаар мэдэх гээд маргааш нь “Улаан хад”-ны өвөлжөөнд очсон чинь хэсгийн төлөөлөгч ирчихсэн юу болсон талаар шалгаж байсан. ...3 ширхэг үхрийн толгой харагдаж байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Х.Дүүрэнбилэгийн “...тэр өвөлжөө манай гэртэй ойрхон байсан болохоор нь би алхаад очсон чинь өвөлжөөны гадна талд хоёр гүзээ, хашааны дотор талд малын сэвс, бас хашааны гадна талд газар ухаад булчихсан. ...Дээр нь нэг мухар сартай хар толгой, доод хавьд нь тас хар бас нэг үхрийн толгой байсан, тэр толгойны доороос нэг эвэртэй үхрийн толгой бас цухуйж байсан. 3 ширхэг үхрийн толгой, малын сэвс, гүзээнүүдийг ил хаячихсан байсан” гэсэн мэдүүлгээр, Гэрч Х.Лхагвадоржийн “...2020 оны 03 дугаар сарын эхээр би үхрээ хангайд “Өндөр толгой” гэх нэртэй газар гаргаж ирсэн. Содномпил манай хоёрын үхэр хэдэн жилийн өмнөөс хамтдаа байдаг болсон. Содномпил бүл зав муутай болохоор үхэртээ явдаггүй, ихэвчлэн би үхэртээ явдаг. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 14,15-ны үед л байх би үхрээ бүртгэх гээд очсон чинь Содномпилийн нэг бух байхгүй болсон байхаар нь тэр хавийн айлуудаас жаахан сураглаж байгаад чимээ гарахгүй болохоор нь Содномпилийнд очоод танай нэг бух алга болсон байна шүү энэ хавийн айлуудын үхэрт үзээрэй гэж хэлчихээд явсан...” гэсэн мэдүүлгээр, Гэрч Б.Амгаланбаярын “...Завхан аймгийн Отгон сумын харъяат Тунтраа ах надад гурван ширхэг үхрийн мах авчирч өгсөн. Тэр гурван үхрийн мах 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг болсон. ...Гурван данс руу хувааж шилжүүлсэн. ...Саарал өнгийн Ланд-80 маркын 00-25 гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж ирсэн. Тухайн үед ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлгээр, Шүүгдэгч Л.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын эхээс хойш манай үхэрт 3 сарлагийн бух ирж нийлж 1 сар шахуу болсон, хүн сураглаж ирэхгүй байсан. Тэгээд 04 дүгээр сарын эхээр одоо өдрийг нь сайн санахгүй байна, би сумынхаа Мөнхбат буюу Тунтраа гэдгээс өмнө нь бяруу өгнө гээд мөнгө авсан байсан юм. Тэрэндээ энэ 3 бух өгөөд мөнгө нэмээд авчихъя гэсэн санаа төрөөд Мөнхбаттай ярьсан чинь мөнгө байхгүй, наад бухнуудыг чинь зарж борлуулж байгаад мөнгийг нь өгье гэхээр нь би дуудсан юм. 04 дүгээр сарын эхээр байсан, манайхтай ойрхон байдаг “Улаан хад”-ны өвөлжөөн дээр 3 бухыг явганаар тууж очоод Мөнхбатыг дуудсан чинь машинтайгаа ганцаараа хүрээд ирсэн юм. Мөнхбат ирээд хэний, юун бухнууд юм гэхээр нь би 2 нь миний өөрийн бух, нэгийг нь би Ихбаяраас авсан юм гэж хэлсэн. Тэгээд Мөнхбат бид 2 бухнуудаа гаргаад Мөнхбат мах, ширнүүдийг нь машиндаа ачиж яваад гэдэс толгойг нь тэнд нь үлдээсэн юм. ...Мөнхбатад миний өөрийн бухнууд байгаа юм, нэгийг нь нэгийг нь би Ихбаяраас худалдаж авсан юм гэж хэлсэн. Хүний бухнууд гэдгийг Мөнхбат мэдээгүй. ...Эвэртэй бор хязаалан сарлагийн бух, мухар сартай хязаалсан сарлагийн бух, мухар хар зүсмийн зүүн чинх нь тасархай нас гүйцсэн сарлагийн бух зэрэг байсан” гэсэн мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Л.Бямбадоржийн үйлдлийн улмаас хохирогч Г.Содномпилд 700.000 төгрөгийн, А.Ихбаярт 700.000 төгрөгийн, Н.Ундрахад 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учирсан нь Завхан аймгийн Отгон сумын эд зүйлийн үнэлгээний комиссын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Иймд шүүгдэгч Л.Бямбадоржийг бусдын эзэмшлийн духан дээрээ сартай, зүүн талийн хөл шийр цагаан, баруун талын хойд борви цагаан, чихнийхээ урдуур хөхөл үстэй, намхавтар хар тарлан зүсмийн хязаалан насны сарлагийн бух, бор зүсмийн хязаалан бух, зөв талын чих үзүүр хэсгээсээ бага зэрэг тайрагдсан имтэй, хар зүсмийн, нас нийлсэн бух зэргийг алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Л.Бямбадорж нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ноос 08-ны өдрүүдийн орчимд Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө үхэрт нийлсэн иргэн Г.Содномпилийн духан дээрээ сартай, зүүн талын хөл шийр цагаан, баруун талын хойд борви цагаан, чихнийхээ урдуур хөхөл үстэй, намхавтар хар тарлан зүсмийн хязаалан насны сарлагийн бух, иргэн А.Ихбаярын эвэртэй, бор зүсмийн хязаалан бух, иргэн Н.Ундрахын зөв талын чих үзүүр хэсгээсээ бага зэрэг тайрагдсан имтэй, хар зүсмийн, нас нийлсэн бух зэргийг алдуул мал гэдгийг мэдсээр байж бусдад худалдаж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Л.Бямбадоржийг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Түүнчлэн шүүгдэгч Л.Бямбадорж гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд хохирогч нар хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Л.Бямбадорж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй,шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ. Л.Бямбадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна. Түүнчлэн шүүгдэгч Л.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Л.Бямбадорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Зээрд адуу овогт Лхагвасүрэнгийн Бямбадоржийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бямбадоржийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Бямбадоржийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч Л.Бямбадоржийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч Л.Бямбадорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч нарт хохирол төлж барагдуулсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА