Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 74

 

     2018 оны 02 сарын 05 өдөр

        Дугаар 153/ШШ2018/00074

                      Ховд аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-31 тоотод оршин суух, ПЭ70082805 дугаарын регистртэй, Леви овогт Балдоржийн Энхчимэгийн  хүсэлттэй Үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, хүсэлт гаргагч Б.Энхчимэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энхчимэг нь 1970 онд төрсөн. Одоо амьдарч буй Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01-31 тоотод байрлах станцын орон сууцанд 16 наснаасаа хойш эцэг эхийн хамт амьдарч байна. Миний аав Балдорж нь 1997 оны 12 дугаар сард нас барсан бөгөөд түүнээс хойш ээж Аалиагийн хамт амьдарч байна. Миний ээж 1936 онд төрсөн. Одоо 82 настай. Өндөр насны тэтгэвэрт гарсан. Одоо оршин сууж буй газрын гэрчилгээгээ ээж бид хоёр 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамтран эзэмшигчээр авсан. Одоо амьдарч буй ердийн халаалттай орон сууцандаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авах гэтэл нотлох баримт болохгүй байна. Иймд Б.Энхчимэг намайг Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01-31 тоотод байрлах станцын орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Энхчимэг нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01 дүгээр гудамжны 31 тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны өмчлөгч нь Леви овогт Балдоржийн Энхчимэг мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Монгол улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000328721 дугаартай гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дуудлага худалдаа явуулсан тухай протокол, Ховд аймгийн орон сууц нийтийн аж ахуйн конторын зарим орон сууц, барилгын анхны үнийн тодорхойлолт, иргэн Б.Энхчимэгийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01 дүгээр гудамжны 31 тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны гэрэл зургууд, план зураг,

Гэрч З.Иргэлийн ...Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-32 тоотод станцын орон сууцанд амьдардаг. Би энэ хашаанд 1987 оноос хойш амьдарч байна. Би хөрш айлуудаа сайн танина. Манай хөрш Чимээ, Аалиа гэдэг хоёр айл байдаг. Б.Энхчимэг нь Аалиа гээд манай хөршийн охин нь байгаа юм. Б.Энхчимэг нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-31 тоотод станцын орон сууцанд амьдардаг. 1987 оноос хойш амьдарч байна. Манай хашаа байшингийн гэрчилгээ манай хүүхэд Батболд дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг.... гэх мэдүүлэг,

Гэрч Я.Хишигсүрэнгийн Би Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 1-25 тоотод станцын орон сууцанд амьдардаг. Манайх 1958 онд ашиглалтанд орсон цагаас нь хойш манай аав амьдарч байсан. Би өөрөө төрсөн цагаасаа буюу 1972 оноос хойш амьдарч байна. Би хөрш айлуудаа сайн танина. Манай ард талд Даваахүү, урд талд Чимэд, Жарантай, Бөхчулуун, Энхчимэг, Иргэл гэх зэрэг айлууд амьдарч байна. Б.Энхчимэг нь манай хөрш айл нь байгаа юм. Тийм учраас сайн танина. Бид бага наснаасаа эхлээд айл хөрш байна. Б.Энхчимэгийн аавыг нь Балдорж, ээжийг нь Аалиа гэдэг. Аав нь нилээн дээр үед 1990-ээд оны үед байхаа нас барсан. Ээж нь одоо амьд сэрүүн 80 гарсан хүн байдаг... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 01 дүгээр гудамжны 31 тоотод байрлах, 54 м2 амины орон сууцны өмчлөгч нь Леви овогт Балдоржийн Энхчимэг /ПП70082805/ мөн болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ