| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2020/0094/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/92 |
| Огноо | 2020-08-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Баасанжав |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Пүрэвсанагийн Намхайдагва Улсын яллагч Нэргүйн Баасанжав Шүүгдэгч Алтангэрэлийн Лхагва-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтангэрэлийн Лхагва-Очирт холбогдох 2023001080087 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 19 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аюуш овогт Алтангэрэлийн Лхагва-Очир, Регистрийн дугаар:ИА01312813,
Шүүгдэгч А.Лхагва-Очир нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Ямаатын хөндий” гэх газраас А.Билэгсайханы өмчлөлийн 2 тооны морийг өөрийн адуунд нийлсэн байхад нь бусдад зарж, түүнд 4.000.000 төгрөгний хохирол учруулж “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар Шүүгдэгч А.Лхагва-Очир нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг “Ямаатын хөндий” гэх газраас А.Билэгсайханы өмчлөлийн 2 тооны морийг өөрийн адуунд нийлсэн байхад нь бусдад зарж, завшсан хэргийн үйл баримт энэ талаар мэдүүлсэн хохирогч А.Билэгсайханы “...Хурдан хүрэн азаргандаа гүү тавих гэж хурдны угшилтай сайн гүү хайж байгаад адуу малладаг Отгонбилэг ахын хээр азаргатай адуунаас угшилтай хүрэн гүү, бор хээр гүү, 2 тооны нас нийлж байгаа залуу гүүнүүд худалдан авсан юм. Тэгсэн 2020 оны 04 дүгээр 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хүрэн гүү, бор хээр гүү хоёр Алдархаан сумын Мандаат багийн нутаг Ямаатын хөндий гэх газраас алдсан...” гэсэн мэдүүлэг, А.Билэгсайханд 2 тооны гүүг худалдсан талаараа мэдүүлсэн гэрч Ж.Отгонбилэгийн “...Би одоо өөрийн 36-38 орчим тооны адуу малтай, мөн Билэгсайханы 14-15 орчим адуу тусдаа байгаа... бид хоёр үнэ мөнгөө тохироод би нэг гүүгээ 2.000.000 төгрөгөөр бодож тухайн үед 4.000.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авсан... 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр... адуугаа бөөгнүүлж үзсэн чинь Билэгсайханы надаас худалдаж авсан 2 тооны гүү алга болсон байсан...“ гэсэн мэдүүлэг, А.Лхагва-Очирын адуунд 2 гүү нийлсэн байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Мягмаржавын “...2020 оны 04 дүгээр сарын дундуур санагдаж байна манай багийн А.Лхагва-Очир гэдэг залуу бид хоёр Ямаатын хөндий гэх газар руу адуундаа явсан юм. Тэгээд Лхагва-Очир өөрийнхөө хээр азаргатай адуун дээрээ ирээд унаагаа солихдоо тэдний адуунд нэг хүрэн, бор хээр гүү хоёр нийлчихсэн байсныг хараад надад энэ хоёр гүү манай гүүнүүд биш байна хэний адуунаас нийлчихсэн юм бол чи харж байсан уу гэж надаас асуусан. Тэр үед би тэр хоёр гүүг хараад хэний гүүнүүд болохыг таниагүй...” гэсэн мэдүүлэг, Хохирогчийн алдагдсан 2 тооны гүүг худалдан авсан талаар мэдүүлсэн гэрч Э.Бодьсайханы “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Лхагва-Очир над руу залгаж ярьсан. ...хоёр сайхан гүү байна. Гайгүй гүүнүүдээр солино гэж хэлсэн. Тэгсэн чинь танихгүй залуутай 2020 оны 04 дүгээр сарын 26-ны үүрээр 2 гүү ачиж ирсэн... Хүрэн гүү 1, бор хээр гүү 1 нийт 2 тооны адуу хоёулаа зөв талын гуян дээрээ крантан тамгатай, имгүй, биеэрхүү сайхан том гүүнүүд байсан. Бор хээр гүү нь сайн алхаатай гүү байсан... Лхагва-Очир надад өөрийн унаган гүүнүүд гэж хэлсэн. Хулгайн гүү гэдгийг нь мэдээгүй... Лхагва-Очирын авчирч өгсөн 2 гүүг би Увс аймгаас эмээл зарж явсан хүнд зарж ...ачуулаад явуулсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Лхамсүрэнгийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байхад Лхагва-0чир Давгадорж хоёр ирээд завтай юу завтай бол Дөрвөлжин сум руу цуг явчихаад ирье гэсэн. Машинд суусан тэгээд бид хоёр юун адуу юм бэ гэж асуусан тэгсэн чинь Лхагва-Очир би өөрийнхөө адуунаас 2 адууг Дөрвөлжин сум руу хүнд аваачиж өгөх гэсэн юм гэсэн. 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 19 цагийн үед Ямаатын хөндий рүү тонгойгоод бараан голдуу 20 гаран тооны адуу тааралдсан. Тэгсэн чинь Лхагва-Очир Дагвадоржийг машинаа зогсоо энэ манай адуу гэж хэлээд машиныг нь зогсоолгоод хүрэн гүү, бор хээр гүү барьж аваад машин дээр бид гурав ачаад Дөрвөлжин сум руу Бодьсайхан гэх хүнд хүргэж өгнө гээд тэгээд үүрээр Дөрвөлжин сум руу очсон... Лхагва-Очир миний адуу гэж хэлсэн. Адууны наймаа хийх гэж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Дагвадоржийн “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Лхагва-Очир над руу залгаад машин чинь явж байгаа юу гэж асуусан. Тэгээд би явж байгаа яасан гэсэн чинь завтай бол Дөрвөлжин сум адуу ачаад өгөөч гэсэн. ...бид хоёр Лхамсүрэнгийнх рүү явж Лхамсүрэнг аваад Алдархаан сум руу явж байхдаа Лхагва-Очироос юун адуу ачихын гэсэн чинь миний адуунаас 2 адуу ачиж Дөрвөлжин сум оруулж өгөөд хоёр адуу буцааж сольж цус сэлбэж авч ирж манай адуунд тавьчихаад ирнэ гэсэн. Тэгээд Донойн хөндий рүү явсан. ...дугуйн дөрөлжөөр давж Ямаатын хөндий рүү тонгойгоод бараан голдуу 20 гаруй тооны адуу тааралдсан ...Лхагва-Очир намайг машинаа зогсоо манай адуу гэж хэлээд машиныг зогсоолгоод хүрэн гүү, бор хээр гүү нийт 2 тооны гүү барьж аваад машин дээр бид гурав ачаад Дөрвөлжин сум руу Бодьсайхан гэх хүнд хүргэж өгнө гээд тэгээд үүрээр Дөрвөлжин сум руу очсон... Хүрэн гүү, бор хээр гүү хоёулаа зөв талын гуян дээрээ крантан тамгатай байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч А.Лхагва-Очирын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Манай хээр азаргатай адуун дотор хүрэн, бор хээр зүсмийн хоёр гүү нийлчихсэн манай хээр азарга адуундаа тэр хоёр гүүг хураачихсан байсан. ...би Завхан аймгийн Дөрвөлжин сумын иргэн өөрийн танил ах болох Бодьсайхантай утсаар бид хоёр хоорондоо ярилцаж байгаад адууны наймаа хийхээр болсон. Тэр үед миний санаанд нөгөө адуунд нийлсэн 2 гүүг Бодьсайхан ахтай адуугаар солио хийгээд авчих санаа төрөөд нөгөө хоёр гүүг Бодьсайхан ахад аваачиж өгч оронд нь өөр адуу авахаар болсон. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн найз Б.Даваадоржийг гуйгаад машинаар нь адуу ачиж Дөрвөлжин сум орохоор болж бас Лхагвасүрэн гэдэг нэг найзаа аваад бид гурав Алдархаан сумын ямаатын хөндийд манай адуун дээр ирж би адуундаа нийлсэн байсан нөгөө хоёр гүүг бугуйлдаж барьж аваад Даваадоржийн машин дээр Даваадорж, Лхагвасүрэн хоёртой хамжиж ачаад шууд Дөрвөлжин сум руу Бодьсайхан ахынх руу хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч А.Лхагва-Очирын үйлдлийн улмаас хохирогч А.Билэгсайханд 4000000 төгрөгийн хохирол учирсан нь Завхан аймгийн Алдархаан сумын үнэлгээний комиссын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай “Хүрэн гүү, бор хээр гүү нийт 4.000.000 төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Иймд шүүгдэгч А.Лхагва-Очир өөрийн адуунд нийлсэн бусдын эзэмшлийн 2 гүүг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан гэдгээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болголоо. Алдуул мал завших гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн жинхэнэ өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур сүргээсээ тасран салж, байнга идээшсэн нутаг бэлчээрээсээ холдон, өөр нутаг бэлчээрт шилжин байрлаж байгаа малыг олж аван завшсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч А.Лхагва-Очир нь 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг Ямаатын хөндий гэх газраас А.Билэгсайханы өмчлөлийн 2 тооны гүүг өөрийн адуунд нийлсэн байхад нь бусдад зарж, алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч А.Лхагва-Очирыг алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Шүүгдэгч А.Лхагва-Очир хохирогч А.Билэгсайханд 4000000 төгрөг төлсөн бөгөөд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч А.Лхагва-Очир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй,шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир бөгөөд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Мөн шүүгдэгч А.Лхагва-Очирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2,5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон учир прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.Лхагва-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.7 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Лхагва-Очирыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхагва-Очирыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Лхагва-Очирыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай. 5.Шүүгдэгч А.Лхагва-Очир нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 6.Шүүгдэгч А.Лхагва-Очир нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүй, хохирогч А.Билэгсайханд 4000000 төгрөгний хохирол төлж барагдуулсан хохирол төлбөр нэхэмжлээгүй, түүний иргэний үнэмлэх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА