Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

     2018 оны 01 сарын 30 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00210

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С корпорацийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М банкинд холбогдох

2,172,634 ам доллар буюу 3,876,218,902 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Мандах, О.Аззаяа, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнх-Орших, Б.Оргилсайхан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СХХК-ийн захирал Ч.Сэрээтэр, өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Баярцэцэг нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...2004 онд Анод банк ХХК-иас аккредитив гаргасны дагуу С корпораци аккредитив хүлээн авагчийн хувиар оролцож аккредитив нээгч Тас Петролиум ХХК-ийн худалдан авч буй бараа бүтээгдэхүүний үнийг санхүүжүүлсэн юм. 2005 оны 04 сарын 29-ний өдөр Анод банк ХХК, С корпораци, Тас Петролиум ХХК нарын хоорондох төлбөр тооцооны гэрээ, 2005 оны 04 сарын 29-ний өдөр Анод банк ХХК, С корпораци, Тас Петролиум ХХК нарын хоорондох барьцааны гэрээ тус тус байгуулагдаж Анод банк ХХК-иас С корпорацид төлөх төлбөрийн үлдэгдэлийг харилцан тооцож төлөх хуваарийг тохиролцсон. 2006 оны 08 сарын 03-ны өдөр С корпораци, Анод банк ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдаж үлдэгдэл төлбөрийг 2409056.17 ам долларын хэмжээнд байгааг баталгаажуулж дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд төлбөрийг барагдуулахаар тус банкны 3 үл хөдлөх хөрөнгө, 2 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсан. Анод банк ХХК-иас 2008 оны 04 сарын 29-ний өдрийг хүртэл төлбөрийг барагдуулж ирсэн бөгөөд 2172634.48 ам долларын үлдэгдэлтэй байгаа төлбөр төлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч 2009 оны 12 сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар мэдэгдэж байсан боловч төлбөр хийгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Төлбөр авагчийн зүгээс Анод банк ХХК болон Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид төлбөрийг төлүүлэх талаар удаа дараа хандсан боловч өнөөдрийг болтол төлөгдөөгүй. Тэгээд банкы эрх хүлэн авагч томилогдож 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг цуцласан байдаг юм. Энэ талаараа тухайн үед бидэнд мэдэгдээгүй, бид барьцааны гэрээг өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа.

Ингээд нэхэмжлэлийн дараалалд өөрсдийн нэхэмжлэлийг оруулсан. Харамсалтай нь сүүлээр бичигдсэн, төлөх төлбөр хүрэхгүй гэсэн хариу өгч Анод банкны эрх хүлээн авах ажиллагааг М банкнаас дуусгавар болгосон байдаг. Ингэхдээ манай барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгыг 2014.06.10-ны өдрийн актив хөрөнгө шилжүүлэх гэрээний дагуу М банк хүлээгээд авчихсан байдаг. Мөн Анод банкны эрх хүлээн авагч нь барьцааны бас нэг хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-111 тоотод байрлах Ү-2201011802 дугаартай 1590,75 м.кв талбай бүхий барилгыг М банкинд шилжүүлчихсэн байдаг юм. Иймд уг төлбөрийг М банк хариуцана гэж үзэж байгаа. Харин хоёр лицензийн тухайд захиргааны шүүхийн шийдвэр гарч барьцаанд тавих ёсгүй байсан гэж үзсэн байдаг. Бид нэхэмжлэлийг анх шүүхэд 2014 оны 05 сард гаргасан бөгөөд уг хугацаанд хэргийг 2 удаа хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ маргаантай асуудлаар 2008 онд Анод банкны удирдлагуудад холбогдуулж эрүүгийн хэрэг шалгагдаж байсан бөгөөд 2013 онд хэрэгсэхгүй болсон тогтоол гарч, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж өгсөн. Ингээд бид шүүхэд хандсан байдаг учир хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа гэж үзнэ.

Бид Солонгосын худалдааны даатгалын Кэй шюр компанид эрхээ шилжүүлсэн зүйл байхгүй. Уг нэхээд байгаа мөнгийг огт аваагүй. Хэрэв энэ мөнгийг Кэй шюр компаниас авчихаад дахин М банкнаас нэхээд байгаа үйлдэл нь бичгийн хэлбэрээр тогтоогдох юм бол манайх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахад бэлэн байна. Гэтэл ийм баримт хавтаст хэрэгт байхгүй. Харин ч манайх шаардах эрхийг худалдааны даатгалын байгууллага болох Кэй шюр компанид шилжүүлж байсан боловч энэ эрхээ буцаан авсан. Энэ тухай албан бичиг хэрэгт авагдсан байдаг. Тиймээс бид уг төлбөрийг шаардах эрхтэй юм. Иймд хариуцагчаас аккердитивын гэрээний үлдэгдэл төлбөрт 2,172,634 ам доллар буюу 3.876.218.902 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Уг 2,172,634 ам долларыг анх шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханш буюу 2014.05.01-ний өдрийн ханш болох 1784 төгрөгөөр тооцсон байгаа. Иймд хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах, төлөхгүй бол барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэж хоёр дахь шаардлагаа тодруулж байна гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М банкнаас Анод банк ХК-д төв банкны тухай хуулийн 5.4, 19.1, 19.2, 1996 оны 09 сарын 03-ны өдрийн банкны тухай хуулийн 31, 33-36, 38, 38, дугаар зүйлд заасны дагуу 2008 оны 12 сарын 10-нд албадлагын арга хэмжээ авч, энэ албадлагын арга хэмжээг 2015 оны 04 сарын 06-ны өдөр доорх хуулийн үндэслэлийн дагуу дуусгавар болгосн. Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, болон 66.2 дахь хэсэгт заасны дагуу М банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох үүрэгтэй. Үүний дагуу М банк 2015 оны 04 сарын 06-ны өдрийн А-66 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай Өнөөдөр сонины 2015 оны 04 сарын 08-ны өдрийн №083 /5477/ дугаарт нийтэлсэн. Ингэснээр М банкны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон. Төв банкны болон Банкны тухай хуулиар М банкны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Анод банк ХК-ийн хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй болно. М банк нь Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчтай 2014 оны 06 сарын 11-ний өдөр байгуулсан шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу СХХК-иас гаргуулах зээлийн авлагыг шаардах эрхийг л хүлээж авсан. Иймд Анод банк болон С -корпорацийн хооронд 2006 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан 2.172.634,48 ам доллар буюу 3.876.218.902 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд М банк оролцоогүй ба Банкны тухай хуулийн 5.1-д зааснаар банкны дотоод хэрэгт М банк оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй. Мөн Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй гэж заасан тул М банк Анод банкны өмнөөс үүрэг хүлээхгүй.

Түүнчлэн Анод банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдон бүрэн эрхт төлөөлөгчийн 2009.01.05-ны өдрийн 04 дугаартай тушаалаар 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг 1996 оны Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.3-т зааснаар банкинд хохиролтой хийгдсэн хэлцэл гэж үзэн гэрээг цуцлан, хүчингүй болгосон байгаа. Энэ тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Энэ талаараа тухайн үед С -корпорацид мэдэгдсэн. Үүний дагуу Солонгосын худалдааны даатгалын байгууллага болох Кэй шюр компаниас хариу ирсэн байдаг юм байна лээ. Дараа нь 2013 онд хохирол нөхөн барагдуулах зорилгоор нөхөн төлбөрийг төлсөн гэсэн Кэй шюр компаниас ирүүлсэн албан тоот байна. Үүний дараа мөн 2013 ондоо Анод банкны эрх хүлээн авагч Зоригтбаатар танаа гээд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн төлсөн, экспортлогч нь Анод банкны эсрэг гаргах бүх шаардлагаа өөр дээрээ авчихсан байгаа бид үүнтэй холбоотой асуудлыг шийднэ гэсэн албан бичиг ирсэн байна. Гэтэл нэхэмжлэгч тал үүнийг гуйвуулж өөрт ашигтайгаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа хохирлыг Солонгосын худалдааны даатгалын Кэй шюр компанид барагдуулчихсан, нэхэмжлэгч бүх эрхээ тус байгууллагад шилжүүлчихсэн болох нь харагдаж байна. Харин өнөөдөр уг 2 сая долларыг Кэй шюр компанийн өмнөөс нэхэмжлэх эрх байхгүй, энэ тухай баримтгүй. Энэ талаар өмнө нь Анод банкны эрх хүлээн авагч тайлбарлаж, уг баримтуудыг гаргаж өгсөн байдаг юм байна лээ.

Тийм учраас 2 сая доллар буюу 3 тэрбум төгрөгийг нэхэх эрхгүй. Түүнчлэн барьцааны хөрөнгө манайд шилжсэн гэдгээр манай байгууллагыг хариуцагчаар татаад байх шиг байна. Уг маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилга 2014.06.10-ны өдрийн М банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай гэрээний дагуу С ХХК-ийн зээлийн өр төлбөр шилжиж ирсэнтэй холбоотой хөрөнгө байгаа. Бид авлага шаардах эрхтэй болохоос биш өр төлөх үүрэг хүлээхгүй. Тэгээд ч барьцааны гэрээ цуцлагдсан байхад 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу төлбөр нэхэж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд байгааг ойлгохгүй байна. Барьцаа хөрөнгө нь байхгүй болчихсон юм биш үү. Иймд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СХХК, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Анод банктай 2004 оны 05 сарын 25-ны өдөр №06040023 тоот зээлийн гэрээ, №06040023 тоот барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн Ү-2202006422,                      Ү-2202007290, Ү-2202006987 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулж, 2004 оны 12 сарын 02-ны өдөр 06040023-А тоот нэмэлт гэрээ, дээрх гэрээнүүдийн салшгүй хэсэг болгож 2006 орны 06 сарын 07-ны өдрийн №004 тоот хамтран ажиллах гэрээг тус тус байгуулсан. Энэхүү №004 тоот хамтран ажиллах гэрээний зорилгыг талууд тус гэрээний 1.1-д тодорхойлж, хугацааг гэрээний 1.2-т “энэхүү гэрээний хугацааг өмнө нь компанитай байгуулсан 2004 оны 05 сарын 25-ны өдрийн 06040023 дугаартай зээлийн гэрээ, 06040023 дугаартай барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчинтэй байна гэжээ. Мөн гэрээний 2 дахь хэсэгт зааснаар Анод банк нь: 2.1 Компаний улсын бүртгэлийн 2202006422, 2202007290, тоот дугаарт бүртгэгдсэн, 0051640, 000175043 тоот гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авах, 2.3 Энэхүү гэрээний 2.1-д дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн компанитай хамтран борлуулах ажлыг гүйцэтгэж, үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогоос 1.1-д заасан зээлийн гэрээний үүргийг хангуулах, 2.4 Үл хөдлөх хөрөнгүүдийг борлуулсны орлого нь 1.1-д заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүнгээс давсан тохиолдолд илүү гарсан орлогыг компанид шилжүүлэн өгнө, 2.5 Үл хөдлөх хөрөнгө борлогдоогүй тохиролдолд талууд зээлийн өрөндөө тооцох авах үнийн талаар харилцан тохиролцно. 2.6 Компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгөө борлуулж төлөхөөс өөр хэлбэрээр биелүүлсэн тохиолдолд банк 2.1-д заасан хөрөнгийг буцаан шилжүүлэн өгнө гэж,

СХХК нь: 3.4 барьцаа хөрөнгө борлогдоогүйн улмаас талууд үл хөдлөх хөрөнгийг банкны өмчлөлд бүр мөсөн шилжүүлэхээр тохиролцсон тохиолдолд 3.3-т заасан үүргээс чөлөөлөгдөнө, 3.5 Энэ гэрээний 2.1-д дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг банктай хамтран борлуулах ажлыг гүйцэтгэж, сонирхсон иргэд, байгууллагад чөлөөтэй үзүүлэх бололцоо, нөхцөлөөр хангана, 3.6 Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгийг борлуулсны орлогоос төлснөөс өөр хэлбэрээр бүрэн биелүүлсэн тохиолдолд өөрийн үл  хөдлөх хөрөнгүүдээ банкнаас буцаан шилжүүлэн авах эрх үүснэ гэжээ. Гэтэл Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 11 сарын 25-ны өдрийн №3251 тоот албан бичгээр барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг Анод банк нь СХХК-д мэдэгдэхгүйгээр С корпорацитай 2006 оны 08 сарын 03-ны өдөр барьцааны гэрээг байгуулж барьцаанд тавьсаныг, С корпораци нь Анод банктай холбогдуулж 2.172.634,48 ам доллар буюу 3.876.218.902 төгрөг гаргуулж, үүргийн биелэлтийг Анод банк болон С корпорацийн хооронд 2006 оны 08 сарын 03-ны өдөр байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг тус шүүхэд хянагдаж байгаа М банкны нэхэмжлэлтэй хариуцагч СХХК-д холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн бөгөөд энэхүү хэрэг нь одоо тус шүүхэд түдгэлзсэн байгаа.

Анод банк ХК, СХХК-тай гэрээ байгуулсаныг мэдсээр байж, нуун дарагдуулж С корпорацитай 2006 оны 08 сарын 03-ны өдрийн барьцааны гэрээг байгуулсан нь илт хууль бус, хэлцэл байна. Энд бидний эрх ашиг хөндөгдсөн учир маргаанд гуравдагч этгээдээр орж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарласнаар Анод банкинд бүрэн эрхт төлөөлөгч томилогдон бүрэн эрхт төлөөлөгчийн 2009.01.05-ны өдрийн 04 дугаартай тушаалаар 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг 1996 оны Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.3-т зааснаар банкинд хохиролтой хийгдсэн хэлцэл гэж үзэн гэрээг цуцлан, хүчингүй болгосон байгаагаас үзвэл барьцаа угаасаа байхгүй болсон, барьцааны эрх нь Иргэний хуульд зааснаар дуусгавар болсон байна. Хэрэв энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар барьцааны гэрээг байгуулахдаа Анод банк зохих этгээдийн зөвшөөрлийг буюу СХХК-ийн зөвшөөрлийг аваагүй нуун дарагдуулж СХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмч мэт харагдуулж С -корпорацийн барьцаанд тавьсан байгаа нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг харуулж байна. Энэ барьцааны гэрээнээс болж үүсээд байгаа бас нэг асуудал бол манай компани болон М банк нарын хоорондын 1,063,000,000 төгрөгийг өр зээлийн авлага гацаанд орчихоод байгаа юм. Бид тухайн үедээ зээлийн өр төлбөрийг төлье гээд Анод банктай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч шүүх гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гээд батлаагүй байдаг юм байна лээ. Одоо бид энэ өр төлбөрийн асуудлаа өөрсдийн үл хөдлөх хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгаар шийдэх боломж байна гэж харж байгаа. Гэтэл бидний энэ үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байгааг зөвшөөрөхгүй байгаа. Мөн нэхэмжлэгч С -корпорацийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх дууссан гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага буюу барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

      

Нэхэмжлэгч С -корпораци нь хариуцагч М банкинд холбогдуулж 2,172,634 ам доллар буюу 3,876,218,902 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаа шүүх хуралдааны явцад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж тодруулсныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид тухайн үеийн Анод банктай аккредитивын гэрээний төлбөрийн үлдэгдэлийг 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээгээр 2,172,634 ам доллар гэж, уг төлбөрийг төлөхгүй бол Анод банк нь барьцааны хөрөнгөөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн, бидэнд шаардах эрх байгаа, уг маргаантай асуудал нь 2008 онд эрүүгийн журмаар шалгагдаж байгаад 2013 онд хэрэгсэхгүй болсон бөгөөд биднийг иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэдгийг заасан, тэгээд ч барьцааны хөрөнгийг М банк шилжүүлээд авчихсан байгаа учир нэхэмжлэлийг хариуцах ёстой гэж тайлбарласныг,

хариуцагч тал зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчид шаардах эрх үүсээгүй, 2,172,634 ам долларын өр төлбөрөө Солонгосын худалдааны байгууллага болох Кэй шюр компаниар төлүүлсэн байдаг бөгөөд түүний өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, мөн 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг Анод банкны бүрэн эрхт төлөөлөгч 2009 онд цуцлаж, хүчингүй болгосон, бид Анод банкны өмнөөс төлбөр төлөх үүрэггүй гэж,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СХХК нь манай байгууллагын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй, барьцааны гэрээ цуцлагдаж барьцааны эрх дуусгавар болсон, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж тус тус мэтгэлцсэн.

 

С корпораци нь 2008.03.28-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн 57 дугаар ээлжит хурлаараа байгууллагын нэрээ С -корпораци болгон өөрчилжээ.

С, Тас болон Петролиум трэйдинг ХХК-ийн хооронд 2004.03.01-ний өдрийн TH040301A тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний худалдан авах захиалгад тодорхойлсон үнэ, нөхцөлийн дагуу Петролиум трэйдинг нь 2004 онд нийтдээ 50,000 тонн хүртэлх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүнийг Саар дамжуулж Тасд борлуулах, нийлүүлэх үүрэг хүлээж, С нь Петролиум трейдингээс худалдан авах үүрэг хүлээж, Тас нь Саас худалдан авах үүрэг хүлээсэн.

 

Мөн С, Тас болон Пакстон Трэйдинг ХХК-ийн хооронд 2004.03.24-ний өдрийн TH030324A тоот гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний худалдан авах захиалгад тодорхойлсон үнэ, нөхцөлийн дагуу Пакстон нь 2003 онд нийтдээ 40,000 тонн хүртэлх хэмжээний Казакстаны Павлодарын газрын тос боловсруулах үйлдвэрт үйлдвэрлэсэн газрын тосны бүтээгдэхүүнийг Саар дамжуулж Тас Петролиумд борлуулах, нийлүүлэх үүрэг хүлээж, Тас Петролиум нь Саар дамжуулж худалдан авах үүрэг хүлээсэн байх ба тус гэрээнд 2003.05.09-ний өдөр 1 дүгээр нэмэлт өөрчлөлт, 2003.09.05-ны өдөр 2 дугаар нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулжээ.

 

Дээрх гэрээнүүдийн дагуу Анод банк нь Тас Петролиум ХХК-ийн гаргасан хүсэлтээр хүлээн авагч С корпорацид 2004.02.05-ны өдөр 2,277,000 ам долларт буцаан үл дуудах хэлбэрийн TP040203-16 дугаартай баримтат аккредитив,

2004.02.24-ний өдөр 2,852,000 ам долларт буцаан үл дуудах хэлбэрийн TP040223-17 дугаартай баримтат аккредитив,

2004.03.22-ны өдөр 1,368,500 ам долларт буцаан үл дуудах хэлбэрийн TP040319-01 дугаартай баримтат аккредитив,

2004.12.03-ны өдөр 2,000,000 ам долларт буцаан үл дуудах хэлбэрийн TP041202-01 дугаартай баримтат аккредитив тус тус нээж, бараа бүтээгдэхүүний үнийг санхүүжүүлсэн байна.

 

Уг аккредитивын дагуу Анод банк /төлбөр гүйцэтгэгч/, С корпораци /төлбөр хүлээн авагч/, Тас петролиум ХХК-ийн хооронд 2005.04.29-ний өдөр төлбөр тооцооны болон барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу Анод банк нь:

1. 2,277,000 ам долларын үнийн дүн бүхий 2004.02.04-ний өдөр гаргасан TP040203-16 тоот аккредитивын 2 баталгаа,

2. 2,852,000 ам долларын үнийн дүнтэй 2004.02.23-ны өдөр гаргасан TP040223-17 тоот аккредитивын 1 баталгаа,

3. 1,368,500 ам долларын үнийн дүнтэй 2004.03.19-ний өдөр гаргасан TP040319-01 тоот аккредитивын 1 баталгаа,

4. 2,000,000 ам долларын үнийн дүнтэй 2004.12.02-ны өдөр гаргасан TP-041202-01 тоот аккредитивын 2 баталгаа буюу төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 4,670,127.72 ам доллар, төлөгдөхөөр хүлээгдэж байгаа 2,214,257.54 ам доллар, нийт 6,884,385.26 мянган ам долларыг 2005.06.30-нд 3,000,000 ам доллар, 2005.12.31-ний өдөр 3,884,385.26 ам доллараар С корпорацид төлөх, гэрээний дагуу тогтоосон хугацаанд төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд Тас нь барьцаалсан хөрөнгийг Ст шилжүүлэх үүргийг хүлээжээ.

 

Дурдсан үйл баримт нь С корпорацийн хувь нийлүүлэгчдийн 57 дугаар ээлжит хурлын тэмдэглэл, Анод банк /төлбөр гүйцэтгэгч/, С корпораци /төлбөр хүлээн авагч/, Тас петролиум ХХК-ийн хооронд 2005.04.29-ний өдөр төлбөр тооцооны гэрээ, С, Тас болон Петролиум трэйдинг ХХК-ийн хооронд байгуулсан 2004.03.01-ний өдрийн TH040301A тоот гэрээ, С, Тас болон Пакстон Трэйдинг ХХК-ийн хооронд байгуулсан 2004.03.24-ний өдрийн TH030324A тоот гэрээ, тус гэрээний 1, 2 дугаар нэмэлт, өөрчлөлт, хавсралтууд, Анод банк С корпораци, Тас петролиум ХХК-ийн хооронд байгуулагдсан 2005.04.29-ний өдрийн төлбөр тооцооны гэрээ, барьцааны гэрээ, түүний хавсралтуудаар тогтоогдсон.

 

Харин С корпораци, Анод банк хоёр 2006.08.03-ны өдөр дахин барьцааны гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр:

2005.04.29-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээ болон барьцааны гэрээний дагуу Анод болон Тас Петролиум ХХК-ийн төлбөл зохих 6,884,385.26 ам доллараас 4,443,734.93 ам долларыг төлсөн, үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь төлбөр барагдуулах гэрээний 3.4 дэх хэсэгт заасны дагуу 18,489 ам доллараар, түүнчлэн Анодоос Сд төлсөн хүүгийн илүү төлөлтийн дүн болох 13,105.15 ам доллараар тус тус буурахаар, мөн төлөгдөөгүй байгаа 2,409,056.17 ам долларын төлбөрийн үлдэгдэлтэй холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Анод барьцааны гэрээнд заасан барьцааны зүйлүүд дээр өөрийн өмчийн зарим эд хөрөнгө болох:

Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга,

мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилга,

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-111 тоотод байрлах, Ү-2201011802 дугаарт бүртгэлтэй 1590,75 м.кв талбай бүхий барилга,

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нэргүй хөдийд байрших 5147А дугаартай ашигт малтмалын ашиглалтын лиценз, мөн хаягт байрших 722 А дугаартай ашиг малтмалын ашиглалтын лиценз зэрэг нийт 5 хөрөнгийг нэмж барьцаалан, төлбөр барагдуулах гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж дуусгах хүртэл хугацаатайгаар тохиролцож, гэрээг 2006.08.16-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 

 

Үүний дараа Анод банк, С корпораци хоёр 2007 оны 01 сард 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний 1.2, 1.3, 3.1 дэх заалтуудад өөрчлөлт оруулж, төлөгдөөгүй байгаа дүнг 2,372,634.48 ам доллар болгосон нь барьцааны гэрээ, уг гэрээний өөрчлөлтөөр нотлогдсон.

 

Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1-д “Аккредитив нээсэн банк нь үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлт, өгсөн үүрэг, зааврын дагуу гуравдагч этгээд /төлбөр авагч/-ээс тодорхой бичиг баримт хүлээн авч, хариуд нь түүнд буюу түүний заасан этгээдэд мөнгө шилжүүлэх, төлбөр авагчийн бичсэн шилжих вексельд заасан төлбөрийг төлөх буюу зөвшөөрөх, эсхүл уг гүйлгээг гүйцэтгэхийг өөр банкинд даалгах үүрэг хүлээнэ гэж” заасан.

 

Иргэний хуулийн дээрх шинж, дурдсан үйл баримтуудаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 449 дүгээр зүйлд заасан аккредитивын гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд 2005.04.29-ний өдрийн төлбөр тооцооны гэрээг дагаж 2005.04.29-ний өдрийн болон 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээнүүд байгуулагдсан нь Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д заасан өөр хоорондоо салгаж үл болох эрхүүд байна гэж дүгнэлээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болсон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилга нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох СХХК-ийн өмч, шүүхээс гарах шийдвэрт өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэж үзэн тус байгууллага уг маргаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд СХХК болон Анод банкны хооронд 2004.05.25-ны өдөр №06040023 тоот зээлийн гэрээ, №06040023 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилга, мөн хаягт байршилтай                               Ү-2202006987 дугаарт бүртгэлтэй 432 м.кв үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалжээ.

 

Уг гэрээний салшгүй хэсэг болгож 2006.06.07-ны өдрийн №004 тоот хамтран ажиллах гэрээг байгуулж, 2004 оны 05 сарын 25-ны өдрийн 06040023 дугаартай зээлийн гэрээ, 06040023 дугаартай барьцааны гэрээгээр хүлээсэн үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчинтэй байхаар, Анод банк нь улсын бүртгэлийн               Ү-2202006422, Ү-2202007290 тоот дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авах, уг үл хөдлөх хөрөнгүүдийг компанитай хамтран борлуулах ажлыг гүйцэтгэж, ...компани зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаа хөрөнгөө борлуулж төлөхөөс өөр хэлбэрээр биелүүлсэн тохиолдолд банк заасан хөрөнгүүдийг буцаан шилжүүлэн өгөхөөр,

СХХК нь барьцаа хөрөнгө борлогдоогүйн улмаас талууд үл хөдлөх хөрөнгийг банкны өмчлөлд бүр мөсөн шилжүүлэхээр тохиролцсон тохиолдолд зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх, үл хөдлөх эд хөрөнгүүдийг банктай хамтран борлуулах ажлыг гүйцэтгэж, ...зээлийн өр төлбөрийг өөр хэлбэрээр бүрэн биелүүлсэн тохиолдолд өөрийн үл хөдлөх хөрөнгүүдээ банкнаас буцаан шилжүүлэн авахаар тохиролцсон болох нь дурдсан зээл болон барьцааны гэрээ, нэмэлт гэрээ, хамтран ажиллах гэрээнүүдээр тогтоогдлоо.

 

Ингээд СХХК нь өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгын өмчлөх эрхийг Анод банкны нэр дээр шилжүүлсэн.

 

Гэтэл Анод банк нь хамтран ажиллах гэрээний 2 дугаар зүйлийн 2.2, 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан үүргээ зөрчиж СХХК-иас зээл болон барьцааны гэрээний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай                                         Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудыг 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээгээр С -корпорацид барьцаалсан,  өнөөдрийг хүртэл тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр Анод банк бүртгэлтэй байх бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгүүд нь 2005.04.29-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байгаа үйл баримт зохигчдын тайлбар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016.06.08-ны өдрийн 12/7701 дугаартай албан бичиг, түүний хавсралт баримтуудаар тогтоогдов.

 

Өөрөөр хэлбэл М банкнаас Анод банкинд олгосон зээлийн төлбөрт тооцож актив хөрөнгө шилжүүлэх тухай 2014.06.10-ны өдрийн гэрээгээр СХХК-ийн “850,000,000 төгрөгийн зээл нь Анод банкны өмчлөлийн Ү-2202006422,                Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй дуусаагүй барилгууд. Анод банкны өмчлөлд бүртгэлтэй боловч БНСУ-ын С корпорацийн барьцаанд байдаг” гэсэн тайлбартайгаар Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас М банкинд шилжсэн байна.

 

Дээрх үйл явдлуудтай зэрэгцээд Анод банкинд М банкнаас 2008.12.10-ны өдрөөс бүрэн эрхт төлөөлөгч томилж улмаар 2010.07.22-ны өдрөөр тасалбар болгон албадан татан буулгах үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн, 2008.12.10-ны өдрөөс Анод банкны удирдлагуудад холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдсан, уг мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэлийн шаардлага болсон барьцааны хөрөнгүүдтэй холбоотой 2,409,056.17 ам долларын асуудал давхар шалгагдаж 2012.05.28-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болжээ.

 

Харин нэхэмжлэгч тал дээрх хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар эрүүгийн хэргээс үл хамааран иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байгаагүй байх бөгөөд 2014.05.05-ны өдөр анхны удаа иргэний шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.05.16-ны өдрийн 7195 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 65.1.10-т заасан үндэслэлээр үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С -корпораци нь 2014.05.05-ны өдрөөс өмнө шүүхэд тогтоосон журмаар огт нэхэмжлэл гаргаж байгаагүй байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолох, тасалдахад эрүүгийн журмаар уг асуудлыг шалгуулж байсан явдал хамаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч С -корпорацийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан “2013 онд гарсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд хандсан, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа байгаа” гэх тайлбар няцаагдав.

 

Нэхэмжлэгч С -корпораци нь 2006.01.05-ны өдрийн “эрх шилжүүлэх гэрээ”-гээр импортлогч гэх Анод банкны 2,797,196.48 ам долларын барааны үнийг 2005.02.21-ний өдрөөс 2005.05.30-ны хооронд Бүгд найрамдах Солонгос улсын Кэй шюр /K SURE/ худалдааны даатгалын компаниар бүрэн төлүүлж, шаардах эрхээ Кэй шюр компанид шилжүүлжээ.

 

Уг гэрээний 1 дүгээр зүйлд “экспортлогч буюу С -корпораци нь гэрээний дагуу түүнтэй холбоотой аливаа хэлбэрийн нэхэмжлэл, гомдлын шаардлага, шаардах эрх, бүрэн эрх, давуу эрх, үүнд худалдах үнийг нэхэмжлэх, экспортолсон барааг буцааж нэхэмжлэх эрх, гэрээг зөрчсөнтэй холбоотой хохирол, алдагдал нэхэмжлэх эрх, гэрээг дуусгавар болгох эрх, цуцлах, татгалзах, хүчингүй болгох эрх, хууль бусаар хөрөнгөжихтэй холбогдсон гомдлын шаардлага гаргах эрх, зээлийн мөнгөтэй холбоотой бусад дагалдах бүх эрхийг оролцуулан импортлогч буюу Анод банкны эсрэг гаргаж болох бүх эрхээ Кэй шюрт буцалтгүй шилжүүлж байна. ...”,

2 дугаар зүйлд “экспортлогч нь энэхүү эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурмагц эрх шилжсэн тухай даруй импортлогчид мэдэгдэхээр хүлээн зөвшөөрөв. ...Экспортлогч нь Кэй шюрт экспортлогчийн нэрийн өмнөөс эрх шилжсэн талаар импортлогчид мэдэгдэх бүрэн эрхийг үүгээр олгож байна” гэж тус тус заасан.

 

Энэ нь Иргэний хуулийн 550 дугаар зүйлийн 550.1, 123 дугаар зүйлийн 123.6-д заасантай нийцэж байх бөгөөд шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Гэтэл нэхэмжлэгч С -корпораци нь 2006.01.05-ны өдрийн шаардах эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн бүх эрхийг Кэй шюр компанид шилжүүлсэн атлаа Анод банктай 2006.08.03-ны өдөр дахин барьцааны гэрээ байгуулж, тохиролцсон 2,409,056.17 ам долларыг 2007 оны 01 сард 2,372,634.48 ам доллар болгон өөрчилж байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С -корпораци нь Анод банкинд холбогдох өөрийн бүхий л шаардах эрхийг 2006.01.05-ны өдөр Солонгосын худалдааны Кэй шюр компанид шилжүүлсэн, энэ талаар Анод банкинд ямар нэгэн шаардлага тавих эрхгүй байж түүнтэй 2006.08.03-ны өдөр дахин тохиролцоо хийгээд байгаа нь үндэслэлгүй, шаардах эрх шилжүүлэх гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 

Тодруулбал Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь СХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнийхээ үүргийг зөрчиж тус байгууллагын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээгээр С -корпорацид барьцаалсан, С -корпораци нь уг гэрээг байгуулах эрхгүй, тэрээр 2006.01.05-ны өдөр шаардах эрхээ бусдад шилжүүлсэн, түүнчлэн Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шинэ үүрэг гүйцэтгүүлэгч буюу Солонгосын худалдааны Кэй шюр компанид шаардлага, татгалзал тавиагүй байгаа явдал нь 2006.08.03-ны өдрийн хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасантай нийцсэнгүй.

 

Гэхдээ дээрх 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг Анод банкин дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2009.01.05-ны өдрийн 04 дугаартай тушаалаар Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.1, 36.2.3-т заасныг удирдлага болгон банкинд хохиролтой хийгдсэн хэлцэл” гэж үзэн цуцлан хүчингүйд тооцсон.

Энэ талаараа Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь С корпорацид мэдэгдэж, 2013.02.27-ны өдөр албан бичиг хүргүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “...актив хөрөнгийг буцаан авах арга хэмжээний хүрээнд танай компанид барьцаалсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж, уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид нэн яаралтай ирүүлнэ үү” гэжээ.

 

Үүний хариуд 2013.09.17-ны өдөр Солонгосын худалдааны даатгалын Кэй шюр компаниас Анод банк дахь эрх хүлээн авагчийн багийн гишүүн Ч.Зоригтбаатарт хандаж албан бичиг ирүүлсэн байх бөгөөд уг албан бичигт “...хүлээн авагч: С -корпораци, өргөдөл гаргагч: Тас петролиум, зээлжих эрхийн дугаар: TP040223-17, зээлжих эрхийн дүн 2,307,000 ам доллар, TP040319-01, 1,368,500, үлдэгдэл төлбөр: 2,172,634.48 ам доллар...бүрэн төлсөн. Экспортлогч нь Анод банкны эсрэг гаргах бүх шаардлага, үүнд: нэхэмжилж байгаа үндсэн дүн, хүү, түүнээс үүдсэн зардал болон хохирлоо шилжүүлэн өгсөн, ...Анод банкинд М банкнаас эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байгаад ихэд зовниж байна. Хэрэв та Кэй шюр компанийн нотлох баримт бүхий нэхэмжлэлийг багтаан цаашид үлдэгдэл хөрөнгөөс хувь хүртэх боломж бололцоо болон нэхэмжлэлийг хүлээж авсан талаар баримт баталгаа гаргаж өгвөл бид бүхэн гүнээ талархах болно...” гэсэн байна.

Дээрх үйл баримт болон шаардах эрх шилжүүлэх гэрээ, Кэй шюр компанийн хариу албан бичиг, Анод банкны бүрэн эрхт төлөөлөгчийн албан бичиг зэргээс үзвэл С -корпораци нь Анод банкны эсрэг гаргах бүх шаардлага, татгалзлаа Солонгосын худалдааны даатгалын Кэй шюр компанид бүрэн шилжүүлсэн үйл баримт нэгэнт тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан “бид Кэй шюр компанийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй, уг хохирлыг барагдуулаагүй байгаа гэх” тайлбар үгүйсгэгдлээ.

 

Анод банкны эрх хүлээн авагч нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2010.08.11-ний өдрөөс 2010.10.11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаатайгаар нийтэд зарласан байх бөгөөд уг хугацаанд С -корпораци нь нэхэмжлэлийг Анод банкы эрх хүлээн авагчид ирүүлсэн, Анод банкны эрх хүлээн авагч нь банкны тухай хуульд зааснаар нэхэмжлэлийг дараалалд оруулсан байх боловч 2015.04.03-ны өдрийн 713 дугаартай албан бичгээр С -корпорацид “...эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болж авлагатай этгээдүүдийн өр төлбөрийг бүрэн барагдуулахад тус банкны актив хөрөнгө хүрэлцээгүй болно, иймд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болсныг мэдэгдэе” гэсэн хариу хүргүүлж, М банкны ерөнхийлөгчийн 2015.04.06-ны өдрийн А-66 тоот тушаалаар Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцсон нь дурдсан албан бичиг, тушаалуудаар тогтоогдсон.

 

Ингээд Анод банкны эрх хүлээн авагч нь Анод банкин дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2009.01.05-ны өдрийн 04 дугаартай тушаалыг үндэслэн 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө-111 тоотод байрлах,                                       Ү-2201011802 дугаарт бүртгэлтэй 1590,75 м.кв талбай бүхий барилгыг барьцаанаас чөлөөлүүлэхээр холбогдох баримтыг тухайн үеийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн байх бөгөөд Анод банкны эрх хүлээн авагч болон М банкны хооронд байгуулсан 2014.06.19-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээгээр М банк нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон нь Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016.06.16-ны өдрийн 621 дугаартай албан бичиг, түүний хавсралтуудаар нотлогдсон.

 

Түүнчлэн 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний зүйл болох Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нэргүй хөндийд байрших 5147А дугаартай ашигт малтмалын ашиглалтын лиценз, мөн хаягт байрших 722А дугаартай ашиг малтмалын ашиглалтын лицензүүдтэй холбоотой “5147А тоот тусгай зөвшөөрлийг нөхөн гаргуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмалын газрын даргын эс үйлдэхүйг тогтоолгох, уг хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах, 722А тоот тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн үйлдлийг тогтоож, 722А тусгай зөвшөөрлийг Анод банкинд буцаан олгохыг даалгах тухай” шаардлагыг Анод банкны эрх хүлээн авагч нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулж гаргасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014.02.26-ны өдрийн 097 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014.05.28-ны өдрийн 208 дугаартай магадлалаар тогтоогдож байна.

 

Уг маргаанд С -корпораци, КСҮРЭ /Кэй шюр/ Солонгосын худалдааны даатгалын корпораци гуравдагч этгээдээр оролцсон байх бөгөөд тэрээр “2006.01.05-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний дагуу С -корпорациас 2,797,196,48 ам долларыг шаардах эрхийг шилжүүлэн авсан, энэ нь 2005.04.29-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр байсан, бид шаардах эрхтэй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гаргаж байжээ.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг цуцлаж, хүчингүй болгосон Анод банкин дахь бүрэн эрхт төлөөлөгчийн 2009.01.05-ны өдрийн 04 дугаартай тушаал өнөөдрийг хүртэл хүчинтэй байх бөгөөд энэ үйлдэл нь 1996 оны Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2-т заасан бүрэн эрх төлөөлөгчийн эрх, үүрэгт хамаарч байх тул уг тушаал гарснаар Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д заасан хуульд заасан бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон гэж үзнэ.

 

Тодруулбал Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон бол мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д зааснаар барьцаалагч С -корпораци нь 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөрөнгүүдээ барьцаалуулагч Анод банкинд буцаан өгөх үүрэгтэй байжээ.

 

Гэтэл нэхэмжлэгч С -корпораци нь барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах                    Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудыг Анод банкинд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй, тус үл хөдлөх хөрөнгүүд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч С -корпорацийн барьцаанд байгаа үйл баримт тогтоогдсон болно.

 

Нэхэмжлэгч С -корпораци нь 2,172,634 ам доллар буюу 3,876,218,902 төгрөгийн шаардлагаа 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээг үндэслэн тодорхойлж, уг ам долларыг 2014 онд нэхэмжлэл гаргах үеийн М банкнаас зарласан 1 ам долларын ханш болох 1784,11 ам доллараар тооцсон гэж тайлбарлаж байх боловч 2007 оны 01 сард 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулж төлөх дүн 2,409,056.17 ам долларыг эцсийн байдлаар 2,372,634.48 ам доллар болгон тогтоосон байхад уг дүн яагаад 2,172,634 ам доллар болсон нь тодорхойгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь дээрх дүнгээс төлөлт хийсэн гэж тайлбарлан Анод банкны газрын захирал Н.Ариунаагийн 2008.04.29-ний өдрийн 04/2270 дугаартай 2,000,000 ам долларыг төлөх тухай мэдэгдэж байсан албан бичгийг үндэслэж байх боловч нэхэмжлэлийн болон албан бичигт дурдсан үнийн дүнгүүд зөрүүтэй, ямар тооцоолол, анхан шатны баримтыг үндэслэсэн, аль аккредитивын төлбөр нь 2,172,634 ам доллар болж байгаагаа тодруулсангүй, харин шүүх хуралдаан дээр 2013.09.17-ны өдрийн Кэй шюр компаниас Анод банкны эрх хүлээн авагчийн багийн гишүүн Ч.Зоригтбаатар танаа гэсэн албан бичигт дурдагдсан 2,172,634.48 ам долларын тооцооллоор шаардаж байгаа гэдгээ тайлбарллаа.

 

Гэтэл уг албан бичгээр 2,172,634.48 ам доллар нь TP040223-17, TP04031901 дугаартай хоёр аккредитивын төлбөр байх бөгөөд энэ нь даатгалаар нөхөн төлөгдсөн болох нь тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд дээрх үйл баримтуудаас нэхэмжлэгч С -корпорацийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, бодит байдлаар хохирсон гэж үзэхгүй, Анод банкинд холбогдох шаардах эрхээ нэгэнт Солонгосын худалдааны Кэй шюр компанид бүрэн шилжүүлсэн байхад түүний өмнөөс ямар үндэслэлээр шаардлага гаргаж, хохирсон гээд байгаа нь ойлгомжгүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч 2,172,634.48 долларыг авахаар удаа дараа Анод банктай харилцаж байсан, шаардах эрхтэй гэж тайлбарлан Кэй шюр компаниас С бараа бүтээгдэхүүн хувьцаат компани гэсэн нэршлээр 2014.02.20-ны өдөр ирүүлсэн албан бичиг, С бараа бүтээгдэхүүн хувьцаат компаниас Солонгосын худалдааны даатгалын корпорацид 2014.02.21-ний өдөр хүргүүлсэн албан бичгүүдийг үндэслэж байна.

 

Харин уг албан бичгүүдээр Кэй шюр компниас Анод банкинд холбогдуулж гаргах шаардах эрхийг нэгэнт шилжүүлэн авсан байх бөгөөд уг эрхээ буцаан С -корпорацид шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ нь Иргэний хуулийн 123.2, 123.8-д заасан шаардлагад нийцэхгүй, уг албан бичгийг С -корпорацид бус С бараа бүтэгдэхүүн хувьцаат компанид хүргүүлээд байгаа нь ойлгомжгүй болжээ.

 

Өөрөөр хэлбэл шаардах эрх шилжүүлэх хэлбэр нь тухайн шилжүүлж буй шаардах эрхийг үндэслэж бий болсон гэрээний хэлбэрт тулгуурладаг онцлогтой тул хуульд заасан шаардлагад нийцүүлж Кэй шюр болон С -корпорацийн хооронд гэрээ байгуулагдснаар уг шаардах эрх шилжсэн гэж үзнэ. 

 

Тодруулбал Кэй шюр компанид шаардах эрхийг шилжүүлснээс хойш тус байгууллага шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх эрх нээлттэй байсан гэж үзэх бөгөөд дээр дурдсанаар Анод банкинд эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байх хугацаанд Анод банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч, С -корпораци хоёр хоорондоо удаа дараа харилцаж, маргааны зүйл болсон өр төлбөрийг шаардаж, төлнө гэдгээ илэрхийлж байсан гэдгээр дурдсан албан бичгүүдийг Кэй шюр компаниас С -корпорацид шаардах эрхийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Эцэст нь дээрх бүгдээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч С -корпорацид 2,172,634.48 ам доллар Солонгосын худалдааны даатгалын Кэй шюр компаниас нэгэнт төлөгдсөн, тэрээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, маргааны зүйл болсон 2006.08.03-ны өдрийн барьцааны гэрээ дуусгавар болсон, нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол тодорхойгүй, Кэй шюр компанийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй, нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжид 2014.05.01-ний өдөр 19,539,050 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэ хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгосон байх боловч уг хураамжийг буцаан аваагүй, тэмдэгтийн хураамж дахин шинээр төлөөгүй, 2014.05.01-ний өдрийн тэмдэгтийн хураамжийг 2017.05.31-ний өдрийн Татварын улсын байцаагчийн буцаан олгоогүй тэмдэглэгээг үндэслэн нэхэмжлэлийг дахин гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ НЬ:

                                                                                                    

1.Иргэний хуулийн 449 дүгээр зүйлийн 449.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан М банкинд холбогдох 2,172,634 ам доллар буюу 3,876,218,902 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Л.Энэбишийн гудамж 96-1 тоотод байрлах Ү-2202007290 дугаарт бүртгэлтэй 1728 м.кв бүхий 85 хувийн гүйцэтгэлтэй барилга, мөн хаягт байршилтай Ү-2202006422 дугаарт бүртгэлтэй 400 м.кв талбай бүхий барилгуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай С -корпорацийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С -корпорациас тэмдэгтийн хураамжид төлсөн 19,539,050 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                   Т.ЭНХТУЯА